Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭН


Энэ 2025 онд тохиож буй Монгол киноны 90 жилийн ойд зориулан Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч Д.Чимэд-Осорын намтар түүх, дурсамж, гэрэл зургийг олон нийтэд сурталчлан таниулах, түгээх зорилгоор түүний хүү Ч.Болд "Дэндэвийн Чимэд-Осор" гэсэн цахим хуудсыг нээж, олон сонирхолтой мэдээлэл оруулж байгаа юм.

Тус хуудаст нийтлэгдсэн "Малчин бүсгүй" хэмээх нийтлэлийг хуулбарлан оруулав. 

“МАЛЧИН БҮСГҮЙ”

Зуны найртай өглөө
Зуслан дэнжийн зүлгэн дээр
Ус авахаар очиход минь
Уулзаж сууснаа санана уу
Эхний яриа яасан бэ
Үүрд намайгаа мартаа юу

гэсэн үгтэй хайр, гуниг нэвт шингэсэн энэ дууг мэдэхгүй хүн бараг байдаггүй болов уу. Дуу бүхэн намтартай гэдэг. Зохиолч М.Ядамсүрэн жүжигчин Д.Ичинхорлоод зориулан “Үзэсгэлэн гоо”, яруу найрагч М.Цэдэндорж телевиз радиогийн нэвтрүүлэгч С.Батсүрэнд зориулан “Миний алаг нүдэн сайн сууж байв уу?” шүлэг бичсэн нь дуу болон амьдарсан түүхтэй. Сайн хүн, сайхан хүн гэдэг яруу найрагчийн зүрхийг хөглөж, онгод хийморийг нь даллан, бүтээл туурвилын нь эх үндэс болдог ажээ.

Аав минь “Малчин бүсгүй” шүлгээ Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайд зориулан 1943 онд бичсэн гэдэг. Дууны “эзэн” болж мөнхжихийн шид хутгийг олно гэдэг хэн хүнд ховорхон тохиох аз билээ.
Хөгжмийн зохиолч Х.Доёддоржийн сайхан аялгуу энэ шүлгийг амьдруулж дуу болон түгснээс хойш хагас зуун жилийн турш дуулагдаж байна. Аав минь энэ шүлгээ батлуулах гэж оролдсон боловч тэр үед Зохиолчдын хорооны орлогч дарга байсан Д.Сэнгээ “Янаг амрагаас илүү цэрэг эх орны сэдэвтэй дуу шүлэг хэрэгтэй байна” гээд түдгэлзжээ. Тэгэхээр нь “Малчин охин” нэртэй жижиг үзэгдэл бичээд түүндээ ардын дуу хэмээн оруулж батлуулсан гэдэг. Хавтсан дээрээ “Малчин охин хэмээх үзэгдэл” гэж монгол бичгээр таталган бичсэн шар хавтастай нимгэн дэвтэр аавын хувийн архивт хадгалагдаж байдаг юм. Эхний хуудасны оройд “1943.2 сард” гэж тэмдэглээд “Малчин охин хэмээх нэгэн бүлэгт үзэгдэл. Тайзны байдал” хэмээн монгол бичгээр нямбай нь аргагүй үргэлжлүүлэн бичсэн аравхан хуудастай мөнөөх дэвтэр нь одоо надад бий. Уг нь Монголын Театрын музейд л баймаар эд дээ.

1960-аад оны эхээр манайд ирж тоглосон Румыны нэгэн дуучин, урлаг судлаач Ж.Бадраа гуайн зөвлөснөөр “Малчин бүсгүй”-г дуулснаар ардын дуу гэгдэж байсан энэ дуу сая аавын минь нэрээр нэрлэгдэх болсон түүхтэй. Энд тэнд болсон уулзалт дээр бичгээр ирсэн асуултуудыг аав нямбайлан хадгалдаг юм. Тэдгээр асуултын дунд “Та “Малчин бүсгүй” дуугаа хэнд зориулан зохиосон бэ? Түүхийг нь ярьж өгнө үү?” гэсэн асуулт олонтаа давтагдсан байдаг. Тэр бүхэнд аав минь:
-Говь-Алтай аймгийн Тонхил сумын ард сайн малчин Доржийн Цэнд гэж 66 настай хөгшин өөрийнхөө 116 толгой бог малыг 1944 оны мичин жилийн зуднаар ганц ч төлийн хорогдолгүй онд оруулсан баатарлаг үйлсэд зориулан “Малчин охин” хэмээх жижиг үзэгдэл бичсэн. Уг үзэгдэлдээ шигтгээ болгон энэ шүлгийг бичсэн нь сүүлд дуу болсон доо гэхээс өөр тоймтой юм ярихгүй тэгс ингэс гээд өнгөрөөдөг сөн. Би нэгэн удаа:
-Та Цогзолмаад зориулан зохиосон юмаа гээд хэлчихэд яадаг юм бэ? Хүмүүст сонин шүү дээ гэвэл аав жуумалзан,
-Цаг нь болохоор тодорно биз дээ гээд өнгөрсөн билээ.
Энэ дууг Ховдын дуучин С.Цэрэндолгор үнэхээр амьдруулсан гэж би боддог. Аав ч Цэрэндолгорын дуулахыг сонсох дуртай. Харин зарим дуучин үгийг нь буруу дуулах буюу дууны эмхэтгэл түүвэрт буруу зөрүү үгтэй хэвлэсэн байхыг үзээд их л ундууцдаг сан. 1982 оны “Малчны календарь”-т уг дууг хэвлэхдээ нэг бадгийг нь хаяад зогсохгүй,

