Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ангийнхаа найз охин болон гэр бүлийнх нь дөрвөн хүний амь насыг аварсан Золбаярын Эмүжинг Шударга журам медалиар шагналаа.
З.Эмүжин Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 5б ангид суралцдаг. Тэрбээр 2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны өглөө найз Б.Ариунзаяа болон түүний гэр бүлийнхний амь насыг аварсан юм. Зуух, ханан пийшин хоорондох шавар холбоос нь хагарснаас найз Б.Ариунзаяа болон түүний гэр бүлийнхэн нь амиа алдах эрсдэлтэй байхад З.Эмүжин охин тэднийг сэрээж, амь насыг нь аварчээ.

Түүнийг “Эрдмийн баяр”-ынх нь өдөр Монголын сурагчдын холбоо “Тэргүүний сурагч” алтан медалиар шагнасан байна.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Ган-Утас "Хоёр хүүхэд маань нэгдүгээр ангиасаа найзалж, нөхөрлөж байна. Ийм сайхан сэтгэлтэй, үерхэлдээ үнэнч хүүхэд олон байгаасай. Бидний амийг аварсан З.Эмүжиндээ, охиноо зөв хүмүүжүүлсэн аав, ээжид нь талархаад баршгүй. Үнэхээр их баярлаж байна." гэжээ.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна