Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) өнөөдөр буюу 8 дугаар сарын 26-нд “Газар ба хүн төвт өдөр” (Land and People Day) сэдвийн хүрээнд үргэлжилж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлгүүдийн гол цөм нь газрын доройтол, цөлжилтийг зөвхөн байгаль орчны асуудал бус, хүний амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, уламжлалт мал аж ахуй, орон нутгийн иргэдийн эрх, жендэрийн тэгш байдал, энх тайван, тогтвортой хөгжилтэй шууд холбоотой асуудал гэдгийг тодотгоход чиглэж байна.
Дэлхийн хуурай газрын 40 хүртэлх хувь газрын доройтолд өртөөд байгаа бөгөөд үүнээс дэлхийн эдийн засаг жил бүр 900 тэрбум ам.доллар хүртэлх алдагдал хүлээж байна. Харин бэлчээр нь дэлхийн хуурай газрын 54 хувийг эзэлж, 500 сая орчим малчин, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид эдгээр экосистемийн 45 орчим хувийг хамгаалан ашиглаж байна. Түүнчлэн бэлчээрийн эдийн засгийн өртгийн сүлжээнээс хоёр тэрбум орчим хүн үр шим хүртдэг.
Энэ утгаараа 2026 оны Олон улсын бэлчээр ба малчдын жилтэй давхцаж буй COP17-ын өнөөдрийн хөтөлбөрт бэлчээрийн тогтвортой менежмент, малчдын амьжиргаа, уламжлалт мэдлэг, орон нутгийн иргэдийн оролцоо, газрын эрх болон бэлчээрийн нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалт томоохон байр суурь эзэлж байна.
БЭЛЧЭЭР, МАЛЧДЫН АСУУДЛААР САЙД НАР ХЭЛЭЛЦЭНЭ
Өнөөдрийн албан ёсны хөтөлбөрийн гол үйл явдал нь “Бэлчээрийг нөхөн сэргээх, малчдын сайн сайхан байдлыг хангах нь” сэдэвт Сайд нарын түвшний хэлэлцүүлэг юм.
10-13 цагт болох уг хэлэлцүүлэгт Монгол Улс болон бусад орны сайд, дэд сайд, төлөөлөгчдийн тэргүүн, олон улсын байгууллага, малчид болон иргэний нийгмийн төлөөлөл оролцоно. Монгол Улс сайд нарын илтгэгчдийн жагсаалтыг тэргүүлж байна. Хэлэлцүүлгийн дараа COP17-ын Дээд түвшний уулзалтын хэсгийг хааж, сайд нарын хэлэлцүүлгүүдийн үр дүнг батлах хөтөлбөртэй.
Мөн 13-15 цагт Action Dome-д бэлчээр ба малчдын асуудлаарх өндөр түвшний тусгай арга хэмжээ болно. Энд бэлчээрийн эдийн засаг, экологи, нийгмийн ач холбогдол, тогтвортой мал аж ахуй, нөхөн сэргээх менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах, малчдын амьжиргааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 13:00 цагт MET-02 танхимд “Уламжлалт мал аж ахуй ба нийтийн нөөцийн эмгэнэл” сэдэвт арга хэмжээ зохион байгуулахаар хөтөлбөрт тусгажээ.
ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙГ COP17-ЫН ШИЙДВЭРТ ТУСГАХЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
10-11:30 цагт Action Dome-д “Seats at the Table” өндөр түвшний хэлэлцүүлэг болж, малчид, тариаланчид, уулын болон ойн бүс, эрэг орчмын нутгийн иргэд зэрэг газар нутгаа түшиглэн амьдардаг бүлгүүдийн оролцоог UNCCD-ийн бодлого, шийдвэрт нэмэгдүүлэх асуудлыг авч үзнэ.
Тухайлбал, орон нутгийн иргэдийг газрын тогтвортой менежмент, бэлчээрийн хамгаалал, экосистемийн нөхөн сэргээлтийн гол хэрэгжүүлэгч түнш хэмээн хүлээн зөвшөөрөх, газрын эрх, жендэрийн тэгш байдал, гангийн тэсвэржилтийн асуудлыг COP17-ын шийдвэрүүдэд илүү хүчтэй тусгах талаар хэлэлцэнэ.
11:30-13:00 цагт уугуул иргэдийн өндөр түвшний тусгай арга хэмжээ зохион байгуулагдаж, уламжлалт мэдлэг, газар ашиглалтын тогтолцоо, тогтвортой мал аж ахуй, экосистемийн нөхөн сэргээлтэд уугуул иргэдийн гүйцэтгэх үүрэг болон тэдний санаачилсан үйл ажиллагаанд санхүүжилтийг шууд хүргэх боломжийг хэлэлцэнэ.
БЭЛЧЭЭРИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛГОХ АСУУДАЛ ТАВИГДАНА
15-16:30 цагт “Rangelands Rising: Accelerating investment for rangeland restoration” хэлэлцүүлгээр бэлчээрийн нөхөн сэргээлтийг хөрөнгө оруулалтын бодит боломж болгох асуудлыг авч үзнэ.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол, Хятад, Иордан, Бразил, Этиоп болон Сахелийн бүсийн туршлагад тулгуурласан шинэ судалгааг танилцуулж, зөв бодлого болон холимог санхүүжилтийн механизм ашигласнаар мал аж ахуй–байгаль хамгааллыг хослуулсан эдийн засагт томоохон хөрөнгө оруулалт татах боломжтойг хэлэлцэхээр байна.
Мөн Азийн хөгжлийн банкнаас байгальд ээлтэй ландшафтын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх санхүүгийн шийдэл, Европын Комиссоос хуурай бүс нутгийг хөрөнгө оруулалтын шинэ чиглэл болгон хөгжүүлэх боломжийг тус тус хэлэлцэнэ.
ЭМЭГТЭЙ МАЛЧДЫН ОРОЛЦОО, МАНЛАЙЛЛЫГ ОНЦОЛНО
COP17-ын 15-18 цагийн хөтөлбөрт Жендэрийн бүлгийн хурал багтжээ. Энэ удаагийн хэлэлцүүлэг эмэгтэй малчид, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн бэлчээрийн менежмент, биологийн олон янз байдал, уламжлалт мэдлэг, орон нутгийн тэсвэржилтэд оруулж буй хувь нэмрийг илүү бодитой үнэлэхэд чиглэнэ.
Дэлхийн мал аж ахуй, бэлчээр түшиглэсэн нийгэмлэгүүдийн бараг тал хувийг эмэгтэйчүүд, охид эзэлдэг ч газар, байгалийн нөөц, зах зээлд хүрэх боломж болон шийдвэр гаргах түвшний оролцоонд саад бэрхшээл хэвээр байгааг UNCCD онцолж байна.
Өнөөдрийн хөтөлбөрт үүнээс гадна Монголын бэлчээрийн тэсвэржилтийн туршлагыг хуурай бүсийн орнуудтай хуваалцах, уул уурхайн нөлөөлөлд өртсөн газрын нөхөн сэргээлтээр хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын манлайлал, биологийн олон янз байдлын мэдээллийг цөлжилтийн судалгаа, бодлогод ашиглах, газрын доройтол ба хүний шилжилт хөдөлгөөн зэрэг асуудлаар олон талт арга хэмжээнүүд үргэлжилнэ.
Ийнхүү COP17-ын “Газар ба хүн төрөлхтний өдөр” нь газрын нөхөн сэргээлтийн бодлогын төвд газар нутгаа өдөр тутам ашиглаж, хамгаалж ирсэн малчид, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучууд, уугуул иргэдийг тавьж буйгаараа онцлог болж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна