Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал өчигдөр /2025.12.17/ болжээ.
Хурлыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд бөгөөд Соёл, жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны дарга Ч.Ундрам даргалж, холбогдох яам, агентлаг, COP17 Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцсон байна.
Уулзалтаар дэд хорооны шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж, нийт 23 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар баталжээ.
Хурлаар COP17 үзэл баримтлал, соёл, аялал жуулчлалын нэгдсэн хөтөлбөр, хурал зохион байгуулах талбайн бүсчлэл “Цэнхэр бүс”, “Ногоон бүс”, дэд бүтцийн ажлын явц, зочид буудлын нөөц, захиалга, хоол үйлдвэрлэл, аюулгүй байдал, бүртгэлийн нэгдсэн системийн асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцсэн байна.
Мөн аялал жуулчлалын хөтөлбөр, соёл урлагийн арга хэмжээг тус тус хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэжээ.
2024-2025 оны бэлтгэл ажлыг үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөө, VisitUlaanbaatar.mn платформоор дамжуулан аялал жуулчлалын үйлчилгээг цахимжуулах, ЭКО аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлийг баталж, олон улсын сурталчилгааг эрчимжүүлэх талаар санал солилцсон байна.
Мөн анхдугаар хурлаар COP17-ын соёл, аялал жуулчлалын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явагдах ажлууд, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, хариуцлагыг тодорхой болгосон нь онцлох үр дүн байлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна