ААВДАА ХАЯГДАЖ, ЗАЙРМАГАНД ИЛБЭДҮҮЛСЭН ИШИОКА ХҮҮГИЙН ЗАМ


Мэргэжлийн сумогийн Хару башёд Такерүфүжи Ишиока хэмээх 24 настай залуу шуугиулж, Макүүчид дэвшсэн анхны башёдоо түрүүлж, олны нүдийг орой дээр нь гаргаж, олон арван жилийн түүхэн дээд амжилтыг давтсан билээ.

Тэрүнофүжи ёкозүна болон одоо мөн Хакухогийн шинээр шилжиж очсон Исэгахама дэвжээний бөх энэ залуугийн амьдралын товчхон намтрыг дурдвал амттай байх болов уу хэмээн үүнийг тэрлэе.

1999 оны дөрөвдүгээр сарын 9-нд Японы Хоншюү арал буюу Аомори мужид төрсөн хөвүүнийг Микиа Ишиока хэмээн нэрлэжээ. Өвөө нь бөх хүн. Тиймээс өвөөгийнхөө нөлөөнд төрсөн цагаасаа л орж, цэцэрлэгт орсон эхний өдрөөсөө шахуу сумогийн секцэнд суралцах болов.

Өвөө нь цагтаа цалгиж л явсан бөх байж. Гэхдээ нэг гэм нь нуруу намтай. Мэргэжлийн сумоч болох мөрөөдөлтэй. Гэтэл мэргэжлийн сумод 173 сантиметрээс нам нуруутай хүүхдийг авдаггүй хатуу хууль үйлчилдэг байлаа. Ингээд хувь заяа түүнийг эхний удаад хясчээ.

Дараа нь хөвгүүдээ бөх болгоно гэж бодсон ч гурван охинтой болчих юм гэнэ. Дахиад нэг удаа хясах нь энэ. Гэвч үнэндээ энэ нь хясал биш харин их хүслийнх нь эхлэл, аугаа амжилт үзүүлэх зээ хүүг нь дуудсан хувь тавилан байлаа.

Ямар ч байсан энэ хүүг л бөх болгоно гэсэн бодол өвөртлөн, өөрийнхөө хүсэлд зээгээрээ дамжин хүрэхээр шийдсэн өвөө бяцхан заль хэрэглэнэ. Зээ хүү нь барилдахгүй гэвэл зайрмаг авч өгнө. За тэгээд барилдах дуртай болтол нь зайрмагаар шагнаад л байж. Зайрмагийн төлөө барилдсаар, бэлтгэл хийсээр Микиа Ишиока нэг мэдэхэд бөхийн амтанд орчих нь тэр.

Бага сургуулиа төгсөөд Асахифүжигийн клубд суралцдаг боллоо. Нэг бэрхшээл нь клуб хол. Цаг хагас алхана. Өвөлдөө тэгж алхах бяцхан хүүд амар байгаагүй нь лавтай. Замдаа дулаацахын тулд суниаж, суулт хийж явсаар очдог байж. Клубдээ очоод бэлтгэл хийхдээ залхуурна, биеэ нөөнө гэж үгүй. Хэрвээ багш нь 300 суниа гэвэл 500 суниах гэж үзнэ. Ер нь багшийнхаа өгсөн даалгаврыг заавал нугалж хийхийг эрмэлзэнэ.

Харамсалтай нь хүүгийн аав ээж гэр бүлээ цуцлуулж, хүү ээж дээрээ байх болжээ. Салаад явсан аав нь усанд хаясан чулуу шиг таг чиг. Хүүхдийн тэтгэмж төлнө гэж байхгүй. Ингээд хөөрхий ээж нь хоёр ажил зэрэг хийж, гурван хүүхдээ тэжээхэд хүрэв.

Ээжийнхээ нуруун дээрх ачааг бага ч болов хөнгөлөхсөн гэсэндээ Микиа хүү Тоттори мужийн сумогийн дугуйлан руу шилжжээ. Гэвч тэндээ очоод удалгүй хүнд бэртчихлээ. Өвдөгний чагтган холбоос тасарна гэдэг тэсэрч барилддаг сумочийн хувьд хэцүү бэртэл. Гэмтлээсээ болоод бүтэн жил барилдаж чадсангүй.

Гэвч Микиа нурмайж, нугдайж суудаг нэгэн биш байлаа. Хөл болдоггүй юм бол гар, цээж минь эрүүл  гээд дасгал хийнэ. Ингэсээр нэг л мэдэхэд хэвтээгээс 220-230 кг-ыг шахдаг болчихлоо.  Тотторигийн сургуулийг төгссөний дараагаар түүнд Нихоны хуулийн сургуулиас урилга иржээ. Ингээд оюутан болоод удаагүй байтал дахиад л гэмтчихэв. Тэр гэмтсэн барилдаан нь Бүх Японы оюутны сумогийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх сүүлчийн тулаан байв. Өрсөлдөгч нь хэн гэж бодож байна? Тухайн үедээ бол Ноки Нишикава гэх нэртэй, одоо бол та бүхний танил Гонояма. Гонояматай барилдахдаа баруун өвдгөө гэмтээсэн учир дахиад нэг жил барилдах хөг өнгөрчээ.

Ийнхүү хоёр ч удаа маш хүнд бэртэл авсан ч Микиа шантарсангүй. Өвөөгийнхөө болон өөрийнхөө мөрөөдлийг багцлан тархиндаа зангидаад цааш зүтгэлээ.

2022 он ч болж, гэмтэл ч эдгэж, мэргэжлийн сумогийн эхний сорилтойгоо тулав. 11 дүгээр сарын башёд Жонокүчид түрүүллээ. Дараагийн башёдоо Жониданд бас түрүүллээ. Санданмэ, Макүшита зиндаанд зөвхөн зургаан удаа л ялагдаад дээшээ гараад ирлээ. 2024 оны нэгдүгээр сар гэхэд Жюүрёод ороод ирлээ. Тоот бөхийн тоонд орох нь энэ.

Ингээд ер нь та бидний мэдэх түүх өрнөнө. Макүүчид дэвшмэгцээ түрүүлнэ. Гайтай гэмтэл бас яаж холдох билээ. Асаноямад ялагдахдаа шагай нь бэртлээ. Дараагийн барилдаандаа гарах уу, яах вэ? гэсэн эгзэгтэй тэр мөчид ёкозүна Тэрүнофүжи хажуугаас нь “Дахиад ийм боломж олдохгүй байж мэднэ шүү. Чи чадна аа” гэж хэлжээ. Энэ үг унтарсан гэрлийг асаах шиг болсон гэж Такерүфүжи өгүүлсэн байдаг. Сонирхолтой нь Хару башёгийн сүүлчийн өдөр түүнтэй тулсан бөх нь өнөөх Гонояма байлаа.

Хүүгээ түрүүлэхийг харсан ээж нь нулимс унаган баярлаж, харин өвөө эмээ хоёр нь хотынхоо захиргааны байранд  тусгайлан тохижуулсан танхимд 160 хүний хамт том дэлгэцээр гайхамшигт ялалтын гэрч болцгоожээ. Өвөө нь түүнийг өдөр бүр секц рүү хүргэж өгөн авч, харин эмээ нь олон цаг бэлтгэл хийвэл хоол зөөдөг байлаа.

“Муу хүүгээ гэмтчихлээ гээд өчигдөр өөдтэй унтаж амарч чадсангүй. Гэхдээ тэсээд тэвчээд яллаа. Хамгийн сайн сумог ч харууллаа” хэмээн өвөө нь Гоноямаг ялсан зээ хүүгээрээ бахдан ярьсан юм.

Такерүфүжиг маш их тэсрэлттэй хурдтайг хэн бүхэн анзаарсан байх. Нөгөө цээж нурууны их дасгалын ачаар үүссэн булчин шөрмөсийг их хурдаар цэнэглээд өгөхөөр их хүч болон тэсэрч, өрсөлдөгчдөө өчүүхэн зуур ялчихаад байгаа хэрэг. Тэр их хурдын учир нь ээжтэй нь холбоотой юм байна. Ээж нь Аоморигийн спортын сургуулийн хөнгөн атлетикийн ангийнх байж. Хөнгөн хөнгөндөө бүр ойрын зайн гүйлтийн тамирчин болохоор бэлдэж байжээ. Такерүфүжи ээжийнхээ тэр гени, чадварыг өвлөсөн учир 50 метрт 7 секунд гүйдэг гэнэ.

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хэдэн хоногийн өмнө "Чиний энэ түрүү намайг миний есөн түрүүгээс ч илүү баярлуулж, аз жаргалтай болголоо" гэж Такерүфүжид хэлсэн нь нэгд дэвжээний дүү, хоёрт ижил гэмтлийг даван туулсан болохоор сэтгэл, зовлонд нь ойр байснаас үүджээ гэж бодогдном.

.

Р.Гэгээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЕВГЕНИЙ ЛЕОНОВ: АЙДАС БОЛ СУЛ ДОРОЙ БАЙДАЛ БИШ 1 цагийн өмнө
НИЙТ НУТГААР ДУЛААРЧ, ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2 цагийн өмнө
Т.АРИУНЗАЯА, Л.ЭНХРИЙЛЭН НАР АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС … 15 цагийн өмнө
Л.ЭНХРИЙЛЭН, Т.АРИУНЗАЯА НАР АЗИ ТИВИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ Б… 15 цагийн өмнө
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨ… 21 цагийн өмнө
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 21 цагийн өмнө
ХИМИЧИН ДАЙЧИД ЖОЛООНЫ ДАМЖААНД СУРАЛЦАЖ, АНГЛИ ХЭЛ, МОНГОЛ БИЧИГ СУРС… 22 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26, 29-НД СЭРҮҮХЭН БАЙНА Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙ, ТҮҮНИЙГ МӨРДҮҮЛЭХ АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН ӨНӨӨГИ… Өчигдөр
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЛОН НИЙТЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН УУЛ УУРХАЙН САЛБАР, ХӨ… Өчигдөр
ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫНХАН ХҮҮХДЭЭ А ҮСЭГ ҮЗЭХЭЭС НЬ ЭХЛЭН ЦЭРЭГ-… Өчигдөр
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛИЙН 102.5 КМ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУ… Өчигдөр
ДЭЛХИЙН ЦОМД ХҮРЭХ АЗИЙН 3.3 БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН … Өчигдөр
ДЭЛХИЙН ЖИШГЭЭР ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЯВЦАД ЯМАР Ч САНХҮҮГИЙН А… Өчигдөр
МСНЭ: ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХДЭЭ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХНИЙ БАЙР СУУРЬ, ДУ… Өчигдөр
Б.БУЯНХИШИГ ХЭТ ХОЛЫН ЗАЙН ГҮЙЛТИЙН УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ 2025/04/25
ӨВӨРХАНГАЙ, ТӨВ АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ХЭСЭГ, ДУНДГОВИЙН НУТГААР ХҮЧТ… 2025/04/25
ХОМЫН ТАЛ ДАХЬ ТАХИЙН СҮРЭГТ ЭНЭ ЖИЛИЙН АНХНЫ УНАГА МЭНДЭЛЖЭЭ 2025/04/24
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР 1000 ДАХЬ КМ-ЭЭ АМЖИЛТТАЙ ТУУЛЛАА 2025/04/24
Их Уншсан
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ БА ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА 2025/04/16
ЯПОНЫ NHK С.ЖАВХЛАНГИЙНД ИРЖ, НУМАН ЗАХТ, БОСОО ЗАХТ ДЭЭЛИЙН ТАЛААР НЭ… 2025/04/19
ЯДАРГААГАА ЯАЖ ХУРДАН ТАЙЛАХ ВЭ? 2025/04/14
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 21 цагийн өмнө
ЦАГААН ХЭРЭЭ 2025/04/20
УЛААНБААТАР ХОТ ОРЧИМД ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20-НООС СЭРҮҮСНЭ 2025/04/19
ТАВАН МЯНГАН КМ ГҮЙХ Б.БУЯНХИШИГИЙГ ААВ ИЖИЙ НЬ БУЛГАН АЙМГААС ЗОРЬЖ О… 2025/04/18
ДОРНОГОВИЙН ХӨВСГӨЛ СУМЫН 80 НАСТАЙ Л.БАТМӨНХ БАЙГАЛЬ ОРЧНЫ НОБЕЛЬ ГЭГ… 2025/04/22
ЕВГЕНИЙ ЛЕОНОВ: АЙДАС БОЛ СУЛ ДОРОЙ БАЙДАЛ БИШ 1 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ЧОНО, НОХОЙН ЭРЛИЙЗ БАЙГАА ЭСЭХИЙГ ТОДРУУЛАХ ТАНДАЛТ, С… 2025/04/21
АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Д.АЛТАНЦООЖ ТҮРҮҮЛЖ, УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ ҮЗҮҮРЛЭ… 2025/04/19
АВТО ЗАМ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРЫГ 58 БАЙРШИЛД БАЙГУУЛНА 2025/04/13
БУЛГАН, ТӨВ, ХЭНТИЙН ӨМНӨД, АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ А… 2025/04/22
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСА… 2025/04/20
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР ЗАМЫНХАА 10 ХУВЬ БОЛОХ 500 КМ-ЫГ АМЖИЛТТА… 2025/04/14