Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Лхагвын Данзанноровтой уулзаж, хүний эрх, өмгөөлөгчийн ажил, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа зэрэг өргөн хүрээтэй сэдвээр ярилцав.
-Таныг Оросод тэтгэлгээр суралцах ганц хуваарьт 1998 онд тэнцээд Кубанийн их сургуульд сурсан. Төгсөхөд чинь аспирантурт урьсан ч яваагүй, орон нутгаас өмгөөллийн гараагаа эхэлсэн гэдэг. Яагаад ингэв гэдгээс яриагаа эхлэх үү?
-Бага нас минь Дундговь аймагт өнгөрсөн. Дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн Хууль зүйн сургуульд орж, нэгдүгээр курсэд байхад Оросод тэтгэлгээр сурах сонгон шалгаруулалт зарлагдсан. Хуулийн ганц хуваарь байсанд тэнцээд Краснодар хотод Кубанийн их сургуульд суралцлаа. Төгсөөд Хууль зүйн яаманд таваас доошгүй жил ажиллана гэж гэрээ хийсэн ч ирэхэд орон тоо байхгүй, шаардлагатай бол дуудна гэсэн юм. Аав, ээж рүүгээ нутгаа зорилоо. Хүлээгээд байдаг, яамнаас яриагүй. Дипломын ажил маань сайн байсан учир аспирантурын урилга ирсэн, явах санаа байсаан.
-Аспирантурт урина гэхээр дипломын ажил чинь их л сайн байж дээ...
-Кубанийн Их сургуулийн Хуулийн сургууль, ялангуяа эрүүгийн эрх зүйн талдаа нэр хүндтэй.
“Онолын мэдлэг чухал ч практик дээр алдаж, онож илүү их зүйлийг сурдаг. Ажилд орвол яасан юм бэ” гэсэн аавынхаа зөвлөгөөг дагасан. Аймгийн шүүх, прокуророор ортол “Хэрэгтэй хүн байна, даанч орон тоо байхгүй.” гэлээ. Шийдвэр гүйцэтгэлд шинэ орон тоон дээр хэд хоногийн дараа орохоор тохироод гараад явж байтал аав “Энд өмгөөлөгчид байдаг, ороод гаръя.” гэсэн. Дандаа л гадуур ажилтай байдаг өмгөөлөгчид яагаад ч юм бүгдээрээ ажил дээрээ байж таарсан. Өмгөөлөгчийн туслахаар авъя гээд ширээ сандал гаргаж өгөөд л шууд суулгачихсан. Ингэж л өмгөөллийн салбарт хувь заяаны тохиолоор орсон. Өмгөөлөгчдийнхөө хэрэгтэй нь танилцана. Өмгөөллийн үг бичиж хэрэгт хавсаргадаг байлаа. Тэрийг уншина. Шүүх хурал, байцаалтад явсан үеэр нь хүмүүс ирвэл зөвлөгөө өгнө. Мэдэхгүй юм байвал “Маргааш ирээрэй.” гэж явуулаад хуулийн гарц, гаргалгааг судалдаг байлаа. Жилийн дараа шалгалт өгөөд өмгөөлөгчийн эрхээ авсан, эхний хэргүүддээ нэлээд амжилттай оролцлоо. Шүүх, прокурор “Орон тоо гарлаа, ир.” гэсэн ч өмгөөллөөрөө үр дүн гаргаад мэргэжлийнхээ амтанд орчихсон хүн чинь эргэж буцахыг хүсээгүй.
-Анх ямар хэрэг өмгөөлсөн бэ. Санаанд чинь үлдсэн л байх..
-Өмгөөлөгчид ер нь анхны хэргээ мартдаггүй. Ахмад өмгөөлөгчдөөс асуухаар нүд нь сэргээд л ярина шүү дээ. Өмгөөллийн эрхээ аваад арваад хонож байтал дөч эргэм насны эмэгтэй орж ирлээ.
Олон хүн оролцсон хэрэг учир хохирогч андуураад мэдүүлэг өгсөн, мөрдөгч түүнд нь хөтлөгдөж л дээ. Хүү цагаадсан шийдвэрийг хамгийн түрүүнд ээжид нь дуулгахад баярласан гэж жигтэйхэн. Анхны ажилласан өмгөөллийн хэрэг, анхны ялалт. Ажлаа ялалтаар эхлэхээр урам зориг гэдэг ундарна биз дээ.
-Та нийт хичнээн хүн өмгөөлсөн бэ. Эрүүгийн нэлээд сайн өмгөөлөгч гэдгийг тань мэдэх юм. Ер нь л ялна биз?
-Өмгөөлсөн хүнээ тоолж байгаагүй юм байна. Хорин жил энэ чиглэлээр ажиллажээ. Шүүх хуралдаанд орохоос гадна хуулийн зөвлөгөө өгөх, гомдол хүсэлт бичиж өгөх, байцаалт мэдүүлэгт оролцох гээд өргөн хүрээтэй ажил.
Хэрэгт анхнаас нь ажиллах их давуу талтай л даа. Мөрдөн шалгах ажиллагаа эхлээд нэлээд хугацаа өнгөрсөн хэрэгт жишээ нь цагаатгах, хөнгөрүүлэх талын зүйлийг өмнөх өмгөөлөгч, эсвэл үйлчлүүлэгч төдийлөн анзаараагүй орхисон байх магадлал байдаг. Иймд хэргийн материалыг судлахаасаа гадна хүнтэйгээ нээлттэй, чин сэтгэлээсээ ярилцах үед боломж нотолгоо, ажиллах гарц давхар нээгдддэг. Орон нутагт байхдаа өмчийн эсрэг хэрэг, залилан, хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэгт дийлэнхдээ ажилласан байдаг. Хотод ирээд залилангийн хэрэг нэлээд өмгөөлсөн. Сүүлийн жилүүдэд авлига, албан тушаал, эдийн засгийн хэргүүд дээр түлхүү ажиллажээ.

-Өмгөөлөгч төлбөрийн чадваргүй хүнд үнэгүй үйлчилгээ үзүүлэх зохицуулалт бий. Та ер нь хэр олон хүнийг хөлсгүй өмгөөлж байв?
-Хүнтэй уулзаад “төлбөр авахгүй” гэж хэлээд үйлчилгээ үзүүлж байсан тохиолдол олон. Амьдрал ахуйн нөхцөл байдал нь илэрхий боломжгүй хүн байвал нэг талаас нийгмийн хариуцлагын үүднээс, нөгөө талдаа хүн ёсны үүднээс цаг, боломж байвал үнэ төлбөргүй өмгөөлөх үе байна.
-Өмгөөлөгчийн ажлаасаа авдаг сэтгэлийн таашаал тань юу вэ. Хамгийн гоё үгээр ажлаа илэрхийлээч гэвэл..?
-Цагаатгах, үйлчлүүлэгчийн хүссэн шийдвэр сонсох мэдээж сайхан.
Манай “Монгол өмгөөлөгч” фирмийн ханан дээр “Өмгөөлөл бол үнэний төлөөх тэмцэл юм” гэж Оросын нэрт хуульч Кони гэдэг хүний хэлсэн үг байдаг. Шүүх шударга ёсыг тогтоодог ч түүнд хүрэхэд нь өмгөөлөгчид тусалдаг гэсэн санаа. Шударга ёсонд хүрэх гүүр гэж ойлгож болох юм.
-Та өмгөөлөлдөө дуртай байсан учраас яг л энэ чиглэлээр явсаар ирсэн гэлээ. Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшээд шалгалтаар нэлээд өндөр оноо авч дээгүүр гарч ирсэн удаатай. Шүүгч болъё гэж яагаад бодов. Яагаад болж чадаагүй вэ?
-Хэдэн жилийн өмнө сонгон шалгаруулалтад орсон, тэнцсэн. Одоогийн Ерөнхий шүүгч Ц.Цогт тэр шалгаруулалтаар Дээд шүүхэд тэнцэж томилогдсон. Шүүх бол шударга ёсны баталгаа. Иргэд шүүх рүү шударга ёсонд хандаж байна л гэж очдог. Хамгийн хариуцлагатай чухал ажил. Өөрийгөө сорьё гэж, бас 10 гаруй жил хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгүүдэд ажилласан, өмгөөллийн ажлын хорин жилийн туршлага байсан. Практикийн өмгөөлөл хийж байгаад Дээд шүүхийн шүүгч болсон хүн бараг байдагггүй. Иймээс гаргасан шийдвэрээрээ хууль хэрэглээний жишиг тогтоодог, мөн онолын шүүх ч гэж хэлэгддэг Дээд шүүхийн шүүгч болохоор шалгалт өгсөн, боломжийн оноо авсан. Шүүхийн Ерөнхий Зөвлөл шалгалтад тэнцсэн нэр дэвшигчдээс Ерөнхийлөгчид уламжилдаг. Оролдоод л үзсэн. Одоо шүүгч болох бодлоо орхисон.
-Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдоод гурван жил болж байна. Хийсэн хамгийн том ажил тань юу вэ?
-Зорьсон гол зүйл минь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрхийг нэмэгдүүлэх, хязгаарлалтыг багасгах, ижил тэгш мэтгэлцэх боломжийг бүрдүүлэх байсан. Мөн өмгөөлөгчийн олон нийтийн дундах нэр хүндийг өсгөхийг хичээлээ. Баг, хамт олонтойгоо цуг энэ чиглэлд нэлээд ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн.
Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг нь хангах үүднээс яллагдагчаар татах тогтоолыг хуулбарлаж өгдөг болсон. Асуудал бүрэн шийдэгдээгүй ч бодит дэвшил л дээ.

-Таны үед Холбооны гадаад хамтын ажиллагаа нэлээд өргөжсөн байх гэж мэдээнүүд хараад бодож байлаа. Өдөр тутмын ажил бас их л байдаг байх...
-Том Холбоо шүү дээ. Ажил мэдээж зөндөө. Өдөр тутам ажил ундарч байдаг юм. Манай ажлын алба залуус олонтой. Удирдах зөвлөл байна, “Өмгөөлөгч” сэтгүүлийн хамт олон байна. Бүгд л мэрийж ажиллалаа. Халуун дулаан уур амьсгал бүрдсэн сайхан хамт олон.