Талын зэрэглээ сүүмэлзсэн
Тонхил нуурын захад
гэхийг

Талын зэрэглээ сүүмэлзсэн
Танхил нуурын захад

гэснийг үзээд “Энэ яаж болохов дээ. Говь-Алтай аймагт Тонхил гэж нуур бий. Танхил нуур гэж юу байсан юм бэ?” гээд цухалдаж суусан.

Хожим энэ дууны шүлгийг ааваар хэлүүлж авснаа машиндаад хажуу зайнд нь “Энэ дууны дөрвөн шад үг одоогоор яг үнэн. Эх бичмэл нь надад одоо байгаа. 1987 оны есдүгээр сарын 25. Дэндэвийн Чимэд-Осор” гэсэн тодорхойлолт хийлгэж гарын үсгийг нь зуруулсан эх надад хадгалагдаж байдаг юм. Уг шүлгийг сийрүүлбэл:

МАЛЧИН БҮСГҮЙ

Зуны найртай өглөө
Зуслан дэнжийн зүлгэн дээр
Ус авахаар очиход минь
Уулзаж сууснаа санана уу
Эхний яриа яасан бэ
Үүрд намайгаа мартаа юу
Талын зэрэглээ сүүмэлзсэн
Тонхил нуурын захад
Анх танилцсанаа санана уу
Амраглаж дурласнаа бодно уу
Эхний яриа яасан бэ
Үүрд намайгаа мартаа юу
Буурал Богдын оргилд
Борооны будан татах шиг
Хайрын зөөлөн нүдээрээ
Харилцаж сууснаа санана уу
Эхний яриа яасан бэ
Үүрд намайгаа мартаа юу
Ихэс нуурын ус нь
Эргээ бялхан цалгих шиг
Хөөрхий янагийн зүрх чинь
Хүний болохоор цохилно уу
Ингээд чи минь уйдаа юу
Үүрд намайгаа мартаа юу

...Аавын минь өвчин хүндрэн элэгний хорт хавдар болж эмчилгээгүй гэсэн оноштойгоор II эмнэлгээс гэртээ гарч ирсэн тэр цагаас хойш нас бартал нь манайхаар театр урлагийн болон танил дотно олон нөхөд нь өдөр бүр эргэж ирж байсан. Зарим өдөр 20 гаруй хүн ч ирнэ. Тэр үед аав минь ухаан санаа цэлмэг, ирсэн улстай ярьж хөөрч өөрийн сүүлчийн хишиг болох гурван хундага архи, чихэр, шоколад өгч захиас үгээ хэлж байсан сан.

1988 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр буюу аавыг өнгөрөхөөс 12 хоногийн өмнө Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай охин Н.Сувдын хамт эргэж ирсэн юм. Л.Цогзолмаа гуайг аавын хэвтэж байсан жижиг өрөөнд оруулсан. Удтал сууж байгаад гарч ирэхдээ Цогзолмаа гуай уйлчихсан байж билээ. Идэр залуу насандаа Монголын театрын алтан тайзнаа цог хиймороо гайхуулж явсан энэ хоёр хүний нэг нь хорвоотой салах ёс гүйцэтгэж байх тэр үед тэдний чухам юу ярилцсаныг бурхан л мэдэх байх.

1988 оны нэгдүгээр сарын 29. Идэр гурван есийн хүйтэн тачигнасан энэ өдрийн 14 цагт аав минь бурхан болсон билээ. Халз тулгарсан үхлийн өмнө барьц алдаж үүлгэртэн сандарсан би Ардын жүжигчин Б.Зангадын хамт телефоны утас татахаар хажуу байшинд ортол радиогоор аавын минь “Малчин бүсгүй” дуу хангинаж байхыг сонсоод үнэхээр сэтгэлийн тэнцвэр алдсан даа. Амьгүй болсон бие нь хөрч байхад амьддаа зохиосон дуу нь дуулагдсаар байдаг...
Амьдрал ахархан, урлаг мөнх гэдэг л энэ байх даа. 

Эх сурвалж: Дэндэвийн Чимэд-Осор пэйж 


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 1 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 1 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 5 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23