Японы Токио хотноо болсон “World Ballet Grand Prix Tokyо” уралдаанд “Монголын балетын хөгжил” сангийн дэргэдэх Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид амжилттай оролцож, нийт найман медаль хүртээд байна. Өсвөр үеийнхний дунд зохион байгуулсан тус балетын тэмцээний 6-8 насны ангиллын багийн төрөлд Т.Энхсүрэн багшийн удирдсан “Exotika”, 9-11 насны ангилалд Ч.Ганчимэг, Ц.Жаргалан багшаар удирдуулсан “Copellia” хамтлаг алтан медаль хүртжээ. Ганцаарчилсан төрөлд Ч.Гэгээн, А.Танангоо, Э.Марал, З.Анирлан нар хүрэл медаль, М.Ингүүмэл мөнгөн медаль тус тус хүртэж, тусгай байрт Ц.Амина шалгарч, Бест артист төрөлд А.Танангоо алтан медаль хүртсэн байна.
ЮНЕСКО-гийн FIBC Federacion Internationale de Ballet Competitions болон Олон улсын балетын “Шорюү” нэгдэлтэй хамтран зохион байгуулсан тус уралдаан нь балетын хөгжлийг дэмжих зорилготой аж. Энэхүү уралдаанд 20 гаруй орны өсвөрийн балетчид дөрвөн насны ангилалд өрсөлджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна