AIPS Sport Media Awards 2025 уралдааны гуравдугаар шатны дүн гарахад Монголын фото сэтгүүлч Сугаржавын Энхжаргал Photography Portfolio (цуврал фото) ангилалд шилдэг 10-т багтаад байна. Шилдэг аравт Австрали, Канад, Франц, Монгол, Польш, Серби, Уганда, Их Британийн фоточид тунан үлджээ.
Удам залгасан спортын гэрэл зурагчин С.Энхжаргал "Хүү төрвөл бөх болно" (If a son is born, he will be a wrestler...) нэртэй энэхүү бүтээлээ 2025 оны долдугаар сарын 9-нд Төв аймгийн Цээл сумын наадмаар буулгасан байна.
AIPS Sport Media Awards 2025 уралдаанд нийтдээ 130 орны 1987 сэтгүүлч оролцож байгаа бөгөөд эхний гурван байрт шалгарсан тохиолдолд 5000-3000-2000 ам.долларын шагналтай ажээ.
Шагналтнуудын нэр 2026 оны 4 дүгээр сарын 10-нд Швейцарийн Лозанн хотноо тодрох юм.
Уг уралдаанд өмнө нь Монгол Улсаас Соёлын гавьяат зүтгэлтэн, спортын фоточ Ч.Ганбат 2020 онд гуравдугаар байрт шалгарч байсан билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна