2022 оны Аваргуудын лигийн финалд “Ливерпүүл”-ийг “Реал Мадрид” яг ямар тактикаар хожсон бэ? Энэ асуултыг Карло Анчелоттид тавихад “Би мэдэхгүй” гэж хариулсан юм билээ. Багаа яаж хожсоныг мэдэхгүй байна гэж байх уу?
Ийм л учраас түүнийг заримдаа антитактикч гэж нэрлэдэг. Орчин үеийн хөлбөмбөгт гаарсан ганц тактикт шүтсэн хөлбөмбөгөөс зайлсхийдэг хэрнээ Анчелотти Аваргуудын лигт багаа таван удаа түрүүлгэсэн аугаа нэгэн.
Үнэндээ одоо цагт Йохан Кройффоос эхтэй, Пеп Гвардиолагаар дамжин төгөлдөржсөн бөмбөгтэй байрлалын тоглолтын тактик давамгайлж байгаа. Микел Артета, Хаби Алонсо, Венсан Компани, Энцо Мареска гээд бүгдээрээ л Гвардиолатай хамт ажиллаж байсны хувьд түүний эрдмээс суралцаж, өөрийнх дээрээ нэмэрлэсэн. Нэг ёсондоо чиг баримжаа нэгтэй хүмүүс.
Харин Анчелотти тэднээс өөр хэрнээ үргэлжилсэн амжилтууд нь өөр зам байгааг илтгэнэ. Зарим хүмүүс ганц удаагийн аз гэх мэт зүйлээр амжилтыг нь үгүйсгэхийг хичээдэг ч гэлээ одоо “Реал Мадрид” ингэтлээ ноёлж байхад Дон Карлог үгүйсгэнэ гэдэг өөрөө хөлбөмбөгийг үгүйсгэсэнтэй ялгаагүй юм. Тэгээд ч Мадридын клуб бол ямар ч гайхамшигтай дасгалжуулагчийг хүссэн цалингаараа урхидаад авчирч чадах бэл бэнчинтэй. Тэгсэн хэрнээ л Анчелоттиг ярьж авчраад, ажиллуулаад байдагт учир байгаа нь ойлгомжтой.
Дон Карлогийн удирдлага дор хөлбөмбөгчид чөлөөтэй, элдэв дарамт шахалтгүй тоглож байгаа харагддаг. Сүүлийн таван жилд Аваргуудын лигээс Гвардиолагийн багийг хоёр удаа мулталсан хүн шүү дээ. Яагаад ийм амжилтад хүрээд байна гэдгийг хүнтэй харилцах чадвар, урам зориг өгөх урлагийг бүрэн эзэмшсэнтэй нь холбож ойлгож болно.
“Миний хувьд хамгийн шилдэг дасгалжуулагч бол Карло. Түүний хамгийн мундаг чанар бол хүмүүсийг маш сайн удирдаж чаддаг. Мэдээж, тактиктаа сайн, хөлбөмбөгийн тоглолтыг сайн “уншиж”, ойлгодог. Гэхдээ хамгийн гол чанар нь бол удирдагчийн ухаан юм” хэмээн Кака өгүүлжээ.
Анчелотти залуухан дасгалжуулагч байхдаа нэг том алдаа гаргасан гэдэг. Үүнийгээ өөрөө ч ярьсан нь бий. “Парма”-д байхдаа Роберто Бажог авах боломж гарсан юм билээ. Гэвч тухайн үед шинэхэн залуу дасгалжуулагч 4-4-2-оор л багаа тоглуулна гэж “хайрцаглагдчихаад”, өнөөх загварт нь Бажо нийцэхгүй мэт санагдсан тул авахаас татгалзжээ. Хожим энэ нь маш том алдаа байсныг ойлгосон гэдэг. Үүнээс хойш аугаа авъяастай хөлбөмбөгчдийг авахаас хэзээ ч татгалзаж болохгүй гэсэн байр суурийг чанд баримтлах болжээ. Авъяаслаг тоглогчийг авч, улам хөгжүүлж, үр шимийг нь хүртэх ёстой гэж одоо үздэг. Анчелотти өөрийгөө ийм тийм гэж дөвийлгөхгүй. Харин ч бүр дарж ярина. “Миний сайных биш ээ. Үнэндээ Криштиано миний бүх асуудлыг өмнөөс минь шийдээд өгчихсөн юм” гэж хэлсэн нь үүнийг нэгэн гэрч.
Гэлээ ч одоо хүртэл Анчелоттид эргэлзэгчид бий. Нондин SkySports-ынхон тактикийн хувьд өөрчлөлт шинэчлэлт хийж чадсан дасгалжуулагчдын талаар ярилцахад Пеп Гвардиола, Роберто Де Зерби нар дурдагдсан хэрнээ Анчелоттиг хэн ч дурсалгүй өнгөрч байлаа.
Хөлбөмбөгчдийг эрх чөлөөтэй тоглуулах ёстой гэж үздэг болохоор Анчелотти муу тактикч болох ёсгүй л дээ. Жүд Бэллингэмийг авчраад 10 дээр гаргаад, олон гоол оруулах боломжийг нээж өгсөн нь өөрөө тактик юм. Жэймс Харден “Би системийн тоглогч биш. Би өөрөө систем” гэсэн чинь л энэ шүү дээ. Анчелотти өөрөө тактик байхгүй юу. Бэллингэм баруун, Винисиус зүүн жигүүрт гараад өрсөлдөгч багийн хамгаалагчдын үйлийг үзэж байхад Бэллингэм дунд сулраад гоол оруулж байгаа хэрэг.
Гвардиола бол талбай дээр байрлалын сахилга бат маш чанд сахихыг шаарддаг дасгалжуулагч. Бэлтгэлийн талбайд конус өрчихөөд, жигүүрийн тоглогчдыг тэр конусын заагаас хэрхэвч гарч болохгүй гэж тушаадаг. Харин Анчелотти яг эсрэгээрээ, хэрвээ шаардлагатай бол талбайд чөлөөтэй шилжиж тоглож болно гэж үздэг. Ингэж л түүний багийн ид шид хэрэгждэг биз.
“Хэрвээ Винисиус, Родриго хоёр жигүүрээс хөндийрөөд эвтэй, иртэй тогломоор санагдаж мэдэрч байгаа бол би байрлалаа заавал эзэл гэхгүй. Учир нь хувь тоглогчийн ур чадвар тоглолт маш их нөлөө үзүүлдэг” гэж ярьжээ. Нэг ёсондоо тоглогчдынхоо бүтээлч байх чадварыг “дарах”-ыг хүсдэггүй. Магадгүй байрлалаа заавал эзлэх ёстой,заагийг давахгүй байх хэрэгтэй гэж бодсноороо хөлбөмбөгч өөрийн бүтээлч чанараа алдаж, зүгээр гүйцэтгэгч болж хувирдаг ч байж болно.
“Би довтолгоондоо тэгж тогло, ингэ гэж тодорхой заавар өгдөггүй. Яагаад гэвэл ингээд эхэлбэл хөлбөмбөгчийн бүтээлч чанарыг үгүй хийх болно. Орчин цагийн залуу дасгалжуулагчдын нэг алдаа бол бөмбөгтэй хөлбөмбөгч хэрхэн тоглох талаар маш их мэдээлэл өгдөг. Ингээд байхаар хөлбөмбөгч бүтээлч чанараа алддаг.
Бөмбөггүй хөлбөмбөгчид бол зааварчилгаа өгөх хэрэгтэй. Учир нь хамгаалалтанд хэрхэн тоглох вэ гэдэг бол анхаарал, золиос, багийн тоглолтыг хамгийн ихээр шаарддаг эд. Харин бөмбөгтэй хөлбөмбөгч хэрхэн тоглох нь түүний бүтээлч чанараас шалтгаалдаг” гэж Анчелотти өгүүлжээ.
Ийм ч учраас “Реал Мадрид” бөмбөггүй хэрнээ сахилга батаа алддаггүй байх нь. Аваргуудын лигийн шөвгийн наймд “Манчестер Сити”-тэй бөмбөггүй удаан тоглоод ялагчаар тодорсон нь үүнтэй холбоотой хэрэг. Харин бөмбөг авсан бол хөлбөмбөгчид нь тоглож болдог. Тоглож болдог гэдэг нь өөрийн мэдрэмжээрээ тоглохыг хэлж байна л даа.
Мэдээж, Гвардиола бол орчин цагийн хөлбөмбөгийн тактикийн ойлголтод маш том нөлөө үзүүлсэн хүн. Анчелоттигийн чөлөөт барил Гвардиолагийнхтай харьцуулахад эрсдэлтэй л юм шиг харагддаг. Тиймээс ихэнх дасгалжуулагчид бөмбөгтэй давамгайлж тоглох Гвардиолагийн тактикийг дагахыг хичээж байгаа.
“Реал Мадрид” яагаад сүүлчийн минутад хожлын гоол оруулаад байдаг юм бол? гэж хүмүүс гайхшран, учрыг нь олохыг хүсдэг. Үүнд клубын түүх, стадионы дэмжлэг гээд олон хүчин зүйл нөлөөлдөг байж болно. Гэхдээ өөр нэг хүчин зүйл нь дасгалжуулагчийн сэтгэлзүй юм. Яаж тоглохоо мэдэж байгаа цагт хөлбөмбөгчид өөртөө илүү итгэлтэй байдаг. Харин хөлбөмбөгчид хэдийд яаж тоглохоо хамгийн сайн мэддэг вэ гэвэл түүнд дасгалжуулагч нь бүрэн итгэж, өөрийнхөөрөө чөлөөтэй тогло гэсэн үед. Хүн бүр өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлсээ чөлөөтэй хийгээд эхлэхээр баг аяндаа амжилтад хүрнэ. Энэ нь өөрөө багийн тактик ч хэлж болох биз ээ.
.
Р.Гэгээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна