М.ДЭЛГЭРЖАВ: СЭТГЭЛ ЗҮЙЧ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮЕЭР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН “НЭЭСЭН” СЭТГЭЛИЙГ “ХААХ” ЁСТОЙ

Admin
5 цагийн өмнө

Хүний хамгийн дээд эрдмийн нэг боловсролын талаар мэдлэг, мэдээлэл түгээх зорилгоор Hemnel.mn сайт эрдэмтэд, багш нар, оюутнууд, сурагчид, гадаад, дотоодод төгсөгчдөөс ярилцлага авч олон нийтэд хүргэж байгаа билээ. Ярилцлагынхаа энэ удаагийн зочноор МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор М.Дэлгэржавыг урилаа.

ДУУГҮЙ ХҮҮХДҮҮДИЙН ДОТОРХ БОДЛЫГ ЯАЖ МЭДЭХ ВЭ ГЭЭД СЭТГЭЛ СУДЛАЛЫГ СОНИРХОЖ ЭХЭЛСЭН 

-Та яагаад сэтгэл судлаач мэргэжил сонгосон бэ гэдгээс яриагаа эхлэх үү. Тухайн үед хүүхдүүд сэтгэл судлалаар нэг их сурдаггүй байсан байх..?

-Тийм ээ, сэтгэл судлаач мэргэжил намайг дунд сургууль төгсөж байхад нэг их элбэг байгаагүй. Хүн болгон л сэтгэл судлаач гэж ямар мэргэжил юм гээд... Шархад юм уу шоронд л ажиллана шүү дээ, ямар сонин мэргэжил сонгоод байгаа юм бэ гэж аав хүртэл хэлж байсан юм.

Ангийнхан, найзууд дотор минь юу ч дуугардаггүй хүүхдүүд их байдаг байлаа. Тэд юу бодож байгаа бол, тэр бодлыг нь яаж гаргаж, ярьдаг болгох вэ гээд их боддог байсан. Би өөрөө их яриа л даа. Хаа ч суусан эргэн тойрныхонтойгоо маш их ярина.
Багш яагаад яриад байгаа юм гээд ирээд шалгахаар би хичээлээ хийсэн, бусад хүүхдүүд хийгээгүй байдаг. Хүүхдүүд гоё сонирхолтой юм ярилаа гээд анхаарлаа хандуулж байхад харин би анхаарлын хуваарилалт сайтай учир ярингаа хийдэг байж л дээ. Багш нар миний суудлыг их солино, бүр хамгийн дуугүй хүүхэдтэй суулгана. Нөгөө хүүхэд хэд хоног юу ч дуугарахгүй, би хажууд нь яриад л байна. Тэгсээр аяндаа надтай чөлөөтэй ярьж эхэлмэгц дахиад л миний байрыг сольчихдог байсан. 

-Манлайлагч хүүхэд болохоороо сэтгэл судлал гэдгийг жаахан ойлгосон байж, тийм үү. Эсвэл өөр сонирхсон мэргэжил байсан уу?

-Өөрийгөө тэгж магтаж арай болохгүй байх аа. Ер нь л сэтгэл судлаач болъё л гэсэн бодол байсан. Ярьдаггүй хүүхдүүдийн доторх бодлыг нь яаж мэдэх вэ гээд л сонирхож л эхэлсэн байх. Таны хэлдгээр цаашаа манлайлах ч гэдэг юм уу, эсвэл туслах гэж бас боддог байсан байх. Би ганц сэтгэл судлаач биш, багш мэргэжилтэй, их сургуулиа хос мэргэжилтэй төгссөн. Багшлах ажил бас үндсэн хэв маяг нь их ярьдаг байдалтай таараад байгаа юм. Багшлах, бас тэр хүмүүсийн сэтгэл зүй, мөн чанарыг таних гэсэн хүсэлтэй л хүүхэд байсан байгаа юм.

-Хүүхэд байхдаа л ярьдаггүй найзаа дуугаргаж чаддаг байсан гэхээр одоо бол хэнийг ч ам нээлгэж чадах уу?

-Яг ч тийм биш ээ. Сэтгэл судлалын шинжлэх ухааныг илүү судлаад ирэхээр хүний онцлог шинж, хэв маяг нь юу вэ, сэтгэл санааны урам зориг, байр байдал нь ямар байна вэ гэдгээс хамаараад өнөөдөр энэ хүн ярих уу, үгүй юу гэдгийг “мэддэг” болсон.

Огт ярихгүй байсан ч тэр хүнийг ойлгох элементүүд бий. Жишээ нь, сэтгэл судлалын хамгийн түгээмэл хэрэглэдэг зүйл гарын үсэг, бичгийн хэвээр хүнийг таних ухааныг дөнгөж сэтгэл судлаач болж эхлээд л сонирхсон. Номыг нь орчуулаад, хүн болгоны бичиг дээр өөрийнхөөрөө анализ хийх гэж үзсэн. Одоо бол ядаж л гарын үсэг, бичиг, дээр нь нүүрний хувирлыг нь хараад өнөөдөр нэг их дуугарахгүй байх, заавал яриулах шаардлагагүй юм байна гэдгийг ойлгоно.
Дуугүй хүүхэд яриулах гэж зүтгэдэг шигээ биш, өөрөө нөгөө хүнээ ойлгодог, харилцах арга тактикаа сонгох боломжтой болчихоор амар болж байгаа юм.

МОНГОЛ ХҮНД ТОХИРСОН СЭТГЭЛ ЗАСЛЫН АРГУУДААР НӨЛӨӨЛБӨЛ ИЛҮҮ ҮР ДҮНД ХҮРНЭ ГЭЖ БОДДОГ   

-Сүүлийн үед сэтгэлийн шарх, гэмтэл, түүнээ гаргаж ярих хэрэгтэй гэдэг чиг хандлага их болжээ. Огт ярьдаггүй хэв шинжийн хүн ч заавал ярих ёстой юу. Ер нь монголчууд дээхнэ үед их чимээгүй улсууд байсан санагддаг.

-Сэтгэл судлаачид голдуу гадны онол, засах аргуудыг судлаад хүмүүсийг сэтгэл доторхоо ярь, гарга гээд байгаа.

Миний анзаарснаар монголчууд өмнө нь сэтгэл засал хийдэг, нэгийгээ тайвшруулдаг олон аргатай байсан. Сэтгэл заслын арга гэж шууд нэрлээгүй л болохоос үйл хөдлөлөөрөө, хамтын ажиллагаа дундаа нэгийгээ тайвшруулаад явж ирсэн.
Жишээ нь, лам дээр очихоор даавуу, шар тос гэх мэтээр юм авчир гээд үйлдлүүд хийлгэдэг. Хүн өөрийнхөө болохгүй байгаа юмаа дотроо байнга бодоод хямарч явах үед шашны зан үйлүүд хийлгэж, анхаарлыг өөр зүйлд чиглүүлдэг байна. Тэгэхээр зовлонгоо бодоод стресстээд дээшээ хараад хэвтээд байх биш, заслын эд зүйлээ цуглуулж, үйлдэл хийх явцдаа өөр зүйлд анхаарч, төвлөрөөд тайвшрал үүсдэг. Өөрөөр хэлбэл тархийг бага зэрэг амрааж, нэг хэсэг нь сулраад өөр хэсэг нь идэвхжиж эхэлж байна гэсэн үг. Ийнхүү олон үйлдэл хийсний эцэст сэтгэл санаа ч тайвширч, асуудлаа өөр талаас нь бодох чадвартай болдог. Би засал хийлгэсэн юм чинь одоо зүгээр гээд итгэл нэмээд цаашаа явчихаж байгаа ийм л процесс. Манай уламжлалт энэ хандлага бол өөрөөр нь үйлдэл хийлгэж, сэтгэл санааны өөр төлөв байдалд оруулж, тэрнээсээ нөгөө асуудлаасаа гарч харж чадах байдал руу шилжүүлж байгаа хувилбар юм. Барууны орнуудын сэтгэл судлалын хандлага Оросоор дамжиж их орж ирсэн, сүүлийн үед Хятадаас бас орж ирж байна.
Англи хэл дээрх сэтгэл заслын номыг уншихаар тэд олон зуун жил суурин амьдарсан, үйлдэл хийдэг биш, ярьдаг ард түмэн. Сэтгэл засал хийхээрээ хамаг юмаа ярьж гаргадаг, сонсож байгаад дундуур нь чиглүүлэг өгөөд анализ хийгээд л сэтгэл судлалын онолтой холбож санаа өгдөг. Энэ санааг сонсоод нээрээ тийм байна гэж бодлоо өөрчлөөд гараад л тэр үйлдлээ өөрөө хийж явдаг. Тийм орны сэтгэл заслын аргыг бид шууд хэрэглээд байгааг миний хувьд төдийлөн зөв биш гэж боддог.

-Таныхаар бол уламжлалт сэтгэл заслын аргаа үүнтэй холих ёстой юу. Манайд яг ингэж хоёуланг нь хослуулдаг газар байхгүй байх...?

-Тийм, Монгол хүмүүсийн яг угсаатных нь сэтгэл зүйн онцлог дээр барууны сонгодог хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааныхаа аргыг холиод монгол хүнд тохирсон сэтгэл заслын аргуудаар нөлөөлбөл илүү үр дүнд хүрнэ гэж боддог. Яг хосолсон газар бол байхгүй байх.

Зарим сэтгэл зүйчид сэтгэл гутрал, хүүхэд насны сэтгэл зүйн гэмтэл байвал ингэж засна гэдэг аргачлалуудыг судлаад монгол хүн дээр шууд хэрэглэж байгаа. Буруутгах аргагүй л дээ. Гэхдээ хүмүүсийн нэг хэсэг нь яриад дотор байгаа юмаа гаргачихдаг ч өөр нэг нь ганц, нэг уулзаад очмооргүй санагддаг. Практикт ийм бэрхшээлүүд гарч эхэлж байгаа юм.
Өвдсөн, хямарсан хүмүүс амьдрал дээр сэтгэл зүйч дээр нэг очиж үзээд л дахиж очихоо больдог ч юм уу, ламаар засуулсан нь дээр юм байна аа ч гэдэг юм уу ийм хандлага бас байна.

-Та анх энэ мэргэжлийг сонгож байх үетэй харьцуулвал сэтгэл зүйчийн тоо их өссөн байх. Тооцоо судалгаа байдаг уу?

-МУИС-д 1994 онд элсэж ороход хоёр жилийн өмнө зургаан оюутан авсан байсан. Хоёр дахь төгсөлт нь бид хориулаа төгссөн. Бүр эхний түүхийг ярьвал 1954 онд Орост сэтгэл судлаачаар анхны 2 мэргэжилтэн төгсөж ирсэн байдаг. Ерээд онд нийгмийн байдал их өөрчлөгдсөн. Төр засгаас ерөөсөө нийгмийн сэтгэл судлаачийг бэлдэх ёстой юм байна гэж бодлого дэвшүүлж, МУИС, МУБИС-д сэтгэл судлаачийн анги нээх зөвшөөрөл гарч байсан.

Дараахан нь найман сургууль сэтгэл судлаач бэлдэж эхэлсэн бол одоо бараг л бүх сургуульд сэтгэл судлалын анги нээж байна. Эрэлт хэрэгцээтэй, моодны мэргэжил болчхоод байна л даа.
Би МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгчээр тав дахь жилдээ ажиллаж байна. Төгсөгчийнхөө тоог гаргахад 930 орчим байсан, энэ жил дахиад 120 оюутан төгсөнө. Одоо сурч буй бакалаврын оюутны тоо 700 гаруй байна.

-Гэхдээ мянга гаруй сэтгэл судлаач ажилладаггүй л юм шиг харагддаг?

-Сэтгэл судлаачаар ажиллахад нэг ийм бэрхшээл байгаа.

Мянга гаруй оюутан чинь төгсөөд албан ёсны орон тоон дээр ажилламаар байгаа, төрийн байгууллагад  ч юм уу. Гэтэл тухайн үеэс одоог хүртэл энэ боломж хаалттай байсан. Яг сэтгэл судлаач гэдэг орон тоо байгууллагуудад байгаагүй.
Одоо харьцангуй нэмэгдсээр байгаад Цагдаагийн ерөнхий газар, бүх дүүрэгт ажиллахаас гадна боловсролын сэтгэл зүйч гэж тусгайлан дахиж мэргэшүүлж бэлдээд 300 гаруй хүн ерөнхий боловсролын сургуулиуд дээр ажиллаж байна. Бүх сургууль сэтгэл зүйчтэй болохоор төлөвлөж байгаа, дахиад зөндөө эрэлт байгаа. Бусад зарим газруудад цөөхөн орон тоо бий. Тэгэхээр сэтгэл судлаачийн орон тоон дээр зарим нь ороод үлдсэн нь сэтгэлзүйн төв өөрсдөө байгуулаад хүрээлэн, нийгэмлэг гэх мэтээр нэрлээд зөвлөгөө өгөх, сургалт явуулах ажлууд хийж байгаа. Ер нь практик дээр эрэлттэй байгаа нөхцөлүүдэд ажиллаж байгаа гэсэн үг.

-Сэтгэл зүйн төвүүдэд дандаа мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа гэж ойлгож болох уу. Өөр мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгдөг тал байх шиг…?

-Сэтгэл зүйн төв үү, эсвэл олон нийтийг идэвхжүүлэх бусад үйл ажиллагааны чиглэлтэй хөгжлийн төв юм уу гэдгийг харах хэрэгтэй.

Яг цэвэр сэтгэл зүйн төвд эрх биш сэтгэл судлалын мэргэжилтнүүд ажиллаж байгаа, ихэвчлэн аль нэг сургуулийн багш толгойлоод төв байгуулсан хандлага түгээмэл. Нөгөө талаас нийгэмд хүмүүсийн дунд сэтгэл зүйн зөвлөгөө авах, өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ маш их байна. Үүнийг дагаад гэр бүл хөгжлийн, хувь хүний хөгжлийн чиглэлээр төвүүдийг дурын хүн байгуулаад ажиллуулж байгаа. Тэдгээр төвд өөр мэргэжлийн хүн сэтгэл зүйн зөвлөгөө өгч буй тохиолдол бий.
Сэтгэл судлаачид цуглаад дурын хүмүүст зөвшөөрөл өгөхгүй, лицензжүүлье гэж ярилцсан удаа бий. Гэхдээ тэгж хандах гэхээр яг одоогоор бид стандартыг нь оруулж ирээгүй, нийгэмлэгүүд нь гадны орны түвшинд ажиллахгүй байна. Эдгээр шалтгаанаас гадна сэтгэл судлал хамгийн эрэлттэй мэргэжил болчхоод ачаалал маш ихэссэн. Жишээ нь, МУИС-д одоо хамгийн эрэлттэй анги сэтгэл судлал байна. Тиймээс 60 хүүхэд авдаг байсан бол одоо 100 гаруй төгсөх гэж байна шүү дээ. Шилжих шалгалт гэдгээр нь гурван улирал дараалан тус бүр хориод хүүхэд аваад, энэнээс дээш багш нарын боломж хүрэхгүй байна гээд хязгаарлачихаад байгаа.

-Өөр мэргэжлийн хүмүүс сэтгэл судлал руу хөрвөж орж байгаа нь хэр их байна?

-Маш их байгаа. Эрэлт хэрэгцээ, сонирхол их байгаа учир манай сургууль гурван хувилбараар сэтгэл зүйн мэргэжил эзэмшүүлж байна. Эхнийх нь өөр ангид сурч байгаа хүүхэд улирлын дундуур мэргэжлээ солиод шалгалтаа өгөөд тэнцвэл шилжиж орж ирж байна. Хоёрт, хавсарга ба хос мэргэжлээр сурч болно. Хуулийн ангийн хүүхэд байлаа гэхэд хоёр, гуравдугаар курсээсээ манай хичээлийг давхар судлаад төлбөрийг нь төлөөд, төгсөхдөө хос мэргэжил, 2 дипломтой төгсөнө. Хавсарга гэдэг нь хүүхэд сэтгэл судлалын арай цөөхөн хичээл үзнэ, 1 дипломтой төгсөнө, түүн дээр нь сэтгэл судлалын ийм хичээл үзсэн гэдэг нь бичигдэнэ. Гурав дахь хувилбар нь иргэнээр сурна гэж байгаа. Та жишээ нь ажлаа хийж явахад сэтгэл судлалын мэдлэг маш их хэрэг болвол төлбөрөө төлөөд өөрт хэрэгтэй хичээлээ сонгоод үзэж болно. Зөвхөн судлах гэсэн хичээл дээрээ ирж суугаад л ийм хичээл үзсэн болно гэсэн тамгатай бичиг авна.

-Иргэнээр сурахыг хүмүүс сонирхох уу?

-Сонирхохоор барах уу. Хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолддог учраас сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс яг энэ юу болоод байгаа юм гээд ойлгоё гэдгийг сонгоод ороод ирчихсэн хүмүүс зөндөө.

Цав цагаан толгойтой ахмад хүмүүс ч оюутнуудтай минь цуг хичээллэж л байгаа. Хүүхдүүдийг бодвол сурахдаа, тогтоох нь удаан  байж болох ч өөрсдөө сонгоод орж ирж байгаа учраас маш итгэл үнэмшил, хариуцлагатай. Би хүүхдээ судлахгүй бол болохгүй, эсвэл өөрийгөө, нөхрөө танья, сэтгэцээ мэдэрье ч гэдэг юм уу төрөл бүрийн шалтгаанаар хүмүүс элсэх их сонирхолтой байдаг.
Хүүхдийн, гэр бүлийн, сэтгэц эмгэг, клиник сэтгэл судлал гэх мэтээр олон хичээлүүдээс алийг нь ч сонгоод үзэж болно.

НИЙГМИЙН СЭТГЭЛ СУДЛАЛЫН СУУРЬ ХҮРЭЭЛЭН ЗААВАЛ ХЭРЭГТЭЙ

-Эрэлттэй мэргэжлийн тоонд сэтгэл судлал дээгүүр явж байна. Хиймэл оюун орлуулж болох мэргэжилд сэтгэл судлал байхгүй, өөрөөр хэлбэл ажлын байраа алдах нь бага гэж үзэж болох уу?  

-Сэтгэл судлаачид удаан хугацаанд давтан уулзаж, ойр байж, тухайн хүний талаар мэдээллийг илүү ойлгож, туслах, дэмжих боломж байдаг. Янз бүрийн нөхцөлд хүний гаргаж буй араншин, сэтгэл хөдлөл, хариу үйлдлийг харж, тэрэн дээр дүгнэлт хийж чиглүүлэг өгөхөд илүү амар. Зүгээр л нэг юм ярьчихаад яваад байх юм бол тухайн хүний сэтгэл зүйн нарийн зүйлсийг ойлгоход төвөгтэй. Олон дахин уулзаж ойлголцож, илүү судалж, оношилж зөвлөгөө өгдөг.

Хиймэл оюун гарч ирээд олон юмыг орлож байна, түүнийг дагаад хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөж байна.

Манай хоёр гурван оюутан хиймэл оюуны хэрэглээ ба сэтгэл зүйн нөлөөг судалж байгаа. Яг сэтгэл хөдлөлөө хуваалцах тал дээр сэтгэл хөдлөлийнхөө илэрхийллийг нийтийн дунд гаргаж чаддаггүй хүмүүс голдуу хиймэл оюун руу хандаж байна.Тэнд сэтгэл хөдлөлөө гаргаад ямар хариу ирж байна хянаад бүр оролцоод явчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүнтэй харилцах ярих хэрэгцээгээ хиймэл оюунаас тодорхой түвшинд авч байна.
Гэхдээ тэр нь бүх амьдралыг зааж өгөхгүй л дээ. Хиймэл оюун доторх мэдээллүүд чинь хэдэн мэдээллийн сангаас л татсан зүйлс шүү дээ. Хажууд хүн байвал нэг сонин мэдрэмжээ ярьчихаад заримдаа цуг уйлж, хуваалцаж ч болдог бол хиймэл оюун уучлаарай, манай өгөгдлийн санд энэ мэдээлэл алга гэдэг хариулт заримдаа өгнө. Зарим үед хөнгөн хэлбэрийн анхан шатны тусламж үйлчилгээг бараг үзүүлээд байна. Хиймэл оюун руу хандаж, сэтгэл зүйн зөвлөгөө авч байгаа тохиолдол ер нь багагүй байгаа.

-Сэтгэл зүйчийн хэрэгцээ өсөөд байхад мэргэжлийн хүмүүсээ ашиглах бодлогоо улс яаж гаргах ёстой вэ. Хүүхдээ хүмүүжүүлье, хандлагыг нь зөв болгоё, нийгмийн сэтгэл зүйгээ ч анхааръя гээд байдаг. Улсаас зөндөө л олон хүн цалинжуулаад байгаа атлаа яг энэ гол юмандаа болохоор анхаарахгүй байгаад байх шиг?

-Яг үнэн, үүнтэй би санал нэг байна. Манайд үндсэн сэтгэл судлалын судалгааны хүрээлэн бол байгаагүй. Академик судалгааны чиглэлээрх асуудлыг олон жил МУИС, МУБИС л авч явсан. Саяхнаас Шинжлэх ухааны академи дээр Тархи сэтгэл судлалын хүрээлэн гэж байгуулагдсан.

Уг нь бид Нийгмийн сэтгэл судлалын хүрээлэн байгуулахаар төлөвлөж, хөөцөлдөж, материалуудыг бүрдүүлж явсан боловч яг батлагдаж гарч ирэхдээ тархи, сэтгэл судлал гэж нийлээд ер нь анагаах ухаан тал руугаа явчихаар яг нийгэмд чиглэсэн болон угсаатны, үндэстний сэтгэл зүйн судалгаа бараг л орхигдох талтай байна.
Энэ мэргэжлээр олон жил ажиллаж, судалгаа хийж, ном бүтээл гаргасны хувьд улсын бодлогын түвшний судалгааны байгууллагууд дээр сэтгэл судлалын мэргэшсэн мэргэжилтнүүдтэй байгууллага байх ёстой гэж боддог. Мэргэжлийн сэтгэл судлалын хүнээр удирдуулсан сэтгэл судлаачдын бүтэн баг монгол хүний сэтгэл хөдлөл, хариу үйлдэл, зан байдал, гарах шийдлүүд, онцлог, үе үеийн монголчуудын сэтгэл зүйг судалж гаргаж ирж байж, тэрэнд тохирсон бодлого томьёолох ёстой.

- Тархинаас сэтгэл шууд хамаарах уу. Заримдаа эсрэгцэх ч юм шиг ярьдаг шүү дээ..Нийгмийн сэтгэл зүйг тэр хүрээлэн судлахаар арай хол юм шиг…

-Тархи бол бидний танин мэдэхүйн, сэтгэц, бие, физиологийн явагдаж байгаа бүх процессыг боловсруулж байгаа мэдрэлийн тогтолцооны гол эрхтэн. Тархинд явагдаж байгаа хөөрөл саатал, янз бүрийн процессуудын нөлөөгөөр мэдрэх, танин мэдэх процессууд явагдаж байгаа. Гэхдээ тархи сэтгэл мэдрэлийн суурь эрхтэн боловч хүний сэтгэл мэдрэлийн бүх юмыг тодорхойлохгүй. Тархи өөрөө нэг эрхтэн, түүний оролцоогүйгээр мэдрэлийн нуруу нугасны систем маш их үйлдлийг хийдэг. Тэгэхээр бид заавал тархи, сэтгэл судлалыг нийлүүлэх ёстой биш. Нейросайнсын түвшинд буюу тархи мэдрэлийн эсүүдийн салбарыг судалдаг салбар л нийлээд байж болно.

Нийгмийн, угсаатны шинжтэй үүсэж байгаа үзэгдлүүд болон маш олон хүчин зүйлүүд нь сэтгэл судлалын хувьд орхигдох болж байгаа юм, миний бодлоор. Тэгэхээр Нийгмийн сэтгэл судлалын суурь хүрээлэн заавал хэрэгтэй л гэж хараад байгаа.

ЭЦЭГ ХҮН ШИГ МЭДРЭГДДЭГ ДУЛААН ХҮНИЙГ СОНГОХ ХАНДЛАГА БАЙДАГ ГЭСЭН СУДАЛГАА ГАРСАН  

-Улстөрчид сонгуулийн үеэр сэтгэл судлаачдад их ханддаг юм биш үү. Ер нь сонгогчдын сэтгэл зүйн талаар судалсан зүйл бий бол энэ талаар мэдээлэл өгч болох уу?

-Хувь улс төрчид сонгууль болох гэж байна, намайг ялахад, имиж бүрдүүлэлтэд туслаач гэж сэтгэл судлаачид хандах нь түгээмэл. Манай сэтгэл судлалын оюутан, магистр, докторууд сонгуулийн үеэр ерөөс олдохгүй шүү дээ. Зурган дээр хүртэл монгол хүний тогтсон хандлага ямар юм, аль өнгийг чухалчлах вэ, хөдөөгийн иргэдэд ямар үг хэлэх вэ гэдгээс өгсүүлээд оролцдог. Улс төрчдийн имиж гаргалтыг судлаад бакалавр, докторын хэд хэдэн ажил хийгдсэн.

Манайхан глобал түвшинд сэтгэдэг улс төрчдөөс илүү хээгүй, гоё, аав шиг эрэгтэй хүнийг сонгодог. Эцэг хүн шиг мэдрэгддэг дулаан ийм хүнийг сонгох хандлага байдаг гэсэн судалгаа гарсан.
Цэвэр сэтгэл судлалын ойлголтоор бол манлайлагч гэдэг хүн арай өөр байдаг л даа. Сонгуульд ялахад улс төрчдөд өнгөний нөлөө ямар байсан талаар нэг оюутан судалгаа хийсэн.
Монголчууд багаасаа төрийн далбаагаа хүндэтгдэг, бахархдаг учраас улаан, хөх гэх мэт өнгүүд их итгэл төрүүлдэг. Ийм өнгөний имиж бүрдүүлэлт маш сайн нөлөөлсөн, харин усан ногоон, бүдэг саарал гэх мэт өнгө итгэлгүй мэдрэмж төрүүлсэн байдаг.
Энэ мэт олон судалгаа бий. Ер нь манай оюутнууд их хөөрхөн зүйлс сэдэж, судалсан байдаг. Улс төрийн, угсаатны сэтгэл зүй, эмэгтэйчүүд, сэтгэл гутрал, төрсөн эхчүүдийн, цэвэршилтийн, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгмийн сэтгэл зүйд үзүүлэх нөлөө, түгшүүр олон нийтийн сүлжээний хамаарал, хамгийн өндөр нөлөөлөл үзүүлж буй мэдээллийн сүлжээ гээд маш олон сэдэв бий. Манай бүх үеийн төгсөгчдийн судалгааны ажлууд тэнхимд болон МУИС-ийн номын санд хадгалаатай байдаг. Өмнөхөө үзээд ямар ялгаатай байна вэ гээд цааш сэдвээ сонгоод баяжуулаад явдаг. 

-Хамгийн хандалт өсөж буй мэдээллийн сүлжээ юу байна вэ?

-Хоёр сарын өмнө авсан судалгаан дээр Ghat GPT зургаахан хувь байсан бол энэ сард 46 хувьд хүртэл өссөн. Оюутнуудын дунд судалгаа хийхэд хиймэл оюуныг огт хэрэглэдэггүй гэх хүн гарч ирээгүй.

Миний бодлоор улс төрийг удирдаж байгаа хүмүүс судалгааныхаа төвүүд дээр сэтгэл судлалын маш том нэгж байлгаад энэ хэрэглээ цаашид ямар түвшинд хүрэх вэ гэж судалгаа хийлгэх хэрэгтэй. Нэгэнт болоод өнгөрсний дараа араас нь цочир шийдвэрүүд гаргаж байснаас урьтаж анхаарах хэрэгтэй юм.
Зуун хувь хиймэл оюун ухаан хэрэглэдэг болчихвол жишээ нь оюутнуудыг яаж дүгнэх юм гээд л асуудал гарна. Энэ бол зөвхөн багш нарын асуудал биш л дээ.

ХҮҮХДИЙНХЭЭ БОЛОМЖИЙГ ОЙЛГООД БҮХ ҮЙЛЭЭ ТЭНЦҮҮЛЭЭД ЯВБАЛ АМЖИЛТТАЙ ХҮН БОЛНО 

-Нийгмийн сэтгэл судлалаар та саяхан сурах бичиг гаргасан байсан. Ер нь олон ном бүтээсэн юм билээ. Мэргэжлийн гэхээс илүү энгийн хүн аваад хэрэглэж болохоор номоо нэрлэвэл?

-Нийгмийн сэтгэл судлалаар гаргасан ном оюутнуудад чиглэсэн сурах бичиг. Их сургуульд оюутан болоод унших гэхэд ном байгаагүй. Орос ном багш нараас ганц нэг өдөр аваад л хуулж бичээд түүнээ орчуулах гэж хэрэндээ зүдэрдэг байлаа. Оюутнууд ийм зовлон амсахгүй байгаасай гэж бодоод тэр асуудлыг шийдэхийг оролдож, зааж буй хичээл болгоноороо анхан шатны сурах бичгүүд хийж эхэлсэн. Монгол хэл дээр ерөнхий ойлголтоо аваад цаашаа баяжуулаад уншвал ойлгоц нь зөв сууна гэж бодсон. Сурах бичгүүд тань шинжлэх ухааны хэллэгтэй байна, энгийн хүмүүст унших юм байвал өгөөч гэж олон хүн хандсан. Сэтгэл судлал маш олон салбартай учраас хийхээр төлөвлөсөн ажлууд зөндөө, хичээлээс гадуурх ажлууд ч чамгүй, хувьдаа жилд нэг, хоёроос илүү ном гаргаж чадахгүй л байна.

Нийгмийн эрэлт хэрэгцээгээр нэхэгдэж байгаа номууд руу орж чадахгүй л байна.

Хүмүүс авч уншаасай гэж бодож байгаа ном бол Хайр дурлалын сэтгэл зүй гэж ном бичсэн. Сэтгэл зүйн зөвлөгөө авахад хайр дурлалтай холбоотой асуудал их орж ирдэг. Буруу шийдэл гаргасан, тэрнээсээ хожуудаа янз бүрийн сэтгэл зүйн асуудлууд үүссэн нь их байдаг. Аль болох энгийн үгээр хайр гэж юу юм, хайрын гурвалжин гэж юу вэ, бидний нэрлээд байгаа хүүхэмсэг гэдэг нөхөд яагаад үүсдэг юм гэх мэт олон асуудлыг хөндсөн.
Шинжлэх ухааны гэхээсээ илүү хүн болгон уншиж, хайр дурлалынхаа алхам дээрээ ойлгож хэрэгжүүлээсэй гэсэн гэр бүлийн суурь үндсийг л зөв залах гэсэн оролдлого юм. Хөгжлийн сэтгэл судлалын хичээл ордгийн хувьд эхийн хэвлийд ураг бий болохоос эхлээд төрснөөс хойш нас болгоны сэтгэл зүй, бие бялдар, зан үйлийн өөрчлөлт, хэрэгцээ сонирхлын тухай ном гаргасан.
Эсүүд нийлээд хүүхэд болоод төрөлт, нярай үе, бага нас гэсээр өтөл нас, үхэл гээд бүх шатыг нь бичихээр уг нь сурах бичиг мөртлөө яг энгийн хүмүүс ч ойлгохоор. Миний насан дээр ийм сэтгэл хөдлөлийн илрэл, өөрчлөлт гарч байгаа юм байна, цаашид ингэх юм байна гээд уншихад боломжтой Хөгжлийн сэтгэл судлал гэдэг ном гаргасан.
Мөн Жирэмсний сэтгэл зүй гэж ном бичсэн. Жирэмсэн байхдаа ээж ямар сэтгэл мэдрэмжтэй хүүхдийг тээж төрүүлсэн нь цаашид их чухал. Би дөрвөн хүүхэдтэй л дээ. Хүүхэд болгоны зан характер, асаргаа сувилгаа өөр.
Тиймээс жирэмсэн байхдаа хүүхдээ зөв тээж хөгжлийн суурийг бүр анхнаас нь зөв тавих хэрэгтэй юм байна гэж бодоод Жирэмсний сэтгэл зүй гэж ном бичсэн.
Сар бүрээр бие, сэтгэл санаанд гардаг өөрчлөлт, ямар арга хэмжээ авч болох талаар тайлбарласан юм. Бичгийн хэвээр хүнийг таних тухай бас нэг ном бий.

-Бичгийн хэвээр хүнийг яг таньж болох уу?

-Танина аа, энэ бол олон нийтэд зориулсан, практик тал руугаа ном юм. Бид кирилл үсэг хэрэглэж байгаа учраас тохироод байдаг. Моргенштейн гэдэг хүн анх 18 дугаар зууны сүүлээр олон хаад, ноёд, том хүмүүсийн бичгийг цуглуулж, анализ хийгээд түүн дээрээ тулгуурлаж бичгийн хэвээр хүнийг таних тухай бичсэн. Тэрийг орчин үеийн онолуудтай нийлүүлээд би энэ номоо бичсэн юм.

Хүн бүрийн бичгийн хэв босоо налуу, урагшаа гээд янз бүр байдаг шүү дээ, түүн дээр дүгнэлт хийж болох талаар энгийн өгүүлсэн ном.

-Энгийн хүн хараад л тэрийг ойлгочхож чадах болов уу?

-Ойлгоно, хүн болгон хэрэглэх боломжтой. Манай оюутнууд надгүйгээр оюутнууд цуглуулаад 5 мянган төгрөг ч билүү хураагаад нэг өдрийн лекц ороод номын дагуу бичгийн хэвээр таньж өгсөн тохиолдол ч байна. Ийм маягаар номыг минь хэрэглээ болгоод явж байгаа хүмүүс зөндөө.

-Оюутнууд хөөрхөн бизнес хийсэн байна шүү. Гэхдээ ер нь сэтгэл судлалыг бизнес гэж харж орж ирэх тохиолдол их байх шиг байна, тийм үү?

-Эрэлт үүсээд байгаагийн нэг шалтгаан нь бас тийм тал бий. Мэргэжлийн бус хүмүүс магистр докторт оръё гээд их ирдэг. Сэтгэл судлалын л бичиг баримттай болчихвол миний бизнес босох гээд байна гэх нь ч бий. Бид чинь шинжлэх ухаанаа авч үлдчих гээд л нөгөө хүмүүсийг чинь жаахан сэтгэл судлалын дөртэй болгох гээд л их л хичээж байгаа. Гэхдээ магистр докторын түвшинд бол бэлтгэлээр орж ирэхээр жаахан бэрхшээлтэй л дээ. Суурь үндсэн мэргэжил нь өөр үндсэн мэдлэг, итгэл үнэмшил нь өөр учраас тэднийгээ бас оруулж ирэх гээд байдаг тал бий.

-Хүүхэд төрөхөөс авахуулаад яах вэ гэдэг ном гаргасан гэлээ. Хүүхдийн сэтгэл зүйд ген чухал уу, хэрхэн хүмүүжүүлэх нь чухал уу. Аль нь илүү байдаг бол?

-Маш олон эрдэмтэд хүүхдийг, хүний хөгжил төлөвшлийг судалсан.  Онол бүр өөр, жишээ нь бихевиорист урсгал гэхэд хүүхэд төрж гарч ирсэн цагаас нь хойш ерөөсөө ямар орчин хүлээж авна, тэр л хамгийн нөлөөтэй гэдэг.  Энэ чиглэлийн гол төлөөлөгч Уотсоны алдартай үг бий. “Хорин хүүхэд надад өгчих, тэгээд захиалгаа өг. Хорин жилийн дараа алдартай хулгайч, эрдэмтэн, хүссэн хүмүүсийг чинь яг бэлдээд өгнө” гэж олон нийтэд зарласан. Энэ онолоор бол генийн өгөгдөл ерөөсөө хамаагүй, хүүхэд төрөнгүүт ямар орчин тосож аваад, яаж тэр хүүхдийг бэлдэж, хөгжүүлж өөрчлөв, тийм л болно гэдэг. Гэтэл жишээ нь Фрейдийн онолоор хүн биологийн амьтан учраас тэр орчиндоо өөрт нь ямар хэрэгцээ шаардлага бий болоод түүнээ хэр хангаж чадсан зэргээс хамаараад цаашдаа ямар хүн болох нь тодорхойлогдоно гэдэг. Сэтгэл судлалд энэ онол нь туйлын үнэн, энэ нь буруу гэж хэлэх аргагүй. Бид тэр онолуудыг уншиж, судалж, ер нь хүүхдэд ямар хэв загвар хамгийн тохирох юм бэ гэдгийг харж байгаа юм.

Миний хувийн бодлоор генетикийн өгөгдөл гэдэг бол ёстой хэн ч маргахгүй зүйл гэж боддог.
Аав, ээжийн араншин яагаад яг хүүхдэд тэр чигээрээ байдаг вэ. Хэн ч зааж өгөөгүй байхад бүр генд нь суусан юмыг бид арилгаж чадахгүй. Хоёрт, орчны нөлөө маш чухал.
Хүүхдээ төрөл бүрийн сургалт, уралдаан тэмцээнээр нүдсээр тэрийгээ амьдралын утга учир гээд ойлгочихсон хүмүүс байна. Тийм байж болох хэдий ч хүүхдэд өөрийн чадамж гэж байдаг. Хувь хүний, оюун ухааны, сэтгэл хөдлөлийн гэх мэт долоо, найман чадамж бий.
Тэдгээр нь ямар хэмжээтэйг мэдэж байж эцэг эх түүнд тохируулж шахахгүй бол яг үнэндээ зарим нь хэт ядарсан, наад хүүхдээ амраагаач ээ гэж хажуугаас нь хэлмээр байдаг. Өөрийнхөө амьдралд дутуу байсан, олж авч чадаагүй мэдрэмжээ хүүхдээрээ нөхөх гэж зүтгээд байгаа ээж аав олон бий.
Хүүхдийн бие физиологийн болоод оюун ухааны чадамж, өгөгдөл нь хүрэх үү гэдгийг эхлээд тооцоолж гаргаж авах хэрэгтэй л дээ. Хүүхдийн маань боломж энэ юм байна аа гэдгийг ойлгоод бүх үйлүүдээ тэнцүүлээд явуулбал зөв хүмүүжилтэй, амжилттай хүн болно.  

СЭТГЭЛ ЗҮЙЧЭЭ САЙН СУДАЛЖ, ЗӨВ ХҮН ДЭЭРЭЭ ОЧИХ ХЭРЭГТЭЙ 

-Сэтгэцийн эмгэг, сэтгэл гутрал их байна гээд ярьдаг. Тэр байтугай сэтгэл зүйн хувьд цоо эрүүл хүн байхгүй гэх нь ч бий. Судалгаануудын үр дүн ихэвчлэн бараан тал руугаа байх нь бий. Энэ хэр үнэн бэ?

-Судалгааны тухайд ямар байгууллага хийсэн, тэр нь хүлээн зөвшөөрөгдсөн, батлагдсан уу, ашигласан арга, аль хүчин зүйлүүдийг чухал гэж үзэж байгаа юм гэх мэт олон зүйлс яригдах ёстой. Бүгдийг нь батлагдсан гэж үзэхэд учир дутагдалтай. Сэтгэл зүйн хувьд хүмүүс цоо эрүүл ч байж болно, эдгэх боломжтой өвчин туссан ч байж болно, эдгэшгүй эмгэгтэй ч байж болно. Амьд хүмүүс юм чинь сэтгэл хөдлөлөө мэдээж гаргана, өөрийгөө илэрхийлнэ. Энэ бол өвчин биш.

Амьдралын асуудал бэрхшээл байхаар түүнээ дагаад бухимдал ихсээд байдаг. Одоо бүр нийтээр нь хянахгүй болохоор хэт хүчтэй илэрхийлж гаргаад, ямар ч хариуцлага тооцохгүй байгаа учраас хүмүүс өөрсдөө эрүүл мөртлөө өвчтэй хүн шиг авирлаж байна. Нэг удаа муухай хашхираад орилж чарлаад элдэв зан гаргахад болсон учраас дараагийн удаа давтаж хэрэглээд байна

-Ийм зан гаргуулахгүй байх ёстой гэж та үзэж байна уу?

-Үгүй, үнэхээр амьдралын гарцаагүй нөхцөлд хүмүүс янз бүрийн үйлдэл гаргаж болно. Ингэж гаргасны дараа магадгүй хүн тайвширч байдаг. Тайвширсны дараа уучлалт гуйгаад би муухай аашилчихсан байна, дараагийн удаа ингэхгүй гэж болно. Гэтэл нэг удаа муухай аашлахаар асуудал нь өөрт ашигтай шийдэгдэнгүүт болж байна, энэ арга үйлчилж байна гэж бодоод дахиж давтаад, авир араншин муутай, сэтгэл хөдлөлөө хурцаар илэрхийлж, бусдыг элдвээр доромжилдог үзэгдэл үүсэж байна. Уг нь энгийнээр шийдэх аргууд байгаа ч тэгэхгүй байна. Сэтгэл хөдлөлийнхөө илэрхийллийг хэтрүүлж гаргахад олны дунд ёс зүйтэй байх хэрэгтэй гээд хуучин хяналт тавьдаг байсан.

Гэтэл одоо ёс зүйн хэм хэмжээ бичигдээд, бүр журам хүртэл гараад байгаа ч алийг нь ёс зүйгүй үйлдэл, юуг нь сэтгэл хөдлөлийн илрэл гэх юм гэсэн нарийн заагийг зааж өгсөн юм байхгүй, хүмүүс ч мэдэхгүй байна. Ийм байдлаас болоод зүгээр нэгийгээ жаахан хашгирахаар л энэ бол сэтгэцийн эмгэгтэй юм байна, бараг гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй ч гэж байх шиг…Яг оношлохгүй, батлахгүй мөртлөө ингээд яриад байх нь зохисгүй. Хүүхэд насны эмгэг гээд л ярьдаг, бас нарийн судалгаа байхгүй.
Ямар нэгэн гэмтэл үүссэн байвал тэр нь нөлөөлөх хүчин зүйл мөн хэдий ч хүн болгон өвчлөөд байх албагүй шүү дээ.

-Сэтгэл зүйн талаар ярьдаг, зөвлөдөг хүн, ном ч бас олширсон, төрөл бүрийн онолууд тархаж байна. Яг алинд нь итгэх вэ?  

-Хүмүүс сэтгэл судлалын мэдлэгүүдийг авч байгаа ч тохирох номоо олж уншихгүй байна.

Хатуухан хэлэхэд сэтгэл судлал, сэтгэл зүй, хөгжил гэсэн зарим ном барууны орны номын хуулбар орчуулга, зарим нь янз бүрийн юмны холимог ч байгаа. Тэрийг уншаад өөрийгөө, бусдыг тодорхойлох нь учир дутагдалтай. Эх сурвалжаа зөв олж, шинжлэх ухааны үндэстэй ном үзмээр байгаа юм.
Ингэж хүний сэтгэл зүйн мөн чанарыг ойлгосныхоо дараа илрэлүүдийг зөв үү, буруу юу гэдгийг нь хараад дараагийн алхмаа хийх ёстой. Толгой эргүүлсэн, төөрүүлсэн зүйлс их гарч байна. Номыг хэн дуртай нь гаргах эрхтэй учир олон юмыг хольж нэгтгэх, энэ бол өвчин, тэр бол сэтгэлийн шарх, таурма гэж хэлээд байгаа учраас шууд утгаар хүлээж аваад ажиллаад байгаа тал ч ажиглагддаг. Шинжлэх ухааны үндэстэй юмаа үзээд үнэхээр тийм байна уу гэдгийг магадлаад дараагийн алхам, оношоо тавимаар санагддаг.  Тэгэхгүй бол ихэнхдээ л сайн дураараа нэг нөхрийн зохиол, фантаз, эсвэл зүгээр номоо борлуулах ашиг олох үүднээс сонирхолтой биччихсэн эвлүүлгүүдийг үзээд шууд итгээд байна. Ийм байдал нь ерөөсөө зохимжгүй гэж бодоод байгаа юм.
Ер нь хамгийн эхлээд хүн өөрийгөө таних, үйлдлүүддээ анализ хийх хэрэгтэй. Дараа нь шинжлэх ухааны үндэстэй сэтгэл судлалын номуудыг унш. Бүр ойлгохоо боливол сэтгэл зүйчид ханд. Гэхдээ сэтгэл зүйчээ сайн, зөв харж байж судалж байж очих хэрэгтэй.
Дурын зөвлөгөө өгнө гэсэн болгон сэтгэл зүйч бас биш. Сэтгэл судлалын ангийн 30 оюутнаас яг жинхэнэ сэтгэл судлаач нэг, хоёр л төгсдөг гэж би хэлдэг л дээ. Мэдээж бүгдээрээ мэдлэг эзэмших ч яг сэтгэл судлаач гэж тодорхойлмоор хүн тийм олон биш.  

-Сайн сэтгэл судлаачийг энгийн хүн яаж олж очих вэ. Үнэндээ олон л сэтгэл зүйч байдаг гэдэг ч хэн дээр очихоо хүмүүс мэддэггүй, зарим нь сэтгэл дундуур л байдаг юм билээ. Бас сэтгэл зүйчид гэмтэлтэй хүнтэй ажиллахаар өөрөө гэмтдэг тухай ярьсан байдаг…?

-Энгийн хүмүүс шууд харж чадахгүй л дээ. Тийм ч учраас бид аль болох мэргэжлийн сэтгэл зүйч байхыг хичээ гэж оюутнууддаа хэлдэг. Сэтгэл зүйчид очъё гэвэл лицензүүдийг нь үзэж, өмнөх туршлагуудыг нь судлах хэрэгтэй. Гэхдээ нэг бэрхшээл бий. Эрэлттэй мэргэжил болсон тул сургууль болгон сэтгэл зүйч бэлдэж байна. Сэтгэл зүйчид өөрсдөө уг нь засал зөвлөгөө хийхдээ өөрийгөө хамгаалах аргуудтай байх ёстой.

Тэд хүмүүсийн сэтгэл санааг нээж өгч байгаа шүү дээ. Ер нь эхлээд уулзаад яриулаад “нээгээд” дараа нь оношлоод тэгээд засдаг. Зассаныхаа дараа буцаагаад “хаалт хийх” гэж юм байдаг. “Нээсэн” сэтгэлийг хаагаад тэр хүнд итгэл үнэмшил төрүүлээд дүгнэж өгөөд дуусгах ёстой. Гэтэл жаахан хатуу хэлэхэд зарим сэтгэл судлаачдыг харахаар “нээж” чаддаг, юмыг нь яриулаад дэлгэчихдэг. Цаашаа явж, асуудлыг шийдэж чаддаггүй. Ингээд буцаагаад “хааж” чадахгүй хаячих тохиолдол байгаад байна. Ийм тохиолдолд сэтгэл зүйчээс гарсан үйлчлүүлэгч хэрэггүй ярилаа, би тэнэг юм аа гээд өөрийгөө буруутгах, эсвэл дутуу үнэлэмжтэй буцаад сэтгэл судлаач дээр очих хүсэлгүй, яахаа мэдэхээ больчихдог.
Сэтгэл зүйчээ сайн судалж зөв хүн дээрээ очих хэрэгтэй л гэж хэлье дээ.  

-Монголчууд их уужуу тайвуу байсан санагддаг. Ийм хурдацтай өөрчлөгдөнө гэж байх уу?

-Үндэстний сэтгэл зүй тэр чигээрээ өөрчлөгдөнө гэж байхгүй. Соёл иргэншлийн, эсвэл хэвлэл, технологийн ч юм уу өөр хүчин зүйлийн нөлөөгөөр хүмүүсийн хариу үйлдэл, зан авирт шинэ үйлдлүүд нэмэгддэг болохоос суурь үнэт зүйлс нь байсаар байдаг.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Хүүхдээс эхлээд гэр бүл, нийгмийн хэсэг, бүлгийн сэтгэл зүйд яаж хүрч ажиллах вэ гэж сүүлийн үед их ярьдаг болсон. Парламентын, хууль зүйн, шүүхийн гээд салбарын гэж болох хүрээлэнгүүд олноор бий болж, өргөжсөн. Гэсэн атлаа өнөөгийн нийгэмд хүмүүст, магадгүй цаашдаа улс орны хөгжилд ч маш чухал хэрэгцээтэй байгаа Нийгмийн сэтгэл зүйн хүрээлэн яагаад байгуулдаггүй юм бол гэсэн бодол ярилцлагын дараа өөрийн эрхгүй төрсөн. Удахгүй ийм хүрээлэнтэй болох байх гэж найдна. 

                                                                                                      Р.ГАНПҮРЭВ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
М.ДЭЛГЭРЖАВ: СЭТГЭЛ ЗҮЙЧ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮЕЭР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН “НЭЭСЭН” СЭТГ… 5 цагийн өмнө
АЖ ҮЙЛДВЭРИЙН ТӨРӨЛЖСӨН БҮС БӨГӨӨД НОГООН ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭД БҮСЭД 38 ТӨ… 6 цагийн өмнө
АРВААС ДЭЭШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ, ЭКСПОРТЫН ӨМНӨХ ТЕХНИК ХЯНАЛТЫН ҮЗЛЭГТ … 9 цагийн өмнө
​БАЙР ТҮРЭЭСЭЛНЭ ГЭХ ЗАР БАЙРШУУЛЖ, ГУРВАН ИРГЭНЭЭС 9 САЯ ГАРУЙ ТӨГРӨГ… 9 цагийн өмнө
ТАВДУГААР САРЫН 15-НААС ИХЭНХ НУТГААР БАГА ЗЭРЭГ СЭРҮҮСНЭ 10 цагийн өмнө
АВЛИГЫН 893 ХЭРЭГТ МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛЖЭЭ 10 цагийн өмнө
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 1723 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ 12 цагийн өмнө
БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ 16 цагийн өмнө
ХҮҮХЭД НАСААР МИНЬ АЯЛУУЛСАН БИДНИЙ УРЛАГИЙН НААДАМ Өчигдөр
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАРЫГ ТӨВ АЙМГИЙНХАН ХАЛУУН ДОТНООР УГТАН АВЧ… Өчигдөр
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
Л.АНХЗАЯА АСТАНАГИЙН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/05/10
Л.ЭНХРИЙЛЭН АСТАНАГИЙН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/05/10
БОГДХАН УУЛЫН ОЙН БҮСЭД ИРГЭДИЙГ НЭВТРҮҮЛЭХГҮЙ, ХЯЗГААРЛАЛТ ХИЙЖ БАЙНА 2025/05/10
ТАНИЛЦ: ДУГУЙТАЙ УЛААНБААТАР ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД ЗАМ ХАЙХ БАЙРШЛУУД 2025/05/10
Ө.ЖАНЦАНДОРЖ АСТАНАГИЙН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/05/10
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 1615 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ 2025/05/10
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2025/05/10
УУЛЧИН А.БАТТОГТОХ, Б.БАТХИШИГ НАР ЭВЕРЕСТЭД АВИРЧ БАЙНА 2025/05/09
ТОСК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА 2025/05/09
Их Уншсан
Э.МӨНХ-УЯНГА:АМЕРИКИЙН БОЛОВСРОЛЫН СИСТЕМЭЭР ХҮН ӨӨРИЙГӨӨ БАЙНГА ГАДАГ… 2025/05/07
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫ ОРД 2025/05/01
ДУГУЙТАЙ УЛААНБААТАР ӨДӨРЛӨГИЙН ХҮРЭЭНД АВТОБУСНЫ 42 ЧИГЛЭЛД ТҮР ӨӨРЧЛ… 2025/05/09
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/05/01
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/05/01
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/05/01
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/05/01
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙГ МӨРГӨӨД ЗУГТААСАН МАШИНЫГ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮН ЖОЛ… 2025/05/08
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫ ОРД 2025/05/01
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙН ОРД 2025/05/01
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/05/01
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/05/01
2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/05/01
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР МОНГОЛ УЛСЫН ТӨВ ЦЭГИЙГ ЧИГЛЭН ГҮЙЖ БАЙНА 2025/05/02
ХАРАНГА ХАМТЛАГИЙН АХЛАГЧ Ц.ЭНХМАНЛАЙ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ 2025/05/07