Гадаад харилцааны тал дээр ахицтай ажиллаж чадсан. Гурван жилийн хугацаанд гадаад хамтын ажиллагааг шинээр олон улс оронтой тогтоосон, өмнөх зарим харилцаагаа ч сэргээсэн. Хятад, Солонгос, Энэтхэг, Сингапур, Америкийн зарим муж, Европын Холбооноос Франц, Бельги, Швейцари мөн Гааг дах Олон улсын Эрүүгийн шүүх гээд... Хамтарсан сургалт, судалгааны ажил хэрэгжүүлэх, солилцооны хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрч, зарим нь ажил хэрэг болоод эхэлсэн. Парисын Өмгөөлөгчдийн Холбоо, Олон улсын Эрүүгийн шүүх зэрэгт цалинтай дадлагажигч хуульч ажиллуулах асуудал тодорхой хүрээнд яригдаж байна. Гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутгийн мэргэжлийн холбоодтой харилцаа холбоотой ажиллах нь байгууллагын хөгжилд тун чухал.
-Тэгш мэтгэлцээн бий болсон гэж хувьдаа бодохгүй байна. Хэрэг үүсгэх шатнаас эхлээд л өмгөөлөгчийн, бүр цаагуураа хүний эрх бүрэн хангагдаж байж тэгш мэтгэлцээний асуудал яригдах байх гэж ойлгодог л доо...
-Санал нэг. Эхнээсээ дуустал нь тэгш боломж, нөхцөлтэй байвал шударга шийдвэр гарахад чухал нөлөөтэй. Өмгөөлөгч нотлох баримтуудаа эхнээс нь зэрэгцэж судлах, эсвэл өөрөө шинжээч томилоод, тэр нь мөрдөгчийн томилсон шинжээчтэй дүгнэлтийнхээ үндэслэлээр мэтгэлцдэг талаар та хэлж байх шиг байна. Тухайлбал, хүний биед учирсан гэмтлийн зэрэгтэй холбоотой асуудлаар хуульчид хоорондоо мэтгэлцээд үр дүнгүй. Заавал анагаахын тусгай мэдлэгтэй шинжээчээр дүгнэлт гаргуулаад мэтгэлцэнэ. Хоёр тал тус тусдаа дүгнэлт гаргуулаад, анагаахын тусгай мэдлэгтэй шинжээчдээ үндэслэлээр нь мэтгэлцүүлж, шүүх илүү үндэслэлтэй гэж үзсэнээ үнэлж, асуудлыг шийдэх нь Америк, Канад зэрэг улсад байдаг л зүйл. Энэ нь ч шударга биз дээ. Нэмж хэлэхэд манайд одоо үйлчилж буй хуулиар мөрдөн шалгах ажиллагаа дууссанаар өмгөөлөгч хэргийн материалтай танилцаж эхэлдэг.
Нэгэнт ийм юм чинь гэж хаяхгүй, алхам алхмаар өөрчлөлт хийх гээд л үзэж байна.
-Эрүүгийн хуралдаан дээр шүүх, прокурор хоёр нь нийлээд төр гэдэг нэг тал, өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ талд байгаа мэт дүр зураг илт ажиглагддаг. Таны хэлээд байгаа хуулийн нэмэлтээр энд дорвитой том өөрчлөлт гарч чадав уу?
-Хуулиараа ч, онолоороо ч шүүх аль нэг тал биш, хөндлөнгийнх. Төр талаас өөрийн эрх хэмжээ, бүрэн эрх нь баталгаажсан прокурор бүрэн “зэвсэглэчихсэн” байдалтай, нөгөө талаас гар хоосон шахуу өмгөөлөгч. Дээр хэлсэн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхээс өмнөх шатанд гаргах боломжгүй байсан баримтуудыг яллагдагч, өмгөөлөгч шүүхийн шатанд гаргаж өгөх боломж нээгдсэн. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийднэ гээд шүүх дээр баримт авдаггүй байлаа. Өмгөөлөгч холбогдох ажиллагааны талаар прокурорт хүсэлт гаргахад нөгөөх нь хүсэлтийг хангахгүй шийдчихээд шүүх дээр очоод яллаад байна гэдэг бол гажуудал юм. Гаргасан нотлох баримтыг хүлээж авахгүй, хүсэлтийг нь шийдэхгүй байгаа тохиолдолд шүүх тухайн баримтыг хэрэгт ач холбогдолтой чухал баримт гэж үзэх юм бол хүлээж аваад түүнд үндэслэн хөнгөрүүлэх, цагаатгах шийдвэрүүд гарах боломж нээлттэй болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хязгаарлаж байгаа явцын, дундын гэж болох шийдвэрүүдийг бүгдийг нь шүүх тухай бүр гаргадаг болмоор байгаа юм.
Эрүүгийн процессын хуулийн төслийн ажлын хэсэгт 2012 оноос хойш ажиллаж байгаагийнхаа хувьд газар дээр нь үзэж судалсан, санал болгосон зүйлүүд ч бий. Бага сагаар өөрчлөлт хийгээд үр нөлөө бага, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчилсэн найруулгын хэмжээнд өөрчилж байж л тэгш мэтгэлцээний асуудал шийдэгдэнэ.
-Гэрчээр асуухдаа өмгөөлөгчгүй байцаагаад дараа нь тэр мэдүүлэгт үндэслээд яллагдагчаар татаад явчихдагийг их шүүмжилдэг. Одоо энэ өөрчлөгдсөн үү?
-Гэрч мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргавал эрхийг нь эдлүүлэх зохицуулалт байгаа. Оролцуулах эсэхээ өөрөө шийднэ. Хүнийг гэрчээр дуудаж, өмгөөлөгчгүй мэдүүлэг аваад л энэ мэдүүлэгт нь үндэслэж яллагдагч болгодог технологи байна. Илт сэжиглэх үндэслэл байгаа бол гэрчээр дуудахгүй байх, гэрчийн мэдүүлэг авахгүй байх зохицуулалт 2025 онд өмгөөлөгчдийн саналаар хуульд туссан. Энэ хэргийг хийчихсэн юм байна даа гэх хангалттай сэжигтэй, эсвэл гэрч хэн нэгнийг хэрэг үйлдсэн талаар тодорхой мэдүүлсэн байхад буруутгагдаж байгаа хүнийг гэрчээр асуухыг хориглосон. Гэрчээр асуугдаж байгаа хүн “худал мэдүүлэг өгөх юм бол чамд хуулийн хариуцлага хүлээлгэнэ шүү” гэсэн хуулийн заналхийлэл дор мэдүүлэг өгдөг. Гэтэл хүнд Үндсэн хуулиар өөрийгөө өмгөөлөх эрх, өмгөөлөгч авах эрх байгаа шүү дээ. Энэ эрхүүдийг нь үгүйсгэж, хүчээр мэдүүлэг авч болохгүй л гэсэн зохицуулалт. Хуулиар баталгаажсан, харин практикт бүрэн хэрэгжиж байгаа нь эргэлзээтэй. Ер нь хуулийг чанд баримтлах ёстой, хүний эрхийг хангах хамгаалах ёстой. Үүнд прокурор мөн хяналт тавих учиртай.
-Прокурор улсын яллагч гэдэг талаасаа л асуудалд ханддаг харагддаг л даа..
-Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно гэж Үндсэн хуульд тодорхой заасан. Эндээс прокурор эрүүгийн хэрэг шалгах ажиллагаа хуулийн дагуу явж байна уу, хүний эрх зөрчиж байна уу гэдэгт мөн анхаарал тавьж хянана гэсэн агуулга шууд харагдана.
Ингэвэл хүн хэлмэгдэх нөхцөл бүрдэнэ. Өмгөөлөгчид хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орж байгаа. Мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох ёстой өмгөөлөх тал нь яллах талдаа хүсэлт гомдол тавьж шийдвэрлүүлээд, түүнийг хангасан эсэхээс ажлын үр дүн нь хамаарч байгааг эрүүл зөв тогтолцоо гэж үзэхэд хэцүү. Хүсэлт гомдол гаргаад л нөгөө тал нь тодорхой үндэслэл ч бичихгүйгээр татгалзаад байдгийг зогсоох үүднээс үндэслэлээ тэр татгалзаад байгаа шийдвэртээ тодорхой тусгахыг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан нь олзуурхууштай. Прокурор хэт ерөнхий, зөвхөн “...мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул хангах боломжгүй” гэх байдлаар хариу өгдгөө болино л гэсэн үг.
-Шүүх хуралдааны танхимд эрх нь зөрчигдөж байгаа талаар өмгөөлөгчид сошиал сүлжээнд бичдэг. Та үүнийг хүлээн зөвшөөрдөг үү?
-Зөвшөөрнө. Хэрэг хянан шийдвэрлэх хуулиар өмгөөлөгчийн эрх хангалттай хэмжээнд биш байгаа талаар би түрүүнд хэлсэн. Хуульд заагдсан эрхээ бодитойгоор, үр дүнтэй хэрэгжүүлээд явах боломжууд бий. Зарим мөрдөгч, прокурор, шүүгч хуулийн энэ боломжийг агуулгаар нь ойлгоогүйгээс болж эрхийг нь зөрчиж, байр сууриа илэрхийлэх боломжийг нь хязгаарладаг тохиолдол гарч байна.
Эртний Ромд олноороо буруутгаж байгаа, өөрийнхөө эрх ашгийг хамгаалж чадахгүй хүнийг өмгөөлж ярих хүнийг урьж ирүүлдэг байсан. Адвокатус гэдэг бол уригдаж ирсэн хүн гэсэн агуулгатай үг. Төрийн юм уу, бусдын зүгээс буруутгагдаж, хүчгүйдэж байгаа хүнийг хамгаалах үүднээс л энэ ажил анх эхэлсэн байдаг.
-Ийм муухай хэрэг хийсэн хүнийг өмгөөлөөд байхдаа яадаг юм бэ гэдэг хандлага сошиал сүлжээнд харагддаг. Хүн төрөлхтөний түүхэнд ер нь өмгөөлөгч олдоогүй хүн байдаг болов уу...?
-Өмгөөлөгчгүй шүүгдсэн хүмүүс мэдээж байгаа л даа. Шалтгаан нь өөр, өөр. Түүхэн утгаар авч үзвэл хэн ч өмгөөлөхийг хүсээгүй хүмүүс бий. Дэлхийн хоёрдугаар дайны үед олон сая еврей хүнийг хорих лагерь луу зөөвөрлөх ажлыг зохион байгуулсан Адольф Эйхманыг өмгөөлөх хүн олдоогүй. Норвегийн масс аллагатай холбоотой хэрэг байна. Хохирогчдын олонх хүүхэд байсан. Хуульчид ёс зүйн хувьд татгалзаж байсан ч Гейр Лиддестад гэх өмгөөлөгчийг гэмт хэрэгтэн өөрөө нэр зааж, өмгөөлүүлэхийг хүссэн. Эхэндээ татгалзсан ч “Хэрэв би татгалзвал хуулийн систем нуран унах болно. Хүн бүр өмгөөлүүлэх эрхтэй” гээд өмгөөлсөн. Маш их дарамт сүрдүүлэг өмгөөлөгчид ирсэн гэдэг. Саддам Хусейны хэрэг дээр гэхэд л татгалзсан хүн олон ч өмгөөлөхөөр зориглосон хэд хэдэн өмгөөлөгч зэвсэгт бүлэглэлүүдийн гарт амь үрэгдсэн.
Ямар ч хэрэгт буруутгагдсан байлаа гэсэн хүн өмгөөлөгч авах эрхтэй. Энэ эрхийг нь хангаж, бусдад мэргэжлийнхээ хувьд тусалж, ажлаа хийж гүйцэтгэж байгаагийнх нь төлөө өмгөөлөгчийг хэн ч буруутгах, үзэн ядах ёсгүй. НҮБ-аас 1990 онд баталсан “Өмгөөлөгчийн үүргийн талаарх үндсэн зарчим”-д өмгөөлөгч мэргэжлийн чиг үүргээ гүйцэтгэсний төлөө үйлчлүүлэгчтэй нь адилтган буруутгах ёсгүй, мэргэжлийн чиг үүргээ айлган сүрдүүлэх, саад учруулах, дарамтлах, зохисгүй оролцооноос ангид хэрэгжүүлэх нөхцөлийг төр хангах талаар маш тодорхой заасан байдаг. Өмгөөллийн үйл ажиллагааны хараат бус, бие даасан байдлыг илүү баталгаажуулж хуульчлах шаардлага байгаа.

-Бусдад жигшигдэж байгаа хүнийг өмгөөлөөд хэрэггүй гэж танд хэн нэгэн хэлж байсан тохиолдол бий юу?
-Надад санаа тавьж хэлсэн тохиолдлууд бий. Мэргэжлийн онцлог, өргөсөн тангараг, хүний эрхийг хамгаалах талаас нь тайлбарлаж ойлгуулдаг. Нөгөө талаасаа нийгмийн дийлэнх нь жигшиж, буруутгаж байгаа хэрэгтнийг өмгөөлөхөд амаргүй сорилт тулгардаг. Өмгөөлөгч бол сэтгэлийн хаттай, тэвчээртэй хүний л хийх ажил. Олон нийтийн сүлжээ хөгжчихсөн үед дайралт бас их байна. Улс төрийн том алба хашсан хүний хэрэг дээр үйлчлүүлэгчийг минь цагдан хорьсны дараа шүүх хурлаас гараад иртэл үүдэнд хэвлэлийнхэн бүччихсэн байсан. Асуулт асуусан, хариулахгүй байх аргагүй, хариулсан. Нэг танил маань “Сэтгэгдэл битгий хараарай, авах юм алга, ойрын хугацаанд ядаж хамгаалагч аваарай” гэж хэлж байсан.
-Та авилга, албан тушаалын нэлээд хэрэг өмгөөлсөн. Энэ төрлийн хэрэг шийдэгддэггүй, замхрах нь түгээмэл. Замхруулахад нь өмгөөлөгчид нөлөөлөөд байна ч гэж буруутгадаг. Ийм төрлийн хэрэг өмгөөлөхөд хэцүү биш үү. Мөнгө төгрөг их өгдөг юм уу, яагаад өмгөөлдөг юм?
-Албан тушаалын, эсвэл өөр ямар ч хэргийн тухайд хүнд туслалцаа үзүүлэх шаардлагатай бол ороод ажиллана. Мөнгө төгрөг ерөөсөө гол биш.
Мөн илүү ээдрээ төвөгтэй, эдийн засгийн тооцоолол, үнэлгээ дүгнэлт гаргах гээд цаг хугацаа шаардсан ажиллагаанууд ихтэй байдаг. Цэгцтэй шалгаж мөрдөөд, шаардлагатай нотлох баримтуудаар нь хөдөлбөргүй нотолсон бол хэрэг удаашрах шаардлага, шалтгаан байхгүй шүү дээ. Хөдөлбөргүй, эргэлзээгүй нотлох үүрэг мөрдөгч, прокурорынх. Таамаглалд үндэслэж, тэгсэн л байж таараа гэх хандлагаар шүүх шийдвэрлэхгүй шүү дээ.
-Авлигын хэрэгтэй холбоотой нотлох баримт бүрдүүлэх үйл ажиллагаа муу явагддаг, эргэлзээтэй байдаг уу. Дахин дахин шалгаад байдгийн цаана юу байдаг вэ?
-Мөрдөхөд төвөгтэй, шалгаж байгаа мөрдөгчөөс ур чадвар шаарддаг онцлогтой хэрэг. Нотолгоо баримтууд нь нуугдмал, нарийн нягт хандлага, мөрдөн шалгах нууц ажиллагаа зэрэг тодорхой хэмжээнд шаардагддаг, олж илрүүлэх, шалгахад төвөгтэй байдал нь авлига, албан тушаалын хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд нөлөөлдөг биз. Гэтэл хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой хэргүүд маш богино хугацаанд шийдэгддэг. Хүнээ саатууллаа, шинжилгээ авлаа, нотлогдлоо, эсвэл үзлэг нэгжлэг хийгээд энд тэндээс нуусан юмыг нь гаргаж ирлээ, баримтжууллаа. Энэ бол шалгахад төдийлөн хүндрэлтэй биш, нотолгоонууд нь харьцангуй эргэлзээ багатай. Авлигын хэргийн хувьд илүү нарийн төвөгтэй урт процесс шаардсан нотлох баримтыг нууц далд газраас илрүүлэх, шинжилгээ хийх, урт удаан хугацааны санхүүгийн шинжилгээ дүгнэлт гаргах зэрэг олон зүйл шаардагддаг.
-Танай холбоо хэдэн гишүүнтэй вэ. Өмгөөлөгчид төрийн албан хаагч биш атал аж ахуй эрхлэхийг хориглох нь зөв үү. Дээр нь хоёр холбоонд давхар татвар төлдөг гээд л асуудал гараад байдаг. Гадаад улсад Барын холбоонд шүүгч, прокурор ордоггүй, зөвхөн өмгөөлөгч байдаг биз дээ?
-Манай холбоо нэгдсэн бүртгэлдээ 3000 орчим гишүүнтэй. Хуулиар өмгөөлөгчид өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийн хажуугаар зөвхөн багшлах, эрдэм шинжилгээний ажил хийх, холбооны ажлын албанд ажиллах боломжтой. Тиймээс ямар нэг ажил албанд томилогдох, гадаад улсад удаан хугацаагаар байх, суралцах зэрэг шалтгаанаар эрхээ түдгэлзүүлэх нь цөөнгүй. Яг идэвхтэй өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд оролцох боломжтой нь 2240 орчим хүн байна. Хүний эрхийг хамгаалах ажилдаа сэтгэл, зүтгэлээ өгөөд зориод явж байгаа бол тууштай ажиллах ёстой. Гэхдээ ямар нэг компани аж ахуйн нэгжийн хуулийн албанд, хуульчийн хийдэг мэргэжлийн ажлуудыг орон тоогоор давхар эрхлэхэд хязгаарлалт тавихгүй байвал зөв гэж хувьдаа боддог. Манай холбоонд Японоос ирсэн зочидтой ярилцаж байхад өмгөөлөгчид томоохон компани, корпорацийн хуулийн хэлтэст ажиллангаа өмгөөлөл хийгээд явдаг, түүгээрээ харин ч бахархдаг юм билээ. Компанийн хуулийн зөвлөхөөр ажиллахад өмгөөллийн эрхтэй гэдэг нь давуу тал болдог байх нь. Хамгийн гол нь давхар эрхэлж байгаа тэр ажил нь хүний эрх ашгийг хамгаалахад саад болохгүй, өөрийн ажил үүргийн хуваарьт нийцсэн, ачааллаа зохицуулах боломжтой байх ёстой нь мэдээж. Өөртөө хэтийдсэн ачаалал аваад, бусдын итгэл найдвар хөсөрдүүлээд, хэрэг асуудал, өмгөөллийн ажлаа цалгардуулаад байж болохгүй.
-Олон хүнийг зангидаж ажиллахад амаргүй л байх. Өмгөөлөгчдийн нэр хүндийг сэргээх ажил хийсэн, үр дүнд хүрсэн гэлээ. Ямар үзүүлэлтээр хэмжиж байна вэ?
-Өмгөөлөгчөөс туслалцаа аваад зөрчигдсөн эрхээ сэргээлгэж болдог гэдэг ойлголтыг иргэдэд өгөх, өмгөөллийн ажлын үнэ цэн, ач холбогдлыг таниулахад чиглэсэн ажлууд хийсэн.
Энэ арга хэмжээ үр дүнтэй болсноор аянг дэмжиж оролцсон өмгөөлөгчид маань ч бас ихээхэн урам зориг авсан. Нийгэмд чиглэсэн яг тулгамдсан асуудлаар зөв үйл ажиллагаа явсан байна, цаашид ийм зүйл дээр эвлэлдэж нэгдээд олон нийтийн сайн сайхны төлөө нийгмийн хариуцлагын үүднээс оролцоно гэж байгаа. Ямартай ч өмгөөлөгч чухал гэж ойлгож, өмгөөллийн үйлчилгээний үнэ цэнийг мэдэрсэн, өмгөөлөгчдөд хандаж эрх ашгаа хамгаалуулах иргэдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн. Энэ тодорхой үр дүн.

-Хүмүүс өмгөөлөгч хайхдаа ихэвчлэн нэгнээсээ асууж сурагладаг. Олон өмгөөлөгч байгаа хэдий ч аль нь сайныг шууд мэдэхэд хэцүү. Сайн өмгөөлөгч яаж олох вэ. Өмгөөлөгчдийн жагсаалтыг ер нь хаанаас харж болох вэ?
-Сайн өмгөөлөгч олохын тулд тухайн чиглэлээр мэргэшсэн байдал, уг төрлийн хэрэг маргаанаар үр дүн гаргаж ялалт байгуулсан зэргийг л судлах хэрэгтэй байх даа. Цаг хугацаа шахуу байлаа ч хэд хэдэн өмгөөлөгчтэй уулзаад илүүтэй итгэл үнэмшил төрүүлж байгаа хүнээ сонгох хэрэгтэй гэж хэлмээр байна.
-Олон хүн сайнтай муутай гэдэгчлэн өмгөөлөгчдийн нэр хүнд тухайн тохиолдол бүрээс шалтгаалж янз бүр байх шиг санагддаг. Гомдол их ирдэг байх...?
-Талархал, гомдол аль, аль нь ирнэ. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байх явцдаа мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, харилцаа хандлагын зөрчил гаргасан зэрэг асуудлаар хандах явдал буурахгүй байна. Энэ нь хоёр талтай. Үнэхээр зөрчил гаргасан хүмүүс байна, нөгөө талаасаа үндэслэлгүй гомдол гаргадаг нь ч олон. Зөвд зөөлөн, бурууд хатуу л байх ёстой. Өмгөөлөгч, прокурор, шүүх, салбарын яам болон иргэний төлөөлөл орсон бүрэлдэхүүнтэй Мэргэжлийн хариуцлагын хороо ажиллаад холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд шийдвэрлэдэг. Холбооны удирдлага, ямар ч албан тушаалтан тус хороонд маргаан хянан шийдвэрлэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох нь хуулиар хориотой. Гэхдээ Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэр эцсийнх биш, захиргааны шүүхэд хандаж хянуулах эрх бас бий. Нэг өмгөөлөгчийн хариуцлага, ёс зүйгүй байдал нийт өмгөөлөгчийн мэргэжлийн нэр хүндэд шууд нөлөөлдөг тул анхаарах гол асуудлын нэг.
-Өмгөөлөгч Б.Баатарсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг шүүхээс танай холбоонд хүргүүлсэн мэдээлэл гараад байгаа. Үйлчлүүлэгчээ өмгөөлөх явцдаа л ийм асуудалд холбогдсон юм байна гэж ойлгосон. Чухам юу болсон юм бэ. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг мөрдөх байгууллагаас ирүүлсэн. Чухам юу болсон талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нийтэд мэдээлэх боломжгүй байдаг. Тухайн шалгаж байгаа эрүүгийн хэрэгт Холбоо шууд хөндлөнгөөс оролцох нь зохимжгүй. Уг асуудал нь өмгөөлөгчийн мэргэжлийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хараат бус байдал, мэргэжлийн үйл ажиллагааны баталгаанд нь халдсан асуудал мөн бол мэргэжлийн холбооны зүгээс байр сууриа илэрхийлэх ёстой. Үүнд хамаарах асуудал байна уу гэдгийг Холбооны Удирдах зөвлөлд оруулж, тодорхой шийдвэр гаргуулах нь зөв гэж үзэж байгаа.
-Цагдан хорионы процесс хаалттай явагддаг. Зарим улсад нээлттэй байдаг л юм шиг билээ. Та нарт хэзээ мэдэгддэг вэ?
-Хорих, баривчлах зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлд хамаарах нотлох баримттай шүүхийн хэлэлцүүлгээс өмнө урьдчилан танилцуулалгүйгээр шууд шүүхийн хэлэлцүүлгийг явуулж хорьдог асуудал байсан. Зөвхөн саналыг л харуулна, харин санал гаргах үндэслэл болж байгаа баримтуудыг үзүүлэхгүй. Маш бүдүүлэг зөрчил л дөө. Өмгөөлөгч ямар баримтыг няцаах, үгүйсгэхээ таамаг маягаар л төсөөлж мэтгэлцэнэ гэсэн үг. Одоо бол хорих үндэслэл болж байгаа баримтуудтай өмгөөлөгч урьдчилж танилцах боломж хуулиар баталгаажсан. Энэ тал дээр дэвшил гарсан гэж ойлгож болно. Шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж, шүүхээр нөхөн шийдвэрлүүлдэг асуудал хавтгайрсан байсан асуудлаар НҮБ-ын тусгай илтгэгчид, хүний эрхийн хорооныхон удаа дараа зөвлөмж шаардлага өгснөөр харьцангуй багассан. Хурал нээлттэй, хаалттай явагдах тухайд хуульд хаалттай явуулахаар заагаагүй л бол нээлттэй явагдах ёстой. Гэхдээ байр, өрөө, тасалгааны хүртээмж, багтаамжаас шалтгаалаад өөр оролцогч хэлэлцүүлэгт оролцож харагддаггүй. Ер нь шүүх хуралдааны өрөө, танхимын асуудал, шүүхийн хөрөнгө оруулалтад төр анхаарахаар болсон. Хэдий хүртээмж бага байгаа ч шүүхүүдэд өмгөөлөгч хэрэгтэй танилцах, үйлчлүүлэгчтэйгээ уулзах өрөө гаргаж өгч байгаа нь сайн хэрэг. Хорих баривчлах байрууд ч өмгөөлөгчтэй уулзах стандартад нийцсэн өрөөнүүд гаргаж тохижуулсан байгаа.
-Таны бодлоор шүүх, прокурорт хамгийн өөрчилмөөр зүйл юу вэ?
-Шүүхийн хувьд олон нийтийн сэтгэл зүйд тааруулж, сошиалын нөлөөлөлд орж хэрэг шийдэх тал анзаарагдах боллоо. Хүний хувь заяа, эрх чөлөө, эд хөрөнгө гээд бүхий л зүйлийг дэнсэлж шийдэж байгаа учир хуулийн хүрээнд, хараат бусаар л шийдэх ёстой. Мөн шүүгчид процессын болон хууль хэрэглээний алдаа гаргах, шийдвэрийнхээ үндэслэлийг дэлгэрэнгүй, тодорхой бичих тал дээр анхаармаар санагддаг. Мэтгэлцэгч талын үндэслэлүүдийг няцааж байгаа бол үндэслэл тус бүр дээр өөрийн дүгнэлтээ маш сайн бичих учиртай. Прокурорын хувьд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр эсвэл тухайн хэрэг нотлогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход хяналтын прокуророос гадна дээд шатны прокурор заавал давхар хянаж, гарын үсэг зурдаг байдал үнэхээр ойлгомжгүй. Прокурорын хараат бус, бие даасан байдлыг хамгаалж, баталгаажуулах хууль тогтоомжийн хүрээнд илүү нарийвчилж зохицуулалт хиймээр байгаа юм.
-Ерөнхий шүүгч Ц.Цогт “Шүүх олон нийтэд ажлаа зөв бодитойгоор тайлбарлах, ойлгуулах, иргэдээс шүүхийн процесс, шийдвэр шударга ёсонд итгэх итгэлийг сэргээх ажилд хуульч өмгөөлөгч нар алтан гагнуур юм. Өмгөөлөгч, хуульч, прокурор нь шүүх эрх мэдлийг үр нөлөөтэй чанартай хэрэгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй шударга ёсны мэргэжилтнүүд гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.” гэж жиргээнд бичсэн байсан. Таны яриандаа дурдаад байгаа зарим асуудалтай Ерөнхий шүүгч ижил бодолтой юм болов уу гэж харж байна. Таны бодол?
-Ерөнхий шүүгч оновчтой л хэлж. Шүүх эрх мэдлийн нэгдүгээр хүн нь яг ингэж ойлгож, бодож, хүлээн зөвшөөрч, харж байгаа нь эерэг хандлага руу явах нь гэсэн итгэл төрүүлж байна.
-Хэдэн зуун мянга төгрөг хулгайлсан хүн мөнгө угаах гэмт хэргээр давхар шийтгэгдэж байгаа. Бусад улсад ийм заалт арай ч байдаггүй байх. Хүний эрхийг хамгаалж буй өмгөөлөгчид үүнийг мэдэж таарна. Өөрчлөх саналаа өгөөд явж болдоггүй юм уу?
-Мөнгө угаахтай холбоотой зүйл заалтыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Хулгайлсан утсыг зарсан, эсвэл хулгайлсан мөнгөө гүйлгээнд оруулсан гээд мөнгө угаалтаар давхар зүйлчилж байгаа нь "хэлмэгдүүлэлт" шүү дээ.
Хуулийн зарим зүйл заалт дээр маш урт удаан хугацааны маргаан өрнөдөг. Заримдаа маргаан мэтгэлцээнээ түр орхиод зөвшилцөлд хүрэх асуудлаа шийдчихээд эргээд нөгөө ярвигтай асуудал руугаа ордог. Гэхдээ мэдээж олонхын саналаар л шийднэ. Төр төлөөлж байгаа таван байгууллага тус бүр хоёр төлөөлөл орууллаа гэхэд иргэдээ төлөөлдөг өмгөөлөгчдөөс хоёр л хүн байдаг. Арав хоёрын харьцаагаар шийдэх тохиолдол их. Үүнийг тэнцвэртэй оролцоо гэж хэлэхгүй.
-Та эрүүгийн эрх зүйн чиглэлээр 20 гаруй жил ажиллажээ. Манай эрүүгийн эрх зүйн тогтолцоонд ер нь юу нь буруу яваад байна вэ. Иргэний хууль 20 гаруй жилд нэг ч өөрчлөгдөөгүй. Эрх мэдэл хуваарилдаг учир Эрүүгийн хууль өөрчлөгддөг гэдэгтэй санал нийлэх үү?
-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд шинэчилсэн найруулгын хэмжээний өөрчлөлт оруулах шаардлагатай гэж түрүүн дурдсан. Сайжруулах, тодотгох шаардлагатай зохицуулалт олон байдаг. Ер нь иргэдийн анхаарлын төвд байдаг нь эрүүгийн эрх зүйн салбар, тэр дундаа анхаарал татсан гэмт хэрэг. Олон нийтийн шүүмжлэл их байхаар нийгмийн сэтгэл зүйг дагаж “савлаад” байдаг зүйлс анзаарагддаг. Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын системд институц хоорондын битүүхэн далд өрсөлдөөн байдаг. Институц дотроосоо эрх мэдлээ шилжүүлэх дургүй, эсвэл өөрсдөдөө ээлтэй, тухайн үе шат дах процессын эрх хэмжээгээ хадгалан үлдэх сэдэл сонирхлоор төсөлд санал өгдөг тал ч анзаарагддаг. Мөн процессын явц дахь өөрийн салбарын ачааллыг нэмэгдүүлэхээс сэргийлж, асуудалд ханддаг. Гэтэл хүний эрхийн асуудал тээр ард эрэмбэлэгддэг. Үндсэн хуулиараа бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулж байгаагийн хувьд хүний эрх тэргүүн зэргийн ач холбогдолтой, тэргүүн зэрэгт эрэмбэтэй үнэт зүйл. Хүндээ ээлтэй, эрхийг нь хангаж хамгаалах асуудлыг байнга л ардуур тавьсаар ирснээ өөрчлөх цаг болсон.
- Бүрэн эрхийн хугацаа тань удахгүй дуусна. Та дахиж өрсөлдөх үү?
-Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчид дахиж нэр дэвшихгүй гэж шийдсэн. Ажил авч, бас өгч сурах хэрэгтэй л дээ.
-Нээлттэй хариулсанд танд баярлалаа. Хүний эрхийг хамгаалах үйлсэд нь амжилт хүсье.
Р.ГАНПҮРЭВ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна