А.БАДАМ: ГАЗАР ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААН НАСАН ТУРШДАА ХҮҮХДЭЭРЭЭ БАЙХ БОЛОМЖИЙГ ОЛГОДОГ


Хүний хамгийн дээд эрдмийн нэг нь боловсрол билээ. Боловсролын талаар мэдлэг, мэдээлэл түгээх зорилгоор Hemnel.mn сайт эрдэмтэд, багш нар, оюутнууд, сурагчид, гадаад, дотоодод төгсөгчдөөс ярилцлага авч олон нийтэд хүргэхээр зорьж байна.  Ярилцлагынхаа анхны зочноороо Бүгд Найрамдах Унгар улсын Сегедийн их сургуулийн байгаль орчны докторант Арьяагийн Бадамыг урилаа. Эх оронд минь тулгамдаж буй асуудлын нэг болох байгаль орчны сэдвээр судалгаа хийж буй залуухан эрдэмтэн бүсгүй мөн олон хүүхдэд англи хэл заасан нэр хүндтэй багш юм.


СЕГЕДИЙН ИХ СУРГУУЛИАС НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТСЭН ХҮН ЦӨӨНГҮЙ

-Шинжлэх ухааны ажилтны өдрөөр тантай ярилцлага хийж байгаадаа таатай байна. Өөрийгөө, судалгааны ажлаа, ач холбогдлынх нь талаар  уншигчдад танилцуулна уу?

-Намайг Арьяагийн Бадам гэдэг, Төв аймгийн Жаргалант суманд төрж өсөж, ерөнхий боловсрол эзэмшсэн. Газар зүй, байгаль шинжлэлийн багш мэргэжилтэй, газар зүйн магистр. Унгарын Сегедийн Их сургуулийн Байгаль орчны докторант. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

“Түгээмэл хэрэглэгддэг нано материалын хөрсний уусмал дахь шинж чанарын өөрчлөлт” сэдвээр судалгаа хийж, докторын зэрэг хамгаалахаар бэлдэж байна. Аливаа шинжлэх ухааны судалгаа хэрэглээнд нэвтэрдэг байж л ач холбогдол нь гардаг. Нано технологи хөгжиж, энэ төрлийн  материалуудын  хэрэглээ өндөр түвшинд байна. Хэрэглээнээс гарсны дараа хөрсөнд хог хаягдал нь шингэхдээ ямар нөлөө үзүүлдгийг судалж байгаа. Хөрс, агаар, ус гэсэн гурван чухал орчны бохирдлын эх үүсвэр, түүнийг хэрхэн арилгаж,  саармагжуулах талаар судалж байгаа гэсэн үг.

Газар ашиглалт, хөрсний доройтол гээд манай салбарын судалгаа их өргөн хүрээтэй. Ашиглаж буй газар их бага хэмжээгээр доройтдог, хөрсний бохирдол явагддаг. Буцаагаад яаж нөхөн сэргээж эрүүл газар болгох вэ гэдэг асуултад хариулах зорилгоор энэ судалгааг сонгосон.

-Хөрсний бохирдол манай улсад их гэж хүмүүс ойлгодог. Таны судалгаагаар бусад улстай харьцуулвал ямар байна вэ?

-Монгол орны хөрсний бохирдлын үнэлгээг харьцуулж судлаагүй учраас хариулж мэдэхгүй байна. Судалгаа Унгарын хөрсний дээжин дээр хийгдэж байгаа. Эх орноосоо хөрсний дээжийг авчрахад улс хооронд гээд зарим асуудал гардаг учир заавал монгол хөрс авчирч судалгаа хийнэ гээгүй. Өмнө явж байсан төсөл дээр шууд оролцоод аргаа суралцаад явж байгаа. Бүтэц шинж чанар өөр байх боловч хөрсний хувьд  ерөнхий механизмаа боловсруулчихвал арга зүй, туршилт нь ижил учир Монголдоо цаашдаа хийж болно гэсэн үг.

Манай улс бусад оронтой харьцуулахад харьцангуй онгон дагшин байгаль ихтэй. Сүүлийн үед л хог хаягдал, Улаанбаатар хотын бохирдол зэрэг нь тулгамдсан асуудал болсон. Судалгаа цаашдаа энэ чиглэлд хэрэгтэй гэж харж байгаа.

-Сегедийн их сургуулийг манайхан төдийлөн сайн мэдэхгүй байх. Нобелийн шагналтан төрсөн юм билээ...?

-Сегед бол олон салбар сургуулиас бүрдсэн их сургуулийн хот. 400 гаруй жилийн түүхтэй Сегедийн их сургууль Унгартаа нэгд ордог, олон алдартай эрдэмтэд төрж гарсан, Нобелийн шагнал хүртсэн хүн ч цөөнгүй.

Хамгийн сүүлийнх гэвэл АНУ-д судалгаа хийгээд цар тахлын эсрэг вакцин гаргаж авч, 2023 онд Нобелийн шагнал хүртсэн Каталин Кариког нэрлэж болно.  Витамин С-г хуурай аргаар гаргаж авсан  Альберт Сент-Дьёрдьи гэж эм зүйн маш алдартай эрдэмтнийг хүмүүс сайн мэддэг. Ер нь анагаах, химийн нарийн судалгаагаар тэргүүлэх сургуулийн нэг гэж үнэлэгддэг, шинжлэх ухаан, судалгаанд суурилсан их сургуулийн сонгодог жишээ гэж хэлж болно.

Их сургуулиуд нь судалгаагаа шууд аваад төсөл хэрэгжүүлээд явдаг, докторант, магиструуд судалгаа хийнгээ эрдмийн зэргээ хамгаалдаг.

“ЧУЛУУН ДОМОГ” СИМПОЗИУМ, ДУРАНГААР ХАРСАН МАШ ГОЁ САР, ГАЗАР ЗҮЙН ОЛИМПИАДЫН ТҮРҮҮ

-Та яагаад газар зүйч болохоор шийдсэн бэ. Олон хүн сонирхдог түгээмэл салбар биш санагддаг. Газар зүйн гоо сайхан нь юундаа байдаг вэ?   

-Би багаасаа байгальд сонирхолтой хүүхэд байсан. Ном сониноос улс орны мэдээлэл түүж уншдаг байлаа. Гуравдугаар ангид байхад Найрамдал зусланд арав хоног амарч, хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн “Чулуун домог” номын симпозиумд оролцох боломж олдсон юм.

Симпозиумын явцад одон орны дурангаар сар харуулсан нь маш гоё, мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн. Нүдэнд жижигхэн бөөрөнхий саарал харагддаг байсан сар үгээр хэлшгүй сонирхолтой сайхан үзэгдсэн юм. Наймдугаар ангид байхад минь Жаргалантын сургуулийн Надмидын Цоодол багш газар зүйн олимпиадад бэлдэх үү гэж асуусан. Сэтгэл зүрхээ газар зүйд зориулсан багш маань тавдугаар ангид л тийм хурдтай салхи, шуурга А хотоос Б хотод хэдэн цагийн дараа хүрэх вэ гээд өгүүлбэртэй бодлого бодуулахдаа л анзаарч харсан шиг байгаа юм. Наймдугаар ангийн олимпиад тэр жил болоогүй учир өнжөөд аравдугаар ангид байхад анги дэвшиж 11 дүгээр ангийн олимпиадад аймагт дөрөвт орсон. Дараа жил нь насандаа ороод түрүүлээд улсын газарзүйн 13-р олимпиадад оролцож байсан юм.

Газар зүйн гоо сайхан нь юундаа байдаг вэ гэдэг их гоё асуулт байна. Цонх яагаад цантдаг вэ гээд багш асуудаг. Цаанаас нь хүйтэн, наанаас нь халуун агаар үлээгээд гээд хүүхдүүд хариулахаар яагаад гээд л ухаад хөөж асуугаад байдаг. Хүүхэд бүр дөрөв, таван настайдаа яагаад нар гэрэлтдэг, сар гардаг гээд л яагаад гэдэг асуултыг байнга тавьдаг. Газар зүй байнга яагаад гэдэг асуултад хариулдаг учир насан туршдаа хүүхдээрээ байх боломжийг олгодог. Мэргэжил сонгох гэж байхад ээж “Газар зүй бол бүх шинжлэх ухааны суурь юм шүү дээ. Миний охин сурчихвал төрөл бүрийн шинжлэх ухааныг ойлгоход дөхөм болно.” гэж хэлж байсан. Ер нь физик, хими гээд бүх шинжлэх ухаан газар зүйтэй холбогддог. Газар зүйн үйл явц химийн л урвал байдаг гэх мэтээр бүх байгалийн шинжлэх ухааны суурь болдог.

Ардын боловсролын тэргүүний ажилтан, Түүх газарзүйн багш Н.Цоодолын хамт                                                           

-Уучлаарай, газар зүй гэхээр олон хүн газрын зургаар төсөөлдөг. Салхи хурд, халуун хүйтэн агаар гэхээр илүү физик рүү дөхөх юм шиг.  Гэтэл таны ярьж буйг сонсохоор газар зүй их өргөн хүрээтэй болоод байна. Таны докторын сэдэв ч хими тал руугаа юм шиг санагдаад байх юм?

-Газар зүйн шинжлэх ухаан маш өргөн хүрээтэй. Ихэнх хүмүүс одоо газар зүйгээр яах юм, GPS гарчихсан, утсан дээрээ очих хотынхоо нэрийг оруулаад болоо ш дээ гэдэг. Байгалийн сайхныг ажиглахгүйгээр явах нь ээ дээ. Хэт их дүрэм мэдрэмжийг алдаг гэдэг шиг технологи хэт хөгжих тусам байгалийн гоо сайхныг таашаах хүний мэдрэмж улам бүдгэрч байна уу гэж санагддаг. Миний ажлын хувьд бол салбар дундын, хөрвөсөн судалгаа юм. Хими, нано технологи, ус, хөрс гэхээр байгаль орчин хавсарсан судалгаа болно. Ирээдүйд ийм хавсарга судалгаанууд их шаардлагатай гэж яригдаж эхэлж байна.

Жишээ нь Эмнэлгийн газар зүй гэдэг салбар бий. Шүдний өвчлөлийн талаар судалсан Д.Дорж гэж эрдэмтэн байдаг.  Тэр хүн газар зүйн байршил шүдний өвчлөлд хэрхэн нөлөөлж байгааг судалсан. Ууж байгаа ус нь нөлөөлөөд байна уу гэх мэтээр холбоо хамаарал хайсан ийм судалгаа газар зүйд байх жишээтэй. Газар зүй их өргөн хүрээтэй, гэсэн атлаа маш нарийвчилж болдог гоё судалгаа гарч ирдэг салбар.

ААВ, ЭЭЖ, “ДОЛОО ДАХЬ ХӨХНИЙ ГАВАР”, ЖЕК ЛОНДОН, ГАЗРЫН ЗУРАГ

-Ээж тань усны инженер гэсэн. Газар зүйд “уруу татсан”хүн нь ээж тань мөн үү. Аав, ээжийнхээ талаар ярих уу?

-Аав ээж маань чи тэг, ингэ гэж заадаг хүмүүс биш. Гэхдээ мэргэжил сонголтод аав, ээжийн дам нөлөө бий. Аавыг Лувсан-Ишийн Арьяа гэдэг, барилгын инженер, цахилгааны инженер, барилгын зам гүүрийн техникч хүн. Залуудаа цусны өвчин туссан, эмч нар ерөөсөө агаарт яв, уул хадаар аял, тэгвэл эдгэнэ гэсэн учир Цэцээ гүнээс Монгол шарын даваа хүртэл явган аялсан байдаг. Явсан газрын зураг бүр нь хүүхэд байхад маш сонин сайхан санагддаг байлаа. 

Ажлаар хөдөө явахаар нь би дагаад л машинд нь суугаад тэнэх дуртай хүүхэд байсан. УАЗ 469 машиныхаа цонхыг зун авчихна, түүнд нь суугаад давхихаар жигтэйхэн сайхан санагдана. Ээжийгээ бүр их дагана. Шууданч учир дагаж очсоор байгаад сүүлдээ баг, сум руу шуудан хүргэх үеэр нь ажил дээр нь сууж захиа, сонинг нь тараагаад сумынхан маань намайг “Бяцхан шууданч” гэж өхөөрддөг байлаа.

Ээж Сандагийн Түмэнжаргал, үндсэн мэргэжил нь усны инженер. Ерээд он хүртэл мэргэжлээрээ ажиллаж, нутгийн хаана бороо ороод аль суваг шуудуугаар урсах вэ гэдгийг мэддэг, нарийн мэргэшсэн хүн байсан. Шууданчаар ажиллах болсны дараа ч хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид төсөл хөтөлбөр судалгааны ажлаар суманд ирэхдээ манайхаар заавал ордог байсан. Тав, зургадугаар ангид байхад фургонтой хүмүүс давхиж ирээд л дээшээ хиймэл нуур руу загас үржүүлнэ гээд л давхидаг байсан нь сонирхол татдаг байлаа. Сүүлд сургууль төгссөн хойноо өөрөө яг тэдэн шиг фургонд суугаад Сэлэнгэ Дарханаар судалгаа хийж зөндөө давхисан. Ээжийг маань Богдын хүрээний унзад лам байгаад хэлмэгдэж, дараа нь Сүхбаатарын хөшөө, талбайг барьж байгуулах ажилд оролцож явсан Нэрэнгийн Чойндон гэж хүн өсгөсөн. Нагац ах Ч.Цэндийнхээ мэргэжлийг өвлөж усны инженер болсон гэж ярьдаг. Магадгүй тэр лам хүний шашин шүтлэг ээжийг усны инженер болоход нөлөөлсөн байж болох юм гэж боддог.

Аав ээж ном, сонин их уншина, бид бас дагана, олон улсын мэдээ их харна. Өдрийн сонины эрхлэгч Ж.Мягмарсүрэнгийн “Долоо дахь хөхний гавар” гээд ном байдаг. “Унагаа зуусан хулан” өгүүллэг, Жек Лондоны амьтан байгальтай холбоотой номуудыг их уншдаг байлаа.

Ээж хананд түр зоодог, ширээн дээр тавьдаг дэлхийн газрын зураг захиалаад авчихсан. Гэрийн даалгавраа хийж дуусчихаад л тоглоно. Хөзөр, даам гээд л яг унтахынхаа өмнө эгчтэйгээ их тоглодог. Бас газрын зураг дээрээс улс хайж тоглодог байсан юм. Улс хайж байхдаа нэг нэр тогтоож авчихаад л өөр тийшээ харж байгаа юм шиг болоод л асууна, ийм маягаар олон орон цээжилсэн дээ. Энэ бүхэн байгаль, газар зүйд дурлахад минь нөлөөлсөн байх.

-Гадаадын арав гаруй улсад та илтгэл тавьсан байна лээ. Газар зүйн олон эрдэмтэн бий, тэр дундаас ийм олон газар сонгогдож илтгэл тавихад юу нөлөөлсөн юм бол. Сэдэв, мэдлэг, хэл гурвын аль нь вэ?

-Олон агуу эрдэмтэн багш нар бий, тийм хүмүүстэй намайг зүйрлэж яаж болох вэ. Хүрээлэн, судалгааны төвүүдэд олон улсын хурлын урилга ирдэг, боломж их байдаг. Их сургууль төгссөний дараа Газар зүй геоэкологийн хүрээлэнд орж ажиллах боломж гарч, дадлагажигчаар ажиллаж эхэлснээс хойш арав гаруй жил өнгөрчээ.

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн газар зүйн ангийг төгссөнөөс гадна англи хэлний багш орчуулагчийн мэргэжлийг давхар эзэмшсэн маань гадаад улсад илтгэл тавихад том түлхэц, давуу тал болж өгсөн гэж боддог. Аливаа мэргэжил эзэмшиж байгаа хүн тухайн чиглэлийнхээ зэрэгцээ хавсраад хэлээ үзэх нь цаашдын судалгаанд маш их хэрэг болдог гэж хардаг.

Судлаачийн хувьд эх орондоо, ирээдүй хойчдоо хэрэгтэй зүйл хийхийг хүсдэг. Олон улсын хуралд оролцоод ямар нэг илтгэл сонсоход манай нутаг оронд ийм судалгаа яаж хийх билээ гэж боддог тийм маягийн хүн. Исландад доройтсон хөрсийг нөхөн сэргээх судалгааны сургалтад зургаан сар суусан, тэр явцдаа энэ чиглэл рүү бүр лав ороод судалгааны сэдвээ сонгосон доо.

БЯЦХАН ШУУДАНЧИЙН ИСЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД БЭЛЭГЛЭСЭН МАРК

-Та Исландын ерөнхийлөгчтэй уулзаж, монгол марк бэлэглэсэн юм билээ. Яагаад маркийг сонгож бэлэглэсэн юм бэ?

-Исландад сургалтад хамрагдах үеэрээ 2017 онд тус улсын Ерөнхийлөгчтэй уулзсан юм. Сургалт дуусах үеэр бүх төгсөгч Ерөнхийлөгчтэй уулздаг юм билээ. Ээж маань шууданч учир багаасаа захиа, марк, номын хавчуурга зэрэг жижиг сажиг, чамин зүйлд их дуртай байсан. Ээж бэлдэж өгөөд Исланд руу олон марк авч очсон юм. Хөгжилтэй нь шууданчийн охин учир Исландаас ээж рүүгээ захиа бичнэ, хэд хонож очиж байгааг нь туршиж байгаа нь тэр л дээ. /инээв/

Марк хэмжээний хувьд жижигхэн ч удах тусмаа үнэ цэн нь нэмэгддэг маш гоё бэлэг. Исландын Ерөнхийлөгчид бас судалгааны ажлынхаа удирдагч, хөрс судлалын нэрт эрдэмтэн Олафур Арналдс багшдаа марк бэлэглэсэн. Удирдагч багш маань “Энэ Чингисийн баатруудын марк байна” гээд инээснээ “Викингчүүд, монголчууд адилхан байлдаж амьдардаг байсан, нэг нь морь, нөгөө нь завь хөлөглөн байлдаж явсан хүмүүс.” гэж билээ.

-Бяцхан шууданч гэдэг алдрын талаар ярья. Танд яагаад ийм үүрэг оногдчихов. Та хоёр гадаад захиалгыг өөрийнхөө мөнгөөр хийгээд хүн рүү явуулчихдаг байсан гэж үнэн үү?  

-Багадаа ээжийгээ л их дагадаг хүүхэд байсан. Гуравдугаар ангиасаа эхлээд ээжийг дагаад л шуудан дээр очно. Сүүлдээ ээж өөр баг руу шуудангаа хүргэж өгөх гээд явахдаа намайг шуудандаа үлдээчихдэг. Ажил дээр нь хүн ороод ирэхээр нэрийг нь хараад л сонин, хэвлэл, захиаг нь тараагаад сууж байдаг байсан юм. Ээж намайг их сониуч хүүхэд байсан гэдэг. Хоёрдугаар ангид байхад А.Батаа багш маань долоон үеэ мэдэж ир гэж гэрийн даалгавар өгсөн. Цагаан сараар өвөөгийндөө очихдоо долоон үеэ асуугаад бичиж авсан байгаа юм. Ийм сониуч, дээр нь өөрийг нь дагаад байхаар ээж аваад явдаг, хэвлэл, захиа тараачихна гэж бодоод үлдээдэг байсан байх.

Ээжийн нэг зан нь ямар ч зүйлийг оромдож хийж чаддаггүй юм. Сонин авбал авна биз, уншихгүй бол тэр биз гэдэг хүн биш. Манай суманд чинь тэр л үүнийг уншина гээд л, сонин заавал захиалуулдаг хүн. Шууданч хийхийнхээ зэрэгцээ хүнтэй маш сайхан харилцдаг учир гучин минут орж ирээд гарахад сайхан боллоо гэж ч хэлдэг хүмүүс бий.

Өөрөө хүн нь тийм хүн. Ийм ч учраас гадаад улс руу өөрсдийн мөнгөөр сонин захиалаад явуулж байсан удаа бий. Хүмүүн бичиг сонин илгээгээд нөгөө хүн нь баярлаад ээжид бэлэг авчирсан тохиолдол ч байдаг.

АНГЛИ, ОРОС, ХЯТАД ХЭЛИЙГ ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ, НОМ УНШИХ, КИНО ҮЗЭХ АРГААР СУРСАН. ЭНЭ АРГААРАА ЗААДАГ.

-Таныг англи хэлний багш гэж өмнө нь ойлгодог байлаа. Ariya’s English англи хэлний төв цөөн хүн сургадаг ч нэлээд танигдсан, хүмүүс ам сайтай байдаг юм билээ. Энэ төвийг хэн хэзээ байгуулсан юм бэ?  

-Миний дүү Банзрагчгаравын зориглож эхлүүлсэн ажил юм. МУИС-ийг биотехнологич мэргэжлээр төгсөөд англи хэл, биологийн чиглэлээр сургалтад багшилж байсан. Ингэхдээ англи хэлний сургалтын төв их эрэлттэй, аргаа сайн боловсруулаад хүүхдүүдэд илүү оновчтой аргаар цэгцтэй мэдлэг өгдөг байвал цагийг нь ч хэмнэх юм байна гээд сургалтын төвөө нээсэн. Хүүхдээ сургасан чинь аятайхан байна гээд нэг нь нөгөөдөө хэлж, ирсээр суралцаж төгссөн хүн олон болсон.  

Дүү дүрмийг нь өөрийн боловсруулсан программын дагуу цэгцтэй заагаад хэрэглээ талаас нь англи хэлний ном уншуулдаг аргаар дунд, ахисан шатны хичээлийг нь би ордог байсан, одоо ч боломжоороо зааж байгаа.  

-Дүү чинь эгчээсээ л сурж эхэлсэн гэж бичсэнийг харсан. Та эхлүүлсэн юм болов уу гэж бодсон л доо..?  

-Дүү маань юм асуухаар эгч нь болохоороо хариултаа олж чадахгүй байсан зүйлийг нь хэлээд өгчихдөг байсан шиг байгаа юм.

Сургалтын төв нээе гэж хорин хэдхэн насандаа зориглосон нь дүү байсан. Би бол хэзээ ч сургалтын төв байгуулаад явахаар биш, интроверт буюу дотогшоо төрлийн хүн. Ирээд заачих гэвэл харин хийчихнэ.  Хичээл заахын хувьд арга, билэг шиг нэгддэг байж мэдэх юм. Дүү аргын тал нь их сайн, дүрмийг маш гоё нягтлаад л сүүгээр жишвэл өрмийг нь хамсан шиг хичээл заадаг гэж хардаг. Миний хувьд нүдэнд харагдахгүй цаад нарийн юмыг нь гэх юм уу даа, нэг талаас ном унших аргаар сургана гэхээр юу заагаад байгаа юм бэ гэж харах тал ч бий.

Гэсэн атлаа сургалтын дараа тодорхой үр дүнд хүрсэн байдаг, хамрагдсан хүмүүс бол мэдэх байх. Ингээд хоёр талаас заачихаар сургалт яг зохицоод хүндээ хүрдэг байж мэдэх юм.  

-Та англи, орос, хятад гурван хэлтэй. Олон хэл сурсан туршлагаа хуваалцах уу?  

-Ном, киног төрөлх хэл дээр нь уншиж, сонсож үзэх хүсэлдээ хөтлөгдөөд сурч эхэлсэн. Орос хэлийг дунд сургуульдаа заалгасан. Өдрийн тэмдэглэл хөтлөөд алдаагаа шалгаад яв гэж У.Рагчаасүрэн багш маань даалгавар өгдөг байлаа. Бичих хоббитой байсныг маань энэ даалгавар өдөөж өгсөн байх гэж боддог. Тэмдэглэл бичих явцад шинэ үг сурах хэрэг гарна, ингэсээр орос хэл маань ерөнхийдөө сайжирсан. Их сургуулиа онц төгссөн ч тэр жил 45 хүүхэд газар зүйн мэргэжил эзэмшсэн учир хотод багшийн ажил олдоогүй.

Сурган хүмүүжүүлэх зүйн П.Алтанцэцэг багш маань тэр үед чи  англи хэлний оройн ангид явчхаач гэж хэлэнгүүт нь очоод орчихсон. Сегедэд ирсэн хойноо багштай утсаар яриад “Таны зөвлөснөөр англи хэлний оройн ангид суусандаа үнэхээр баярладаг шүү” гээд л хэлэнгүүт чи нээрээ сайн шавь шүү гээд л… /инээв/. Муу шавийн багш олон гэгчээр би маш олон сайхан багштай хүн. 

Англи хэл дээр багш нар кино үзэж, ном уншаад өөрийнхөө үгээр ярь гэдэг бие даалт өгдөг байсан. Бас л миний хүсдэг юм даалгаварт ирж байгаа хэрэг. Хятад хэлийг “Гэгээ” боловсролын төв дээр Доржсүрэнгийн Болдбаатар багш үлгэр ном унших аргаар зааж өгсөн. Бичиж, тэмдэглэж авалгүй олон давтаад уншаад байхаар аандаа тогтоогдоод явдаг арга байдаг юм билээ. Энэ аргаараа эргээд англи хэлээ зааж үзвэл ямар вэ гээд Д.Болдбаатар багшийн санал болгосны дагуу “Гэгээ” төв дээрээ цагийн багш хийснээр анх англи хэл заасан даа.    

-Олон хүүхдэд багшилсны хувьд хэл сурахад анхаарах ёстой зүйл гэвэл юуг хэлэх вэ. Эцэг эхчүүдэд зөвлөх юм юу байна?

-Хүүхдийг сэдэлжүүлж, сонирхлыг төрүүл гэж сурган, сэтгэл зүйн хичээл дээр заадаг. Хичээл заах явцдаа хүүхэд ямар үед сонирхож, идэвхтэй оролцож байгааг анзаарч ажигч байх нь чухал санагддаг. Математикт дуртай байвал тийм агуулга орсон ном уншуулах, одон орон сонирхдог бол гараг ертөнцийн тухай кино нэмэлтээр үзээрэй гэхээр дор нь хийдэг. Өнөөдөртөө олон хүүхэдтэй ажиллаж байгаа багш бүх хүүхдэд яг ижилхэн даалгавар өгөхөөс өөр аргагүй л дээ. Цаашдаа хүүхэд болгоны суурь, сонирхол өөр учир түүнийг харгалзах шаардлагатай гэж боддог.  

Эцэг эхчүүдийн хувьд үлгэрлэх хэрэгтэй гэж л зөвлөнө. Өөрөө юу ч уншиж харагдахгүй байж хүүхдээ ном унш гээд загнаад нэмэргүй. Хэлний хувьд өөрөө англи хэл сураагүй байж болно, гэхдээ ном унших зэргээр их бага хэмжээгээр чиглүүлж үлгэрлэвэл таныг дуурайна л гэж хэлмээр байна.   

            БЛОГ ХӨТӨЛДӨГ Ч ДЭЛГЭХ ЦАГ НЬ БОЛООГҮЙ

-Нүүгээд явахад гэрийн буурины ором ч бараг удаан үлдэхгүй

Огторгуйд шувуу нисээд өнгөрсөн мэт ор мөргүй монгол ахуй. Энэ үгийг та өөрөө бичсэн үү?

-Хөдөө яг ийм дүр зураг харсан юм.

Монголчууд бид байгаль орчноо их дээдэлдэг ард түмэн. Нүүгээд явахад нь газар орчинд хэв ором үлддэггүй гэдэг бол яг монгол ахуй шүү дээ. Эхний өгүүлбэр бол хээр талд нүүгээд явж байгаа малчин айлтай таараад санаанд буусан юм.

Огторгуйд шувуу нисээд өнгөрчихсөн мэт ор мөргүй буян үйлд гэж Лайчин Гунгаажанцангийн сургаал үг байдаг. Сүүлийн үед хүмүүс буян үйлдэнэ гээд хүнд өгч буйгаа зургаа дараад л олон нийтэд гаргадаг болж. Бараг хэрэггүй ч өгөөд байгаа юм уу гэмээр санаа зовмоор үйлдэл олон байдагт эмзэглэдэг. Жинхэнэ буянтнууд бол хандив өгснөө хүнд битгий хэлээрэй гэдэг юм билээ, түүх сонсож байхад. Ийм бодлоос үүдэлтэй л гарч ирсэн санаа байх гэж бодож байна.

-Утга зохиолын гэмээр хандлага л мэдрэгдээд байгаа учраас асуусан юм. Та бичдэг байж таарна. Шүлэг, өгүүллэг, юу бичдэг вэ. Өөртөө хадгалдаг уу, хүмүүст уншуулдаг юм уу гэдгийг мэдмээр байна?

-Айхтар асуулт вэ? /инээв/ Ер нь би багаасаа бичих дуртай хүүхэд байсан. Цагаан сараар нэг айл тэмдэглэлийн дэвтэр бэлэглэхээр нь ээжээс үүн дээр юу бичдэг юм гэж асуусан чинь ийм дэвтэрт бичсээр байгаад зохиолч болчихсон хүн бий гэж хариулсан. Зохиолч болохыг хүссэн гэхэд хаашаа юм, өнөөдөр ийм юм боллоо гээд л тэмдэглэл, эсвэл сэтгэгдлээ захиа шиг бичдэг байлаа. Орос хэл дээр тэмдэглэдэг хөтөлдөг байсан гэж ярьсан даа.

Чернилэн ягаан өнгийн бэх соруулаад л монголоороо тэрэн шигээ тэмдэглэл хөтөлдөг. Хорин хэдэн настайгаасаа хөтөлсөн дэвтрүүд маань бий. Сүүлдээ завгүй, тэмдэглэлээ бага хөтлөөд эхэлмэгц блог болгочихсон, бичээд хадгалдаг.

 -Блог чинь ил байдаг уу. Далд байдаг бол хэзээ ил болгох вэ?  

-Ил биш ээ, нууц /инээв/. Уран зохиолын нарийн ширийн юм мэддэг мэргэжлийн хүний хажууд миний бичсэн зүйл бол сонирхогчийн л түвшнийх. Цаг болж нөхцөл бүрэлдэхэд гаргаж мэдэх л юм. Тэгэхдээ ихэнхдээ жаахан бодсон юмаа бичвэр хэлбэрээр нүүр номдоо оруулаад явчихдаг болсон.  

        НЭГ АЖЛЫГ НӨГӨӨГӨӨР СОЛИХЫГ АМРАЛТ ГЭДЭГ

-Докторын ажлаа хийнэ, хичээл заана, бас жижиг хүүхэдтэй. Цаг заваа яаж зохицуулдаг вэ?

-Ер нь бол зүгээр суух цаг гарахгүй байгаа. Нэг ажлыг нөгөөгөөр нь солихыг амралт гэнэ гэж ээжийн минь алдарт үг бий. Хүүхэд байхаас л хичээлээ хийгээд дуусангуут энийг хий гээд л нэг ажлыг нөгөөгөөр нь сольж амардаг байлаа. Одоо ч цаг заваа олоод л нэгийг нөгөөгөөр сольж амарч байна даа.

-Таны мэргэжил, доктор хамгаалж буй тань ч эх оронч сэтгэлгээтэй байх гэсэн бодол төрүүлж байна. Судлаач, шинжлэх ухааны хүний ч үүрэг бас байдаг биз. Эх оронч сэтгэлгээ ер нь хаанаас суудаг юм бол оо?

-Эх оронч сэтгэлгээ өөртөө хайртай байхаас л эхлэх байх. Тухайн улсын иргэн боловсроод хөгжөөд амьдраад явж байна.

Нийгэм маань хүн тус бүрийн л нэгдлээс бүрддэг учир иргэн нь хөгжиж байж улс урагшилна, хөгжинө. Тиймээс хүн болгон өөртөө хайртай, өөрийгөө идэвхжүүлдэг, хөгжүүлдэг, зөв байх нь эх орондоо хайртай байгааг нь илтгэх байх гэж боддог.

 Манай улсад өнөөдөр тулгамдаж буй асуудлыг зарим орон аль эрт туулаад өнгөрсөн байдаг. Олон улсын хуралд оролцоход манай улсад хэрэгжүүлж болох юу байна гэдгийг суралцах нь судлаачийн үүрэг юм. Би хуралд оролцох яагаад дуртай байдаг вэ гэхээр тухайн эрдэмтэн олон жил хийсэн судалгааныхаа өрмийг хамаад, шим шүүсийг барьж ирээд ингэж судаллаа, ийм хариулт оллоо гээд нарийн нандин юмаа тэнд ярьдаг. Маш олон санаа төрдөг, өөрийнхөө судалгааг хүмүүсийнхтэй харьцуулдаг, олон давуу талтай байдаг.  

-Эцэст нь хүүхэд залуус гадаадад суралцахын тулд яах хэрэгтэй вэ гэдэгт хариулж өгнө үү?

-Хэл сурах хэрэгтэй, суралцахыг хүсэж байгаа улсаа судлах хэрэгтэй. Жишээ нь одоо Унгарын Засгийн газрын тэтгэлэг зарлагдсан байгаа, нэгдүгээр сарын 15-нд хаагдах байх. Манай хоёр улс олон жилийн хамтын ажиллагаатай. Намайг суралцаж эхлэхэд жилд 200 оюутан авч байсан. Энэ мэтээр боломжууд их бий. Хэрвээ хүн өөрөө хичээвэл, хайвал боломж үргэлж байдаг.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. 

                                                                                                                   Р.ГАНПҮРЭВ


0
angry
2
care
1
haha
2
liked
12
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.19.61
2024/11/14
0
0
Эрдэмлэг мундаг шавьдаа ажлын их амжилт хүсье Багш намайгаа дурсаж байгаад маш их баярлалаа
Хариулах
66.181.161.136
2024/11/14
0
1
Хариулах
Шинэ мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТАГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР … 4 цагийн өмнө
ОРОН НУТАГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗЭЭЛИЙН ЗАРЦУУЛАЛТАД ХЯНАЛ… 12 цагийн өмнө
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ИЛ УУРХАЙН ЭМУЛЬСИЙН ТЭСРЭХ БОДИСЫН ШИНЭ ҮЙЛДВЭРИЙГ… 16 цагийн өмнө
АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖЭЭ 17 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН АХМАДЫН ХӨГЖЛИЙН ТӨВҮҮДИЙН ЭХНИЙХ НЬ ХӨВСГӨЛ… 21 цагийн өмнө
СОГТУУГААР ӨӨРТ НЬ ӨГСӨН КАРТЫГ АВЧ ЯВААД ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ Өчигдөр
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХҮДЭР БОЛОВСРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ 40 САЯ ТОННД ХҮРЧЭЭ Өчигдөр
УВС НУУРЫН ХОТГОР, МОНГОЛ-АЛТАЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРНО Өчигдөр
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХҮНД ДААЦЫН ШИНЭ АВТОМАШИНУУДААР УУЛЫН АЖИЛДАА ХҮЧ НЭМ… Өчигдөр
У.СҮРЭНЖАВ ҮНДЭСНИЙ ПАРАЛИМПЫН ХОРООНЫ 2024 ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧ… Өчигдөр
БНСУ ӨРШӨӨЛИЙН АЯНАА ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30-Н ХҮРТЭЛ СУНГАЖЭЭ 2024/12/15
ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2024/12/15
БНСУ-ААС ДАРАЛТ, ЧИХРИЙН ШИНЖИН, ЦУС ШИНГЭЛЭХ, МӨӨГӨНЦРИЙН ЭСРЭГ 5 НЭР… 2024/12/14
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ЮН СОК ЁЛИЙГ ОГЦРУУЛАХ ШИЙДВЭР … 2024/12/14
ДАРХАДЫН ХОТГОР, ЗАВХАН ГОЛЫН ЭХ, ХҮРЭНБЭЛЧИР ОРЧИМ, ИДЭР, ТЭС ГОЛЫН Х… 2024/12/14
ТӨР, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН Ж.САМБУУГИЙН МЭНДЭЛСНИЙ 130 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛ… 2024/12/14
ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2024/12/14
М.АНХЦЭЦЭГ ОГЦОМ ӨРГӨЛТӨӨР 116 КГ ӨРГӨЖ, ДЭЛХИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛ… 2024/12/13
ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН ДАМ НӨЛӨӨ, ТӨСВИЙН Т… 2024/12/13
ТӨРИЙН ИЖИЛ ТӨСТЭЙ, ИРГЭД АВДАГГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ ЦӨӨЛНӨ 2024/12/13
Их Уншсан
17 НАСТАЙ Т.АРИУНЗАЯА ЯПОНЫ АЛДАРТАЙ БӨХ М.ТАМАОКИГ ЯЛЖ, ТОКИОГИЙН ИХ … 2024/12/07
Д.ХАШ-ЭРДЭНЭ: ЯПОН ТАЙЛБАРЛАГЧИД Т.АРИУНЗАЯА ОХИНЫ ТАЛААР ЮУ ГЭВ 2024/12/07
ЗАЛХУУ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ТУРААХ ДЭГЛЭМ 2024/12/09
MOON DANCE ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮР… 2024/12/08
ДАРХАДЫН ХОТГОР, ЗАВХАН ГОЛЫН ЭХ, ХҮРЭНБЭЛЧИР ОРЧИМ, ИДЭР, ТЭС ГОЛЫН Х… 2024/12/14
М.АНХЦЭЦЭГ ОГЦОМ ӨРГӨЛТӨӨР 116 КГ ӨРГӨЖ, ДЭЛХИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛ… 2024/12/13
ОЙ ТОГТООЛТЫН ТАМИРЧИД БАГААРАА ТҮРҮҮЛЖ, ЗУРГААН УДААГИЙН АВАРГА БАГ Б… 2024/12/09
2025 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ 2024/12/10
ИРЭХ САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 2024/12/11
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2024/12/07
МОНГОЛ ЭР ХҮН БҮР ХААНЫ ЗЭРЭГТ СЭТГЭЖ ӨСДӨГ ТУЛ ДАЙСАНДАА ДИЙЛДДЭГГҮЙ 2024/12/06
ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ХАРЬЯАТ Б.БЭХБАТ УЛСЫН ТӨВИЙН БҮСИЙН АВАР… 2024/12/12
Б.БОЛДСАЙХАНЫГ ХҮНИЙ ЭРХИЙН ХҮНДЭТ ТЭМДГЭЭР ШАГНАЖЭЭ 2024/12/09
​Э.ҮҮРИЙНЦОЛМОН 2024 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, 14 НАСАНДАА ОЙ ТОГТООЛТЫ… 2024/12/09
ДОММАРАЖУ ГУКЕШ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЗАЛУУ ШАТРЫН АВАРГА БОЛЛОО 2024/12/12