Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин цэрэгжлийн спортын мастер ахлах ахлагч Э.Даваажамц Дундговь аймгийн Хулд суманд гүйж явна. Говьд нар шарж, хөрсөндөө 30 хэм хүртэл халуун байгаа ч 88 дахь өдрөө гүйж яваа түүний хувьд энэ нь асуудал биш болжээ.
Тэрбээр Хулд суманд ирснээр 4500 км хүргэсэн бөгөөд туулах замынхаа 90 хувийг ардаа орхижээ. Дундговь аймгийн нутаг дэвсгэрийг дамжин гүйж, эх орныхоо өмнөд цэг буюу Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүрснээр "Таван цэг" төсөл амжилттайгаар өндөрлөх юм. "Таван цэг"-ийнхэн 7 дугаар сарын 5-ны өдөр бариагаа гүйцэтгэж, 7 дугаар сарын 7-ны өдөр ЗХЖШ-аас төслийн хаалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Ташрамд онцлоход Дундговь аймгийн Хулд сум нь 1923 онд байгуулагдсан, нутгийн хойд тал нь говирхог хээрийн, урд тал нь талын цөлөрхөг бүсэд багтдаг. Байгалийн үзэсгэлэнт Гоожинхой Тээг, Цагаан суварга, Хэвтээ босоогийн агуй, Сэнжит хад зэрэг газар нь сумын нутаг болон зааг нутгууд дээр оршдог.
Дундговь аймгийнхаа Эрдэнэдалай, Луус, Өлзийт, Дэлгэрхангай, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумдтай хил залган оршдог.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна