Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр /2025.09.01/ болжээ.
Үндэсний зөвлөлийн гишүүд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан нөхөн сэргээх төв байгуулах, хөдөө, орон нутгийн дунд сургуулийн сурагчдын дотуур байрны аюулгүй байдлыг хангах, МҮОНРТ болон өргөн нэвтрүүлгийн телевизээр түгээж буй хүүхдийн хөгжилд зориулсан контентыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсролыг дэмжих, жилийн дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулахыг хувийн хэвшлийнхэнд уриалах, хүүхдийн байгууллагуудын дуу хоолойг сонсож бодлого, шийдвэрт тусгах шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлэх зэрэг санал гаргасан байна.
Хүүхдийн төлөө сангийн 2025 оны төсвөөс хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах, хүүхдийн уушгины төрөлжсөн эмнэлгийг шинээр байгуулах хөрөнгө оруулалтын зардлын тодорхой хувийг санхүүжүүлэхээр боллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар агаар, хөрсний бохирдлоос гадна сургууль, цэцэрлэгийн дотоод орчны бохирдол хэвийн хэмжээнээс 5 дахин хэтэрсэн. Тиймээс хүүхдийн зориулалттай барилга, байгууламжид тавих стандарт, хяналт, шалгалтыг эрс сайжруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Хүүхдийн уушгины төрөлжсөн эмнэлгийн хөрөнгө оруулалтын бусад зардлыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн татвар ногдох орлогын 1 хүртэл хувийн дэмжлэг болон НҮБ-ын Хүүхдийн сангийн төслөөр шийдвэрлэх санал боловсруулж танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд үүрэг болгожээ.
Мөн Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын задгай талбай, хөлбөмбөгийн талбайн засвар, шинэчлэлд зарцуулахаар шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна