Монголын гэрэл зурагчин Сугаржавын Энхжаргал "AIPS Sports Media Awards 2025" уралдааны Photography Portfolio (цуврал фото) ангилалд бөхийн сэдэвт цуврал гэрэл зургаараа Ази тивдээ тэргүүн байр эзэллээ.
Удам залгасан спортын гэрэл зурагчин С.Энхжаргал "Хүү төрвөл бөх болно" (If a son is born, he will be a wrestler...) нэртэй энэхүү бүтээлээ 2025 оны долдугаар сарын 9-нд Төв аймгийн Цээл сумын наадмаар буулгасан байна.
С.Энхжаргал нь спортын агшин, уур амьсгалыг уран бүтээлдээ шингээдэг нэгэн бөгөөд түүний бүтээлүүд хөдөлгөөн, хүч чадал, уламжлалын гүн утгыг илэрхийлдгээрээ онцлог юм.
"AIPS Sport Media Awards" нь дэлхийн спортын сэтгүүл зүй, гэрэл зураг, мультимедиа бүтээлүүдийг үнэлдэг нэр хүндтэй шагнал бөгөөд жил бүр олон орны шилдэг уран бүтээлчид өрсөлддөг. Ийм өрсөлдөөн дундаас С.Энхжаргал ийнхүү тивдээ тэргүүлсэн нь түүний ур чадвар, харах өнцөг, уран бүтээлийн үнэ цэнийг батлан харуулж байна.
Түүний энэхүү амжилт нь зөвхөн хувь хүний амжилтаар хязгаарлагдахгүй, Монголын спортын гэрэл зураг олон улсад үнэлэгдэж, шинэ түвшинд хүрч байгааг илтгэх чухал үйл явдал боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна