ЗҮС Ч ҮЗЭЭГҮЙ ГЕРМАН ЭРД ЗҮРХЭЭ ӨГСӨН МОНГОЛ БҮСГҮЙ


Хүний амьдралын хамгийн амттай атлаа хамгийн адармаатай зүйл гэвэл хайр дурлал л байх. Охид, хөвгүүд бага наснаасаа л хайр гэдэг хамгийн сайхан зүйл хэмээн итгэж өсдөг. Магадгүй хүн насан туршдаа л тэр хайр гээч гайхамшигтай зүйлийн талаар мөрөөдсөөр явдаг байх. Нас, зүс, ажил, албан тушаал бусад зүйлээс хамаарахгүйгээр жинхэнээсээ хайрлуулах хүсэл мөрөөдөл хүн болгоны сэтгэлд оршсоор байдаг ч байж мэдэх юм.
Бүсгүй хүний хайр хүссэн, халамж хүлээсэн мөрөөдөл дээр тоглосон нэгэн хэргийн талаар энд өгүүллээ. Манай түүхийн гол баатар өсвөр насны охин хүү хоёрын хамт амьдардаг, 40 эргэм насны Наран гэх бүсгүй. Өөрийн гэсэн товхийсэн бизнестэй, гоо сайхны газар ажиллуулдаг, бас ч гэж харчуудын харц булаасан аятайхан эмэгтэй.
Хаврын нэг өдөр Наранг гоо сайхны салондоо сууж байтал дунд зэргийн нуруутай, 30 шүргэж яваа болов уу гэмээр бүсгүй орж иржээ. Нүүрэмгий байрын тэр эмэгтэй гоо сайхны сургалтад тэтгэлгээр сурах гэж байгаа тухайгаа хэлээд та энд ажилладаг гэсэн бичиг хийж өгөөч гэж гуйсан байна. Тэгээд Наранг хариу өгч ч амжаагүй байтал өөрийгөө Долгормаа гэдэг, нэг хүүхэдтэй, нөхөр нь өөдгүй амьтан байсан учраас салсан, амьдрал ахуй хэцүү, тиймээс ч гоо сайхны сургалтад суух гэтэл бичиг хэрэг болоод гэж дуржигнуулжээ. Адилхан л өрх толгойлсон эмэгтэй хүн байна, бичгийн төдийхөн ч яахав гэж бодсон Наран хүссэнийг нь хийж, тамга дарж өгч. Аяганы хариу өдөртөө гэгчээр Долгормаа “Та надад тус болсон юм чинь. Би энд ирж ажил хийж өгч болно” гэж. Үүнээс хойш Долгормаа гоо сайхны салоноор үе үе ирэмтгий болсноор ажил ихтэй, ар гэр рүүгээ төдийлөн анхаарал тавьж чаддаггүй Нарангийн гарын үзүүрт зарагдаж, гэрт нь үйлчлэгчийн ажил “эрхэлж” эхлэв.
Нарангийнд ажиллаж эхэлсэн даруйдаа л ганц бие гэдгийг нь мэдсэн Долгормаа “Та ийм сайхан хүүхэн байж ганцаараа гэж үү” хэмээн гайхаж. Хэзээний нүүрэмгий тэр өөрийгөө нөхрөөсөө салсан ч хамтран амьдрагчтай, эмэгтэй хүн өдий насанд ганцаараа байх аль ч талаасаа муу, аятайхан хүн тааралдвал суух хэрэгтэй гээд л дүү нь юм шиг санаа тавьж эхэлжээ. Бараг л хайр дурлалынх нь амьдралд оролцож, эр эмийн явдал заах шахсан бүсгүйг Наран “Цагаахан сэтгэлтэй амьтан юм даа. Өөрөө ядарсан байж надад санаа тавиад л” хэмээн бодох болсон байна.
Долгормаа дүүгийнхээ тухай байнга ярина. Дүү нь эмч мэргэжилтэй, Германд амьдардаг, герман нөхөртэй, тэднийд нэг зочилж очсон, өндөр хөгжилтэй оронд сайхан амьдардаг юм билээ гээд зураг үзүүлж, мартагдашгүй аяллынхаа талаар хуучилна. Бас ч болоогүй манай Монголын архи уусан, арчаагүй мангар хар юмнуудаас герман нөхөр ч шал өөр юм билээ гэж ирээд л гадаад хүргэнээ магтана. Яриан дундуураа бас тан шиг сайхан бүсгүй бол гадаад нөхөртэй болсон нь дээр, хоёр хүүхдэд чинь ч хэрэгтэй ш дээ гэж үг нэмэрлэх нь цөөнгүй. Эдгээр яриаг чихнийхээ хажуугаар өнгөрөөж байсан Наранд заримдаа нээрээ ч гадаад нөхөртэй болвол яадаг юм бол гэсэн шүү бодол төрнө.
Нэг өдөр ажлаа амжуулж явтал Долгормаа утас цохиж “За Наран эгч минь, аз тохиолоо. Цаана чинь манай герман хүргэний найз монгол хүүхэнтэй танилцъя гээд байна гэнэ. Та ерөөсөө танилцчих” гэж “тулгажээ”. Наран баахан цааргалсан ч Долгормаа шалсаар л. “Их боловсролтой, дажгүй ажил хийдэг, тантай үе насны, царай зүс, бие хаа сайтай залуу гэнэ, монгол хүүхнүүд сайхан бас сайн хань болдог юм байна гээд сонирхоод байгаа гэнэ. Ийм боломж гарч байхад аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ гээч болж байгаа юм биш үү” гээд л ятгаж гарчээ. Хаа холын хэл мэдэхгүй амьтантай яаж танилцаж гэрлэнэ гэж бодох билээ гэхээр “Эхлээд танилцаад л үзэхгүй юу. Таныг ямар шууд суучих гэж байгаа биш. Онцгүй бол больчихно л биз” гэж. “Хүний хувь тавилан гэж сонин ш дээ. Манай дүү бас л хэзээ ч гадаад хүнтэй суухгүй гэдэг байсан. Гэтэл одоо германтай суучихаад сайхан л амьдарч байна. Сэтгэл нийлвэл жаргал тэнд байдаг гэж үнэн шүү” гэж уяртал ярина.
Ийнхүү удаан ятгасны эцэст Наран герман эртэй танилцаж үзэхээр шийджээ. Олонтой төдийлөн харилцаад байх шаардлагагүй, гоо сайхан ажиллуулдаг бүсгүйд цахим шуудан ч байсангүй. Ингээд том болсон хүүгээрээ имэйл хаяг нээлгэж, цахим ертөнцөд “хөл тавилаа”.
Азийн цээжинд орших Монгол улсаас ханиа эрж буй залуугийн нэг Иорг Гольц. Герман залуу эхлээд л өөрийн тухай танилцуулсан богино цахим шуудан илгээж, Нарангийн тухай тойм төдий зүйлсийг асуудаг байв. Хэсэг хугацаанд харилцсаны дараа бүсгүйгээс зургаа илгээхийг гуйжээ.
Нас дөч шүргэсэн ч харчуудын харцыг булаам сайхан хэвээрээ байгаа Нарангийн зургийг харснаас хойш Иоргийн ирүүлэх захидлын утга агуулга эрс өөрчлөгдөж, уян сайхан үгс урсгах болов. Монгол бүсгүйн гоо сайханд “унасан” герман эрийн захидал “Хонгор хайрт”-аар эхлээд л “хайртай, үнсье”-гээр өндөрлөдөг болжээ. Бүсгүй хүн чихээрээ дурладаг гэдэг үнэний ортой бололтой. Анхны нөхрөөсөө салснаас хойш эр хүнтэй урт хугацааны харилцаа тогтоогоогүй Наран яваандаа тэр сайхан хайр халамжийн үгсийг хүлээж, Германаас захиа ирээгүй өдрүүдэд өөрийн мэдэлгүй хөнгөн санаашрах болов. Хүний сэтгэлийн нандин утас чухам юунд хөндөгдөхийг хэн ч таашгүй билээ.
Иорг, Наран хоёрын нандин харилцааны зууч төдийгүй хэлмэрч нь Долгормаа байлаа. Орчуулагчийн чиглэлээр номын дууг нь сонссон ч энэ мэргэжлээрээ гавьж ажиллаагүй Долгормаа “хуурай” эгчдээ тив дамжин ирсэн нандин хайрын захиаг орчуулах үүргийг гүйцэтгэнэ. Уярсан бүсгүйн хайр тээсэн үгсийг ч бас Иоргт хэлмэрчлэн илгээж дэм үзүүлнэ. Хэсэг хугацааны дараа Иоргоос хүссэний дагуу зураг нь ирлээ. Дунд хэрийн насны нүдэнд дулаахан герман эрийн төрх Наранд шууд л таалагджээ. Ер нь бол энэ учралаа хувь тавилан гэдэгт Наран нэгэнт итгэсэн байлаа.
Хэдэн сар өнгөрсний дараа Иоргоос ирэх захианд Нарангийн хүсэж байсан зүйл байнга илрэх болов. Тэр нь хамт амьдрах санал байлаа. Сайхан монгол бүсгүйг хардсан харамласан аяс ч хааяа илрэх мөнөөх захианд хоёр хүүхэдтэйгээ хамт хүрээд ирээч, эсвэл би очъё гэсэн үгс үргэлж дайгдаастай.
Наран Герман явахаар бэлтгэж эхэллээ. Виз, бичиг баримт бүрдүүлэх гээд нэхсэн болгоныг нь хийж, үүндээ багагүй мөнгө зарцуулах болов. Харь нутгаас хүн хүү, охин хоёртой нь татаж авах гэж байгаад баярласан бүсгүй имэйл хаягаар ирсэн захидалд дурдсан хэрэгтэй гэсэн мөнгө болгоныг илгээсээр байлаа.
Хэсэг хугацаанд захиа ирэлгүй саатжээ. Энэ өдрүүдэд Нарангийн сэтгэл тийм гэхийн тэмдэггүй хөндүүрлэж, олон зүйлийг эргэцүүлж, эцэстээ зургийг нь л харсан герман эрийг санаснаасаа ч илүү хайрлах болсноо ухаарч. Саатсан захиа ашгүй нэг юм ирснийг догдлон уншвал Иорг өвдсөн болж таарав. Бүсгүй захиа ирүүлээгүйд гомдсоноо, бас ингээд харилцаа нь тасарчихвий гэж түгшсэнээ, герман эрд сэтгэл алдаж байгаагаа мэдэрснээ бүгдийг нь хариу захиандаа ний нуугүй өгүүлж, эм тариандаа хэрэглээрэй хэмээн мөнгө хүртэл илгээжээ.
Улс дамжиж, тив алгасах захиа урин тачаангуй үгс шигтгэсэн уярам болох тусам хэнээр ч дамжууламгүй зөвхөн Нарангаас Иоргийн гарт л хүрдэг байгаасай гэж бүсгүй хүссэн нь арга ч үгүй биз. Амраг сэтгэлд цаламдуулсан бүсгүй англи хэлний хамгийн сайн гэсэн дамжаанд бүртгүүлж хичээсний үр дүнд заримдаа өөрөө ч захиа бичих болж. Гэхдээ ихэнх захиаг мэдээж дундын зууч Долгормаа л орчуулах үүргийг гүйцэтгэж байлаа.
Герман явахад хөөцөлдөх ажил мундахгүй, орох мөнгө ч чамгүй их байлаа. Хуурай дүү болох Долгормаа л өөрийн дансаараа дамжуулж өгсөн мөнгийг нь цааш илгээж, бас элчин энэ тэрээр гүйж хүнд “мөнгө атгуулан” виз энэ тэрийг нь зохицуулж буйд Наран маш их талархаж байв. Энэ хугацаанд Наран нэгэнт л Герман явах юм чинь гэж бат итгэж, хүмүүсээс зээлсэн мөнгө нь нэхэгдээд ирэхээр хоёр өрөө байраа хүртэл заржээ.
Бүх юм цэгцэрч байтал харамсалтай нь нэг өдөр хүслэнт залуу Иоргоос захиа ирэхээ байлаа. Хачирхалтай нь яг тэр үеэр Долгормаа хаашаа ч юм алга болчихов. Хамтран амьдрагчаас нь асуугаад, хайж эрээд ч олсонгүй.
Хүлээсээр тэсэхээ байсан Наранд нэг л муу совин татаж эхлэв. Эргэн тойрных нь хүмүүс “Чи ер нь хууртсан юм биш үү. Тэр Долгормаа нэг л айхтар сэргэлэн хүүхэн байсан юм аа. Таньдаг германтайгаа нийлээд чамайг залилсан юм биш үү” гэцгээх нь тамтай.
Арга мухардсан Наран цагдаад ханджээ.
Харамсалтай хийгээд эмгэнэлтэй нь хайр дурлал гэж итгэсэн энэ асуудал нь ердөө л Долгормаа хэмээх зальт “найруулагч”-ийн тавьсан жүжиг байлаа. Хань ижил мөрөөдсөн бүсгүйн сэтгэлээр ханатал тоглож, герман хүний нэрээр имэйл хаяг нээн захиа бичиж, сүүлдээ Герман явуулна хэмээн мөнгө нэхэж, 50 шахам сая төгрөгийг нь залилсан хүн нь хаврын нэг өдөр амьдралд нь “гай дагуулан” орж ирсэн “хайрт хуурай дүү” нь байжээ.
Энэ хэргийг шүүх нэлээд хугацааны өмнө шийдвэрлэж, Долгормаад 10 жил 6 сар чанга дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулсан байна.
Хүний сэтгэлээр тоглож залилан мэхэлсэн бүсгүй өөрийн ял зэмээ хүртэж. Харамсалтай нь төсөөллийн ертөнцөд бий болсон Иорг хэмээх герман эрд үнэн сэтгэлээсээ дурласан, бас сайхан амьдралыг мөрөөдөн итгэсэн Наран бүсгүйн сэтгэл л хэзээ ч эдгэхгүй шархтай үлджээ


5
angry
0
care
0
haha
0
liked
2
love
7
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 1 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 1 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 1 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 20 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… 23 цагийн өмнө
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ Өчигдөр
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
COP17: НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ 2025/12/05
МОНГОЛ АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОРООР … 2025/12/05
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23