Өнөөдөр буюу наймдугаар сарын 29-н Монголын Таеквондогийн өдөр. Жилийн өмнөх энэ өдөр “Парис-2024” зуны паралимпын наадмын -52 кг жинд Уламбаярын Сүрэнжав Монголын анхны алтан медалийг хүртэж төрийн алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулан төрийн дууллаа эгшиглүүлж, ард түмний баярлуулсан билээ. Харин маргааш нь буюу 2024 оны 8-р сарын 30-ны өдөр -63 кг жинд Дэлхийн 5 удаагийн аварга, Ази тивийн 5 удаагийн аварга, Сүхбаатарын одонт, МУГТ Ганбатын Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн билээ. Улмаар Монголын таеквондогийн холбооноос санаачлан 8-р сарын 29-ний өдрийг “Монголын Таеквондогийн өдөр” болгон жил бүр хүндэтгэж байхаар болсон юм.
Энэ жил улс орон даяар тэмдэглэн өнгөрөөж буй тус өдрийн хүрээнд Улаанбаатар хотын тамирчид Сүхбаатарын талбайд, орон нутгийн тамирчид тухайн аймаг орон нутгийн төв талбайд цуглаж нийт таеквондочин тамирчдын нэгдсэн үзүүлбэрийг үзүүлжээ.
Үйл ажиллагаанд Паралимпын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, Сүхбаатарын одонт, МУГТ Г.Болор-Эрдэнэ тэргүүтэй Монголын Үндэсний шигшээ баг болон Монголын Таеквондогийн холбоог үүсгэн байгуулагчид, удирдлагууд, тус холбооны 70 гаруй клубын дасгалжуулагч, 600 гаруй тамирчид оролцсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна