Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2025 оны төсөвт хийх ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ-оо танилцуулж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтлэв. ,
“Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Шинээр бүрдсэн Монгол Улсын Засгийн газар төсвийн сахилга бат, ил тод, нэгдмэл байдлыг чанд сахих, зардлаа танах, төрийн бүтцийг цэгцэлж, цомхон чадварлаг болгон бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоог чангатгахаас ажлаа эхэлж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж эхлээд байна.
Энэ хүрээнд улсын эдийн засагт тулгараад буй сорилт, эрсдэлийг тооцож үзсэний үндсэн дээр Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын 2025 оны төсөвт хийх ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ-ыг боловсрууллаа.
Шинэчлэн боловсруулсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсөөллийн тухай хуулийн төсөлтэй нийцүүлэн энэхүү төсвийн тодотголыг боловсрууллаа.
Эрхэм нөхөд өө,
Монгол Улсын Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдож, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлснээс хойш ердөө долоо хоног өнгөрч байна.
Энэ хугацаанд геополитикийн сөргөлдөөнт байдал Иран-Израилын зэвсэгт мөргөлдөөнөөр өргөжиж, дэлхийн эдийн засгийн төлөвт эрсдэл учрууллаа.
Нүүрсний үнийн огцом уналтаас голлон шалтгаалж төсвийн орлого 3.2 их наяд төгрөгөөр тасалдах бодит нөхцөл байдал үүслээ.
Энэ нөхцөл байдал цаашид даамжирч болзошгүй байна.
Хэрэв төсөвт яаралтай тодотгол хийж, төсвийн үр ашиггүй, тэвчиж болох урсгал зардлаа танаж, импортыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахгүй тохиолдолд инфляц улам эрчимжиж, төгрөгийн ханш суларч, улмаар ард иргэдийн аж амьдрал, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн хэвийн үйл ажиллагаанд томоохон эрсдэл учирч болзошгүй байна.
Тухайлбал, төсөвт тодотгол хийхгүй, төсвийн алдагдал оны эцэст 3.2 их наяд төгрөгт хүрсэн тохиолдолд импортын хэмжээ нэмэгдэж, төгрөгийн ханш суларч, инфляц үргэлжлэн өсөх эрсдэлтэй байгааг урьдчилсан тооцоо харуулж байна.
Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улсад өрхийн орлого өсөхгүй тохиолдолд инфляц нэг хувиар нэмэгдвэл 24 мянга орчим хүн ядууралд өртөх эрсдэлтэй гэж тооцсоныг энд онцолмоор байна.
Тиймээс эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах нь Засгийн газрын эн тэргүүний, чадавх чансааг шалгасан чухал зорилт болоод байна.
Дэлхийн эдийн засгийн энэхүү нэн эгзэгтэй цаг үед улс орон бүр өөрийн эдийн засгийн бодлогодоо шаардлагатай тохиргоо хийж байна.
Тухайлбал, ОХУ, Бразил, Чили, Өмнөд Африк, Саудын Араб зэрэг түүхий эдийн экспортоос хамаарал өндөртэй улс орнууд түүхий эдийн үнийн огцом уналт, геополитикийн хурцадмал нөхцөл байдалтай уялдуулан төсөвтөө тодотгол хийж, эдийн засгаа тогтворжуулахыг хичээж байна.
Ингэхдээ орлогоо дайчлах, зардлаа бууруулах, төрийн албан хаагчдын тоог зохистой түвшинд хүргэн бууруулах арга замыг сонгож байна.
Үр ашиггүй, тэвчиж болох зардлаа танах, татаас, шилжүүлгээ бууруулах, нийгмийн халамжаа оновчтой болгох, хөрөнгө оруулалтын төслүүдээ эрэмбэлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч байна.
Ийм учраас Монгол Улсын хувьд дээрх төсвийн нэн шаардлагатай бодлого, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх бодит шаардлага тулгарлаа.
Бидний хувьд нүүрсний экспорт үргэлжлэн буурах, шатахууны үнэ нэмэгдэх, төсвийн орлого тасалдах, гадаад валютын нөөц багасах зэрэг эрсдэлийн түвшин эрс нэмэгдлээ.
2025 оны төсвийг баталж байх үед нүүрсний үнийг 105 ам.доллароор төсөөлж байсан бол БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын идэвхжил саарч, нүүрсний үнэ даруй 40 гаруй ам.доллароор буурч 70 ам.доллар болж, ойрын 1-2 жилд энэ түвшиндээ хадгалагдахыг олон улсын байгууллагууд сануулж байна.
Орос-Украйны дайн дуусах, Европ руу чиглэсэн манай худалдаа, экспортын гацаа түгжрэл арилах нааштай хандлага ажиглагдахгүй байна.
Ийм тодорхой бус нөхцөл байдалд монголчууд бид орлогоо дайчлах, зарлагаа тэвчих, боломж нөөцөө дайчлахаас өөр гарц бидэнд байхгүй.
Ингэлээ гээд үүссэн хүндрэл бэрхшээлийг эгэл ард түмэн, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийнхээ нуруунд үүрүүлж таарахгүй.
Тиймээс Монгол Улсын Засгийн газар ТӨР ӨӨРӨӨ БҮСЭЭ ЧАНГАЛАХ хувилбарыг сонгож байна.
Төрийн зардлыг хэмнэж, бүтэц, бүрэлдэхүүнээ цомхотгох нь дан ганц эдийн засгийн шаардлага бус, Монгол төрийн баримтлах ёс зүйн хэм хэмжээний нэгэн илэрхийлэл гэж үзэж байна.
Төрийн бүтцийг ТООНООС ЧАНАРТ шилжүүлэхдээ төсвийн зарлагыг механикаар хасаж тайрах биш, дунд хугацааны төсвийн тогтвортой байдалд чиглүүлэх бодлогыг Засгийн газар баримталж байна.
Энэ бол төрийн бүтээмж, үр ашгийг сайжруулах томоохон ШИНЭЧЛЭЛИЙН ЭХЛЭЛ болно гэдгийг онцлон тэмдэглэе.
Энэхүү шинэчлэлийг дараах хоёр үндсэн хэлбэрээр хэрэгжүүлнэ.
Нэгдүгээрт, ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ-оор цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн алба бий болох шинэчлэлийг эхлүүлж байна.
Монгол Улсад төрийн албан хаагчдын тоо 2024 оны байдлаар 230 гаруй мянгад хүрсэн нь манай улсын нийт хүн амын 6.5 хувь, ажиллах хүчний 16 орчим хувьтай тэнцэж байна гэсэн үг.
Энэ тоо нийт хүн амын өсөлт, төрийн үйлчилгээний цар хүрээ, хүртээмжээс хамаардаг нь үнэн.
Гэхдээ зохистой түвшинд байх учиртай.
Энэ шалгуурыг бид хангаж чадаж байгаа юу, үгүй юү гэдгийг төр өөрөөсөө асуух цаг нэгэнт иржээ.
АНУ, Солонгос, Киргиз, Тунис, Франц, Чили, Эстони болон Швед зэрэг дэлхийн олон улс орнууд төрийн бүтэц, бүрэлдэхүүн, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, төрийн албан хаагчдын тоог зохистой түвшинд хүргэх, төвлөрлийг сааруулахад онцгой анхаарч байна.
Тухайлбал, сул орон тоонд хүн нэмж авахгүй байх, төрийн үр дүнгүй албан тушаалуудыг арилгах, цахимжуулах, төрийн албанаас хувийн хэвшилд үе шаттай шилжүүлэх, цалин хөлс, тусламж, урамшууллын бодлогоо сайжруулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Тиймээс бусад улс орны туршлага, сургамжийг судалж, төрийн чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг салбар бүрд хянан шинжилж, хийдэл, давхардлыг арилгах шинэчлэлийг эхлүүлж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-тэй нийцүүлэн, багш эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулахаар хэмнэлтийн тодотголд тусгалаа.
Энэ хүрээнд дарга нарын тоог бууруулах, тэтгэвэрт гарсан эсвэл сул орон тоонд хүн авахгүй байх, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, давхардал, хийдлийг арилгах, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх гэх мэт арга хэмжээг авснаар төсвийн зардал 300 гаруй тэрбум төгрөгөөр буурна гэж тооцож байна.
Төрийн албан хаагчийн орон тоог бууруулах нь төр, түмнийхээ төлөө зүтгэж буй хувь хүн, айл гэрийн амьдралд тийм ч таатай нөлөө үзүүлэхгүй.
Төсвийн хэмнэлтийг төрийн албан хаагчдаа ажил, амьдралаар нь хохироох замаар хийж болохгүй гэсэн шүүмжлэл ч гарна.
Гэхдээ төрийн алба гагцхүү ур чадвар, мэдлэг туршлагад суурилсан, цомхон бүтэцтэй, бүтээмж өндөртэй байх талаар олон жил зүгээр л ярьсаар ирсэн.
Бодит ажил, алхам бараг хийгдээгүй гэхэд хилсдэхгүй болов уу.
Үүнийг яг одоо хийх, эхлэх нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ гэдэг нэг л ҮНЭН БАЙНА.
Хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн хувьд ажиллах хүчний дутагдал бол хамгийн тулгамдсан асуудал болоод байгааг илэрхийлж байна.
Тиймээс төрийн албан хаагчийн орон тоог бууруулах бодлого нь хувийн хэвшилд тулгамдаад буй ажиллах хүчний дутагдлыг нөхөх бодлоготой нягт уялдуулж, цогц байдлаар хэрэгжих ёстой.
Өөрөөр хэлбэл, бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан төрийн албан хаагчдаа Засгийн газар гудамжинд гаргаад хаяхгүй, хувийн хэвшлийн бэлэн ажлын байранд зуучлах, сургаж мэргэшүүлэх зэрэг тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Засгийн газар хувийн хэвшил, баялаг бүтээгчидтэйгээ хамтран ажиллаж, тэдэнд шаардлагатай байгаа ажлын байранд төрийн албан хаагчдыг зуучлан шилжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
Энэ чиглэлээр бусад байгууллага, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, мэргэжлийн холбоодтойгоо нягт хамтран ажиллах болно.
Мөн төрийн бүтцийг цэгцлэх зорилтыг хэрэгжүүлэхдээ төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх зарчмыг хатуу баримталлаа.
Энэ хүрээнд төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, инновац нэвтрүүлэх, бүтээмжийг сайжруулах чиглэлээр Сингапур, БНСУ, Япон, Малайз зэрэг орнуудын шилдэг туршлагыг үе шаттай нэвтрүүлэхээр тооцож байна.
Хоёрдугаарт, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшилд суурилсан, тогтвортой, хүртээмжтэй, дархлаатай эдийн засгийг хөгжүүлэх бодлогын шинэчлэл эхэлж байна.
Энэ шинэчлэлийн үр дүнд ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХ бий болох учиртай.
Төр цомхон, чадварлаг, бүтээмжтэй болж, эдийн засаг дахь төрийн оролцоогоо бууруулснаар хувийн хэвшилд тулгуурласан, үр ашигтай, хүртээмжтэй, дархлаатай, тогтвортой эдийн засгийн тогтолцоо төлөвших үүд хаалга нээгдэнэ.
Хувийн хэвшлийг дэмжих хамгийн бодит алхам энэ мөн гэсэн хоёр дахь ҮНЭН ЭНЭ юм.
Хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ дэмжих шинэчлэлийн дараагийн том алхам бол төрийн өмчит компаниудад хийх цогц реформ, эдийн засгийн нөхцөл байдалтай зохистой уялдуулсан татвар, нийгмийн даатгалын цогц шинэчлэл байх болно.
Цаашид уул уурхайн салбараас хэт хамааралтай, эмзэг эдийн засгийн бүтцээ төрөлжүүлэх, аж үйлдвэржилтийг тууштай дэмжих, экспортын зах зээл, гарцыг төрөлжүүлэх ажлыг бодит үр дүнтэй эрчимжүүлэх шаардлагатай байна.
Ялангуяа Зүүн өмнөд Ази, Дундад Ази болон Европын улс орнууд руу чиглэсэн экспортын гарцыг өргөтгөх, худалдааны саад тотгорыг арилгах, өнгөрсөн хугацаанд байгуулсан гэрээ хэлцлээ үр дүнтэй хэрэгжүүлэх асуудлыг анхаарах ёстой.
Дээрх орнуудад мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний 15 тэрбум ам.долларын зах зээл байна.
Энэ нь Монгол Улсын хувьд зайлшгүй нэвтрэх шаардлагатай зах зээл юм.
Иймд хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, аж үйлдвэр, боловсруулах үйлдвэрлэл, мэдээллийн технологи, аялал жуулчлал зэрэг салбарт хэрэгжүүлж буй бодлого, төсөл, хөтөлбөрүүдийн бодит үр дүнд онцгой анхаарч, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр зорилтот бодлого хэрэгжүүлж ажиллана.
Дашрамд зуны дэлгэр цаг ирж, аялал жуулчлалын улирал эхэлж байгаа энэ цаг үед төр засаг, түмэн олон маань нэг зүгт харж, үр дүнтэй бодлогоор гаднын жуулчдыг татах, бүтээлч үйлчилгээ, нэвтрүүлж, чанар хүртээмжээ эрс сайжруулж, эх орондоо валютын урсгалыг нэмэгдүүлэхийг улсын Ерөнхий сайдын хувьд уриалж байна.
Эрхэм гишүүд ээ,
Эдийн засгийн сорилт, хүндрэлийг даван туулахад төсвийн сахилга бат, үр ашигтай зарцуулалт онцгой чухал үүрэгтэй.
Тиймээс ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ-д бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэх зарчмыг баримталлаа.
Үүний зэрэгцээ нэгэнт хэрэгжиж эхэлсэн хөтөлбөр, арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжүүлж, хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээний зардлыг царцаахаар тооцлоо. Үүнд:
1. Төсөвт байгууллагуудын түлш, халаалтын тарифыг нэмэгдүүлэхээр 2025 оны төсөвт туссан зардлыг 121.9 тэрбум төгрөгөөр;
2. Төрийн тусгай байгууллагуудаас бусад бүх шатны төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, дотоод албан томилолт, хичээл үйлдвэрлэлийн зардлыг 28.9 тэрбум төгрөгөөр;
3. Төрийн өндөр, дээд айлчлал болон өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг 4.5 тэрбум төгрөгөөр;
4. Бүх шатны төсвийн байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх болон багаж техникийн зардлыг 104.4 тэрбум төгрөгөөр;
5. Төсвөөс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасыг 76.8 тэрбум төгрөгөөр;
6. Байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшууллыг 30.2 тэрбум төгрөгөөр;
7. Бүх шатны төсвийн байгууллагуудын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлыг 617.3 тэрбум төгрөгөөр хэмнэхээр тооцлоо.
Ингэснээр төсвийн зардал нэг их наяд 508.4 тэрбум төгрөгөөр буурна.
Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан хугацаанд худалдан авах ажиллагааг дуусгаж, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг зогсоох зохицуулалтын хүрээнд Засгийн газар 2025 оны зургаадугаар сарын 20-ны өдөр “Төсвийн хэмнэлтэд тооцох тухай” тогтоол гаргасан.
Энэ тогтоолд туссан 535.9 тэрбум төгрөгийг нэмж тооцвол нийт хоёр их наяд 44.2 тэрбум төгрөгөөр төсвийн зарлага буурах болно.
Эрхэм гишүүд ээ,
ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ нь төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулж, төлбөрийн тэнцэлд учирч болзошгүй сөрөг дарамтыг 400 орчим сая ам.доллароор бууруулж, монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтворжуулах, үнийн өсөлтийг сааруулах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн амьжиргаа, баялаг бүтээгчдийн хэвийн үйл ажиллагаанд зохих үр нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Энэхүү тодотгол нь эдийн засгийг тогтворжуулж, дунд хугацаанд эдийн засаг тогтвортой өсөх суурийг тэлэхийн зэрэгцээ гадаад орчинд манай улсын нэр хүнд, зээлжих зэрэглэлийг хамгаалах, баталгаажуулахад давхар чиглэж байгааг онцлон тэмдэглэе.
Ийнхүү 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг гурван их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэг их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нэг их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болж байна.
Эдгээр төсвийн үзүүлэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагуудыг бүрэн хангаж байгаа болно.
Тиймээс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна