ХИЛЭЭ, ЭХ ОРНОО ХӨГЖМИЙН АЯЛГУУГААР УРЛАСАН ХУРАНДАА

Admin
2 цагийн өмнө

Уургаа даялсан аав минь Монгол

Уурагаа шимүүлсэн ээж минь Монгол

Унаж мөлхсөн шороо минь Монгол

Ундаалж өссөн рашаан минь Монгол оо..

Танхим дүүрэн алга ташилт дахиад л нижигнэлээ. Шөнийн марафонтой зэрэгцүүлэн зам хаасан бүсэд байрлах Соёлын төв өргөөнд “МОНГОЛ- ГАЗАР ШОРООНДОО БИ ХАЙРТАЙ” тоглолтоо зохион байгуулсан “цөлх” эр бол Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч, Удирдаач, Хурандаа Бадамдоржийн Ганхуяг.

Замын хязгаарлалтаас үл хамааран танхим үзэгчээр арвин, инээд хөөр, баяр баясал, алга ташилт дүүрэн, уур амьсгал халуун дулаан, хөгжмийн хэл илэрхийлэл нь бахдам сайхан байлаа.    

Зууны шилдэг 100 дууны нэгд багтсан “Монгол” хэмээх дууг дуучин Б.Дэлгэрбаяр, Л.Нарангэрэл, Д.Дүйнхэржав нар үзэгчдэд хүргэлээ. Дуу гурван жигүүртэй. Бид дуучныг нь л мэддэг, шүлэг, хөгжмийн зохиолч нь харин танигдахгүй үлддэг.  

Өдгөө монголчууд бүгд мэддэг болсон энэ сайхан дуу бүтсэн түүх сонин. Ахмад хилчин Д.Болд гуай Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дарга Б.Ганхуягийг зорин ирж, аялгуу бичүүлье хэмээн шүлгээ өгчээ. Тулгуу ажилтай байсан тул хэдэн үг солиод шүлгийг нь авч, ширээн дээрээ тавиад албандаа шамдаж.. Ажлаа амжуулсны дараа шүлгийг үзтэл үнэхээр “гоё” байсан гэдээг. Ахмад хилчин, эгэл жирийн эрхмийн сэтгэлээс ундарсан “Монгол” хэмээх сайхан шүлэг Б.Ганхуягийн зүрхнээс урссан аялгуугаар “амилж”, Гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгсийн хүчирхэг хоолойгоор 2009 оны Морин хуур наадмын тайзнаа анх эгшиглэжээ. Тэмцээнд айхтар сайн бэлдэж амжаагүй гэдэг ч энэ дуу Морин хуур наадмын гуравдугаар байрт шалгарсан юм.  

Тухайн үедээ нэрд гарч байсан Voice хамтлагийн залуус С.Баттулга, Д.Отгонжаргал, А.Эрдэнэжаргал нар хөгжмийн зохиолч Б.Ганхуягаас энэ дууг нь дуулах зөвшөөрөл авснаар олон нийтэд түгсэн түүхтэй.

Хүний өгөгдөл, авьяас ирээдүйг нь заадаг гэдэг хичнээн үнэн бэ. Гайхамшигт аялгуу зүрх рүү урсахдаа “яаж ийм хөгжим зохиодог байна аа” гэж гайхшруулахын сацуу зохиогчийн талаарх бодлыг эмхэрдэнэ.  

Б.Ганхуяг таван настайгаасаа л хөгжим сонирхож эхлээд 16-тайдаа “Бүх ард түмний урлагийн их наадам”- аас Алтан медаль хүртжээ. Нисгэгч болох мөрөөдөлтэй хүү хөгжим гэж явсаар  Багшийн сургуулийн соёлын анги, Соёл урлагийн их сургууль, бүр хойд хөршид Свердловскийн консерваторид хүртэл суралцсан. Гэхдээ бас зүгээргүй ээ, Свердловскт очиход нь шалгаад шууд гуравдугаар курст оруулчихсан бахдам түүхтэй. Авьяас нь чин сэтгэл, тууштай хөдөлмөрөөр улам ч цэцэглэж, мэргэжлийн ийм сайхан хөгжим болон ундраад эх орноо, дархан хилээ аялгуугаар урласан нь бахархам.

Хөгжмийн хэл гэдэг бичигч миний хувьд ихээ хол зүйл. Б.Ганхуягийн аялгуунууд нүсэр юм аа. Төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуай “Б.Ганхуягийн найрал дуу, дуулаачийн бүтээлүүдийн ая, аялгуу нь өргөн уудам Монгол ахуйн жинхэнэ үнэр амттай, мэргэжлийн, чадварлаг, өөдрөг, сэтгэлийн эрчтэй сайхан туурвилууд байдаг. Түүний бүтээлч амьдрал Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгатай холбоотой болсноор эх орон, дархан хилийн тухай бүтээл туурвих сэдвийнх нь томоохон ундарга болжээ” гэсэн нь бий.

Цэрэг эх орны сэдэвт дуунуудын алтан сан алдарт Д.Мяасүрэнгээс эхэлсэн талаар агуу Н.Жанцанноров дурсахдаа хойчийг нь нэр төртэй залгамжилж байгаа гэж Б.Ганхуягийг дурдсан байдаг.

Үнэхээр ч цоглог өөдрөг хөгжмөөр дүүрэн тоглолтын хэл аялгуу Монголоороо омогших сэтгэлээр үзэгчдийг хөглөж буй нь гэрэлтэх харцнаас нь илт.

Ардын уран зохиолч Санжаасүрэнгийн Оюуны шүлгээр бүтээсэн “Байтаг богдын магтуу” хэмээх бүтээл нь “жүжиг” ч юм шиг сэтгэгдэл төрүүлэв. Хэмнэл, аялгуу нь өөрчлөгдөх өнгө аяс гайхам. Хэзээ ийм олон төрлийн хөгжим, аялгуу нэгэн бүтээлд багтсан байхыг сонслоо хэмээх бодол тархинд эргэлдэнэ. Морин төвөргөөн, бүрээ, аялгуут хөгжим, найрал дуучид, гоцлооч.. Цогцоороо эрхэмсэг хийгээд утга төгс... Энэ бүтээлийг улсын санд авсан гэсэн, аргагүй л лут юм аа.

Б.Ганхуяг магтууны үеэр өөрөө оркестроо удирдав. Ажлаа нягт нямбай, ягштал биелүүлэх юм, эрхэм хурандаа. Түүнийг тоглолтынхоо үеэр тайзан дээр гарч үг хэлэхийг нь хүлээлээ. Хилчдээс ирсэн чин сэтгэлийн талархал гардуулахад гэх зэргээр гарч ирсэн ч тэр юу ч ярьсангүй, тоглолт дуусчихав. Тоглолтоо хийж яваа хүн биш, үүргээ биелүүлж яваа цэргийн дарга шиг л.

Өмнөх тоглолтынхоо үеэр ч Б.Ганхуяг тайзан дээр ганц ч үг дуугараагүй гэнэ. Тэр үгээ хөгжмийн хэлээр, тансаг аялгуугаар илэрхийлдэг. Эх орноо хайрлах хайр, дархан хил, газар шороогоо хамгаалах, бахдах сэтгэл нь  аялгуу бүрээс мэдрэгдэж, зүрхнээс зүрхэнд урсана. Ийм байхад илүү үг хэрэг ч үгүй юм уу. Гэхдээ л даруухан юм аа. Нижигнэсэн алга ташилтын дунд, үзэгчдэдээ үг хэлсэн бол танхим уухайлах л байсан байх даа гэж ч бодогдох шиг.  

Б.Ганхуяг нийтийн дууны уран бүтээл цөөтэй. Түүний хөгжмийг нь бичсэн гоцлол болон найрал дуу 200 хол давж, 400 гаруй хөгжмийн бүтээлд найруулга хийж, 700 гаруй бүтээлийг удирдан тоглуулжээ. 

Төрөлх Булган аймгийн Дашинчилэн сумандаа боловсролын байгууллагад арваад жил сурагчдад хөгжим зааж, хүүхдийн хоор ч бичиж байсан эр цэрэгт яваад л хил рүү “урвачихсан”.

Ихэнх уран бүтээл нь эх орон, хилчдийн сэдэвтэй. Хорь гаруй жилийн амьдралаа хилд зориулж, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгыг 13 жил удирдсан эрхэм хурандаа бүтээлээ ихэвчлэн ансамблийнхаа дуучдад өгч, уран бүтээлийнх нь урагшлах замыг засаж ирсэн гэдэг.  

Хилээрээ овоглодог гавьяатын бүтээлийг торгон хилийн манаанд гарч буй байлдагч нь ч, дэлхийн дэвжээнд улсаа төлөөлж буй хилчин тамирчид нь ч “давалгаалан” дуулдаг. “Хилчин тамирчдын сүлд дуу”-г нь тив дэлхийд өрсөлддөг тамирчид тоглолтын үеэр  дуулж, үзэгчдэд толилуулж, алга ташилтаар “булуулаад” авна лээ.

Б.Ганхуяг мэргэжлийн бүтээлдээ үнэнч явсаар ирсэн хүн. Мэргэжлийн бүтээлд зайлшгүй шинжлэх ухаан шаардлагатай гэж үздэг тэр аялгуут хөгжим бичиж, удирдаад зогсоогүй хөгжмийн тавиад бүтээлийг ноотолсон ном ч гаргасан.

Тоглолтын ая дангаас анзаарагдсан нэгэн зүйл нь дарга аа л гэх юм хөтлөгчид ч, дуучид ч.. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгаасаа гавьяаны амралтад гарсан хурандаа өнөөдөр ч тэдэндээ дарга хэвээрээ байгаа нь хэр удирдагч байсныг нь илтгэх биз ээ.

Ардын уран зохиолч Д.Урианхай, С.Оюун, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж, Хилийн цэргийн командлагч Д.Бямбасүрэн, зохиолч яруу найрагчид, төрөлх нутгийнхан нь гээд олон сайхан хүн тоглолтыг үзэхээр хүндэтгэн цугларчээ.

Элбэрэлт ижий, аавдаа  зориулсан “Ардын дуунд аав минь сургаальтайгаа” дуу нь олон үзэгчийн сэтгэлийн мяндсан утсыг хөндөж,  аньсагыг нь чийгтүүлнэ лээ. Энэхүү дууны үгийг бичсэн яруу найрагч Сүрэнгийн Оюунчимэгтэй хамтран хийсэн уран бүтээл Б.Ганхуягт хэд хэд бий.

Хөлд орохдоо унаж босон мөрөө гаргаж

Хүйтэн булгийн уснаас нь шүдээ тагштал залгилж

Талын тогоруу нуурын ангир үргээж

Таанын толгой цэцгийн дэлбээ түүж явсан болохоор

Газар шороондоо би хайртай

Ардын уран зохиолч Шагдарын Дулмаагийн шүлгээр хийсэн “Газар шороондоо би хайртай” дууг Гавьяат жүжигчин Ө.Уянга, дуучин Д.Дагвадорж нар үзэгчдэд хүргэсэн нь дүүрэн талархал хүлээлээ. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин, Гавьяат жүжигчин Б.Ганчимэгийн дуулсан “Аминаас хайртай эх орон” дуу ч сэтгэл хөвсөлзүүлж, алга ташилт цуурайтсаар.

Эх орноо, дархан хилээ, газар шороогоо хөгжмийн хэлээр магтан дуулсан хүчирхэг аялгуунууд дуурссан гайхам сайхан тоглолт байлаа. 

Эрч хүч цог золбоо, эх Монголоороо омогших сэтгэлийг дүүртэл төрүүлсэн тоглолт толилуулсан Б.Ганхуяг гавьяатын адил чин сэтгэл дүүрэн хүмүүсийн ачаар мэргэжлийн урлаг өсөн хөгжиж, дэвжиж байдаг биз ээ. 

Р.ГАНПҮРЭВ 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ШҮҮХИЙН ЗОРИУЛАЛТТАЙ АНХНЫ БАРИЛГА АРХАН… 1 цагийн өмнө
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ТӨРӨӨС ОЛГОЖ БУЙ ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛЛЫН АСУ… 1 цагийн өмнө
ХИЛЭЭ, ЭХ ОРНОО ХӨГЖМИЙН АЯЛГУУГААР УРЛАСАН ХУРАНДАА 2 цагийн өмнө
АЙЧИ НАГОЯА-2026: Э.СОНОМПУНЦАГ ГАЗРЫН ТЕННИСНИЙ ТӨРӨЛД АМЖИЛТТАЙ ОРОЛ… 8 цагийн өмнө
УЛААНБААТАРТ УУЛААРАА ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 4-6 ХЭМ ДУЛААН 8 цагийн өмнө
OPENAI ХАМГИЙН СҮҮЛИЙН ЗАГВАРУУДАА СУРГАХ АЖЛЫГ ЗОГСООВ Өчигдөр
УВС, ЗАВХАН, ХӨВСГӨЛИЙН НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО Өчигдөр
OРENAI CHATGPT ХЭРЭГЛЭГЧДИЙН 53 ЗУРГИЙГ АГЕНТУУД ЗАДРУУЛСАН ГЭЖ МЭДЭГД… 2026/09/26
ТӨСВИЙН ТОДОТГОЛТОЙ ХАМТ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙГ ҮЗЭ… 2026/09/26
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
УЛСЫН ИХ ХУРЛЫН АСУУЛГЫН ЦАГААР ТӨРИЙН ХЯМРАЛ, ТӨСВИЙН БОДЛОГЫН ТАЛААР… 2026/09/26
ТӨВ, ДАРХАН, СЭЛЭНГЭ, ДУНДГОВЬ, ДОРНОГОВЬ, ХЭНТИЙ, ДОРНОДЫН ЗАРИМ СУМД… 2026/09/26
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ТАМГЫН ГАЗАР АХМАД НАСТНУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛ… 2026/09/25
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ЦОГТ ӨМГӨӨЛӨХ, ЯЛЛАХ ТАЛЫН ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫН АСУУДЛЫГ… 2026/09/25
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 2026/09/25
П.ОРОСТОГОО ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГ… 2026/09/25
С.БЯМБАЦОГТ: ПАРЛАМЕНТЫН МЭДЭЭЛЭЛ ИРГЭН БҮРД НЭЭЛТТЭЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙ… 2026/09/25
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ХЭСГЭЭР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР НОЙТОН … 2026/09/25
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 2026/09/24
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 2026/09/24
Их Уншсан
ЭМГЭНЭЛТ АЛЛАГЫН ДАРАА ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/09/26
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 2026/09/24
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 2026/09/24
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 2026/09/14
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
АВТОМАШИНГҮЙ ӨДӨР АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 7-18 ЦАГИЙН ХООРОНД ХӨДӨЛГӨӨН… 2026/09/25
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… 2026/09/23
ОРОСЫН ШҮҮХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН ШИЙДВЭ… 2026/09/17