ОЛЬГА САВЕЛЬЕВА: ДУРЛУУЛСАН НЬ


Миша надад шууд л таалагдсан юм. Гэхдээ юу нь тэгтэл таалагдсаныг шууд ойлгоогүй билээ. Залуусын л адил залуу. Эргэн тойронд илүү сайхан, өндөр, булчинлаг залуус байсан ч тэр яагаад ч юм соронзон шиг татсан. Энэ бол анхны харцны дурлал байлаа. Сүүлд би энэ соронзон шиг татах хүчийн учрыг тайлсан билээ. Мэдрэмж сэтгэлээ задлан шинжилж бодоод учир нь юунд байгааг ойлгосон гэх үү дээ.

Ямар ч хүнд татагдахад шалтгаан бий. Хэн нэгнээс өөрийгөө олж хараад долгион таарах. Эсвэл өөртөө дутуу зүйлийг хэн нэгнээс олж харах.
Миша өөртөө даанч итгэлтэй нэгэн байсан юм. Бүр хэтэрхий ч гэмээр. Харин би яг эсрэг зантай байлаа, өөрийгөө ч илэрхийлж чаддаггүй. Өөртөө итгэж, бие даах тал дээр би дутуугийн комплекстой байсан бол харин Миша ийм зан чанараараа дүүрэн цэнгэг уст худаг шиг л байв.
Би үргэлж л түүний дэргэд байхыг хичээнэ. Хичээлийн үеэр тэр гадуур зугаалаад ирэхгүй, бид тааралдахгүй бол байж ядна. Яах билээ. Өнөөдрийг түүнгүй яаж өнгөрөөх вэ. Ямар нэгэн зүйл тохиолдоогүй байгаа?
Өөртөө итгэлтэй хүний хажууд үргэлж л хөнгөн амгалан байдаг. Би түүнийг бахархан харж, хэрвээ түймэр гарч, бүгдээрээ “Гал, гал” гэж хашгиралдаж учраа олохгүй байвал тэр унтраачихна, харин би хэлснийх нь дагуу хувинтай ус зөөж өгнө дөө гэж бодно.
Би түүний хажууд байж, таалагдахыг хичээж байлаа. Хичээх ч гэж дээ, дэмий л ширтэж, санаа зовж, харц тулгарвал харцаа буруулна. Сээтэгнэж байгаа нь л тэр. Бардам зан минь оргилж, юу ч юм болохгүй байгааг мэдэрч байлаа.
Нэг л өдөр Миша найз бүсгүйтэй гэсэн гунигт мэдээг сонсов. Тэр бүсгүйтэйгээ уулзаж, их сургуульд нь хүргэж өгч, тосож, тэд хамт амьдардаг төдийгүй бүр муур ч авсан гэнэ.
Би сэтгэлээр уналаа. Муурыг яг л хүүхэд шиг хайрлаж, тэжээдэг шүү дээ. Тэгэхээр аз жаргалтай үнэ цэнэтэй гэр бүл байж таарах нь ээ. Харин би ангийн охин төдий.
“Үгүй чи тэгээд юу хүссэн юм бэ. Тэр яалаа гэж чамайг харах ёстой билээ” гэж өөрөөсөө асуулаа.
Найз охин маань бусдыг өөртөө татах “хөзөр”-тэй байх хэрэгтэй гээд задгай энгэртэй даашинз өмсдөг байв. Харин надад ямар хөзөр байх билээ.
Миний ганц “хөзөр” уг нь хөл минь л байв, гэвч би яаж явдаг гээч. Хөлөө яаж харуулахыг ч би мэдэхгүй байлаа. Тааралдангуутаа шпагат суух уу, эсвэл хөлөө хүзүүндээ хүргэх үү?
Өөртөө итгэлгүй хүмүүс ойлгоно. Би өөрийгөө сүйт бүсгүйн дүрд ч төсөөлж чаддаггүй байсан юм. Би дундаж, байдаг л охин, төдий л хүний сонирхол татахааргүй.
Нэгэн орой Миша намайг гэрт минь дөхүүллээ. Энгийн л найзуудын хувьд сургуулиасаа хамт гарч, автобусны буудал дээр ирэхэд аль эрт бүрэнхий нөмөрсөн байв. Суудаг чиглэлийн автобус маань яг хөдөлж байлаа. Дараагийнх нь 40 минутын дараа ирнэ. Бид гүйж, зогсоохоор хашгирсан ч амжсангүй. Автобус хөгжилтэйгээр гэрлээ анивчуулан яваад өгөв.
“Новш. Үхэх нь ээ” гэж би амьсгаадан хэллээ.
Би даарч байлаа. Миша надад хүрмээ нөмөргөхөд түүнийг даарах байх даа гэж санаа зовнив. Дулаацахын тулд тэврэлдэх хүсэл маш их төрсөн ч гэлээ тэр мууртай шүү дээ, болохгүй. Бас түүний эд зүйлийг цэгцэлдэг бүсгүй ч бий.
Таван минутын дараа суудаг чиглэлийн минь автобус хоосон ирж яваа харагдав. Эвдэрсэн юм болов уу, эсвэл зүгээр л явахгүй байгаа юм болов уу, ямар ч байсан буудал дээр зогссонгүй.
-Чиний очих газар руу хүрэх юм биш байгаа, асууя л даа гэж Миша хэллээ.
-Яаж асуух юм бэ, зогссонгүй шүү дээ.
-Зогсоно оо.
-Чи яаж ингэж хэлж чадаж байна аа. Боломжгүй ш дээ!
Миша зам руу үсрэн гарч араас нь гүйгээд такси барих гэж байгаа мэт гараараа дохилоо. Тэр автобус “барьчихав”. Ногоон автобус газарт хадагдсан мэт зогслоо. Насан туршдаа би энэ мөчийг санах байх аа.
-Та Измайловскийн парк хүрэх юм биш биз гэж Миша жолоочоос асуув.
-Тийм ээ, депо орно.
-Бүсгүйг замаараа буулгачихгүй биз. Даараад хөлдөх гэж байна. Тэр тийшээ явах юм л даа.
Жолооч дуугарсангүй, урд хаалгаа онгойлгож, Миша найрсгаар гараа өгөв.
Гайхширсан би хоосон автобусанд орох мөчдөө бусдын хүрмийг өмсөж яваагаа саналаа.
-Би дугаарыг нь тэмдэглээд авчихсан учир айх хэрэггүй дээ. Гэртээ очоод яриарай гэж Миша надад яаруухан шивнэв. Гол нь санаж яв: Боломжгүй зүйл гэж байдаггүй юм.
Арван минутын дараа бид яваад өнгөрсөн миний суух ёстой байсан автобусыг гүйцлээ. Би хэвийн байдалдаа орж чадахгүй байсаар.
Яг тэр мөчид, тэр автобусанд л би өөртөө итгэлтэй болохыг маш их хүссэн юм. Өөртөө энэ чанарыг л суулгах юмсан. Цаашдаа хаашаа ч юм намайг авч явах автобусыг бүрэн зогсоохын тулд тэр шүү дээ. Өөртөө итгэх итгэл нь хувь заяаны хуваарьт төлөвлөгдсөн хүссэн газартаа хурдан тухтай хүрэх боломж юм байна гэдгийг би ойлгосон юм. Бас өөртөө Мишаг дурлуулахыг маш их хүсэж байгаагаа мэдэрсэн билээ. Насан туршид минь тэр зөвхөн намайг хүргэж өгч, тосдог байгаасай, зөвхөн надад хүрмээ нөмрүүлж, зөвхөн надад автобус “барьж өгдөг” байгаасай гэж хүссэн.
Тэр өөрөө л боломжгүй зүйл гэж байхгүй гэж хэлэх байтугай баталж харуулсан. Тэгэхээр өөрөө л буруутай гэсэн үг.
Ерөөсөө тэр л автобусанд Измайловскийн парк хүрэх буудал орох хүртэлх замд л цоо шинэ хүн-өөртөө итгэлтэй Оля төрсөн юм.
Надад юу байна вэ? Таалагддаг залуу байгаа ч тэр минь найз охинтой. Гэхдээ нөгөө талаасаа тэр өөрөө ч мэдэлгүй надад татагдаж байгаа нь илт байсан юм. Хичээлийн завсарлагаар бид хамт инээлдэж, зугаалж, элдвийг чалчиж, тэр ч байтугай хавчуургатай талхаа ч ганцаараа идэхгүй гэж бодож бэлддэг байлаа. Миний хөзөр тэгэхээр задгай цамц, богино банзал биш, бас өдөр бүр авч очин хувааж иддэг хиамтай талх ч түүнийг надтай байнга харилцах хэмжээнд татах зүйл биш болох нь ойлгомжтой. Түүний зүрхэнд хүрэх миний зам өргөстэй, ойлгомжгүй байх, тааварлашгүй оюун ухаан, урам зоригоороо л өөртөө татах байв.
Би түүний хувьд сонирхолтой нэгэн болох зорилго тавилаа. Цаашаа их инээдтэй юм болсоон. Би их уншдаг болов. Тэр үед Марининагийн адал явдалт зохиолууд их алдартай байсан юм. Бүх зохиолыг нь уншиж, олон сонирхолтой зүйлсийг түүж авав. Мишаг байлдан дагуулах дараагийн тактик маань шулуун замаар их удалгүй бүтсэн билээ. Би түүнийг хавчуургатай талхнаас гадна амралтын өдрүүд минь хэрхэн өнгөрсөн талаарх түүхээр “тэжээж” эхлэв. Энэ өдрүүд их идэвхтэй өнгөрнө, бямбаас ням хүртэл би адал явдалт зохиолын гол баатруудын бараг бүх сонирхолтой үйл явдалд хувирч амжина. Нийслэлийн унтаа дүүргийн би-д хувилан ярьж өгсөн түүх маань миний оролцоотой ид шидийн нууцлаг хүрээллийг бүтээж байсан юм.
Миша намайг гайхшран сонсож, царайд нь бахдал тодорно. Харин одоо гэрлээд 17 жил болсны дараа түүний ийм бахдалыг уламжлалт маягийн цөцгийтэй, гараа гаргаж хийсэн маш сайхан боршоор дайлсныхаа дараа л хааяахан олж хардаг юм.
Харин тэр үед Миша над руу нүдээ дүрлийлгэн харж, сонирхолтой амьдралд минь атаархаж, сурах бичиг тэврэн явдаг даруухан охин бямба гаригт дээвэр рүү авирч, хаадын үеийн алтан зоос олсон зоосчидтой дэмий зүйлс чалчиж, улс даяар эрж хайж байгаа гэмт хэрэгтнүүдийн мөрөөр санамсаргүй орчихсон гэдэгт ганц ч хором эргэлздэггүй байсан юм.
Ерөнхийдөө тактикийн дагуу боллоо. Миша үхтэлээ дурлачихав. Жилийн дараа бид хамт амьдрах болж, харин түүний “экс” нь муураа аваад ээж рүүгээ явсан юм.
Бидний түүхэнд бас сэтгэл өвтгөм хэсэг бий. Нөгөө муур хүчтэй өвдөөд үхчихэв. Миша түүнийг оршуулахад туслахаар явлаа. Яг тэр мөчид би гэртээ үлдэхдээ гэнэт түүний “экс” нь Мишаг эргүүлж авахаар оролдож байгаа юм биш байгаа гэж сэтгэл зовнилоо. Бурхан минь, дундын зовлон нь тэднийг нэгтгэж, тэд тэврэлдээд тэгээд... Эсвэл үүний төлөө муур өсгөсөн ч юм бил үү? Бидний нөхрүүдийн “экс”-үүд нь угаасаа дандаа шулам байдгийг бүгд мэднэ ш дээ.
Ийнхүү бодмогц би адал явдлаа задлах цаг болсон гэж шийдлээ. Бас худал хуурмагаасаа ч салах цаг болсон байна. Гэр бүлийн амьдралаа худал хуурмаг дээр бүтээж болохгүй шүү дээ.
Мишаг тэр орой гэртээ ирмэгц би “Чи нэг юм унших хэрэгтэй байна” гэж хэллээ. Би түүнд Марининагийн зохиолын түүврийг дөхүүлэв.
-Өнөөдөр үү? гэж Миша уцаарлангуй асууж байна.
-Үгүй ээ, өнөөдөр биш, аажимдаа. Уншсаны дараа чамд надаас асуух зүйл гарч ирэх байх. Би энэ нууцыг өөртөө хадгалсаар ядарч байна.
Миша сониучирхсан байдалтай шууд уншиж эхлэв. Би түүнд хариулахдаа хүлээлээ. Тэр амралтын өдрүүдээр ч уншиж байлаа. Энэ цагаар нь би найз хүүхнийх рүүгээ явчихдаг байв. Бид тааралдахад тэр над руу нөгөө л бахадсан харцаараа харсаар.
-Чиний юу надад таалагдсаныг би мэднэ. Чиний өөртөө итгэх итгэл. Уран зохиолыг даанч итгэлтэйгээр ярьсан учир би энэ бүх зүйл чиний амьдралд тохиолдсон гэдэгт нэг ч хором эргэлзэж байгаагүй. Би уншиж эхлээд нүдэндээ ч итгээгүй. Эхлээд бүр Маринина бол чи гэж бодсоныг яана гэж тэр хэлсэн юм.
Би чангаар хөхөрлөө. Ингээд бид гэр бүлийн тойрог болов. Өөртөө итгэлгүй Оля өөртөө итгэлтэй болж, дурлалын төлөөх тулаанд ялсан юм. Яагаад гэвэл би нэг нууц мэддэг байсан: Боломжгүй гэдэг бол зөвхөн үг юм. Огт байдаггүй ч байж мэдэх үг. Ялангуяа хайрлаж дурласан үед боломжгүй зүйл гэж үгүй ээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТАГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР … 3 цагийн өмнө
ОРОН НУТАГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗЭЭЛИЙН ЗАРЦУУЛАЛТАД ХЯНАЛ… 11 цагийн өмнө
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ИЛ УУРХАЙН ЭМУЛЬСИЙН ТЭСРЭХ БОДИСЫН ШИНЭ ҮЙЛДВЭРИЙГ… 16 цагийн өмнө
АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖЭЭ 16 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН АХМАДЫН ХӨГЖЛИЙН ТӨВҮҮДИЙН ЭХНИЙХ НЬ ХӨВСГӨЛ… 20 цагийн өмнө
СОГТУУГААР ӨӨРТ НЬ ӨГСӨН КАРТЫГ АВЧ ЯВААД ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ 23 цагийн өмнө
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХҮДЭР БОЛОВСРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ 40 САЯ ТОННД ХҮРЧЭЭ Өчигдөр
УВС НУУРЫН ХОТГОР, МОНГОЛ-АЛТАЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРНО Өчигдөр
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХҮНД ДААЦЫН ШИНЭ АВТОМАШИНУУДААР УУЛЫН АЖИЛДАА ХҮЧ НЭМ… Өчигдөр
У.СҮРЭНЖАВ ҮНДЭСНИЙ ПАРАЛИМПЫН ХОРООНЫ 2024 ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧ… Өчигдөр
БНСУ ӨРШӨӨЛИЙН АЯНАА ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30-Н ХҮРТЭЛ СУНГАЖЭЭ 2024/12/15
ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2024/12/15
БНСУ-ААС ДАРАЛТ, ЧИХРИЙН ШИНЖИН, ЦУС ШИНГЭЛЭХ, МӨӨГӨНЦРИЙН ЭСРЭГ 5 НЭР… 2024/12/14
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ЮН СОК ЁЛИЙГ ОГЦРУУЛАХ ШИЙДВЭР … 2024/12/14
ДАРХАДЫН ХОТГОР, ЗАВХАН ГОЛЫН ЭХ, ХҮРЭНБЭЛЧИР ОРЧИМ, ИДЭР, ТЭС ГОЛЫН Х… 2024/12/14
ТӨР, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН Ж.САМБУУГИЙН МЭНДЭЛСНИЙ 130 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛ… 2024/12/14
ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2024/12/14
М.АНХЦЭЦЭГ ОГЦОМ ӨРГӨЛТӨӨР 116 КГ ӨРГӨЖ, ДЭЛХИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛ… 2024/12/13
ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН ДАМ НӨЛӨӨ, ТӨСВИЙН Т… 2024/12/13
ТӨРИЙН ИЖИЛ ТӨСТЭЙ, ИРГЭД АВДАГГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ ЦӨӨЛНӨ 2024/12/13
Их Уншсан
17 НАСТАЙ Т.АРИУНЗАЯА ЯПОНЫ АЛДАРТАЙ БӨХ М.ТАМАОКИГ ЯЛЖ, ТОКИОГИЙН ИХ … 2024/12/07
Д.ХАШ-ЭРДЭНЭ: ЯПОН ТАЙЛБАРЛАГЧИД Т.АРИУНЗАЯА ОХИНЫ ТАЛААР ЮУ ГЭВ 2024/12/07
ЗАЛХУУ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ТУРААХ ДЭГЛЭМ 2024/12/09
MOON DANCE ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮР… 2024/12/08
ДАРХАДЫН ХОТГОР, ЗАВХАН ГОЛЫН ЭХ, ХҮРЭНБЭЛЧИР ОРЧИМ, ИДЭР, ТЭС ГОЛЫН Х… 2024/12/14
М.АНХЦЭЦЭГ ОГЦОМ ӨРГӨЛТӨӨР 116 КГ ӨРГӨЖ, ДЭЛХИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛ… 2024/12/13
ОЙ ТОГТООЛТЫН ТАМИРЧИД БАГААРАА ТҮРҮҮЛЖ, ЗУРГААН УДААГИЙН АВАРГА БАГ Б… 2024/12/09
2025 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ 2024/12/10
ИРЭХ САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 2024/12/11
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2024/12/07
МОНГОЛ ЭР ХҮН БҮР ХААНЫ ЗЭРЭГТ СЭТГЭЖ ӨСДӨГ ТУЛ ДАЙСАНДАА ДИЙЛДДЭГГҮЙ 2024/12/06
ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ХАРЬЯАТ Б.БЭХБАТ УЛСЫН ТӨВИЙН БҮСИЙН АВАР… 2024/12/12
Б.БОЛДСАЙХАНЫГ ХҮНИЙ ЭРХИЙН ХҮНДЭТ ТЭМДГЭЭР ШАГНАЖЭЭ 2024/12/09
​Э.ҮҮРИЙНЦОЛМОН 2024 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, 14 НАСАНДАА ОЙ ТОГТООЛТЫ… 2024/12/09
ДОММАРАЖУ ГУКЕШ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЗАЛУУ ШАТРЫН АВАРГА БОЛЛОО 2024/12/12