Хүнд саваагүй ч гэмээр бодол төрөхийг алийг тэр гэхэв. Унтах гээд хэвтэл би далдын хар нөмрөгтэй байсан бол яахав гэсэн бодол хаанаас юм санаанд ороод ирэв.
Хүүгээ дагая. Хичээл сургууль, хэнтэй найзалдгийг нь мэдье гэснээ "за яав л гэж" гээд бодол төдхөн замхрав.
Ээжийгээ дагах уу. Ядарч зүдэрч яваагаа хэлдэггүй биш биз. За гайгүй байлгүй дээ.
Эхнэрийг дагах уу. За ёстой энэ аягүй бол аан гээд л бодол ч явж өглөө. Энд тэнд дарга дорготой нь явуулаад л ор дэр рүү оруулаад л гэнэт би нөмрөгөө хуу татаад л гарч ирээд л энэ тэр...
Тэгснээ ажлын хөөрхөн Дулмаа санаанд ороод ирэв. Нөгөөдөх чинь усанд ороод л, би хажууд нь суугаад л...
Бодол цааш хөвөрлөө. Банкнаас мөнгө хулгай хийж болно доо. Төгрөг бол дэмий, шууд л доллар авна. Нөмрөгөө нөмрөөд л гараад явчихна шүү дээ.
Үгүй ээ, нөмрөгтэй юм чинь мөнгийг хаанаас ч шийднэ. Явж газар үзье. Америк нисье. За за Америк ч дээ. Арабын шахууд ер нь яаж амьдардаг бол. Тэр алт эрдэнэс, орд харш, олон сайхан эхнэрүүд аан гэж байтал унтчихаж.
Өглөө нь өнөө зарчимч, шударга царайтай би л хар нөмрөггүй орноос өндийлөө.
Р.ЛХАГВА-ОЧИР
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна