Үндсэн хуулийн цэц өнөөдөр /2026.05.27/ Их суудлын хуралдаанаараа Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн 1 удаа 6 жилийн хугацаагаар томилохоор заасан 2021 оны Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.
2021 оны 1 дүгээр сарын 15-нд батлагдсан Шүүхийн тухай хуулийн үзэл баримтлал, агуулга, зүйл заалтад Дээд шүүхийн шүүгчид "манлайлан" оролцсон гэж хувьдаа хардаг. Мэдээж шүүгчдийн саналаар бүх зүйл болоогүй ч гол үзэл баримтлал нь туссан.
Шүүх, шүүгчийн хамгийн гол зүйл нь хараат бус байдал.
Шүүгчийн томилгооны хараат бус байдлыг хангах зорилгоор уг хуульд анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнүүдийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгохоор заасан. Ерөнхийлөгч томилохгүй, шууд бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх бөгөөд хугацаа нь 3 жил...
Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаагаар зөвхөн 1 удаа Дээд шүүхийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно гэсэн заалт ч Дээд шүүхийн "санаачилга"-аар хуульд орж батлагдсан гэж хардаг. 2020 онд Ерөнхий шүүгч болсон Д.Ганзориг ч энэ заалтыг дэмжиж байсан гэж ойлгодог. Бусад хүмүүс ч тэгж үздэг байх. Гэтэл өнөөдөр яг буух болонгуутаа үзэл бодол, итгэл үнэмшил нь өөрчлөгдөж буй нь хачин хийгээд маш эргэлзээтэй.
2013 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг нэг удаа, 6 жилийн хугацаагаар гэж бас л орсон байсныг Цэцэд "өгөх" замаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гарсан байдаг. Энэ дагуу 2016 онд Дээд шүүхийн Ерөнхий шүүгч улирсны дараа шүүхийн системд маш олон "цохилт" ирсэн. Цухас дурдахад ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийг чөлөөлдөг болж, 2019 онд Ерөнхий шүүгчийг чөлөөлсөн. Олон шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгасан. Тэр хүмүүс өдгөөг хүртэл дотоод сэтгэлдээ "шархтай" явдаг гэж боддог. Шүүхийн нэр хүнд үүнийг дагаад унасан. Энэ бүх нөхцөл байдлыг дүгнээд Ерөнхий шүүгчийн бүрэн эрх 6 жил байх нь системдээ ч хэрэгтэй гэж шүүгчид харсан байх. Гэтэл өнөөдөр...
Албан тушаал гэдэг хувь хүний хүсэл шунал биш, данхар төрийн данагар дарга нар нь хугацаа сунаад ч хийж бүтээхээс илүү эрх мэдэлдээ эрдэж буйг өнөөдөр аль ч түвшинд ард түмэн бүгдээрээ л харж байна.
Үндсэн хууль алганд багтах эх орон гэдэг. Гэтэл эрх мэдэлтний сандал суудал, данагар дарга нарын хаанчлах хугацааг сунгах шийдвэрийг Цэц гаргана гэвэл энэ өөрөө хямралын үндэс л болох байх даа. Зөвхөн хувиа биш ард олноо, систeмээ боддог байгаарай, дарга нар аа. Монголын заяа их ээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна