Болив улсын нийслэл Сукре хотод болж буй Олон улсын Мэдээлэл зүйн 37 дугаар олимпиадаас Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Чинбатын Ирмүүн хүрэл медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ. Ингэснээр Ч.Ирмүүн Олон улсын мэдээлэл зүйн олимпиадын хошой хүрэл медальтай болж байна.
Уг олимпиадад дэлхийн 87 орны 330 сурагч оролцож, программчлах ур чадвараараа хоёр өдөр нийт зургаан бодлого бодож өрсөлдсөн юм.
Тус олимпиадад мөн Монгол Улсаа төлөөлж Дархан-Уул аймгийн Монгол-Оюу сургуулийн 12 дугаар ангийн сурагч Гантөмөрийн Амарсанаа, Нийслэлийн ерөнхий боловсролын Нэст Эдукэйшн сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ганзоригийн Эрхэм, Нийслэлийн ерөнхий боловсролын Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мандахын Түвшинбаяр нар амжилттай оролцсон байна.
Түүнчлэн тус олимпиадын үеэр 2025 оны Ази-Номхон далайн орнуудын мэдээлэл зүйн олимпиад (APIO 2025)-д амжилттай оролцож ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн сурагч Г.Амарсанаа, Г.Эрхэм нар батламжаа гардан авчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна