Г.БАТБАЯР: ХҮҮХЭД БҮТЭЭЛЧ ДААЛГАВАР ХИЙЖ БАЙЖ БҮТЭЭЛЧЭЭР СЭТГЭНЭ


Тооны чиглэлээр толгой цохидог “Соёмбо” бага сургуулийг хүмүүс андахгүй. Хүний  амьдралд чухал хэрэгцээтэй суурь боловсролыг тун сайн өгдгөөрөө ч алдартай. “Соёмбо” бага сургуулийн захирал, Боловсрол судлалын ухааны доктор  Гомбосүрэнгийн Батбаяртай багш болсон түүхээс эхлээд энэ мэргэжлийн сайхан тал, бага ангийн болон математикийн сургалт, олимпиад зэрэг олон сэдвээр хөөрөлдөх завшаан тохиолдлоо. 

Хүний хамгийн дээд эрдмийн нэг  болох боловсролын талаар мэдлэг, мэдээлэл түгээх зорилгоор Hemnel.mn сайт эрдэмтэд, багш нар, оюутнууд, сурагчид, гадаад, дотоодод төгсөгчдөөс ярилцлага авч олон нийтэд хүргэхээр зорьж байна. Манай хоёр дахь ярилцлагын зочноор Г.Батбаяр багш уригдсан юм.

ААВ ШУУД “МАНАЙ ХҮҮ БАГШИЙН ТЕХНИКУМД ЯВНА” ГЭЭД ХЭЛЧИХСЭН

-Ярилцлагын урилгыг минь хүлээн авсанд баярлалаа. Яагаад багш мэргэжлийг сонгосон бэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Би 1985 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын найман жилийн нэгдүгээр дунд сургуулийг төгссөн юм. Улсын шалгалтын дараа сургуулийн хуваарь хийхээр эцэг эх, сургуулийн зөвлөл багш нарын өрөөнд суучихсан, хүүхдүүдийг хэсэг хэсгээр нь оруулсан. Манай аав тахир дутуугийн групптэй, тэргэнцэр дээр суудаг байлаа. Би аавыгаа түрээд очсон, аав багш нарын өрөөнд ороод суусан. Надаас санал аваагүй байхад шууд л “За манай гэр бүлд багш байхгүй. Манай хүүхэд сурлага гайгүй байгаа бол ерөөсөө багшийн техникумд явна аа” гэж хэлж байгаа юм чинь. Ангийн багш маань “Гомбосүрэн гуай, Батбаяр сурлага сайтай. Аравдугаар ангид оруулахгүй юм уу” гэсэн. Аав “Үгүй ээ. Ерөөсөө манай хүүхдүүд байтугай, ойр талын төрлүүдэд ч багш мэргэжлээр сурсан хүн байхгүй. Үнэхээр манай хүүхэд сурлага сайн юм бол тэр багшийн сургуульд нь явуулах хэрэгтэй.” гэсэн. Тэгээд л багшийн сургуулийг сонгочихсон шүү дээ.   

-Багш нарын өрөөнд та байгаагүй юм уу. Аав чинь өмнө нь тантай энэ талаар  ярьсан байсан юм уу?

-Би байсаан. Багш нарын өрөөний гадаа коридорт хүүхдүүдийг эгнүүлээд зогсоочихсон, дуудаад оруулна. Эхний  таван хүүхдийг дуудахад би тэрэн дотор орсон байсан юм. Хоёр, гурав хавьцаа жагссан юм уу даа, тийм л юм шиг байгаа юм. Аав өмнө нь надтай яриагүй. Би өөрөө наймдугаар ангиа төгсөөд аравдугаар ангид орно л гэсэн бодолтой. Техникумын талаар ерөөсөө ямар ч ойлголт,  мэдээлэл байгаагүй.

-Их л хүмүүжилтэй хүүхэд байж дээ. Багш нар чинь танаас санал асуугаагүй юм уу, тэгэхэд?

-Манайх ер нь олуулаа л даа, аав ээжээсээ 14-үүлээ. Би чинь дунд хавьцаа, сүүлээсээ зургаа дахь хүүхэд. Аавын хэлсэн юм бол тэгээд л хууль шүү дээ, тийм ээ. Аав маань хэлсэн учир тэгэх л ёстой гэж дагасан. Тэрнээс сонирхлоороо ороогүй л дээ.. Ангийн багш маань намайг аравдугаар ангид оруулах гэж нэлээд үзсэн ч аавын зүтгэснээр болсон. Надаас багш нар юу ч асуугаагүй. Уг нь хүүхдүүдээс чи ямар саналтай байна гээд асуугаад хэлүүлж байсан юм. Намайг тэгж хэлэх боломж олгоогүй. Тэр өрөөнд бүх юм тэгээд шийдэгдчихсэн.

-Та аавынхаа талаар жаахан ярьж өгөхгүй юу? Ямар ажил хийдэг хүн байв?

-Аав минь малчин хүн л дээ. Ээж аав хоёулаа насаараа мал малласан хүмүүс. Аав маань нэгдлийн адуу, үхэр хариулж байсан. Цасан шуурганаар мориноосоо унаад гэмтэж, хоёр хөлөө тайруулчихсан юм. Гэхдээ аав минь хөлөө тайруулсан ч гэсэн морио унаад л үхэр, адуугаа хариулаад л явна. Манай ах нар, бид бүгдээрээ л яг аавын зааснаар хүмүүжсэн.

-Ер нь бусад хүүхдийнхээ хувийн сонголтод тэгж оролцож байсан уу, эсвэл танд их сайн байсан юм уу?

-Үгүй, манай эгч нар өөрсдөө сургуулиа сонгоод л явж байсан. Аав маань яагаад тэгсэн юм бол, маш их итгэсэн байж магадгүй. Намайг тэгж дээгүүр  хоёр, гуравт жагсаж орно гэж ерөөсөө бодоо ч үгүй шиг байгаа юм. Би сүүлд нь тэгж л бодсон. Эхний таван хүүхдэд намайг ороод ирэхээр балмагдсан юм уу яасан юм. Ийм техникумууд байна, сонгож болно, 10 жилийн сургууль руу орж болно гээд л ангийн багш танилцуулсан. Аав маань ерөөсөө шууд л манай хүүхэд Багшийн техникум авна аа л гэсэн.

-Аав чинь яагаад таныг багш руу чиглүүлсэн юм бол. Багш тэр үед их нэр хүндтэй байсан, тийм ээ. Сурлага сайтай юм чинь багш л их сайхан гэж бодсон юм болов уу?

-Тийм л байх. Тэр үед багшийн мэргэжил одоогийнхтой адилгүй, тэргүүний хүүхэд л явах ёстой гэсэн шалгууртай байлаа. Багшийн сургуульд ирэхэд ерөөсөө дандаа сургуулиудын шилдэг хүүхдүүд л ирсэн байсан. Урлагийн хүүхдүүд, биеийн тамирынх гээд хувааж байхад нь мэдэрсэн юм. Сургууль төгссөний дараа хүүхдүүдийн хувийн хэргийг буцааж өгөхөд нь би ангийнхаа эвлэлийн үүрийн дарга байсан учир уншиж үзсэн. Манай ангийн хүүхдүүд лав урлаг, уран сайхан, сурлага бүх зүйлээр шилдэг байсан юм билээ. Тэр үед  багшийн нэр хүнд маш сайн байлаа. Аав маань багшийн техникум гэж сонсонгуутаа л ерөөсөө ийм сайхан юманд явах ёстой юм байна гэж л ойлгосон юм болов уу гэж боддог.

ГАНЦХАН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХИЧЭЭЛ ДЭЭР САЙН ГАРЧИХСАН

-Багшийн техникум төгсөөд та бага ангийн багш болсон. Дээд сургууль руу оръё гэж бодсон уу?

-Тийм ээ, би бага ангийн багш. Багшийн техникумд 4 жил сураад онц төгсвөл Багшийн дээд сургуулийн монгол хэл, эсвэл сурган, сэтгэл судлалын ангид ордог байсан юм. Гэтэл би ганцхан хөдөө аж ахуйн хичээл дээр сайн гарчихсан. Уг нь би чинь жинхэнэ хөдөөний хүн шүү дээ. Бусад хичээл нь бүгд онц байсан л даа. Тэгээд Багшийн дээд сургууль руу орж чадаагүй юм.

-Та төгсөөд хаана ажиллав?

-Төгсөнгүүт хуваарилаад дипломыг нь очих газар руу нь шууд явуулчихдаг байлаа. Миний дипломыг Хэнтий аймгийн боловсролын хэлтэс рүү илгээсэн. Би Сүхбаатарын хүн аймаг руугаа явъя гэсэн ч болохгүй. Улс хаана л хуваарилна, тэнд очиж ажиллах ёстой байлаа. Хэнтийд очсон чинь Галшар сум руу хуваарилсан, тэндээс ажлын гараагаа эхэлсэн.

-Дандаа бага ангийн багшаар ажилласан уу, их сургуульд орсон уу?

-Их сургуульд ороогүй. Дандаа бага ангийн багш хийсэн, хотод ирээд ч адилхан. 1997 онд хувийн сургуулиуд байгуулагдаж эхэлж байхад Сант сургуульд бараг анхны багшаар нь орсон юм. Яахав тэрнээс өмнө бага ангийн сургалтын менежер хийж байсан л даа. 1997 онд би магистрт сурах болсон чинь улсын сургуульд байхаар ажилтай давхцаад болдоггүй. Захирал маань эсвэл ажлаа хий, эсвэл магистртаа сур гэсэн. Би шууд ажлаасаа гараад магистрт сурсан юм. Магистрт сурч байхдаа Сант сургууль дээр очоод Зургаанжин багш, Буяндэлгэр багш хоёртой уулзтал авчихсан. Миний хөдөлмөрийн гэрээн дээр монгол хэл, биеийн тамирын багшаар авлаа гэсэн байдаг юм. Эхний хоёр жил монгол хэл заагаад, гурав дахь  жилээс нь намайг шууд математик оруулж эхэлсэн.

-Яагаад монгол хэл байснаа математик болгосон юм бол?

-Зарим багш нар чөлөө авсан үед тоог нь би нөхөж ордог байсан юм. Тэр үед л анзаараад математик заалгаж болох юм байна гэж ойлгосон байх. Буяндэлгэр багш  “Батбаяр аа, чи ер нь нэгдүгээр ангиас нь эхлээд математик ороод үз” гэсэн. Ингээд л монгол хэлний багш чинь тоо руу орчихсон доо.

-Та Багшийн техникумд байхдаа өөрийнхөө ирээдүйг яаж төсөөлж байсан бэ.   Бага ангийн багшдаа дуртай байсан юм уу, тооны багш болмоор байсан уу?

-Ерөнхийдөө би гурван жил онц сурчихсан хүн чинь дөрөвдүгээр курсээ төгсөнгүүтээ Багшийн дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын ангид орно гэсэн бодолтой байсан. Тэгтэл нэг хичээл дээр сайн гарчихсан.

-Та хөдөөний хүүхэд, ганцхан хичээл, хамгийн сайн мэддэг хөдөө аж ахуй дээрээ сайн гарахад шалтгаан байж, тийм үү. Одоо нууц биш байлгүй дээ. Тодорхой хариулах уу?

-Тэр үед нэг ийм юм болсон юм. Намайг төгсөх курст байхад 1989 онд ЗХУ-д өөрчлөн байгуулалт гээд яригдаж байсан. Манайд ч сонсогдоод нөлөөлөөд эхэлсэн байсан үе. Манай төгсөх курсийнхэн өглөө бүр 5-10 минутын нэвтрүүлэг радио узелээр сургууль дотроо хийдэг байлаа. Нэг өглөө тэр мэдээллийн цаг дээр би хичээлээ жаахан “гурилдаад” байдаг багш нарыг шүүмжилсэн юм. Гэхдээ ганцаараа биш, манай ангийнхан тав зургуулаа л тэр нэвтрүүлгийг хийж байсан, тал талаасаа л ярьсан. Нэг их айхтар шүүмжилснээ би санахгүй байгаа юм. Бид суралцаад сайн багш болохыг хичээж байдаг. Гэтэл хичээлээ оромдоод заагаад байдаг багш нар байна. Ерөнхийдөө бид төгссөний дараа тэр хичээлүүд нь хэрэг болох ч юм уу, үгүй ч юм уу гэсэн утгатай үг хэлчихсэн юм. Гэтэл хөдөө аж ахуйн багш чи миний ордог хичээлийг бараг хэрэггүй гэж үзэж байна гээд л...

-Та тодорхой нэр зааж ярьсан юм уу. Эсвэл яриан дотор чинь тэр хичээл гэж ойлгогдохоор зүйл байсан уу?

-Үгүй, би нэр заагаагүй, зүгээр л ерөнхийд нь тэгж хэлсэн. Тэгж ойлгогдохоор зүйл байсан байж мэднэ. Ангийнхаа эвлэлийн үүрийн дарга байсан болохоор энэ нөхөр жаахан манлайлаад ийм шүүмжлэл явуулсан байна гэдэг утгаар ойлгосон юм шиг байна лээ.

-Багш бол ямар ч тохиолдолд хүүхдийг унагавал унагана ш дээ. Та тэр багшдаа гомддог уу?

-Айхтар гомдоод байсан юм бол байхгүй ээ. Ер нь бол би хөдөө аж ахуй дээр нэг их унахгүй. Багаасаа мал дээр өссөн хүн хөдөө аж ахуйн, ялангуяа мал аж ахуйтай холбоотой юм асуухад ерөөсөө түгдрэхгүй. Багшийн сургууль төгссөн диплом дээр ангийн багш маань хөдөө аж ахуй дээр онцсайн гээд биччихсэн байдаг юм. Гадна хавтас нь цэнхэр, доторх дүн нь бүгд онцсайн байдаг. Ангийн багш маань тэр багштай уулзаад манай хүүхэд ийм зорилготой байгаа, дөрвөн жилийн турш нэг ч хичээл дээр сайн гэж дүгнүүлээгүй, харж үзэх юм байна уу гэж гуйгаад дийлээгүй юм шиг байна лээ. Тэгээд Батбаяр аа, чи бол энэ хичээл дээрээ онцсайн шүү л гээд дэмжсэн юм уу яасан юм хэлж л байсан. Диплом өгөхдөө тэр багшийн тухай яриад л явсан юм байна лээ, тэгээд л онцсайн гэж тавьсан байх л даа.

НЭГДҮГЭЭР АНГИД ХИЧЭЭЛ ОРОХ ЁСТОЙ ҮНЭХЭЭР ГОЁ

-Аав чинь сонгож өгсөн мэргэжил, дээд сургуульд орох хүсэлтэй байсан... Бага ангийн багшдаа дуртай болчихов уу. Юу таны сэтгэлийг татаад дандаа бага ангийн багшаар ажиллав?

-Би бага ангийн багш болсондоо их баярладаг. Маш сайхан мэдрэмж авах үе зөндөө байдаг. Тийм болоод ч тэр юм уу бага ангийн багшдаа би үнэхээр дуртай. Хаана ч очсон би бага ангийн багш гэж эхэлж хэлээд дараа нь ярих юмаа ярьдаг. Намайг ингээд зориод ирж байгаа нэгдүгээр ангийн хүүхдүүд, дөнгөж сургуульд орж байгаа энэ нөхдүүд л яг бага ангийн багш мэргэжилдээ бүр дуртай болоход нөлөөлсөн. Нэгдүгээр ангид ороод л тэр ёстой үнэхээр гоё. Тэр дотор чинь янз бүрийн юм болно.

-Тэр мэдрэмжээсээ хуваалцаач. Та гоё гээд байхаар би бас тэр гоёыг нь мэдэрчих санаатай?

-Үнэхээр гоё л доо. Биднийг сурагч байх үед хүүхдүүд багштайгаа илэн далангүй байгаагүй. Одооны хүүхдүүд шал өөр шүү дээ. Маш илэн далангүй, болж байгаа, болохгүй, гэртээ юу болсон, аав яасан, ээж юу гэж хэлсэн, бүх юмыг мэднэ, тэгээд тэрийг бүгдийг нь багшид шууд хэлнэ. /инээв/

-Ер нь гэр орондоо аятайхан байхгүй бол болохгүй нь ээ..?

-Тэгээд л даалгавраа яагаад хийгээгүй, юунаас болсон гээд л бүгдийг нь шууд хэлнэ. Би ч бас хүн юм чинь заримдаа ажилд ирэхдээ жаахан сэтгэл санаа асуудалтай үе байна ш дээ. Тэгээд ирээд л хичээл зааж байхад нөгөөдүүл чинь тийм инээдмийн юмаа хамаагүй ярьж байгаа юм чинь. Тэгэнгүүт миний тэр бүх зүйл алга болчихож байгаа юм. Бүх юм мартагдаад л тэрийг сонсоод л гэнэт инээд хүрээд л гоё болоод явчихдаг. Хамгийн гоё нь тэр. Сургууль руу орж ирээд л хүүхдүүдээсээ тийм сайхан энерги авчихаад явж байна шүү дээ.

-Хоёр, гуравдугаар ангийнхан бас гоё биш үү?

-Хоёрдугаар ангид орохоороо санаа суучихдаг юм. /инээв/

ЭЦЭГ ЭХЧҮҮД ТА СУРГУУЛЬ БАЙГУУЛЧИХ Л ДАА ГЭЖ САНАЛ ТАВЬСАН

-Соёмбо сургуулийг та хэзээ байгуулсан юм бэ. Яагаад хувийн сургууль байгуулах болов?

-2005 онд байгуулсан. Би Сантад 8 жил багшлахдаа эхлээд монгол хэл, дараа нь тоо дандаа бага ангид заасан. Тэр үед надад сургууль байгуулна гэсэн бодол ч байгаагүй. Би нэгдүгээр ангитай байсан юм. Гэтэл эцэг эхчүүд “Батбаяр багш аа, та өөрөө сургууль байгуулчих л даа.” гэдэг юм. Юун сургууль надад маш хол хөндий сонсогдож байгаа юм чинь. Яагаад гэвэл надад ганц хүүхдийн ширээ авах ч мөнгө байхгүй шүү дээ. “Үгүй, би яаж сургууль байгуулах юм. Би чинь багш цалинжуулах байтугай, нэг сурагчийн ширээ ч авах мөнгөгүй байж” гэсэн. Гэтэл тэр ангийн зургаа долоон эцэг, эх Батбаяр багштай уулзъя гээд хичээл тарсны дараа зориод ирсэн, нэг өдөр. Ерөөсөө ингэе, та манай хүүхдүүдийг аваад сургууль байгуулвал бид ирэх жилийнхээ сургалтын төлбөрийг түрүүлээд өгчихье. Тэгээд л та хэдэн ширээ авчихаач. Сант сургууль нүүгээд шинэ байранд орох гэж байна. Та нэг өрөө түрээслээд л үлдчихээч дээ гэсэн. Тэгээд л тэнд нэг ангид ёстой тав, зургаан ширээ л тавьсан байх. Намар нь ганцаараа сургууль нээгээд л эхэлчихсэн.

-Хэдэн анги авсан юм бэ?

-Нэгдүгээр анги л авсан.

-Ээж аав нь сургууль байгуул гэсэн хүүхдүүд чинь хоёрдугаар анги юм биш үү?

-Тийм ээ, тэд хоёрдугаар ангид орсон.. Нэг, хоёрдугаар ангитай байсан. Гэхдээ манай сургуулийн анхны төгсөгчид 2005 онд нэгдүгээр ангид авсан хүүхдүүд гэж явдаг.

-Яагаад тэр эцэг эхчүүд таныг сургууль байгуул гээд байсан юм бол?

-Ёстой мэдэхгүй. Гэхдээ би тэр үедээ, хүүхдүүдээ нэгдүгээр ангид байхад нь үнэхээр сэтгэл гаргаж ажиллаж байсан. Яг олимпиад уралдаан тэмцээн ид эхэлж байсан юм. Би тэр зургаа, долоон хүүхдийг өдөр бүр олимпиадад бэлтгэж байсан. Тэгэхдээ тэр хүүхдүүдтэй ажиллахын тулд эцэг эхчүүдтэйгээ бас сайн ойлголцох хэрэгтэй гэж үзээд ярилцсан. Танай хүүхдүүдэд хичээлийн дараа олимпиадын бэлтгэл орно, ачаалал нь нэмэгдэнэ. Зөвшөөрч байвал одоо ингээд олимпиадын бэлтгэл оръё гэсэн. Бүтэн жилийн турш би тэр хүүхдүүдтэйгээ ажилласан. Тэдгээр эцэг эхчүүд надад их итгэл өгсөн. Батбаяр багш ингэж хэлж байгаа юм чинь болох юм байна гэж итгэсэн юм шиг билээ.

ХҮҮХЭД БОЛГОН МАТЕМАТИКИЙГ СУРЧ ЧАДАХГҮЙ

-Соёмбо сургууль хүүхэд шилж авч элсүүлдэг юм чинь сайн байхаас яах вэ гэдэг яриа бий. Бас Соёмбын хүүхдүүд хайрцаглагдчихдаг гэж ярихыг ч сонсож байлаа..?

-Манай зарим математикийн том мэргэжилтнүүд өөрийн сургуулийн нэр хүндээ ч боддог юм уу заримдаа худлаа яриад байдаг. Одоо математикийг бүх хүүхэд чадна ч гэж байх шиг, тийм ээ. Үгүй. Математикийг сэтгэдэг, сэтгэлгээний  хурдтай, сэтгэхүй сайтай хүүхэд л сурч чадна, бүх хүүхэд чадахгүй. Тийм учраас хэрвээ энэ сургуулиар үнэхээр яг математикаар суурь тавиулъя гэж бодож байгаа бол тодорхой хэмжээгээр математик бодох чадвартай, өгөгдөлтэй, чадамжтай хүүхэд байх хэрэгтэй. Хүүхэд болгон өөр. Зарим хүүхэд төрөлхийн удаан тайван байдаг, жишээ нь хоол идэж байхдаа ч юм уу аажуу  байх нь бий. Хэн дуртай нь тэр хүний төрөлх өгөгдлийг, тэр үйл ажиллагааг, хурдыг эвдээд байж чадахгүй, насанд хүрсэн хойноо ч тэр аажуу хэвээрээ л байдаг. Математик бодонгуут л хичээлүүд нь хүүхдийн төрөлх байдлыг тэгж хурдан эвдэнэ гэж байхгүй. Тэгэхээр угаасаа математик суурьтай дээр нь сонирхолтой хүүхдүүд байгаа бол тэрийг бид тусгайлан хөгжүүлээд явъя гэдэг бодол бүр улсын сургуульд багшилж байх үед л надад төрсөн юм. Улсын, хувийн аль ч сургуульд багшилж байхад анги дотор хоёр, гурван шоволзоод байдаг хүүхэд байдаг. Юу ч өгсөн хийгээд л байдаг. Анги дотор үймүүлээд л тэгээд л өгсөн юмыг шууд гялалзуулж хаячихаад байдаг. Би сургуулийнхаа хүүхдүүдээс бүр айхтар нарийн шалгалт аваад байгаа хэрэг биш, тэгж чадах ч үгүй. Гэхдээ ерөнхийдөө сэтгэлгээний хурдыг нь бол хардаг. Тэгэхгүй бол хүний хүүхдийг чадаж байна гэж худлаа яриад л, цаана нь эцэг эх нь ч хүүхдээ бусадтай адилхан чадуулах гээд л гэр бүл дотор янз бүрийн зөрчил үүсээд байдаг. Аль ч талыг нь харсан хүүхдүүдээ тодорхой хэмжээний шалгууртай авах ёстой юм байна гэж бодсон.

-Соёмбо сургуульд орохоор өрсөлдөх хүүхдийн тоо улам их болсон байна лээ. Та нэг биш хоёр анги авахаар яагаад байдаг юм бэ. Ашиг талаасаа харах юм бол хэрэгтэй баймаар санагдах юм…?

-Хоёр бүлэг авч болно л доо. Гэхдээ нэгдүгээрт, энэ бас санхүүтэй холбоотой. Энэ зөвхөн дуран дээрээ явж байгаа нэг багшийн сэтгэлийн дуудлагаараа хийж байгаа ажил шүү дээ. Газар аваад сургууль байгуулаад байх тийм хөрөнгө ч байхгүй. Хоёрт, сонгож авч байгаа хүүхдүүдийг тэгж хавтгайруулаад байж болохгүй. Ерөөсөө ямар нэгэн шалгуур тавихгүй юм бол яг жинхэнэ математик, гүнзгийрсэн сургалт мөн үү, биш үү. Бүх хүүхдүүдийг авчихаад л энэ хөтөлбөрийг чи заавал эзэмших ёстой гэж тулган хүлээлгээд байж болохгүй л гэж үздэг. Би ер нь хүүхдийг хичээлээр айлгаж дарамтлахын эсрэг байдаг хүн. Эцэг эхчүүдийг ч битгий тийм байгаарай гэж шаарддаг. Манай монголчууд чинь тэдний хүүхэд тэр сургуульд явдаг, манай хүүхэд тэнд явах ёстой гэх нь ч байна. Хүүхдийнхээ өмнөөс эцэг эхчүүд өөрсдөө шийдвэр гаргаад байдаг. Сурах гэж байгаа хүнээ хэн билээ, ямар билээ, манай хүүхэд ямар вэ гэдгийг бодохгүй. Манай найзын хүүхэд сурдаг, сайн гэсэн, тэнд сур гээд л шууд сургаар оруулах гээд байдаг. Тэгж болохгүй л гэж би хэлдэг

-Та хүүхдийг дарамтлахын эсрэг гэлээ. Гэтэл Соёмбо сургуулийг хичээлээр их дардаг гэж хүмүүс боддог…?

-Энэ чинь шал өөр юм л даа. Хүүхдэд ачаалал өгөөд байна гэж ярьж байгаа юм. Ачаалал гэдэг юм хоёр талтай, хуваарьт таарсан л байх ёстой. Жишээ нь, нэг хүүхдийн тухайн өдөр даалгавраа гүйцэтгэх дундаж хугацаанд таарсан юм өгч чадаж байна уу, үгүй юу л гэдэг асуудал байгаа. Тэрнээс нь давчих юм бол ёстой  ачаалал хэтэрсэн гэж хэлж болно. Өдөрт тэр хүүхдийн өөрийнх нь чадварт тохирсон  даалгаврыг тодорхой хугацаанд өгсөн тохиолдолд тэр бол ачаалал биш, харин яг тухайн хүүхдийг хөгжүүлэхэд зориулсан боломжтой даалгавар. Соёмбо сургууль ийм тийм гэх яриаг хүүхдээ оруулж чадаагүй хүмүүс бас ярьдаг. Тэрийг нь би зарим эцэг эхчүүдэд шулуухан хэлдэг. Танай хүүхэд манай сургуульд орох юм бол ачаалал нь их, гүйцэхгүй гэдэг. Эцэг эхчүүд та манай хүүхдийг тэнэг гэлээ,  манай гэр бүлийг оюуны чадамжгүй гэж байна гэж их эмзэг хүлээж аваад байдаг юм. Гэхдээ тэгж үнэнийг хэлэхгүй бол нэгдүгээрт хүүхэд хохирно. Зүгээр л төлбөр аваад л ерөөсөө чадна, сургана гээд байж болохгүй. Би хүүхэд хохироохгүй л гэж боддог.

-Хамгийн эрэлттэй сургуулийн нэгд Соёмбо ордог. Мөнгө төгрөг өгөөд ч юм уу ямар ч аргаар хамаагүй танайд сургуульд оруулчих хүсэлтэй хүмүүс зөндөө бий. Танд хандаж байсан тохиолдол бий юу?

-Хүүхэд нь манай сургууль төгссөн эцэг эхчүүд үүнийг маш сайн мэддэг. Тийм ч учраас тэд ерөөсөө надад тэгж ханддаггүй шүү. Батбаяр багш аа, та манай тэр энийг гэж ярьсан хүн ганц нэг л байсан. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхэд нь сургуулийг сураад төгссөн учир ямар байдгийг  сайн мэдэж байна ш дээ. Тийм болохоор эцэг эхчүүд  сайн ойлгодог юм байна гэж би боддог.

БҮХ ХҮҮХДЭДЭЭ МОНГОЛ ХЭЛИЙГ ТУН САЙН СУРГАХЫГ ХИЧЭЭДЭГ

-Соёмбо сургууль математикаас гадна монгол хэлний суурийг маш сайн тавьдаг. Тоо, монгол хэл хоёрын хооронд ямар уялдаа холбоо байна вэ. Монгол хэлдээ сайн байж л хүүхэд тоо сайн боддог юм шиг харагдаад байдаг, үнэн үү?

-Тийм. Тэр бол ёстой үнэн. Тийм ч учраас манайх бүх хүүхдэдээ монгол хэлийг тун сайн сургахыг хичээдэг. Манай хүүхдүүд монгол хэлний олимпиад, уралдаан тэмцээнд ч маш сайн оролцдог. Монгол хэлийг ч, математикийг ч багш нар дагнаад зааж байна. Энэ нь бас багш яг хичээлээ сайн бэлдэхэд нөлөөлнө гэж үзэж байгаа. Багш бол хүн л юм чинь бүх зүйлд супер байна гэж үгүй ш дээ. Нэг хичээлээ ингэж дагнаж зааж бэлтгэх нь хичээлийн чанарт маш их нөлөөлдөг. Тиймээс монгол хэлээ яг математиктайгаа эн тэнцүү авч явахыг хичээдэг. Би өөрөө ч шалгалтын сэдэв боловсруулахдаа монгол хэлний болон тооны сэдвээ онцгойлон анхаардаг. Тэгэхгүй бол өгүүлбэртэй бодлогын үгийг ойлгодоггүй гэдэг чинь үнэн шүү дээ. Бодлогын яг тэр шинжлэх ухааны үг хэллэг, нөхцөлүүдийн хоорондын уялдааг хүүхдүүд ойлгохгүй байгаа байхгүй юу. Тийм болохоор л бодлогоо бодож чадахгүй байна гээд байгаа нь ортой. Хэрвээ үнэхээр тоондоо сайн байя л гэвэл монгол хэлээ яг зэрэгцүүлж авч явж, сайн байх хэрэгтэй.

-Танай сургууль хэдэн багштай вэ. Та яаж багш нараа шилж олдог юм. Чин сэтгэл дүүрэн хүмүүс шиг санагддаг?

-Манай сургууль 13 багштай, ёстой тогтвортой ажилласан хүмүүс. Одоо надтай ажиллаж байгаа багш нар чинь бараг сургуулиа төгсөөд л нэг зэрэг шахуу орж ирсэн юм. Тав, зургаан залуу багш нар хорь шахам жил багшилсан, нэг нь ч гараагүй, ингээд ажиллаж байгаа.

Би өөрөө удирдах тал дээр айхтар туршлагатай хүн биш, багш нарыг хичээлээ заахдаа янз бүрийн юм ашиглах, турших эрх чөлөөг маш их дэмждэг. Зарим  сургуулиуд багшийнхаа хичээлийг хянаад л, хичээл дундуур нь орж суугаад л дураараа юм яриад байдаг тал ажиглагддаг. Багш хичээл зааж байхад би дундуур нь ерөөсөө ордоггүй, тэр хичээлийг яг өөрөө л эзэн нь болж заах ёстой гэж хэлдэг. Багш нараа шилж олох гэхээсээ илүү сургаад авчихдаг, өөрөө ч давхар сурна. Манайх сар болгон хүүхдүүдэсээ шалгалт авдаг. Тэрэн дээр яг мэргэжлийн талаас нь энэ бодлогыг ингэж заавал зүгээр, хүүхдүүдэд шалгалт дээр ингэж тавивал зөв, ингэвэл яг хүүхдийн чадварыг харна, харин тэгвэл зүгээр мэдлэгийг нь л шалгана гэх мэтээр ярилцдаг. Нэг, хоёрдугаар ангийн сурах бичгүүдээ би өөрөө гаргасан. Багш нар маань та гуравдугаар ангийн сурах бичгээ гаргах хэрэгтэй байна гээд сая таныг орж ирэхэд түүнээ ахиулах гээд сууж байлаа.

ОЮУН САНААГААР ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЭХГҮЙ БАЙХ ЁСТОЙ

-Хүүхдээ авахдаа шалгалтын дүнгээс гадна өөр юуг хардаг вэ?  

-Ангийн 25 хүүхэд шал өөр байдаг. Сургалтад явсны дараа өөрчлөгдөнө ш дээ. Мэдрэмжээрээ ч юм уу энэ хүүхэд манай сургалтыг даваад гарчих юм байна даа гэсэн бодол төрдөг. Хаврын сарын бэлтгэлээ би өөрөө заадаг, хүүхдүүдээ, эцэг эхчүүдийг ч сайн ажигладаг. Зүгээр цүнхийг нь үүрч гүйгээд байна уу, цүнхэн доторх юмтай нь ажиллаад байна уу, хүүхэдтэйгээ яаж харилцаж байна гэдгийг хардаг. 25 хүүхэд дотор шалгарсан зарим хүүхдийг би авахгүй гэдэг. Зарим хүүхдийг 4-5 наснаас нь сургалтад явуулчихдаг. Хоёр, гурван жил бэлдсэн хүүхдийг дөнгөж эхэлж байгаа хүүхэдтэй яаж харьцуулах юм бэ. Ядаж л тэр хүүхэд чинь суугаад сурсан, юмны наана цааныг ойлгочихдог байна. Ийм хүүхдүүдийг харьцуулж, зөвхөн ганцхан шалгалтаар хэмжиж болдоггүй. Эцэг эхэд нь хэлэхээр манай хүүхэд 25-д тэнцээд дүрэм журмыг биелүүлчихээд байхад та яагаад авдаггүй юм бэ гэдэг. Тэд манай тэнцсэн хүүхдийг авдаггүй, өөрийн арын хаалганы хүүхдээ авсан байна лээ гэх мэт  яриа гаргадаг.

-Дүрэм гэж байгаа учир тэр эцэг эхчүүд гомдол гаргах уу?

-Гаргана аа. Манай сургууль дээр Шударга өрсөлдөөний газраас хоёр ч удаа хүмүүс ирж шалгасан. Би үнэнээ л хэлсэн. Төлбөрөө бодвол би авчихна. Энэ хүүхэд манай сургуульд орохоор хичээлдээ дургүй болох, хөтөлбөрийг давахгүй ч юм уу байдал үүсвэл эцэг эх тэрийг хариуцахгүй, би л хариуцна ш дээ. Тийм учраас би тэрийг нь бодож энэ хүүхдийг авахгүй гэж байгаа юм гэдэг.

-Гэхдээ та хариуцлагаас айхаас илүү тэр хүүхдийг бас хайрлаад байгаа юм биш үү?

-Тийм. Хэдийгээр манайхыг хэцүү, тоогоор нүддэг гэж зарим хүмүүс яриад байгаа ч миний хамгийн гол барьдаг зарчим бол оюун санаагаар хүүхдийг хүчирхийлэхгүй байх ёстой.

-Олон сар, жилээр бэлдэж байгаагийн нөгөө талд үсэг, тоо ч сураагүй хүүхэд орж ирээд сарын дотор зэрэгцэнэ гэдэг хэцүү. Гэтэл тэр хүүхэд үнэхээр авьяастай байвал тэрийг яаж ялгаж олж хардаг юм?

-Энийг ялгах гэж л би өөрөө хавар болгон нэг сарын бэлтгэлээ ордог. Өөр багш оруулвал болно ш дээ, хүүхдээ таних гэж л өөрөө ордог. Сая нэгдүгээр ангидаа  уншиж чадахгүй хүүхэд авчихсан. Ерөнхийдөө бэлтгэлийн хэмжээнд дажгүй болсон ч тэр олон сар бэлдсэн хүүхдүүдтэй харьцуулахад болоогүй байгаа. Энэ хүүхдийг би авна аа л гэсэн, алдаагүй нь одоо харагдаж л байна. Эцэг эхийг бас маш сайн харна.

-Эцэг эхчүүд ямар байвал хүүхэд нь сайн байдаг юм?

-Сурагчид тарах үеэр би ингээд хараад байж байдаг юм. Хичээлийн бусад үед ч гэсэн харилцаад л явна. Тарлаа гэхэд шууд цүнхийг нь шүүрээд л хам хум аваад гардаг эцэг эх ч бий. Өнөөдөр миний охин яав, чадахгүй юм гарав уу, багшаасаа юм асууж чадав уу гээд ярилцаад явдаг нь ч бий. Хэдэн арван хоног чив чимээгүй явж байснаа гэнэтхэн давхиж яваад манай хүүхэд яаж байна гэдэг нь ч байгаа. Эндээс яг энэ хүүхэд манай сургуульд орлоо гэхэд эцэг эх хариуцлагатай байж чадах нь уу гэдгийг л харна. Сая манай тэр нэгдүгээр ангид орсон хүүхдийн ээж нь байнга маш сайн анхаардаг, миний хүүдээ ингэж хэлсэн нь зөв үү, хэтэрхий шахалт үзүүлчихээгүй байгаа гэх мэтээр зөвлөнө. Тэндээс би энэ хүүхдийг авчихсан байхад ээж нь ямар ч байсан хариуцлагатай хандаад, харилцаад, зөвлөөд хүүхдээ дэмжээд явахад болох юм байна аа гэж бодсон.

ХҮҮХЭД БҮР ӨӨР. ЗАРИМ ХҮҮХЭД ЦААНААС НЬ БҮР ЮМ НЭХЭЭД БАЙНА Ш ДЭЭ, СЭТГЭХҮЙ НЬ

-Хүүхдүүдийг хүүхэд насанд нь байлгах тухай асуудал их ярьдаг болж. Бага ангийн олимпиадыг больё, хүүхдийг бараг дарамталж байна л гэх юм. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Ерөөсөө хүүхэд бүтээлч даалгавар хийж байж бүтээлчээр сэтгэнэ. Манай сургуульд нэг хүүхэд шилжиж ирлээ. Сэтгэхүй нь хайрцаглагдчихсан байгаа байхгүй юу. Улсын сургууль жишээ нь хавар дөрвөн сард үсэглэлийн баяраа хийдэг. Тэр болтол хүүхэд үсгээ үзээд л яваад байна. Хүүхдийн сэдвийг яг ямар хайрцагт барьж байна, тэрүүгээр л байдаг юм байна лээ. Би мэдээж тэр хүүхдэд хичээл заахын тулд юу мэдэж байна, юу мэдэхгүй байна гээд шалгалт авна. Тэгэнгүүт мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг байгаа байхгүй юу. Манайд ирээд нэг жил болоход шал өөр болоод бусад хүүхдийг гүйцээд явчихаж байгаа юм. Тэгэхээр хүүхдийг бодвол энэ бага юм, одоо ачаалал нь хэтэрнэ, хүүхэд нас нь өнгөрчихлөө, хичээлээр дараад байх хэрэггүй гэдэг бол өрөөсгөл ойлголт гэж би бодож байгаа. Хүүхдийн сэтгэхүйн хөгжил нь өөрчлөгдөөд, явагдаад байна. Тэрийг яагаад ингээд хөгжүүлэхгүй нэг хайрцагт  бариад байгаа юм. Амраая, хүүхэд насанд нь байлгая, гэрийн даалгавар төдөн цаг хийх ёстой гээд зарлаад байгаа шүү дээ. Тийм, тэрнээс илүү даалгавар өгч болохгүй. Гэтэл хүүхэд болгон адилгүй шүү дээ. Нэг хүүхэд тийм байж болно, гэтэл нөгөө хүүхэд цаанаас нь бүр юм нэхээд байна ш дээ, сэтгэхүй нь. Бага ангийн олимпиадыг ер нь хориглочихсон. Ганц тавдугаар ангид л болж байгаа. Үгүй, яах вэ, тэр бол нийтэд л зориулж байгаа юм шүү дээ.

-Гэхдээ бага ангийн олимпиад байснаараа Олон улсын математикийн олимпиадын энэ том амжилтуудын суурь болсон гэж хардаг…

-Тийм. Хаяанд байгаа энэ хоёр том хөршийн хүүхдүүдээ хар л даа. Бид бас хэдэн жил хүүхдүүдээ аваад гадагшаа олимпиадад явж байна. Өөр орны багш нартай уулзаж, мэдээлэл солилцож байна. Тэр улсууд чинь хүүхдүүдээ бэлдэж л байна шүү дээ. Хятадад гэхэд л олимпиад чинь ерөнхийдөө бараг клубын хэмжээнд орчихсон юм байна лээ.

-Та математикийн авьяасгүй, бүүр огт авьяасгүй нь ч юу юм, тааруу хүүхдэд хичээл заагаад математикт сайн болгож чадах уу?

-Үгүй, математикт сайн болгож чадахгүй. Математик чадахгүй хүүхэд гэж байхгүй л гээд байгаа юм. Үгүй, байгаа. Ингээд хэлчихээр манай хүүхдийг бүр тоо бодож чадахгүй гэлээ гээд эмзэг хүлээж аваад уурлаад байдаг. Үгүй ээ, математик  сэтгэлгээ талаас нь яривал бүр өөр. Зүгээр манай хүүхэд жирийн стандарт юмыг хийчих үү гэвэл нэг өөр. Стандарт юмыг бол хүн болгон чадна. Харин  гүнзгийрүүлж судлах, математик сэтгэлгээ гэдэг талаас ярих юм бол шал өөр. Тэрийг бол хүүхэд болгон чадахгүй.

ХӨТӨЛБӨР, СУРАХ БИЧИГ СОЛИГДОХ БОЛГОНД МАТЕМАТИКИЙН ТҮВШИНГ БУУЛГАЖ БАЙНА

-Стандарт математикийн хувьд ч гэсэн хүмүүс маш хэцүү гэж ойлгодог. Манай энэ чадахгүй, математикаар явахгүй л гээд байдаг, хүүхдээ. Та бол  доктор хүн, өөрөө ийм туршлагатай багш. Эцэг эх нь яаж ажиллах ёстой вэ?

-Энэ бас зарим зүйлтэй холбоотой. Манайх Боловсролын нэг сайд солигдоход л хөтөлбөрөө ч, сурах бичгээ ч сольж байна. Шинэ юм хийх хэрэгтэй болж харагдах гээд янз бүрийн юм сэддэг. Гэтэл сурах бичиг хөтөлбөр нь муу юм уу гэвэл үгүй, боломжийн. Манайх багшийн заах арга барил, хандлага дээр л одоо бүр туйлын сайн анхаармаар байгаа юм. Багшийнхаа ажилд чин сэтгэлээсээ хандаж байна уу, үгүй юу. Хичээлийн заах аргаа үнэхээр сайн бэлдэж чадаж байна уу. Ердөө энэ л шүү дээ. Манай хүүхэд ерөөсөө тоондоо муу, ойлгодоггүй гэдэг чинь бас багштай, заах аргатай нь л холбоотой. Тэгэхээр манайх багшийнхаа заах арга, хандлага хоёроо эн тэргүүнд тавих хэрэгтэй. Сурах бичиг, хөтөлбөр солигдох болгонд л математикийн түвшинг нь доош нь буулгаад л байгаа. Яагаад тэр хөтөлбөр нь ч, сурах бичиг нь түвшин нь ингээд доошоо буугаад байхад ч хүүхдүүд ойлгохгүй байгаа юм. Энэ багшийн заах аргатай л холбоотой.

-Та бол математикийн хөтөлбөрийн түвшинг буулгах шаардлагагүй гэж үздэг юм байна, тийм үү?

-Тэгэх хэрэггүй байхгүй юу. Манайд бас нэг ийм юм байна. Гадны орноос төсөл орж ирэнгүүт тэрийг хэрэгжүүлээд мөнгийг хадгалж байхын тулд, төслийг цааш нь үргэлжлүүлэхийн тулд ийм хөтөлбөрт тийм юм оруулбал зүгээр байна гэдэг. Тэгээд манай Монголд энэ төсөл амжилттай хэрэгжлээ гэнгүүтээ тэр дагуу нэг юм сургалт дээр нэмж орж ирж байдаг.

-Тэр төсөл дагаж мөнгө л орж ирнэ үү гэхээс хүүхдэд хэрэгтэй юм уу. Тогтчихсон стандарт, судалгаа байна уу?

-Үгүй, тэгээд нөгөө мөнгөө цааш нь үргэлжлүүлж авахын тулд л энэ болж байна гэдэг.  Манай багш нар ч бас яг үнэнийг хэлдэггүй. Энэ сурах бичиг хөтөлбөрийг яагаад өөрчлөөд байгаа нь тодорхой байх ёстой биз дээ, багш нарт, эцэг эхчүүдэд. Яагаад хөтөлбөр, сурах бичиг солиод байгаа нь тодорхой бус. Сурах бичгийн түвшин доошлоод байгаа нь одоо юун дээр эхэлж байна вэ гэхээр сайдын хэлж буйгаар дасгал ажлын дэвтэртэй болох юм шиг байгаа юм. Дэвтэр дээрээ бодох юм байхгүй, дасгал ажлын дэвтэр дээрээ хийгээд болоо, гэрийн даалгавар байхгүй. Анги дээрээ тэр дасгал ажлынхаа юмыг хийлээ, аваад явлаа, тэгээд л болоо.

-Манайх шинэ хөтөлбөрүүд эхэлдэг, боловсролын салбарт. Бага ангид авчихангуут 12 дугаар анги хүртэл түүгээрээ сурч чадаж байна уу. Нэг юм аваад л нэг хэсэг яваад л нөгөө юм аваад байвал утгагүй л дээ. Цогц байж чадаж байна уу?

-Гадны хэд хэдэн хөтөлбөрийг Монгол оронд туршиж үзсэн л гээд байгаа юм. Үр дүнтэй байсан, иймээс энэ хөтөлбөрийг Монголын бүх сургууль хэрэгжүүлнэ гээд л. Маш олон юм ингэж сэдээд үр дүнг нь сайн үзээгүй байж, дахиад л нэг юм  гаргаад ирдэг. Нэг сайд гарч ирээд л Авьяас хөтөлбөр гээд л пижигнүүлж байтал дараагийнх нь гарч ирээд тэр хөтөлбөр нь байхгүй будаа, одоо ном хөтлөөрэй гээд л...

-Хөтөлбөрийн талаар багш нар та нараас санал авдаг юм уу?

-Мэдэхгүй. Би лав тийм юм хараагүй, тийм зүйл байвал нийтэд дэлгэх хэрэгтэй шүү дээ. Монголын тэдэн багшаас санал авахад хөтөлбөр болохгүй байна гэж байгаа нь төдөн хувь байна, тиймээс хөтөлбөрөө сольж байна гэдэг тийм юм байхгүй. Ерөөсөө л нэг хүн гарч ирээд ийм нэг шинэ юм хийж байна гээд л байгаа зүйл харагдаад байна.

СУРГАЛТЫН ПРАКТИКААР НОТЛОГДСОН АЖЛААРАА ДОКТОР ХАМГААЛСАН

-Таны докторын сэдэв чинь Бага ангийн математикийн стандарт бус бодлого, түүний арга зүйн шийдэл. Практик дээр одоо бүтэн хэрэгжүүлчихсэн сэдвээ авчихсан, тийм үү?

-Тийм, энэ бол яг манай сургалтын практикаар нотлогдсон ажил. Нэлээд хэдэн жил ажилласан. Миний түрүүний хэлдэг бүтээлч сэтгэлгээ гэдгийг манайхан урлаг, уран сайхнаар ойлгоод байдаг. Багшийн их сургуулийн нэг профессор “Математикийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ гэж ер нь юу байдаг юм, тийм юм байхгүй.” гэж  шүүмжилж байна лээ. Би түрүүн хэлсэн. Бүтээлч даалгавар хийж байж хүүхдийн бүтээлч сэтгэлгээ хөгжинө. Энгийн стандартаар ингэж яваад л байх юм бол яг тэр хайрцагтаа л байна. Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг үнэхээр хөгжүүлэх юм болбол тэр хайрцагнаасаа гарч чадна л гэж яриад байгаа юм.

-Таныг сайхан ааштай, хүүхдүүдэд таалагддаг зөөлөн хүн юм байна гэж хардаг. Сантад байхдаа нэлээд хатуу, ааштай багш байсан гэдэг нь үнэн үү?

-Залуу байхад зоригтой, зүрхтэй, бас жаахан тийм аагтай ч байдаг. Ер нь хүн болгон л тийм байдаг биз. Яваандаа хүн өөрчлөгддөг. Хатуу байсан нь бол үнэн. Тэр үе бол яг жинхэнэ математикийн олимпиадын ид үе байсан. Хатуу биш, нялцгай байвал хүүхдүүд амжилт гаргаж чадах ч үгүй байсан. Өрсөлдөөн маш ширүүн, долоо хоног бүр олимпиад болдог байлаа. Тэгэхээр хэн илүү хөдөлмөрлөсан нь давдаг байсан юм чинь хатуу байхаас өөр арга байгаагүй.  

-Та хүүхдүүдийнхээ амжилтаас бахархаад ярьж өгөөч?

-Маш олон мундаг хүүхэд бий. Олон улсын математикийн олимпиадаас алтан медаль авсан О.Мишээл, А.Нямдаваа нараа онцлон нэрлэе дээ. Яг л бусад хүүхдүүд шиг бэлтгэлд сарын хугацаанд суулгаад л энэ хүүхэд манай сургуульд болох юм байна, даваад гарах юм байна гээд л авч байсан. Өөр бас чанар ч бий. Мишээл онол үзээгүй мөртлөө онол ашиглаж боддог бодлогыг бага ангид байхдаа бодчихсон. Батцэнгэл багш яаж энийг ингээд олчихоо вэ гэж гайхаж л байсан юм. Нямдаваа ч бас их авьяастай хүүхэд. Олон улсын математикийн олимпиадын алтан медалийг хэрийн хүүхэд авахгүй.

-Математикийн хүүхэд бусдаас өөр байдаг гээд байдаг, та нийтлэг хэв шинжийг нь яаж хардаг вэ?

-Шууд хэлэх юм алга. Гэхдээ ямар нэг зүйлийг рациональ байдлаар хардаг юм математикийн хүүхдүүдэд ажиглагддаг. Ямар ч асуудалд яаралгүй рациональ байдлаар ханддаг нь математикийн хүний бас нэг шинж юм байна гэж би ойлгосон.

СУУЖ СУРГАХ, ХАЙРЦАГЛААГҮЙ СЭТГЭЛГЭЭТЭЙ БОЛГОХ Л СУРГУУЛЬДАА БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

-Та яагаад Соёмбоо дунд сургууль болгодоггүй юм бэ?

-Хавар төгсөлт болгоноор л цаашаа ингээд суралцуулах сонирхолтой байна гэж эцэг эхчүүд ярьдаг. Би суурийг нь сайн тавьчихсан байх юм бол цаашаа суралцах боломжтой гэдэг. Хүүхдийн суурийг сайн тавих ёстой. Дунд ангийн багш нар яг бага ангийнхтай адилхан өдөр тутам даалгавраа хийсэн үү, чи энийгээ засаарай, тэрийгээ тэг гэдэггүй. Ерөнхийдөө сууриа сайн авчихсан хүүхэд багш ямар байхаас үл хамааран өөрөө шууд суралцаад явчихдаг.

-Зургаан настай хүүхдийг математикт авьяастай, дуртайг яаж мэдэх вэ. Хүүхдээ буруу чиглүүлчихэж бас болно шүү дээ?

-Үгүй, тэрийг бас яг нарийн мэдэх боломжгүй юм байна лээ. Манай сургуульд математиктаа сайн байсан хүү дунд ангид ороод математикийг бүр тоохоо больсон. Газар зүй биологи, сонирхоод эхэлсэн. Ээж нь багш аа, манайд ирээд хананд байгаа юмнуудыг хар даа гэсэн юм. Шавжны цуглуулга, ургамал дүүрэн. Би “За үнэнээ л хэлье. Бага ангид байхдаа үнэхээр тоондоо мундаг байсан, тэгээд бид тоондоо сайн хүн болно гэж ойлгож байгаа юм. Гэтэл хүү чинь өөрийн дуртай юмыг ингээд сонгочихсон байна. Та хоёр нөгөө сайхан суурь байхгүй боллоо гэхээ боль. Одоо тийм юм ярихаараа л толгой дотроос чинь тэр гарахгүй, хайрцаглагдчихаж байгаа. Ерөөсөө хүүгийнхээ энэ сонгосон юмыг сонирхоод л тэрийг нь дэмжээд л яв." гэж хэлсэн.

-Соёмбо математикаас гадна хүүхдийн суурь боловсролыг маш сайн тавьдаг гээд эцэг эхчүүд ярьдаг. Үүний гол нууц нь юундаа байна. Таны сургуульдаа баримталдаг гол зарчим юу вэ?

-Эцэг эхчүүд зарим нь хүүхдээ 1, 11 дүгээр сургуулиудад оруулах, математикт сайн болгох гэж оруулах нь бий. Гэхдээ ер нь олонх нь хүүхдийнхээ суурийг нь сайн тавиулж авах гэсэн юм. Цаашаа аль сургуульд орох нь сонин биш, сууриа тавиад авчих юм бол цаашаа суралцах боломжтой гэж өгч байгаа юм шүү, багш аа гэдэг.

Сургуульдаа баримталдаг зарчим... Зөвхөн хэсэг сайн хүүхдүүдийг шалгаж аваад, тэрийгээ нүдэж байгаад нэр хүнд олж авдаг гэдэг. Олимпиадад манай хүүхдүүд амжилт гаргадаг. Би тэр амжилт бүрийг эцэг эхчүүдийн дунд толгой дараалан яриад л, хэвлэлд мэдээлээд, олимпиадад ороод төчнөөн медаль аваад тэгсэн ингэсэн гээд байх хэрэггүй л гэж боддог юм. Хамгийн гол нь манай сургуулийг төгссөн хүүхдүүдэд хоёр л давуу тал байх ёстой. Нэгд, хүүхэд суугаад сурчихсан байх хэрэгтэй. Сууж сурна гэдэг бол тэр хүүхдийг насан туршид дагаж явдаг зуршил. Математик хүнийг хүссэн хүсээгүй сууж сургадаг. Хоёрт, хүүхэд хайрцаглаагүй сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Энэ яагаад ингэж болдог юм гээд нөгөө талаас нь бас боддог эргэцүүлдэг байх хэрэгтэй. Би багш нартаа манайх ийм л зорилготой, тэрнээс биш олимпиадын хүүхэд бэлдэж байгаа юм биш гэж хэлдэг л дээ.  

-Танд асуусан асуулт бүрт минь дэлгэрэнгүй хариулсанд маш их баярлалаа. Танай сургуулийн хамт олны хүүхдийг сургах, хүмүүжүүлэх ариун үйлсэд амжилт хүсье.

                                                                                                        Р.ГАНПҮРЭВ 


0
angry
7
care
1
haha
7
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.154
2024/11/24
0
0
Хүүхэд маань сургуульд ирэх жил орно. Ихээхэн мэдлэг мэдээлэл өглөө. Баярлалаа. Суурь боловсрол нилээн түлхүү өгдөг сургууль юм бна. Очиж танилцанаа. хүүхэд тохирох уу, хүүхдээ явуулахад тохиромжтой сургууль бна уу зэрэгтэй танилцанаа. Батбаяр багшаа сургуулийн хөтөлбөрт гар бие оролцож, цогц хөтөлбөрөөр явуулахад өөрийн үзэл бодлоо хэлж, хамтарч ажиллаасай гэж хүсье. МУ-ын хүүхдүүдийн ирээдүй шүү. Таны бас нэгэн үүрэг. Үүнд анхаарч, ажил хийгээрэй гэж хүсье. Төсөл хөтөлбөрүүд, сайд бүр солигдох зэрэгт өөрчлөгддөг зүйлд хүүхдүүд хохирч бгаад бодож анхаарай гэж чин сэтгэлээсээ хүсье. Баярлалаа. Хүсэлтийг минь Батбаяр багшид дамжуулж өгнө гэж итгэж байна.
Хариулах
59.153.112.99
2024/11/24
0
0
Та Соёмбо сургулуийг сонголоо гэж бодлоо гэхэд тийм ч амар орохгүй л байхдаа. Сургуулийн гадаа бүртгүүлэх гэж доод тал нь 3 хонох шаардлагатай. Бэлтгэлд хамрагдсаны дараа шалгалтанд нь жинхэнэ авъяастай хүүхдүүд л тэнцэнэ. Хэцүү шүү дээ
Хариулах
211.36.136.187
2024/11/23
0
0
The best
Хариулах
203.91.115.54
2024/11/22
1
1
"Соёмбо " маш сайн сургууль шүү.Хамт олонд нь ажлын амжилт хүсэн ерөөе.
Хариулах
Шинэ мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТАГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР … 4 цагийн өмнө
ОРОН НУТАГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗЭЭЛИЙН ЗАРЦУУЛАЛТАД ХЯНАЛ… 12 цагийн өмнө
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ИЛ УУРХАЙН ЭМУЛЬСИЙН ТЭСРЭХ БОДИСЫН ШИНЭ ҮЙЛДВЭРИЙГ… 16 цагийн өмнө
АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖЭЭ 17 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН АХМАДЫН ХӨГЖЛИЙН ТӨВҮҮДИЙН ЭХНИЙХ НЬ ХӨВСГӨЛ… 21 цагийн өмнө
СОГТУУГААР ӨӨРТ НЬ ӨГСӨН КАРТЫГ АВЧ ЯВААД ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ Өчигдөр
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХҮДЭР БОЛОВСРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ 40 САЯ ТОННД ХҮРЧЭЭ Өчигдөр
УВС НУУРЫН ХОТГОР, МОНГОЛ-АЛТАЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРНО Өчигдөр
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХҮНД ДААЦЫН ШИНЭ АВТОМАШИНУУДААР УУЛЫН АЖИЛДАА ХҮЧ НЭМ… Өчигдөр
У.СҮРЭНЖАВ ҮНДЭСНИЙ ПАРАЛИМПЫН ХОРООНЫ 2024 ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧ… Өчигдөр
БНСУ ӨРШӨӨЛИЙН АЯНАА ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30-Н ХҮРТЭЛ СУНГАЖЭЭ 2024/12/15
ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2024/12/15
БНСУ-ААС ДАРАЛТ, ЧИХРИЙН ШИНЖИН, ЦУС ШИНГЭЛЭХ, МӨӨГӨНЦРИЙН ЭСРЭГ 5 НЭР… 2024/12/14
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ЮН СОК ЁЛИЙГ ОГЦРУУЛАХ ШИЙДВЭР … 2024/12/14
ДАРХАДЫН ХОТГОР, ЗАВХАН ГОЛЫН ЭХ, ХҮРЭНБЭЛЧИР ОРЧИМ, ИДЭР, ТЭС ГОЛЫН Х… 2024/12/14
ТӨР, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН Ж.САМБУУГИЙН МЭНДЭЛСНИЙ 130 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛ… 2024/12/14
ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2024/12/14
М.АНХЦЭЦЭГ ОГЦОМ ӨРГӨЛТӨӨР 116 КГ ӨРГӨЖ, ДЭЛХИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛ… 2024/12/13
ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН ДАМ НӨЛӨӨ, ТӨСВИЙН Т… 2024/12/13
ТӨРИЙН ИЖИЛ ТӨСТЭЙ, ИРГЭД АВДАГГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ ЦӨӨЛНӨ 2024/12/13
Их Уншсан
17 НАСТАЙ Т.АРИУНЗАЯА ЯПОНЫ АЛДАРТАЙ БӨХ М.ТАМАОКИГ ЯЛЖ, ТОКИОГИЙН ИХ … 2024/12/07
Д.ХАШ-ЭРДЭНЭ: ЯПОН ТАЙЛБАРЛАГЧИД Т.АРИУНЗАЯА ОХИНЫ ТАЛААР ЮУ ГЭВ 2024/12/07
ЗАЛХУУ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ТУРААХ ДЭГЛЭМ 2024/12/09
MOON DANCE ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮР… 2024/12/08
ДАРХАДЫН ХОТГОР, ЗАВХАН ГОЛЫН ЭХ, ХҮРЭНБЭЛЧИР ОРЧИМ, ИДЭР, ТЭС ГОЛЫН Х… 2024/12/14
М.АНХЦЭЦЭГ ОГЦОМ ӨРГӨЛТӨӨР 116 КГ ӨРГӨЖ, ДЭЛХИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛ… 2024/12/13
ОЙ ТОГТООЛТЫН ТАМИРЧИД БАГААРАА ТҮРҮҮЛЖ, ЗУРГААН УДААГИЙН АВАРГА БАГ Б… 2024/12/09
2025 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ 2024/12/10
ИРЭХ САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 2024/12/11
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2024/12/07
МОНГОЛ ЭР ХҮН БҮР ХААНЫ ЗЭРЭГТ СЭТГЭЖ ӨСДӨГ ТУЛ ДАЙСАНДАА ДИЙЛДДЭГГҮЙ 2024/12/06
ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ХАРЬЯАТ Б.БЭХБАТ УЛСЫН ТӨВИЙН БҮСИЙН АВАР… 2024/12/12
Б.БОЛДСАЙХАНЫГ ХҮНИЙ ЭРХИЙН ХҮНДЭТ ТЭМДГЭЭР ШАГНАЖЭЭ 2024/12/09
​Э.ҮҮРИЙНЦОЛМОН 2024 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, 14 НАСАНДАА ОЙ ТОГТООЛТЫ… 2024/12/09
ДОММАРАЖУ ГУКЕШ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЗАЛУУ ШАТРЫН АВАРГА БОЛЛОО 2024/12/12