Дональд Трамп NBC News-д өгсөн ярилцлагадаа, Ираны шинэ дээд удирдагч Можтаба Хаменеи амь үрэгдсэн байж магадгүй гэжээ. Гэхдээ Трамп түүнийг хүнд шархадсан байж болно гэж үзэж байгаа гэж зарим хэвлэл мэдээлж байгаа юм. Можтаба Хаменеи сонгогдсоноосоо хойш олон нийтийн өмнө харагдаагүй нь ийнхүү тааварлахад хүргэж байгаа аж.
Харин Ираны албаныхан эдгээр мэдээллийг үгүйсгэж, Можтаба Хаменеи амьд, ажил үүргээ гүйцэтгэж байгаа гэж мэдэгдсэн байна.
Дональд Трамп мөн АНУ-ын хийсэн цохилтууд Ираны Харк арал дээрх ихэнх байгууламжийг бүрэн сүйтгэсэн гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр Ирантай мөргөлдөөнийг зогсоохын тулд одоохондоо хэлэлцээр хийхэд бэлэн биш байгаагаа илэрхийлж, “Одоогоор санал болгож буй нөхцөлүүд хангалттай сайн биш байна” гэжээ.
Үүний зэрэгцээ Дональд Трамп холбоотнуудаа Ормузын хоолойг хамгаалахыг дахин уриалсан байна. Түүнчлэн газрын тос тээвэрлэдэг хөлөг онгоцуудыг хамгаалахын тулд АНУ бусад улсуудтай хамтран ажиллана гэж мэдэгдсэн. Мөн АНУ-ын Элчин сайдын яам руу пуужингийн халдлага хийсний дараа Иракт буй АНУ-ын иргэдийг тус улсыг орхихыг зөвлөжээ. Оманд байгаа яаралтай биш үүрэгтэй АНУ-ын Засгийн газрын ажилтнууд, тэдний гэр бүлийг ч тус улсыг орхиж явахыг тушаасан аж.
Ливанд Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Израйлийн цохилтын улмаас дайн эхэлснээс хойш 826 хүн амиа алджээ. Тэдний дунд 65 эмэгтэй, 106 хүүхэд байгаагаас гадна түргэн тусламжийн 31 ажилтан байсан гэнэ. Өчигдөр /2026.03.14/ өмнөд нутгийн Бурж Калауйя хотод байрлах эмнэлэгт Израилийн цохилтын улмаас эмнэлгийн 12 ажилтан амь үрэгдсэн гэж орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд мэдээлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна