​ХЭЛ СУРАХГҮЙ БОЛ БИД ХОЁР ЯДАЖ ХЭРЭЛДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ ЧИНЬ!


Өчигдөр “Арсенал”-ыг талбайд нь “Астон Вилла” 0:2-оор хожиж, аварга болох хүсэлд нь айхавтар том дэгээ тавьчихлаа. Мөн үүнийхээ зэрэгцээ өөрсдийнхөө Аваргуудын лигт оролцох зорилго руу улам ойртох том алхам хийлээ.

Энэ тоглолтыг Дуглас Луис шийтгэлийн улмаас өнжсөн тул багаа хожоосой л гэж залбирч суув. Бразилын шигшээдээ хэд хэдэн удаа дуудагдаад үзчихсэн энэ залуу одоо 25 настай. Мөдхөн том баг руу явна гэсэн яриа гараад амжсан.  Гэхдээ энэ удаад ирээдүйнх нь талаар бус харин өнгөрсөн, одоогийнх нь тухай өгүүлье.

Дуглас Луис бол Бразилын “Васко Да Гама”-гийн бүтээгдэхүүн мөн ядуусын хороололд төрж өссөн нэгэн.

“Нэг удаа аав намайг “Васко Да Гама”-гийн бэлтгэлд хүргэж өгөх гэж байтал манай тэнд нэг хүнийг буудчихсан юм. Тэгтэл аав намайг машинаас буулгаад тэр хүнийг эмнэлэгт хүргэж өгөхөөр яаран давхисан. Тэр явдлыг эргэн бодохдоо “Тэндээс чи амьд гарсандаа баярлаж яв даа” гэж өөртөө хэлдэг юм” хэмээн Дуглас Луис өгүүлнэ.

Дугласынх Рио Де Жанейрогийн Нова Холанд гэх ядуусын хороололд хоёр өрөөтэй байшинтай. Тэр хороололд ойролцоогоор 130 мянган хүн амьдардаг. Харин нийт Бразил даяар бол ойролцоогоор 14 сая хүн ядуусын хороололд өдөр шөнийг аргацаан өнгөрүүлдэг гэсэн тооцоо байдаг юм билээ.

“Багын найз нараас маань буруу замаар явсан нь олон. Гэхдээ би найз нараа тэглээ ингэлээ гэж буруутгахгүй ээ. Яагаад гэвэл тэдэнд маань өөрөөр амьдрах боломжгүй байхгүйг мэднэ. Хүн ядаж юм идэх ёстой биз дээ. Гэр бүлээ тэжээх ёстой. Хүүхдээ өлсгөхгүйн тулд ямар нэгэн юм заавал хийх ёстой. Гэтэл ядуусын хорооллынх гэвэл супермаркет ч ажилчнаар авдаггүй байхгүй юу.

Миний нүдний өмнө хүн буудуулж, бас хутгалуулж байлаа. Муу юм их үзсэн. Гэхдээ ядуусын хорооллын мартагдсан тэр хүмүүст туслах хүсэл тэмүүлэлтэй хүмүүс байгаа нь олзуурхууштай” гэв. Өнгөрсөн даваа гаригт “Фулхэм”-ийн Виллиан, Андреас Перейра нарын хамтаар Лондоны Savoy ресторанд болсон сайн үйлсийн ажилд оролцож, мөнгө хандивласан байна.

“Тэндэхийн амьдралаа үзэн яддаг байлаа. Гэхдээ би тэнд л хөлбөмбөг тоглож сурсан. “Васко”-гийн бэлтгэлээсээ хурдхан тарж очоод гудамжиндаа тоглодогсон. Тэндэх байшин маань ч хэвээрээ.

Европ тивд ирээд цалингаа анх авмагцаа би ээждээ “Та байр худалдаж аваад, сайхан амьдар” гэж баярлан хэлсэн. Ээж минь надад бүхнийг өгсөн хүн. Бас жаргах, амар амгалан байх ёстой биз дээ. Гэхдээ шинэ байранд орно гэдэг хуучнаа мартана гэсэн үг биш шүү. Бид хаанаас ирсэн бэ гэдгээ хэзээ ч мартахгүй” гээд Дуглас Луис хөлбөмбөгийн яриа руу шилжлээ.

Дасгалжуулагч Унаи Эмери энэ улирлын эхэнд тэдэнд “Европын цомын тэмцээнд, Аваргуудын лигт оролцохыг би хүсч байна. Гэхдээ дээгүүр бичигдэж буй багууд маш хүчирхэг шүү” гэж хэлсэн. Тэгээд юу гэсэн гээч? Энэ улиралд бидний гол өрсөлдөгч “Тоттенхэм” байх болно гэсэн. Тэр үгээ “Арсенал”-тай тоглохын өмнө бидэнд эргэн сануулж хэллээ. “Би та нарт юу гэж хэллээ? “Тоттенхэм” бидний өрсөлдөгч байх болно гэсэн биз?” гэж сануулсан. Лут байгаа биз. Багийнхаа чадвар, түвшинг ийм сайн мэдэж байж шүү дээ” хэмээгээд бразил залуу толгойгоо үл ялиг сэгсрэв.

2022 оны аравдугаар сард Стивен Жеррардыг халж, Унаи Эмери ирсэнээс хойш “Астон Вилла” үргэлж өсч, сайжирч, дээшилж, дэвжиж яваа. Одоо л гэхэд дөрөвдүгээр байрт явна.

Багийнхаа өнгөрсөн улирлын шилдэг хөлбөмбөгчөөр нэрлэгдсэн Дуглас Луис “Эмери ирээд л бүхнийг өөрчилсөн. Түүнийг ирэхээс өмнө бид хол хол дамжуулаад л, их энгийн шулуухан хөлбөмбөг тоглож байлаа. Харин одоо биднийг бөмбөгөө аль болох “барьж”, яарахгүй байхыг зөвлөдөг юм. Хэрвээ өрсөлдөгч баг хэт дарамтлаад, давамгайлаад байхгүй бол сөрөг довтолгоо маш хурдан хийх гэж улайрах хэрэггүй гэдэг. Мөн бөмбөг эзэмшилтээсээ таашаал ав гэдэг. Өмнө нь үнэндээ хэцүү байсан. Би бөмбөг эзэмших дуртай тоглогч. Одоо дуртай зүйлээ хийх боломжтой болсондоо баяртай явдаг. Эмериг энд ирэхээс өмнө би дандаа 6 дээр буюу хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчаар тоглож байлаа. Харин Эмери ирмэгцээ надад “Одоо чи 6 биш! Одоо чи 8! Чи их сайн тоглогч. Талбайн нэг захаас нөгөө зах хүртэл хүссэнээрээ гүйж, шилжиж тоглож болно. Яв, довтол гэж хэлсэн. Тэрний дараах эхний тоглолтоосоо асар их таашаал мэдэрч, талбайгаас нүүр дүүрэн инээмсэглэлтэй гарсан даа” хэмээн Дуглас Луис ярилаа.

Хэд хэдэн сайн дасгалжуулагчтай хамтран ажиллаж үзсэний нэг нь Пеп Гвардиола. 18 настайдаа “Васко Да Гама”-гаасаа Европ тивд ирээд “Манчестер Сити”-д тоглох ёстой байсан ч гэлээ ажлын зөвшөөрлийн асуудлаас болоод чадаагүй. Тиймээс “Сити”-тэй нэгэн удирдлагатай Испанийн “Жирона” руу шилжүүлжээ.

“Би Европ тивд ирээд эхний бэлтгэлээ “Сити”-д хийсэн. Мөн ч их зүйлийг сурсан даа” гээд тэр инээлээ. “Магадгүй миний хөлбөмбөгийн ертөнцөд үзэж өнгөрүүлсэн хамгийн сайхан гурван сар тэр байх. Пеп надад их заавар зөвлөгөө өгнө. Дуглас, чи ойрын таван метрийг л харж тоглоод байна. Чамайг би 30 метрийг харж тоглоосой гэж хүсч байна гэж Пеп хэлж билээ.

Би зөрүүлээд хөлбөмбөгийн тухай өөрийн мэдрэмж, ойлголтоо хэлээд л... Ер нь тэгэхэд би их өөр тоглогч болчихсон шиг санагдсан. “Жирона”-д нэг жилийг өнгөрүүлчихээд эргээд “Сити”-д очмоор байсан ч баримт бичгийн асуудал гээд чадаагүй. Тэгэхэд надад хэцүү байсан. Гэлээ ч хэцүү байлаа гээд бууж өгөлгүй, улам бүр хүчтэй болсон. “Жирона”-д өнгөрүүлсэн хоёр улиралд сэтгэлзүйн хувьд хүчтэй болж чадсан. Тэгээд эцсийн эцэст энд, Вилладаа ирээд аз жаргалаа мэдэрч байна аа” гэж Дуглас Луис ярина.

Дугласын найз бүсгүйг Дэлхийн даяараа танина даа. Яагаав нөгөө Алиша Леманн. Швейцарийн шигшээ болон “Астон Вилла”-д тоглодог гоё өгзөгтэй бүсгүй. Инстаграмдаа 17 сая дагагчтай. “Хүмүүс бид хоёрыг алдартай хос гэдэг юм. Гэвч бид хоёр их энгийн хүмүүс шүү дээ” гэж хэлэхдээ Дуглас Луис ичээд ч байгаа юм шиг царай гаргав. “Бид хоёр хамтдаа оройн хоол энд тэнд идчихнэ. Боулинг хамт яваад тоглочихно. Дэлгүүр орсон ч асуудалгүй. Бусдын адил л амьдардаг. Англид ер нь их амар тайван байж болдог юм. Харин Бразилд бол тийм юм байхгүй л дээ. Хэрвээ Бразилд очоод дэлгүүрт орвол аймшигтай юм болно.

Бид хоёр гэртээ хөлбөмбөг огт ярьдаггүй. Надаас Алиша ур чадвараараа бараг илүү дээ. Бас нэг юм хэлэхэд, тэрнийхээ ачаар л англи хэлээ гайгүй сурсан юм. Би англи хэл сурахгүй бол бид хоёр ядаж хэрэлдэж чадахгүй байгаа юм чинь. Эхний хоёр жил би англи хэл бараг сураагүйтэй адил. Харин дараа нь түүнтэйгээ уулзаж эхэлснээс хойш яалт ч үгүй сурахад хүрсэн. Одоо бол хэрүүл хийгээд асуудлаа шийдчихэж чадахаар болсон. Өмнө нь үгээ португалаас англи руу гар утсаараа дамжуулан хөрвүүлж ярилцдаг байлаа шүү дээ. Анх уулзахдаа би юу ч ярьж чадаагүй. Тэгээд ярьж суръя гэж бодсон л доо. Алиша маань олон хэл мэднэ. Франц, англи, португал, швед, герман хэлтэй. Харин би португал, англи, испани хэлтэй. Сургууль төгсөөгүй гэхэд муугүй биз” хэмээн бразил хагас хамгаалагч яриад мөн л инээмсэглэв.

Дуглас Луис олон шивээстэй залуу. Нэг хуруун дээр нь аавынх нь сахлын шивээс байдаг юм билээ. Гоол оруулчихаад тэр хуруугаараа тэнгэр рүү зааж, аавтайгаа мэндчилдэг. Ингэж дотроо уудлан ярьчихаад босоход нь сэтгүүлч хүзүүн дээрх нэгэн шивээсийг анзаарчээ. Тэнд “Би ядуусын хорооллынх. Гэхдээ л өдий зэрэгт хүрч чадсан” гэж шивсэн байлаа.


Р.Гэгээ

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЕВГЕНИЙ ЛЕОНОВ: АЙДАС БОЛ СУЛ ДОРОЙ БАЙДАЛ БИШ 1 цагийн өмнө
НИЙТ НУТГААР ДУЛААРЧ, ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА 2 цагийн өмнө
Т.АРИУНЗАЯА, Л.ЭНХРИЙЛЭН НАР АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС … 15 цагийн өмнө
Л.ЭНХРИЙЛЭН, Т.АРИУНЗАЯА НАР АЗИ ТИВИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ Б… 15 цагийн өмнө
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨ… 21 цагийн өмнө
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 21 цагийн өмнө
ХИМИЧИН ДАЙЧИД ЖОЛООНЫ ДАМЖААНД СУРАЛЦАЖ, АНГЛИ ХЭЛ, МОНГОЛ БИЧИГ СУРС… 22 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26, 29-НД СЭРҮҮХЭН БАЙНА Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙ, ТҮҮНИЙГ МӨРДҮҮЛЭХ АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН ӨНӨӨГИ… Өчигдөр
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЛОН НИЙТЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН УУЛ УУРХАЙН САЛБАР, ХӨ… Өчигдөр
ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫНХАН ХҮҮХДЭЭ А ҮСЭГ ҮЗЭХЭЭС НЬ ЭХЛЭН ЦЭРЭГ-… Өчигдөр
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛИЙН 102.5 КМ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУ… Өчигдөр
ДЭЛХИЙН ЦОМД ХҮРЭХ АЗИЙН 3.3 БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН … Өчигдөр
ДЭЛХИЙН ЖИШГЭЭР ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЯВЦАД ЯМАР Ч САНХҮҮГИЙН А… Өчигдөр
МСНЭ: ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХДЭЭ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХНИЙ БАЙР СУУРЬ, ДУ… Өчигдөр
Б.БУЯНХИШИГ ХЭТ ХОЛЫН ЗАЙН ГҮЙЛТИЙН УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ 2025/04/25
ӨВӨРХАНГАЙ, ТӨВ АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ХЭСЭГ, ДУНДГОВИЙН НУТГААР ХҮЧТ… 2025/04/25
ХОМЫН ТАЛ ДАХЬ ТАХИЙН СҮРЭГТ ЭНЭ ЖИЛИЙН АНХНЫ УНАГА МЭНДЭЛЖЭЭ 2025/04/24
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР 1000 ДАХЬ КМ-ЭЭ АМЖИЛТТАЙ ТУУЛЛАА 2025/04/24
Их Уншсан
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ БА ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА 2025/04/16
ЯПОНЫ NHK С.ЖАВХЛАНГИЙНД ИРЖ, НУМАН ЗАХТ, БОСОО ЗАХТ ДЭЭЛИЙН ТАЛААР НЭ… 2025/04/19
ЯДАРГААГАА ЯАЖ ХУРДАН ТАЙЛАХ ВЭ? 2025/04/14
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 21 цагийн өмнө
ЦАГААН ХЭРЭЭ 2025/04/20
УЛААНБААТАР ХОТ ОРЧИМД ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20-НООС СЭРҮҮСНЭ 2025/04/19
ТАВАН МЯНГАН КМ ГҮЙХ Б.БУЯНХИШИГИЙГ ААВ ИЖИЙ НЬ БУЛГАН АЙМГААС ЗОРЬЖ О… 2025/04/18
ДОРНОГОВИЙН ХӨВСГӨЛ СУМЫН 80 НАСТАЙ Л.БАТМӨНХ БАЙГАЛЬ ОРЧНЫ НОБЕЛЬ ГЭГ… 2025/04/22
ЕВГЕНИЙ ЛЕОНОВ: АЙДАС БОЛ СУЛ ДОРОЙ БАЙДАЛ БИШ 1 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД ЧОНО, НОХОЙН ЭРЛИЙЗ БАЙГАА ЭСЭХИЙГ ТОДРУУЛАХ ТАНДАЛТ, С… 2025/04/21
АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Д.АЛТАНЦООЖ ТҮРҮҮЛЖ, УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ ҮЗҮҮРЛЭ… 2025/04/19
АВТО ЗАМ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРЫГ 58 БАЙРШИЛД БАЙГУУЛНА 2025/04/13
БУЛГАН, ТӨВ, ХЭНТИЙН ӨМНӨД, АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ А… 2025/04/22
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСА… 2025/04/20
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР ЗАМЫНХАА 10 ХУВЬ БОЛОХ 500 КМ-ЫГ АМЖИЛТТА… 2025/04/14