Э.МӨНХ-УЯНГА:АМЕРИКИЙН БОЛОВСРОЛЫН СИСТЕМЭЭР ХҮН ӨӨРИЙГӨӨ БАЙНГА ГАДАГШАА ИЛЭРХИЙЛЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛДОГ

Admin
Өчигдөр

Хүний хамгийн дээд эрдмийн нэг боловсролын талаар мэдлэг, мэдээлэл түгээх зорилгоор Hemnel.mn сайт эрдэмтэд, багш нар, оюутнууд, сурагчид, гадаад, дотоодод төгсөгчдөөс ярилцлага авч олон нийтэд хүргэж байгаа билээ. Ярилцлагынхаа энэ удаагийн зочноор Америкт төгсөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч, АНУ-ын Вашингтоны их сургуулийн төгсөгч Эрдэнэбилэгийн Мөнх-Уянгыг урилаа. 

УНАГАН АНГЛИ ХЭЛТЭЙ Л БИШ БОЛ АНУ-Д ОЧООД ШУУД ЯРИНА ГЭЖ БАЙХГҮЙ 

-Уншигчдад өөрийгөө танилцуулах уу. АНУ-д нэлээд олон жил, бас Англид ч суралцсан гэж сонссон. Анх гадаадад хэрхэн суралцсан, хэлний түвшин ямар байсан бэ гэдгээс яриагаа эхлэх үү?

- Намайг Эрдэнэбилэгийн Мөнх-Уянга гэдэг. Оюу толгой компанид стратегийн зөвлөхөөр ажилладаг,  Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч. АНУ-д ахлах сургууль, коллежид суралцаж, улмаар Вашингтоны их сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн. Англид Лондонд олон улсын татварын хуулийн магистрт сурсан. Мөн АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр мэргэжил дээшлүүлж байсан.

Хамгийн анх есдүгээр ангиа төгсөөд 15 настайдаа сурагч солилцооны хөтөлбөрөөр АНУ-д ахлах сургуульд очиж 10 сар суралцсан юм.

Сурагч солилцооны хөтөлбөр гэдэг ойлголт манайд дөнгөж орж ирж байсан үе л дээ. Би Орос гуравдугаар сургуульд сурдаг, ерөнхийдөө 4-5 жил англи хэл үзсэн байсан. Сурагч солилцооны хөтөлбөртөө жилийн өмнө бүртгүүлээд тухайн агентлагтаа англи хэлний курст сурч, Америкийн соёлыг судлах, сүүлдээ элчингийн визний ярилцлагад ороход бэлдэх зэрэг хичээлд суусан. Ингэж дүрэм, унших үзсэн, ойр зуур ярьж байсан ч яг очихоор ярианы, сонсголын ямар ч мэдлэг үнэндээ байгаагүй гэхэд болно. Америкт очсон айл маань хамгийн анх “Чи ямар хоол идэх вэ” гэхэд л ойлгохгүй тийм л байсан.

-Хөтөлбөрт хэрхэн шалгарсан, хэдэн хүүхэд явсан бэ. Тэтгэлгээр явсан уу, төлбөр төлсөн бол хэдийг гэдгийг хэлж болох уу. Гадаадад суралцах төлбөрийг хүмүүс их сонирхдог учраас асууж байгааг ойлгоорой?

-Тухайн үедээ би жаахан хүүхэд байсан. Би өөрөө Америк явж үзмээр, сурмаар тийм их хүсэл байсан уу гэвэл үгүй л дээ. Аав ээж маань л тэр хөтөлбөрийг олж мэдээд намайг оруулсан байдаг. Надтай хамт 99 хүүхэд Америкт суръя гэж бүртгүүлснээс яг явсан нь 20 сурагч. Тэр үед тэтгэлэг гэдэг ойлголт ховор, агентлагтаа төлбөрөө төлөөд л явдаг байсан. Ойролцоогоор 8 мянга орчим доллар ээж, аав минь гаргасан. Бүтэн жилийнхээ хөтөлбөрт төлж байгаа мөнгө юм. Сурагч солилцоогоор очиж буй хүүхэд айлд амьдардаг учир хэрэглээний зардлын бүх зүйлийг айл нь хангадаг.

-Манайхан ялангуяа охин хүүхдээ багад нь хол явуулах дургүй байдаг.Ээж аав чинь чиглүүлсэн гэхээр боловсролыг их дээдэлдэг байх нь ээ…Бас сайн сурдаг, бие даах чадвартай учир явуулсан байх..?

-Аав маань хотод, ээж маань хөдөө төрж, өссөн. Ээж маань хойно Орост дээд мэргэжил эзэмшсэн, боловсролыг дээдэлдэг хүн. Охиноо боловсролтой хүн болгоно гэсэн зорилготой байсан учраас нэлээд зориг гаргаж Америк руу явуулсан болов уу. Би айлын том охин, дороо нэг дүүтэй, багын сургуульд дуртай, зун болгон есөн сарын 1-ийг их хүлээдэг хүүхэд байсан. Тийм болохоор чадна гэж бодсон байх. Манай ерээд оныхны онцлог нь ихэнхдээ биеэ даачихсан байдаг. Гэртээ ганцаараа их үлддэг, аав ээж нар голдуу ажил төрөл, худалдаа наймаа гээд явчихдаг байсан учраас тийм байдаг байх. Айлын том охин учраас дүүгээ, үеэлүүдээ хардаг байсан учир бие даах талдаа гайгүй байсан болов уу. 

-Арван тавтай охин Америкт очоод хэцүү зүйл байсан л байх…

-Зурагт ч үгүй онгоцонд нэг суудалдаа суугаад цонхны хаалтаа буулгаад л яг 14 цаг нисээд  очиж байсан нь надад маш урт хугацаа санагдсан. Вашингтон мужийн Сиэтлд буух гэж байна гээд зарлах шиг болсон. Цонхоо нээсэн чинь их ус, анх удаа далай харж үзсэн минь тэр. Монголоосоо гарч үзээгүй хүүхэд тийм хол явж байгаа юм, тэгэхэд үнэндээ надад аймаар санагдсан. Тэр үед шууд онгоцноосоо буугаад буцаад гэртээ алхаад ч хамаагүй харимаар санагдаад, би юу хийж байна вэ, би чадах болов уу гэдэг айдас ихээр төрсөн. Америкт нэг ч таньдаг хүнгүй, англи хэл сурах зорилготой л хүүхэд бууж байлаа.

                                               Анх 2006 онд ахлах сургууль дээрээ                         

-Байрласан айл чинь ямар байв. Манайхан сайхан гэдэг ч саар тал байдаг л байх..Ер нь өмнө нь айлынхаа зургийг авч, байдлыг мэдсэн байсан уу. Төсөөлөл мэдээж байсан байх, тэрнээс зөрсөн үү?

-Тухайн үед фэйсбүүк, нийгмийн сүлжээ байхгүй учраас и-мэйлээр ганц хоёр захиа бичилцсэн. Гурван хүүхэдтэй, 2 нохойтой, бидний шарууд гэж нэрлэдэг хүмүүсийн гэр бүлийн нэг зургийг харсан, ферм дээр байдаг морьтой гэсэн мэдээлэлтэй л очиж байлаа. Холливудын кино их гардаг байсан үе.

Америк гэхээр ногоон зүлгэн дээр голден ретривер нохой гүйгээд л, том хоёр давхар хаустай, хүүхдүүд нь ахлах сургуульдаа очоод урт коридорт цүнхээ хийгээд цоожилдог гэсэн тийм дүр зурагтай л очсон. Түүнтэй нэлээд дөхсөн ч мэдээж зөрүү байсан.

Тухайн үедээ яагаад гадаад хүүхдийг бүтэн жил гэртээ үнэгүй байлгаад л хооллож ундалдаг юм бол гэж гайхдаг байлаа. Сүүлд нь санхүүгээр сурахдаа тухайн айл Засгийн газраасаа үүнийхээ төлөө татварын хөнгөлөлт авдаг гэдгийг мэдсэн. Хөнгөлөлтийг ер нь жаахан орлого муутай, нийгмийн хэцүү бүлгийн гэж хэлж болохоор айлууд авдаг. Яг амьдрал дээрээ хаус маань төсөөлснөөс жижигхэн, нэг давхар, ээж нь сургуулийн автобусны жолооч айл байсан. Надтай чацуу охинтой нь нэг өрөөнд орсон. Эргээд айлаа муулаад байх ч хаашаа юм, гэхдээ хэцүү үе байсан. Манай айл 2 нохой, 2 мууртай. Нохойнуудаа ер усанд оруулдаггүй, тэд нь бөөстчихсөн. Тэд нь өөрсдийг нь ерөөсөө хазахгүй, шинэ хүн очингуут намайг хазаад, байнга биеэ маажаастай, шөнө унтаж чадахгүй,  маш их шоконд орсон. Хүүхдийн аюулгүй байдлыг бүх талаар хангасан айлыг сонгож авах ёстой ч агентлаг нь тэр нохойны асуудлыг олж хараагүй юм болов уу даа. 

-Соёлын ялгаа байсан байж таарна.Тэрийг яаж давсан бэ. Гэнэт л яриад эхэлдэг эргэлтийн цэг гэж байдаг гэдэг, гадаадад очсон ихэнх хүн..?

-Тийм ээ, соёл нь  их өөр байсан. Би явахаасаа өмнө их дотогшоо хүүхэд байсан. Ярихаасаа илүү сонсдог, сонссоноо ойлгоод өөртөө шингээж авдаг, эргүүлээд нэг их гаргадаггүй, хичээлээ хийгээд л чимээгүй явж байдаг. Харин Америкийн боловсролын системээр байнга хүн өөрийгөө гадагшаа илэрхийлэх шаардлагатай болдог. Тэгсэн хүн илүү амжилтад хүрдэг, олонд танигддаг, илүү хичээлдээ сайн байдаг. Тиймээс бодож санаж байгаа зүйлээ илэрхийлж, хүмүүсээс асууж,  тусламж эрж, өөрийгөө нээх шаардлага гарсан.

Эхний гурван сар юу болж байгааг ч мэдэхгүй, соёлын шокт гүн орсон. Арван нэгэн сард Талархлын баяр өнгөрөөд чих нээгдэж байгаа юм шиг гэнэт англи хэлийг ч,  хүмүүсээ   ч ойлгож эхлээд , анги дээрээ ч найзтай болоод ёстой л эргэлтийн цэг болсон.

Монгол руугаа буцахынхаа өмнө нэг жил яаж өнгөрөв гээд л айлынхантайгаа ярьсан л даа. Бид чамайг хамгийн анх гэртээ авчраад “Чи шпагеттиндаа кетчуп хийх үү” гэж асуусан чинь өөдөөс юу асуугаад байгааг ч мэдэхгүй, жаахан мэдрэл муутай хүүхэд шиг хараад байсан гэж хэлж билээ. Тухайн үед юу асуугаад байгааг нь, тийм энгийн өгүүлбэрийг ч ойлгохгүй л байсан байгаа юм.

-Англи хэлд нэлээд сайн гэгдэж, шалгалт өгөөд очиж байгаа хүүхдүүд ч яг очоод ярьж чаддаггүй л гэдэг. Ер нь шууд ярина гэдэг ойлголт байхгүй юм байна, тийм үү. Тэгэхээр дээд сургуулийн хичээлийг ойлгох бүр хэцүү байж таарна?

-Шууд ярина гэсэн ойлголт байхгүй, яг унаган хэлтэй хүүхэд л чадаж магадгүй. Тофелийн өндөр оноотой байсан ч яг орчинд нь очоод хүн болгон англиар яриад эхлэнгүүт соёлын  шокт ордог. Америк хүмүүстэй ярихаар ичдэг, дуудлага газар бүрд өөр байдаг гэх мэт зүйлс бий. 

Миний хувьд соёлын шок нь 3 сар үргэлжилж, эхлээд юу ч ойлгохгүй, сүүлдээ ойлгож эхэлсэн ч ярихаас ичдэг байсан. Тэр шокоосоо гарангуут өмнө нь олон жил үзчихсэн байсан англи үгс гэнэт л урсаад гараад ирсэн. Яг тэр нэг жижигхэн давааг л давах хэрэгтэй.

Орчин үед ч адилхан гэж бодож байна. Жишээ нь манай дүү англи хэлний бичгийн чадвар өндөр,  ойлгодог атлаа яг ярьчих гэхээр ярьдаггүй байсан. Дүү маань бас Америкт очоод орчинд нь орсон чинь хэсэг хугацааны дараа яриа нь өөрөө гараад эхэлсэн. Яг орчинд нь очиж ярих их чухал.

-Англи хэлийг сурах хамгийн үр дүнтэй арга юу вэ. Яг орчинд нь сурах боломж хүн бүрт байхгүй..?

-Хэл сурах нь процесс л гэж боддог, байнга үзэх хэрэгтэй. Гэхдээ би сэтгэл зүйд дуртай болохоор тэр талаас нь хариулбал бүр сэтгэлийн гүндээ англи хэл надад хэрэгтэй зүйл гээд ойлгочихвол хэрэгтэй санагдсан. Англи хэлтэй болбол би хүссэн мэдээллээ хаанаас ч олох боломжтой. Хэл сурах нь миний амьдралыг өөрчилнө. Миний ирээдүйдээ хийж байгаа маш том хөрөнгө оруулалт гэдгийг сэтгэлдээ гүн ойлгоод авчих юм бол өөрийн эрхгүй кино ч үзээд, ном ч уншаад, англи хэлтэй хүмүүстэй харьцаад эхэлчихнэ. Өөрөөр хэлбэл арга зам нь тодорхой болоод хүсээд хийгээд эхэлнэ. Түүнээс биш англи хэл би сурах ёстой гэдэг үүднээс заавал кино үзэж, ном уншина гэх мэтээр хийвэл хэцүү байх.

-Өөрийгөө дотогшоо хүүхэд байсан гэлээ. Орчинд нь байхаар тэдэнтэй адил нээлттэй болчхож байна гэж үү.

-Ер нь их дотогшоо, даруухан гэх юм уу тийм хүүхэд байсан. Дотогшоо байж байгаад яг тэр өдөр л би өөрчлөгдсөн гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ ямар ч байсан 10 сар сурагч солилцоогоор яваад ирсний дараа найзууд маань “Чи чинь яачихсан юм бэ” гээд гайхаад байсан. Инээж ханиагаад л бодож байгаа юмаа шууд хэлдэг нэлээд гадагшаа болсон.

Америкийн ахлах сургуульд ангидаа ганцаараа чимээгүй сууж байна гэдэг ойлголт бараг үгүй.  Хүүхдүүд хүрч ирээд л энэ чинь юу вэ, яасан бэ, одоо тэгье, ингэе гэдэг.

Хүүхэд бүр нэг дугуйлан эсвэл спортоор хичээллэнэ, тэр нь дандаа багийн спорт байдаг. Багийнхантайгаа хамт ингэж ажиллах ёстой гээд цаанаас нь “түлхээд” өгчихдөг. Хичээл болгон дээр багаараа нэг илтгэл, танилцуулга бэлтгэх гэх мэт ажил байдаг. Тэгэхээр заавал хүүхдүүдтэй хамтрах, өөрийгөө нээх шаардлага гардаг.

Монголд хүүхдүүд өмнөх хичээлээ уншаад бичээд шалгалтаа өгөөд дүнгээ авчихдаг. Америкт хэн нэгэнтэй хамтарч ажиллаж байж, дүнгээ авдаг нь их нөлөөлсөн байх л гэж бодож байна.

Гэхдээ би бүрэн нээлттэй болсон уу гэвэл хэцүү, өөрийгөө одоог хүртэл нээсээр л явж байгаа. Ер нь бусадтай нээлттэй харилцах бол суулгаж болдог ур чадвар юм байна гэж боддог.

-Манай улс дэлхийн иргэдтэй болъё гэвэл боловсролын системээ тэдэн рүү дөхүүлэх ёстой юу?

-Илүү нээлттэй, багаар ажилласан систем рүү ороосой л гэж хувьдаа хүсдэг. Одоо бидний өдөр тутамд ашиглаж байгаа бүх л шинэ инновацилаг  зүйлс ихэнх нь  Америкаас гарсан байдаг.

Америкт хүүхдээ ерөөсөө “барьж”, чи энд, тэнд ор, ийм хэлбэртэй бай гэж шахаж, хайрцагладаггүй. Юу хиймээр байна гэдэгт нь илүү анхаарч, хүүхдээ сонсож, ойлгож, дуртай зүйлийг нь хөгжүүлдэг. Тиймээс ч ихэнх хүүхдүүд нь ахлах сургуулиа төгсөхдөө би ийм хүн болох юм байна, тийм авьяастай юм байна гэдгээ мэдчихсэн байдаг.

Их сургуульдаа ороод л яг тэр мэргэжлээрээ сураад төгсөөд явдаг. Манай боловсролын, хүмүүжлийн ялгаа нь эцэг эхчүүд хүүхдэдээ маш их нөлөөлдөг. Жишээ нь манайхан гэрээрээ хуульч ч гэдэг юм уу, ингээд хайрцаглаад байдаг болохоор зарим хүүхдүүд олон жилийг алддаг. Нэг мэргэжлээр сураад маш олон жил явсныхаа дараа гэнэт би өөр зүйл хийх байж гэдэг.

ЯГ БИ ХЭН ЮМ ГЭЭД СУДАЛСАН ЧИНЬ НЯГТЛАН БОЛОХ ЁСГҮЙ БАЙСАН

-Тэргүүлэх арван мэргэжил гээд л голдуу мэдээллийн технологи, инженерийн чиглэлийг нэрлэж байна. Ийм мэргэжлээр сурвал  ажлын байр баталгаатай, цалин өндөр гэх мэтээр..Таны хэлснээр дуртай юмыг нь сонгуулна гэхээр ирээдүйгүй байвал яах юм бэ гэдэг сэтгэлгээ байна л даа. Үүнийг буруу гэж үзэж байна уу?

-Энэ асуултад би шинжлэх ухаанч сайн хариулт өгч чадахгүй байж магадгүй. Өөрийнхөө амьдралын туршлагыг ярья. Ээж маань ерээд оны үед хойно хүний эмчээр төгсөж ирээд зах зээл эхлээд мэргэжлээрээ ажиллаагүй юм билээ. Сүүлд СЭЗИС-д ороод нягтлангаар төгссөн. Нягтлангийн мэргэжилдээ их дуртай, түүгээрээ нэлээд удаан ажилласан. Нягтлан хамгийн эрэлттэй мэргэжил, хаана ч ажиллаж болно, чи тооны хичээлдээ сайн юм чинь ор гэсэн. Сурагч солилцоогоор явж ирснийхээ дараа буцаад АНУ-д коллежид нягтлан бодох бүртгэл гэдэг мэргэжлээр явсан.

Төгсөөд арван хэдэн жил нягтлангаар ажиллаад хоёр жилийн өмнө би карьераа эргүүлсэн юм. Яагаад гэхээр би анхнаасаа хэзээ ч нягтлан болох ёстой хүн байгаагүйгээ сайн ойлгосон.

Тэгэхээр би өөрийнхөө амьдралын туршлагаар хүүхдүүдэд анхнаасаа битгий арван хэдэн жил алдаач ээ, яг өөрийнхөө дуртай зүйл, авьяас чадвараа нээж олоод түүгээрээ ажиллах юм бол илүү аз жаргалтай, илүү амжилттай, эх орондоо  хэрэгтэй хүн болно гэж хэлдэг. Нягтлангаар ажиллаад алдсан юм надад байхгүй. Дотоод сэтгэл л энэ бол миний ажил биш байна аа гэсэн болохоос боломжийн л хийж байсан гэж бодож байна.

-Тийм бол яагаад эргэчихэв?

-Ер нь нэг л юм болохгүй дотроос зовоогоод байдаг байсан. Тэгэх тоолонд мэргэжлээ дээшлүүлэх цаг болчихож гээд илүү нарийсгаж татвараар сурч, ажилласаар Монголдоо бараг байхгүй мэргэжилтэн болсон. Дээд шүүхээс хүртэл та ийм маргаан дээр татварын экспертээр орооч гэж хүсэлт ирүүлж байсан. Яг тухайн нарийн асуудлыг мэддэг өөр хүн ховор учраас тэр. Гэсэн ч нэг л юм болохгүй байсан. Яг юу нь болохгүй байна гээд өөртөө маш их цаг хугацаа зарцуулаад, дотогшоо өнгийж зөндөө цаг хугацааг ганцаараа өнгөрөөгөөд, мөн шинжлэх ухаанч байдлаар судлаад явсан чинь арай өөр мэргэжил сонгох ёстой юм болов уу гэж бодогдсон.

-Ямар мэргэжил?

-Багш, cэтгэл зүйч, сургуулийн зөвлөх, сувилагч ч юм уу, хүнтэй ажилладаг мэргэжил надад илүү тохирох байсан юм билээ. 

-Уучлаарай, нэлээд ялгаатай ажлууд яриад байх шиг. Сувилагч гэхээр эмнэлгийн хүн, багш бол өөр, хоорондоо нэлээд хол өөр салбарынх гэж бид ойлгоод байдаг. Өөртөө тохирно гэдгийг яаж мэдсэн хэрэг вэ?

-2022 онд АНУ-ын Засгийн газрын Хьюберт Хамфри гэдэг манлайлах ур чадвараа сайжруулдаг хөтөлбөрт 10 сар явсан юм. Хөтөлбөрийн гол философи нь бусдыг манлайлахын тулд эхлээд өөрийгөө таньсан байх гэдэг.

Би яг хэн юм, юу чаддаг, надад байгалиас өгсөн ямар ур чадвар байна гэдгийг нь нээдэг хүмүүстэй ярьж, компаниудтай ажилласан. Тэгээд үзэхээр би хийж буй зүйлийн минь үр нөлөө нь хүрч байгаа хүнийхээ царайг харж ажилладаг тийм ажил илүү зохих хүн юм билээ.

Багш сурагчаа харж, зааж байгаа хичээлийн үр дүнд хүүхэд хэрхэн өөрчлөгдөхийг, харин сувилагч өвчтөнөө харна шүү дээ. Тэгэхээр бүр тийм нарийн түвшинд очиж судалсан гэсэн үг. Ганц мэргэжил гэдэг зүйлээр ч энэ тогтохгүй, нарийн асуудал. Нягтлан бол системтэйгээ л харьцана, компанийн тайлан гарлаа, татвараа улсад төллөө. Гэхдээ тэр татвар нь цаашаа хэнд очоод амьдрал нь өөрчлөгдөөд байгаа юм гэдэг нь тодорхойгүй. Тодорхойгүй байхаар нөгөө утга учир гэдэг юмыг тэндээс олж харахгүй.  Ойлгогдож байна уу?

-Ойлгож байна. Гэхдээ одоогоор энэ бол нийгмийн, тэр нь тоо суурьтай гэж хуваадгаас биш хүнтэй харилцах мэргэжил гэдэггүй л гэж ойлгодог. Тун нарийн судалгаа хийдэг юм байна, тийм үү?

-Тийм, жишээ нь тархи судлалын ухаанд баруун, зүүн тархины үйл ажиллагаа гэж ярьдаг. Жишээ нь, миний баруун тархи илүү ажилладаг. Баруун тархи бүтээлч сэтгэлгээтэй, байхгүй юмнаас  байгааг олж хардаг, хийсвэр абстракт зүйлийг төсөөлөн бодохдоо сайн. Зүүн тархи илүү логик, нэг дээр нэмэх нь нэг тэнцүү хоёр л байх ёстой гэдэг бол баруун тархи хариу нь хэд ч байж болно гэж сэтгэдэг. Аль тархи илүү ажилладаг вэ гэдгээ олж мэдсэн. Хүнтэй ярилцаад, сонсоод асуудлын гаргалгааг олдог хүмүүс бий. Гэтэл заавал уншиж, нүдээрээ харж байж ойлгодог хүмүүс ч байна. 

Ирээдүйд мэргэжил гэдэг юм ер нь байхгүй болно гэж яригдаж байна. Эмч, сувилагч, хуульч гэдэг юм байхгүй болно. Ер нь яваандаа хүн яаж ажиллах дуртай вэ, тархи чинь хэрхэн ажилладаг юм гэдэг нь нарийсаж явсаар байгаад яг тэр ажлаа л хийдэг чиглэл рүү явж байгаа.

-Таны яриад байгаа зүйлийг манайд хийх боломжтой юу. Яаж хүүхдийг зөв чиглүүлж болох вэ?

-Өөрийнхөө туршлагаас хуваалцахад би хүүхдээ байнга ажигладаг. Манай хүүхэд дөнгөж 4 настай. Гэхдээ хүүхэлдэйнүүд, тоглоомуудаа тавьчхаад л толгой, биед нь цаас норгож  наагаад арчлаад байдаг, эмчийн тоглоомууд олонтой, хүнийг арчилж тордох дуртай. Тэгэхээр ийм байж магадгүй юм гээд нэг санаа төрж байгаа юм. Цаашдаа маш олон зүйлийг туршиж үзүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Жишээ нь, гараараа юм хийдэг хүмүүс байдаг. Лего тоглоом байлаа гэхэд зарим хүүхэд гараараа ажиллаад дор нь юм бүтээдэг байхад зарим нь огт дургүй ч байх нь бий. Зураг зурах байгалийн чадвар  жаахан харагдвал тэрийг нь хөгжүүлээд л явна.

Хүүхэд угаасаа ирээдүйд ер нь яг юунд сайн байх вэ, ямар хүн болох вэ гэдгээ 0-6 насандаа л харуулаад эхэлчихдэг гэж Америкт шинжлэх ухаан нь гаргасан байдаг.

-Хүн өөрийнхөө авьяас чадвар дээр тулгуурлаад амьдарвал илүү амжилтад хүрнэ гэж та үздэг юм байна, тийм үү?

-Тийм.

Би хэдхэн цагийн өмнө Билл Гейтсийн хамгийн сүүлд өгсөн яриаг сонслоо. Хамгийн амжилттай яваа, баян гэгддэг тэр хүнээс хойч үедээ нэг л зөвлөгөө өгөөч гэж асуусан. Хүн болгонд бусдаас арай илүү нэг чадвар байдаг, түүнээ эрт олж мэдээд улам сайжруулаад, тэрүүгээрээ амьдраач ээ гэсэн зөвлөгөө өгсөн.

Би үүнийг сонсоод их баярласан. Яагаад гэхээр сүүлийн үед миний хүүхдүүдэд өгч байгаа зөвлөгөө яг л ижил байгаа. Америкт төгсөгчдийн холбоо болон бусад шугамаар олон хүүхэдтэй ярилцдаг.

“Би уг нь хоол хийх дуртай, хүмүүсийг амттай хоолоор дайлахдаа маш их аз жаргалыг мэдэрдэг. Гэхдээ би эдийн засгаар сурах гэж байгаа, эрэлттэй мэргэжил учраас.” гэхээр надад хүнд тусдаг. Яг л над шиг ингээд олон жилийн карьераа өөр зүйлд зарцуулах гээд байгаа юм шиг санагдаад.

Билл Гейтс жишээ нь өөрийгөө аутизмтай байсан гэдэг. Дэлхий ертөнц аутизмыг ойлгож эхлээгүй байсан үе учир хүмүүс мэдээгүй, хэрвээ одоо эмч дээр аваачсан бол би аутизмтай гэж оношлогдоно, яагаад гэхээр нийгэмтэй харилцахдаа муу, хүнтэй ярьж чаддаггүй хаагдмал байсан. Гэхдээ математик, код бичихдээ маш сайн байсан гэдэг. Тэгсэн хэр нь хамгийн том компанийг байгуулж чадсан. Хүн өөрийн бусдаас илүү чадвар дээр тулгуурлавал амжилтад хүрэхийн жишээ энэ. Бас түрүүн миний хэлсэн хүнтэй харилцах, нээлттэй байх бол сурч болдог чадвар юм байна гэдгийн баталгаа нь ч энэ.

ХҮҮХЭД ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ЯРЬЖ БАЙХДАА НҮДНИЙХ НЬ ГЭРЭЛ АСААД ИРДЭГ 

-Гэхдээ та одоо ч хүмүүстэй харилцдаг ажил руу ороогүй юм биш үү. Яг жинхэнэ хүсдэг ажил тань юу вэ?

-Бакалавраа би 2012 онд төгссөн, арав гаран жил татвар санхүү гээд ажилласан хүн, энэ мэргэжилдээ маш их хөрөнгө оруулалт хийж, цаг хугацаа зарцуулсан. Шууд нэг өдөр хаяад багш, сувилагч болоход арай бэлэн биш, хугацаа хэрэгтэй байсан. Сурсан мэдсэн зүйлээ ашиглаад бага багаар яаж эргэлт хийх вэ гээд санхүүгийн хэлтсээсээ гараад стратеги рүү орсон. Ирээдүй рүү чиглэсэн, энэ компани хаашаа явах юм гэдгийг шийддэг хэлтэс рүү ороод ирсэн чинь наад зах нь хүний нөөц, цаашид бидэнд хэрэг болох боловсон хүчин, зөөлөн ур чадвар гээд яригдахаар надад арай сонирхолтой болсон. Ингэж л бага багаар эргэлт хийгээд явж байна. Ер нь көүчийн ажил хийх төлөвлөгөөтэй.

Тухайн хүнтэй ярьж үзээд дотоод боломжийг нь өөрөөр нь нээлгэж, гаргаж, илүү аз жаргалтай амьдрахад нь туслах тийм ажил хийнэ.

-Яагаад көүч гэж. Манайд көүч гэдэг нь жинхэнэ утгаараа байна уу. Энэ чиглэлд мэдээж одоог хүртэл тодорхой зүйл хийсэн байж таарна.. ?

-Жинхэнэ утгаараа арай төлөвшөөгүй гэж хардаг. Сурсан мэдсэн зүйлээ бусдад түгээдэг хүн буюу ментортой андуураад байдаг.

Көүч нь тухайн хүнээр өөрөөр нь гаргалгааг нь гаргуулдаг дэмжигч хүн юм. Би яг тийм дэмжигч болохыг хүсээд байгаа.

Мэргэжлээ сонгох гэж байгаа, гадагшаа явж суръя гэсэн хүүхдүүд их ирдэг. Би Английн Засгийн газрын Чевнинг тэтгэлгээр  магистрт сурсан учир тийш явах гэж байгаа залуус ч нэлээд ханддаг.  Ер нь өөрийнхөө туулсан алдаа гэж хэлэхэд хаашаа юм, замналаас болоод хэн нэгэн арай түрүүлж өөрийгөө таниад тэр авьяасаа ашиглавал илүү аз жаргалтай амьдарна гээд л хүмүүст тусалъя л гэж бодсон.

-Хүнд би өөр юм хийх сэн гэдэг хүсэл төрдөг л дөө. Гэхдээ таны яриаг сонсохоор өөр нэг мэдрэмж байсан шиг сонсогдоод байх юм… ?

-Мэдрэмж гэхээр бүр Америкт коллежид сурсан үе рүүгээ эргэж очих хэрэгтэй болно. Хэдийгээр мэргэжлээ  сонгочихсон байсан ч коллежийн эхний 2 жил олон төрлийн хичээл үзэж кредит цагаа гүйцээх хэрэгтэй байдаг.

Олон төрлийн хичээл үзэж байхдаа, Сэтгэл зүй 101 гэдэг хичээл үзсэн чинь судлахад ерөөсөө хэцүү биш, багшийн ярьж байгаа юм болгоныг би ойлгоод байсан. Бусад хичээлүүд дээр унш гэснийг нь хүчээр шахуу хийж байсан бол харин үүнийг өөрийн эрхгүй л хичээлээсээ түрүүлж уншаад байсан. Хичээлийн төгсгөлд хамгийн өндөр буюу 4.0 оноо авсан чинь  ангийнхан бүр гайхаад. Хамгийн хэцүү хичээлүүдийн нэг гэгддэг, ийм оноо авдаг хүн байдаг юм уу гээд.

Надад амархан байсан болохоос найзуудад минь тун хэцүү, арай гэж давлаа гэж ярьж байсан. Анх мэдэрсэн юм маань гэвэл надад бүр цаанаасаа амархан, ойлгомжтой, сонирхолтой гоё байсан, Павловын нохойн дээр хийсэн туршилт, нээлт гээд л хичээлээ уншаад суухад нэг мэдэхэд олон цаг өнгөрсөн, харанхуй болсон байдаг байсан. Гэтэл нягтлангийн хичээлүүд хийхэд надад хэцүү, ойлгомжгүй, уйтгартай байсан ч харамсалтай нь анх сонгосон гээд би тэр мэргэжлээрээ  цаашаа явсан.

Тиймээс олон зүйл туршиж үзээд ямар нэгэн мэдрэмж төрөх тоолонд өөрийгөө сайн сонсох хэрэгтэй. Учир нь мэдрэмж худлаа ярьдаггүй. Энэ мэдрэмжийг эрдэмтэд флөв төлөв байдал гээд судлаад гаргаад ирсэн.

-Хүн нэг хэвийн зүйлээсээ бараг гардаггүй. Магадгүй бурууг нь мэдсэн ч зөвтгөөд л байгаад байдаг. Ингэж нөлөөлөх өөр зүйл байсан юм шиг санагдаад… ?

-Хачин санагдаж мэдэх юм, бүр жаахан байхдаа л би өөрийгөө 70-80 гаруй настай ч юм уу хөгшрөөд өнөө маргаашгүй үхэх гэж буйгаар төсөөлдөг байсан. Тэгээд би ингэж амьдарсан даа гэж үр хүүхдүүддээ түүхээ ярина гэж боддог байсан минь их нөлөөлсөн байж мэднэ.

Ийм том компанийн ийм сайн нягтлан байж билээ гэж ярих гэхээр миний түүх биш байна гэж бодогддог. Би төдөн хүний амьдралыг өөрчилсөн дөө л гэж ярихыг хүсдэг. 

-Танаас зөвлөгөө авч, көүч хийлгэе гэвэл төлбөртэй байдаг уу?

-Найзтайгаа нийлээд нэг хэсэг эсээ бичих,  гадаадад хэрхэн сурах тал дээр зөвлөгөө өгөх ажил төлбөртэй хийж үзсэн ч их дарамттай санагдсан. Хүмүүс мөнгө төлчихөөрөө чи надад эргүүлээд заавал өгөх ёстой гээд хариуцлага  хүлээлгээд байдаг.

500 үгтэй эсээгээ бичээд явуулаач, хараад зөвлөе гэхээр 2000 үгтэйг илгээгээд хасаад өг гэдэг.  Хүнтэй хамтарч  ажиллаад өөрийгөө олж нээхэд нь туслаад өөрөөр нь гоё юм хийлгэмээр байна. Тэр хүн өөртэйгөө ажиллаад дотоод сэтгэлээ ойлгоод түүнээ эсээн дээрээ буулгах хэрэгтэй. Гэтэл би өмнөөс нь тэрийг нь бичээд байхаар утгагүй л дээ.

Дуртайдаа л хийж байгаагаас мөнгө хэрэгтэйдээ хийгээгүй юм байна гэдгийг тухайн үед ойлгосон.  Тэгээд сонирхлоороо төлбөргүй көүч хийдэг. Цаашид гэхдээ яг одоогийн ажлаа орхиод зөвхөн көүч хийвэл амьдрах хэрэгтэй юм чинь тодорхой төлбөр авах л байх.

 -Ажлынхаа хажуугаар яаж цаг гаргаж көүч хийдэг вэ?

-Байнга тэр хүүхэдтэйгээ ажиллаад байхгүй л дээ. Нэг уулзаад ерөнхийдөө зорилгоо тодорхойлоход нь туслаад ингэе тэгье гээд сарын дараа дахиж уулзах байдлаар явдаг. Хүн өөрөө дуртай юмандаа цаг гаргаж чаддаг учир яаж ийгээд л хүүхдүүдтэй ажилладаг. Нэг хэсэг хамт ажиллаж байгаад хүүхдүүд маань чимээгүй болчихдог. Хэдэн сар, жилийн дараа таны хэлсэн тэр замаар ингээд явсан чинь болсон шүү,  сургуульдаа тэнцсэн шүү гээд мессеж ирдэг.

-Хүүхдээ яаж мэдэрдэг юм бэ?

-Би бас яг сайн мэдэхгүй байна аа. Хүүхэдтэйгээ уулзаж үзмээр санагддаг. Зарим хүүхэд онлайнаар холбогдъё гэхээр нь “Хүрээд ир ээ” гээд биечлэн уулздаг. Хүүхдээр өөрийнх нь тухай маш их яриулдаг.

Хүүхэд дуртай зүйлээ ярьж байхдаа биеийнх нь хэлэмж өөрчлөгдөж, нуруу нь тэнийгээд, нүднийх нь гэрэл асаад ирдэг. Яг энэ үед хүүхдийн бүтээж болох олон сайхан ирээдүй нь нүдэнд нэвт харагдах шиг болдог. 

ХИЧЭЭЛИЙНХЭЭ ХАЖУУГААР ГУРВАН АЖИЛ ХИЙЖ БАЙСАН

-Ахлах сургуульд яваад л англи хэл маш дажгүй болоод ирсэн үү. Тэр хэлээрээ л их сургуульд сурчхав уу. Ямар нэгэн ялгаварлал анзаарагдсан уу. Ахлах сургуульд хүүхдээ явуулах хүмүүст өгөх зөвлөгөө юу байна?

-Ер нь одоо миний ярьдаг англи хэл бол ахлах сургуульд сурсан 10 сард л бүрэлдсэн. Жаахан хүүхэд байсан учраас анзаараагүй ч юм уу ялгаварлал гэж мэдэгдэх зүйл байгаагүй. Гэхдээ би тэнд байгаа бусад хүнээс өөр юм байна гэдгээ очоод л мэдсэн.

Би ганцаархнаа ази царайтай, жижигхэн нүдтэй, англиар ярьж чадахгүй, бусад нь бүгд шар хар гээд л. Нэг солонгос охин байсан ч тэр бүр багаасаа Америкт өсчихсөн. Мэдээж эхлээд жаахан эмзэглэж байсан. Гэхдээ америк хүүхдүүд нийтэч гоё учраас чи бидний нэг, найз минь гэдэг утгаар намайг хүлээгээд авсан.

Ахлах сургуульд хүүхдээ явуулаасай гэж эн түрүүнд хүсэж байна. Шууд коллежид явахаасаа өмнө ахлах сургуульд очвол бүрэг ичимхий дотогшоо хүүхэд задарч, гоё нээлттэй болно. Одоо ахлах сургуульд тэтгэлгээр явуулах зөндөө боломж гарчихсан байна лээ.

-Англи хэлнийхээ суурь дээр түшиглээд буцаад Америкт сурсан уу. Буцаад явъя гээд дуртай болоод ирсэн үү. Аль сургуульд орсон бэ, тэтгэлгээр үү, төлбөртэй юу?

-Тийм ээ, дуртай болоод ирсэн. Ер нь арван тавтай хүүхэд бол гадаад багшийн өгч байгаа бүх л мэдээллийг шууд хүлээж авдаг юм байна лээ. Америк гоё юм байна гээд буцаад очих зорилготой л коллежийн урилгатайгаа Монголдоо ирж байсан. Тухайн үедээ коллеж руу материалаа явуулаад урилгаа авсан, хэдэн сар болоод л буцаад явсан. Вашингтон мужид  миний ахлах сургуульд явсан хотоос 1-2 цагийн зайтай байдаг Green River гээд жижигхэн коллежид очиж байсан юм. Төлбөртэй сурсан.

 Коллежоо төгсөөд их сургуульд шилжиж ороход Вашингтоны Их сургуулийн Ерөнхийлөгч нь Green  River-ээс шилжиж орж байгаа 3 топ оюутныг хүлээж авах үеэр

 -Нэгэнт гадаадад сурах талаар мэдээлэл өгч байгаа учраас хэдий хэрийн төлбөр төлсөн бэ гэдэг нь хүмүүст хэрэгтэй байх. Уучлаарай, танайх харьцангуй боломжийн амьдралтай айл байсан байна, тийм үү?

-Тухайн үед тэтгэлэг гэж бараг байгаагүй, тиймээс төлбөртэй л сурах гарц байсан. Эхний хоёр жил коллежийг яагаад сонгосон бэ гэхээр манайх тийм ч боломжтой айл биш байсан. Үнэхээр боломжтой байсан бол би шууд их сургуульд орж болох байсан. Коллежид сурах нь их сургуульд орохоосоо 3 дахин хямд байсан учир эхний 2 жилээ тэнд сураад мэргэжлээ сонгомогцоо дэлхийн эхний 20-д ордог топ сургуулийн нэг Вашингтоны их сургуульд суралцсан. Коллежийн төлбөр жилд 9 мянган ам. доллар байсан бол их сургуулийнх нь 30 мянга байсан.  Төлбөрийнхөө багахан хэсгийг би өөрөө ажил хийж олдог байсан.

-Ямар ажил хийж байв, түүнээ хэрхэн олсон бэ. Сураад ажиллах хүнд байсан уу. Ажил хийхийнхээ хажуугаар сурахаар төгсөж чадахгүй гэж зарим хүн ярьдаг?

-Хичээлийнхээ хажуугаар гурван ажил хийдэг байсан. Амаргүй байсан, гэхдээ тэгэхээс өөр арга байгаагүй. Номын санд ажилладаг байсан. Загвар зохион бүтээгч нэг Лаос хүүхний санхүүгийн тайланг нь хийж цэгцэлж өгдөг байлаа. Бас хятад ресторан зөөгч гээд ийм гурван ажил хийдэг байсан. Ажил олох мэдээж амаргүй. Визтэй хүүхэд сургууль дээрээ л ажиллах ёстой болохоор номын санд ажиллаж болно. Харин зөөгч, бас тэр Лаос хүүхний санхүүгийн тайланг цэгцлах ажлыг хууль бусаар л хийсэн гэсэн үг л дээ. Цагаа зохицуулаад, нөгөө хүнтэйгээ яриад танил талаараа л дамжуулж ажил олж байсан. Тэр ажлуудаас одоо ч надад хэрэгтэй маш олон чадварыг сурсан.

Гэхдээ би одоо хүүхдүүдэд юу гэж зөвлөдөг вэ гэхээр оюутны 4 жил амьдрал дахиж хэзээ ч олдохгүй учраас яг сурахдаа зарцуулбал зүгээр гэдэг. Ганцхан хичээл хийхдээ биш, сургууль дээрээ багшийн туслах хийх, сайн дурын ажилд оролцох, манлайлах чадвараа хөгжүүлэх, клубт хамрагдах, нийгэмдээ хэрэгтэй зүйл хийх гээд оюутны амьдрал дахь бүх арга хэмжээнд оролцоход зарцуулбал ирээдүйд өгөх өгөөж нь илүү өндөр юм шиг санагдсан.

Харамсалтай нь байнгын ажилтай байсан учир би алинд нь ч хамрагдаж чадаагүй л дээ.

-Америкт сургалтын тэтгэлэг авлаа ч байр, хоол хэрэглээний буюу амьжиргааны зардал гэж бий. Ойролцоогоор хэд орчим байдаг талаар хэлж өгч болох уу. Зарим нь хэт хөөсөрсөн дүн ярьдаг санагддаг?

-Дунджаар 14000 ам.доллар хавьцаа байх болов уу. Зарим улстай харьцуулахад Америк  харьцангуй гайгүй. Тухайн хүн ямар маягаар амьдрахаас л шалтгаалах байх. Байраа нэр дээрээ байлгаад, бүх зүйлээ төлөөд ганцаараа баймаар байна уу, өөр хүнтэй хамт байх уу, эсвэл айлын халаасны өрөөнд амьдрах уу гээд олон сонголт бий. Бүх юм нь сонголтоос  шалтгаалаад үнэ нь өөр болно. Хямд амьдаръя гэвэл боломжтой, тухтай байя гэвэл арай үнэтэй л байна.

ЭСЭЭ, ЯРИЛЦЛАГААС НЬ ИЙМ ХҮҮХЭД ЮМ БАЙНА ГЭЖ ХАРААД АВАХ ЭСЭХЭЭ ШИЙДДЭГ

-Тэтгэлэг одоо таны суралцаж байх үеийг бодвол харьцангуй олддог болсон. Гэхдээ тэтгэлэгт хамрагдахын тулд сайн дурын ажил хийх, эсээ бичих гэх мэт олон зүйл шаарддаг. Жишээ нь сайн дурын ажлыг сертификатаар нотлох уу?

-Тэтгэлэг тэр үед байгаагүй, харин одоо бүтэн, эсвэл тодорхой хувиар тэтгэлэг даадаг нь энгийн асуудал болсон. Америкт улсын, хувийн гэсэн хоёр төрлийн сургууль байдаг. Улсын сургууль нь тэтгэлэг олгох талдаа илүү хэцүү. Хувийн сургууль нь чанартай, чанаргүй янз бүр байна. Гэхдээ тэтгэлгийн хувьд харьцангуй сайн өгдөг.

Миний анзаарснаар Америкийн топ сургуулиуд сургуульд нь тэнцэж орж чадаж л байх юм бол яаж ийж байгаад тэр хүүхдийг төгсгөнө гэдэг тийм баримтлалтай болчихсон.

Манай аав ээж ийм ажилтай, төлбөр төлөх чадваргүй гэвэл сургуульдаа явуулаад төлбөрийг нь 100 хувь даадаг болсон нь сайхан боломж. Америкийн сургуулийн нэг тал нь энийгээ нотол гэж шаарддаггүй.

Зуун сертификат үзүүлсэн ч сургууль нь энэ сайн дурын ажил хийдэг мундаг хүүхэд байна гэхгүй. Эсээ, ярилцлага, бусад материал бүх зүйлээс нь өөрийнх нь хийсэн зүйл илт харагдаж байдаг гэсэн үг. Ер нь эсээ, бөглөсөн материалаас нь харж байгаад л энэ нэг ийм хүүхэд юм байна гээд авах эсэхээ шийддэг.

Оюутнаа хэрхэн элсүүлж авах нь сургуулийн чанараасаа л болдог. Топ зуун сургууль гэхэд хүүхэд тэр сургуульд сураад төгсөөд нэр хүндийг нь яаж авч явах вэ гэдгийг хардаг. Харвардыг мундаг гэдгийг бид яаж мэдэж байгаа вэ гэхээр төгссөн хүмүүс нь амжилттай явдаг учраас тэр. Тэгэхээр  сургуулийнх нь нэрийг авч явах хүүхэд ирээдүйд ийм хүн болох юм байна даа гэдгийг нэгдүгээр курст орохоос нь өмнө эсээнээс нь хараад потенциалтай хүүхэд байна гэж үзээд авдаг. Тэрийгээ яаж нотлох вэ гэхээр өмнө нь ийм сайн дурын ажил хийж, хүмүүсийн амьдралыг өөрчлөөд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хамт ажиллаад ч гэдэг юм уу ингэж харуулж байж ирээдүйд танай сургуулийн нэрийг авч явна аа гэдгээ баталдаг л гэсэн үг. 

-Онц сурах бол чухал биш юм байна, тийм үү?

-Онц сурдаг зөндөө л хүн байдаг учир тэр гол үзүүлэлт биш. Намайг коллежид байхад онц сурдаг, эцэг эх нь боломжтой учир ажил хийх шаардлагагүй хятад оюутнууд олон байсан. Гэтэл би жишээ нь ажил хийхэд цаг хугацаа шаарддаг учир миний дүн дундаж л байсан. Би түрүүн сэтгэл зүйн хичээл дээр 4.0 авсан гэсэн дээ, хятад оюутнууд бараг бүх хичээл дээр тийм оноотой ч тэд яагаад их сургуулиудад тэнцэж чадаагүй гэхээр хичээлээс гадуур юу ч хийгээгүй.

Топ сургуулиуд ерөнхийдөө дүнгээс илүү бүх юмыг хардаг. Хичээлээс гадуур энэ хүүхэд юу хийсэн, хаагуур яаж цагаа өнгөрүүлсэн байна, нийгэмдээ өөрөөсөө гадна бусдыг боддог хүн мөн үү үгүй юү гэж хардаг.

-Хүүхэд нь тэтгэлэг авчих боломжтой байхад ч гэсэн амьжиргааны зардлыг нь бид дийлэхгүй гэж үздэг хүн олон байдаг. Энэ тал дээр юу хэлэх вэ.

-Тийм, тавь, ная, зуун хувийн тэтгэлэг авсан ч үлдсэн зардал нь манайд байхгүй байна гэдэг талаар хүүхдүүдээс олон удаа сонсож байсан.

Яг очвол учир нь олддог. Америкт ер нь надад ийм юм хэрэгтэй байна, та туслаач гээд хэн нэгнээс асуувал хүн болгон туслахад бэлэн байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр сургууль дээр очингуут боломжууд их байдаг.

Жишээ нь, сургалтын төлбөрөө бүтэн даалгасан ч амьдрах зардалгүй нэг хүүхэд очоод  үнэнээ хэлээд тусламж гуйгаад ажил олж өгөөч гэхэд олон улсын оюутны холбоо, төв гэх мэт  байгууллагууд байдаг. Тэднээс хэн нэгэн нь манайд ийм ажлын байр бий, чамайг ажилд авъя ч гэдэг юм уу тусламж үзүүлж, тэр хүүхэд амьдралаа залгуулаад л явчихна.

-Америкт очоод суралцах болсон хүүхдэд өгөх зөвлөгөө юу вэ?

-Ер нь өөрөө шинийг эрэлхийлдэг байх юм бол маш их боломжууд гардаг. Хичээлдээ яваад  гэртээ ирээд л унтаад байх юм бол хэцүү л дээ. Ямар ч шаардлагагүй байсан ч багштайгаа хичээлийн дараа 5 минут ярихад л манайх нэг ийм семинар хийх гэж байгаа гэх мэтээр нэг зүйл гараад ирдэг. Тэр семинар нь явсаар байгаад Энэтхэг рүү явдаг гоё хөтөлбөрт хүргэдэг ч юм уу ингээд явдаг.

-Ер нь тэнд ажиллах сонирхол нь илүү байсан уу. Мэдсэн сурснаа эх орондоо авчиръя гэсэн бодол байсан уу?

-Би энэ талаар айхтар бодож байгаагүй юм байна. Амьдрал өөрийнхөөрөө өрнөөд л явсан. Ер нь сурсан мэдсэн юмаа Монголдоо авчиръя гэсэн бодол байсан.

Монголдоо байхаар түгжрэл утаа зэрэг өдөр тутам стресстүүлдэг зүйлс байдаг. Гэхдээ цаагуураа л нэг тийм сэтгэл амар амгалан байдаг, гэртээ байгаа учраас тэр байх.

Эмээ өвөө, ээж, аавынхаараа орж гараад л сайхан. Америкт гараад л хоол хүнс бүх юм нь гоё шинэ, өдөр тутмын асуудал үгүй ч цаагуураа л хүн аймаар стресстдэг. Миний бодлоор гэрээ санаад л, ганцаардаад л байдаг байх. Тэгэхээр аль стрессээ сонгох вэ гэдэг нь яг хувь хүний сонголт байх л даа. Миний хувьд хэчнээн өдөр тутмын стресстэй байсан ч гэртээ байх нь илүү гоё.

ААВДАА ЗОРИУЛСАН ТЭТГЭЛГЭЭ ЯГ ААВТАЙГАА АДИЛ ТҮҮХТЭЙ СИНГАПУР ХҮҮД ӨГСӨН

-Таныг сурахад аав ээж чинь төлбөр өгсөн. Гэхдээ та түрүүн манайх тийм ч боломжтой айл биш байсан гэлээ. Түрүүн ээжийнхээ талаар дурдсан. Аавынхаа талаар ярьж өгөх үү?

-Аав ээж хоёр минь бизнес хийдэг байсан юм. 2009 онд санхүүгийн хямрал болоод бизнес нь хэцүүдсэн. Түрүүн би сургуульдаа сурахын тулд ажиллаж байсан гэсэн дээ.

Би ганцаараа биш, аав ээж хоёр минь ч хичээж Солонгос явж хар бор ажил хийж намайг төгсгөсөн.

2012 онд би төгссөн, 2014 онд аав маань маш залуудаа харвачихсан. Солонгост байсан учраас эмнэлгийн тусламж харьцангуй гайгүй авсан, тахир дутуу болчхоогүй ч харвасан хүн чинь ер нь бие нь муудаад байдаг, буцаж хэвэндээ ордоггүй юм билээ. Аав минь бие нь муудсаар 2022 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Миний аав 10 жилийн боловсролтой, дунд сургууль төгсөөд цэрэгт 3 жил явсан. Ирээд сургууль соёлд ороогүй, насаараа л хар бор ажил хийсэн. Би аавыгаа өнгөрөхөөс өмнө л хэрвээ аав минь дээд боловсролтой байсан бол ямар ажил хийгээд, хэнтэй найзалж яаж явах байсан бол гэж их боддог байсан юм. 

Ер  нь аавынхаа төлөө боловсролтой холбоотой чиглэлээр нэг юм хийнэ гэж санадаг байсан ч нэг өдөр санхүүгийн эрх чөлөөнд хүрэхээрээ гэж явсаар аав минь өнгөрсөн.

Өнгөрөх үед нь би 2022 онд Америкт Засгийн газрынх нь хөтөлбөрт хамрагдаад явж байсан. Тэр үед би ерөөсөө мөнгөтэй, боломжтой болохоороо гэх хэрэггүй юм байна, хийе гэсэн юмаа л одоо л хийе гэж зориглосон. 

                                        Аав, ээжтэйгээ Солонгост ажил хийдэг байх үед нь

Зориг ороод бас харамсаад шууд өөрийнхөө сурч байсан Green River гэдэг коллежийнхоо оюутнуудад тэтгэлэг өгдөг санд нь очоод Эрдэнэбилэг гэдэг нэртэй тэтгэлэг эхлүүлье гэсэн.

Тэтгэлэг эхлүүлээд бага хэмжээний мөнгө байршуулаад орхисон. Эхний жилдээ тэтгэлгээ олон нийтэд зарласан чинь 30 материал ирсэн. Монголдоо ирчхээд байтал манай тэр сургуулиас надтай холбогдоод та эсээнүүдийг нь уншаад хүүхдээ сонгоорой гэсэн л дээ. Уншсан чинь нэг хүүхдийн эсээнд яг миний аавын замнал байсан.

Сингапур хүүг дунд сургууль төгссөн жил нь ээж аав хоёр нь цэрэгт явуулчихсан. Гурван жил цэргийн алба хаагаад ирэхээр нь аав, ээж нь 21 хүрчихлээ, их сургуульд сурах оройтсон гээд автомашины механик болгоно гээд. Тэр хүүхэд аав, ээждээ “Үгүй ээ, би заавал бакалаврын зэрэг аваад улс төрч болно, надад сүүлийн боломж өгөөч” гээд гуйсан. Аав ээж нь зөвшөөрсөн ч Америкт сургах мөнгө байхгүй гэсэн байдаг. “Би очоод учрыг нь олно, та нар надад итгэ” гэж гуйсаар сүүлийн боломж чинь шүү гэж зөвшөөрүүлсэн байдаг. Тэр хүүхэд Green River-т Эрдэнэбилэг тэтгэлэгт хүсэлт илгээсэн.

Би уншсан чинь яг миний аавын түүх яг давтагдаад. Тэгээд хамгийн анхны жилээ би тэр хүүхдийг сонгосон. Яагаад гэхээр дүнгийн хуулгыг нь харахаар улс төрийн бүх хичээлүүд дээрээ онц авчихсан, улс төрч болох сонирхолтой хүүхэд гэдэг нь ирүүлсэн материалаас нь шууд харагдаж байсан.

Сонин тохиолдол байгаа биз. Дараа нь сургуулиас манайд ийм юм болж байна гээд дандаа л мэдээлэл, и-мэйл, е-сонин ирнэ л дээ.  Тэр дотор нөгөө хүүгийн нэр харагдахаар нь сонирхлоо.

Жил болгон төгсөж буй хүүхдүүдээс нэгийг сонгоод Ерөнхийлөгчийн нэрэмжит гээд хамгийн том шагнал өгдгийг авсан байна. Төгсөлтийн баярын илтгэлдээ “Эрдэнэбилэг тэтгэлэггүйгээр энд зогсохгүй байсан” гээд ярьсан нь бас сургуулийн сонинд гарсан байсан. Хоёр жилийн коллежоо төгсөөд Калифорнийн их сургуулийн Беркли гээд топ сургуульд улс төрийн шинжлэх ухаанаараа шилжиж сураад одоо их сайн явж байгаа.

Тэрийг нь харахаар миний аав дээд боловсролтой болсон бол ингэх л байж дээ гэж бодогддог. Эхний жилд яг тэр хүүхэд сонгогдож, амжилттай явж байгаа учраас нэг хүний ч гэсэн амьдралыг өөрчилж болох юм байна гэж урамшаад тэтгэлгээ үргэлжлүүлээд явж байгаа.

    Эрдэнэбилэг тэтгэлгийг эхлүүлэх гэрээ зурсны дараа,
Green River Foundation-ий Захирал, Коллежийн дэд ерөнхийлөгч нартай 2022 он.  Green River College

-Тэр хүүхэд ийм түүхтэй эгч энэ тэтгэлгийг өгч байгаа юм байна гэж мэдэхгүй юм байна, тийм үү?

-Хүмүүс ярьсан байж магадгүй. Яагаад гэхээр манай коллежийнхон намайг 13 жилийн дараа очоод тэтгэлэг эхлүүлнэ гэхээр гайхсан.

Гадаад, тэр тусмаа монгол оюутан хоёр жилийн  жижигхэн коллежид олон жилийн дараа ирээд эхлүүлсэн тэтгэлэг байгаагүй учир чи яагаад ингэж байгаа юм гээд сонирхоод сонин дээр хүртэл гаргасан.

Тэгэхээр олж уншсан юм уу, сургуулийнхан ярьсан байж мэднэ, намайг сошиал медиа бүх зүйл дээр дагадаг юм билээ. Би хэзээ нэгэн цагт тэр хүүтэй танилцаад ярилцана гэж боддог.

-Уучлаарай, сонин олж уншаад эсээ бичнэ гэж байх уу?

-Үгүй ээ, сонин дээрх материал түүнийг тэтгэлгээ авснаас хойш гарсан юм.

-Англи руу магистрт тэтгэлгээр явсан юм байна. Америкт сурсан учир тэтгэлэгт хамрагдахад гайгүй байв уу. Англи их өндөр өртөгтэй гэдэг. Бакалавраар сурахад үнэтэй юу?

-Яах вэ, хоёр жил унаж байж л гурав дахь жилдээ тэнцсэн. Засгийн газрын тэтгэлэгт Монгол улсаас мянга орчим хүн аппликэйшн өгдгөөс  15 нь сонгогддог. Дэлхий даяар 68 мянган хүн аппликэйшн өгөөд Англи улсын тэтгэлэгт 1800 хүнийг л сонгодог. Бакалаврын сургалтын талаар Англи руу би ерөөсөө зөвлөгөө өгч үзээгүй, сайн мэдэхгүй байна.

Англид бакалавр нь 3 жил болохоор хүүхдүүд арай хурдан төгсөнө гээд сонирхож явдаг юм байна лээ.

Амьжиргааны өртгийн хувьд бол би Лондонд сурч байсан. Амьсгалахад л нэг фунт гэж бид тоглоом болгон ярилцдаг байсан, амьдрах өртөг өндөр. Бүх юм цаанаасаа төлөгдөөд тэтгэлгээр яваад ирсэн. Гэхдээ бас нэг ч фунт авчраагүй, өгсөн бүх мөнгө нь амьжиргаандаа таараад тэндээ шингээд үлддэг. 

           Английн Засгийн Газрын Chevening (Чевнинг) тэтгэлгийн хүлээн авалт, Лондон

АМЕРИКТ СУРАХЫГ ХҮСЭЖ БУЙ ХҮҮХДЭД МАSА ДЭЭР ИРЭХИЙГ ЗӨВЛӨНӨ 

-Америкт суръя гэж байгаа хүүхдэд хамгийн түрүүнд юу зөвлөх вэ?

-Хамгийн түрүүнд МАSА Америкт төгсөгчдийн холбоон дээр ир л гэж хэлнэ.

-Шууд яваад очихоор асуултад хариулах бэлэн хүн байх уу. Тодорхой арга хэмжээн дээр очих уу. Ер нь хүүхдүүд их ирдэг үү?

-Сайн дурын байгууллага учраас байнгын суурин ажилладаг хүн гэж үгүй. Бид бүтэн жилийнхээ төлөвлөгөөгөө гаргаад ийм арга хэмжээ хийх гэж байна гээд өөрсдийн МАСА хуудсаараа мэдээлдэг. АНУ-д сурах гэж байгаа хүүхдүүдэд, эсвэл төгсөөд ирсэн хүүхдүүдтэй холбоотой асуудлаар арга хэмжээ зохион байгуулдаг. Ер нь зарласан арга хэмжээнд шууд ирэхэд л  болно. Америкт төгсөгчдийн холбоо сургуулиудаар, орон нутгаар бас явж,  мэдээ мэдээлэл өгдөг. Одоо бид гадаадад төгсөөд ирсэн хүмүүсээ ажлын байр руу чиглүүлэхэд илүү анхааръя гэж ярилцаж байна. Олон хүүхдэд зэрэг хүрэх боломжтой байгууллага юм байна гэж харж, би энэ холбоонд орсон.

Хүүхдүүд арга хэмжээнд их ирдэг. Гэхдээ яг өгч байгаа мэдээллээ сонсчихоод өрөө хоосон болоод бүгд гараад явчихдаг, маш цөөхөн хүүхэд үлдээд илүү тодорхой зүйл асууж, зөвлөгөө авдаг. Тэгэхээр би Америкт очсоны дараа яах вэ гэдэгт өгсөн зөвлөмжөө энд бас хэлье. Хүний ярьсныг сонсоод л шууд битгий гарч яваарай. Илтгэл тавьж, яриа хийсэн хүнтэй цөөн ч болов минут үг сольж, зөвлөгөө аваад, ядаж тэр хүний имэйлийг бичиж аваад, дараа нь уулзахаар тохироод холбоо үүсгээд цаашаа яваач л гэж зөвлөмөөр байна. Хэрвээ ингэвэл хамаагүй их зүйл мэдэж авна.

Тэнд үлдээд таны яриа сонирхолтой санагдлаа, надад нэмж зөвлөгөө өгөөч гэсэн хүүхдүүд л юманд хүрдэг.

-Танай холбооныхон бол хүүхэд юу ч асуусан хариулж, ямар ч асуудлаар зөвлөгөө хүссэн өгдөг юм байна, тийм үү. И-мэйлд шууд хариулах уу?

-Тийм ээ. Та хэд маань асуулт байвал үлдээрэй гэж хэлдэг ч гараад л явчихдаг. Зохион байгуулж буй бидний хувьд аль болох олон хүүхэд үлдээд эвент маань ингээд сунжраад  яваасай л гэж хүсдэг. Америкаас сурсан зүйлийн минь нэг нь сайн дурын ажил хийх.  Тэгэхээр юм асуугаад ирвэл бүх мэдэх юмаа хэлнэ гэдэг ийм сэтгэхүйтэй болчихсон. Харин хүн асуухгүй бол очоод тэг ингэ гээд, хүүхэд зүгээр явж байхад нь алив чи нааш ир, би чамд энийг чинь заагаад өгье гэж хэлэхгүй. Олон нийтэд зориулсан арга хэмжээний үеэр хүүхэд ирээд та надад туслаач ээ гэх юм бол бид бүх юмаа зориулна л гэсэн үг.

-Асуулт бүрт минь дэлгэрэнгүй хариулсанд баярлалаа. Хүний дотоод боломжийг нь нээж, гаргаж, илүү аз жаргалтай амьдруулж, олон хүнд тус болоорой гэж хүсье.  

                                                                                                           Р.ГАНПҮРЭВ


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 11.2 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 15 ХУВИАР ӨСЖЭЭ 1 цагийн өмнө
"МОНГОЛ" НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛЬ РУУ Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙГААС ТУСГА… 2 цагийн өмнө
МОНГОЛ УЛСАД ГЭГЭЭН-УЧРАЛ НЭРТЭЙ 183 ХҮН БАЙНА 3 цагийн өмнө
ОЛЬГА САВЕЛЬЕВА: ДУРЛУУЛСАН НЬ 4 цагийн өмнө
АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААРЫН ТЭГШ, СОНДГОЙ ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ ЭСЭХ ТАЛААР С… 4 цагийн өмнө
ХӨВСГӨЛ-ХӨХ СУВД 2025 МӨСНИЙ БАЯР ЭХЭЛЛЭЭ 4 цагийн өмнө
ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ 2024 ОНД 42.4 ТЭРБУМЫН АШИГТАЙ АЖИЛЛАСНААС УЛСАД… 6 цагийн өмнө
ХОНИНЫ УУЦ, МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛЖЭЭ 6 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА 12 цагийн өмнө
"МАЗААЛАЙ-2025" ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ СИЙЛБЭРҮҮ… Өчигдөр
БНСУ-Д ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУЖ БУЙ МОНГОЛ ИРГЭН 15359 БАЙНА Өчигдөр
15-49 НАСНЫ ЭРЧҮҮДИЙН 57.4 ХУВЬ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 53 ХУВЬ НЬ ИЛҮҮДЭЛ ЖИН… Өчигдөр
Ц.ТУВААН БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЖЭЭ Өчигдөр
ТҮҮХ БИЧИГДСЭЭР... Өчигдөр
"МОНГОЛ" НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛЬ БОЛНО Өчигдөр
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙГ ХОЁР ҮЕ ШАТТА… Өчигдөр
ЭМГЭНЭЛ Өчигдөр
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛ… Өчигдөр
ЖАРАН ХУРЦ ШҮДТЭЙ, ХАМГИЙН ТОМ АМЬД ГҮРВЭЛ Өчигдөр
МӨСӨНД АВИРАЛТЫН ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС 3 А… Өчигдөр
Их Уншсан
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/02/01
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ -ЗАГАСНЫ ОРД 2025/02/01
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХУМХЫН ОРД 2025/02/01
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙН ОРД 2025/01/31
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ- ОХИНЫ ОРД 2025/01/31
Б.БАЯРСАЙХАН: ХАВДРААС ХАМГААЛАХ НЭГ АРГА НЬ КОЛЛАГЕНЫГ БЭХЖҮҮЛЭХ ЮМ 2025/02/03
ХОЁРДУГААР САРЫН 5-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР, 6,7-НД ИХЭНХ НУТГААР ЦАС О… 2025/02/01
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ -ИХРИЙН ОРД 2025/01/31
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/02/01
БАЯНХОНГОР, ХӨВСГӨЛ, БУЛГАНЫ ӨМНӨД, ТӨВ АЙМГИЙН БАРУУН, АРХАНГАЙ, ӨВӨР… 2025/02/05
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙН ОРД 2025/01/31
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/02/01
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ-ҮХРИЙН ОРД 2025/01/31
2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/02/01
МОНГОЛ УЛСЫН БАГ ОЛОН УЛСЫН ЦАСАН БАРИМЛЫН ТЭМЦЭЭНИЙ ХОШОЙ АВАРГА БОЛЛ… 2025/02/08