Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн Дэд захирал, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр /2026.06.29/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал Монгол Улсад үзүүлж буй нөлөөлөл, инфляц, төсвийн тогтвортой байдал, гадаад валютын нөөц болон эдийн засгийн болзошгүй эрсдэлийн талаар санал солилцов.и Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ажиллаж байгаагаа танилцуулав.
ОУВС-ийн Ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Монгол Улс дахь инфляц болон төсвийн бодлого уулзалтуудынх нь гол сэдэв болж байгааг дурдахын зэрэгцээ цалин, урсгал зардлыг нэмэгдүүлэх нь инфляцын дарамтыг өсгөх эрсдэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Гэхдээ инфляцын нөлөөг бууруулах зорилгоор цалинг дахин нэмэгдүүлэх нь үнийн өсөлтийг улам өсгөх нөхцөл бүрдүүлж болзошгүйг анхаарууллаа.
Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны дараагийн ээлжит харилцан үнэлгээний шалгуур өөрчлөгдсөн талаар дурдан цаашид хууль тогтоомжийн зохицуулалтаас гадна түүний хэрэгжилтийн үр нөлөөг харгалзах болсон тухай танилцуулан холбогдох байгууллагууд бэлтгэл, уялдаа холбоондоо анхаарах шаардлагатайг онцлов.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна