Брэд Питт, Анжелина Жоли нар Франц дахь дарсны үйлдвэртэйгээ холбоотой олон жил үргэлжилсэн шүүхийн маргаанаа эвлэрлээр шийдвэрлэсэн тухай өмнө нь Холливудын алдарт хос байсан тэдний хамтарсан мэдэгдэлд дурджээ.
“Бид гэр бүлийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, шүүхээс гадуур тохиролцоонд хүрсэн бөгөөд цаашид энэ талаар тайлбар өгөхгүй.Хэвлэл мэдээллийн нийтлэлүүдэд "эх сурвалж"-аас авсан хэмээн дурдсан аливаа тайлбар, мэдээлэл нь үнэн хэрэгтээ бидний хэнээс нь ч, бидний ойр дотнын хүмүүсээс ч гараагүй болно.” гэж Жоли, Питт нарын төлөөлөгчид мэдэгдсэн байна.
Хоёр тал бие биеийнхээ эсрэг гаргасан нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргажээ. Тохиролцооны нөхцөлийг нийтэд мэдээлээгүй байна.
Тэд 2008 онд «Шато Мираваль» дарсны үйлдвэрийн хяналтын багц хувьцааг худалдан авч, 2014 онд тэнд хуримаа хийсэн юм.
Жоли 2016 онд гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргасан бөгөөд 2019 онд тэднийг хууль ёсоор гэрлээгүйд тооцох шийдвэр гарчээ. Гэвч гэр бүл салалттай холбоотой эцсийн тохиролцоонд хүрэх үйл явц 2024 он хүртэл үргэлжилсэн байна. Санхүүгийн бусад асуудлаарх тохиролцоо эцэслэгдэхээс өмнө Жоли 2021 онд эзэмшлийн хувиа худалдах зөвшөөрөл авчээ. Дүн нь 164 сая ам.доллар буюу 125.06 сая фунт стерлинг байсан гэж мэдээлэгджээ.
Жоли дарсны үйлдвэр дэх эзэмшлийн хувиа олигарх Юрий Шефлерийн хяналтад байдаг, согтууруулах ундаа үйлдвэрлэгч «Столи групп» компанид худалдсаны дараа Питт 2022 оны хоёрдугаар сард түүний эсрэг нэхэмжлэл гаргасан юм. Питт нэхэмжлэлдээЖоли Оросын бизнесмэнд эзэмшлийн хувиа худалдсанаар дарсны үйлдвэр дэх хувь эзэмшлээ нөгөө талын зөвшөөрөлгүйгээр худалдахгүй гэсэн харилцан тохиролцоог зөрчсөн гэж мэдэгджээ.
Жоли 2022 оны аравдугаар сард Питтийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргаж, гэр бүл салахад хүргэсэн гэх хүчирхийллийн үйлдлүүдийн талаар анх удаа дэлгэрэнгүй дурдсан байна. Жолигийн өмгөөлөгчдийн хэлснээр, тэрээр эзэмшлийн хувиа Питтэд худалдах хэлэлцээ хийж байсан ч Питт түүнээс “Жоли болон тэдний хүүхдүүдэд Питт бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн талаар шүүхээс гадуур ярихыг нь гэрээгээр хориглох нууцлалын гэрээ”-нд гарын үсэг зурахыг шаардсанаар хэлэлцээ бүтэлгүйтжээ. Питт эдгээр буруутгалыг няцаасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна