ЕРӨНХИЙ САЙДЫН ҮГ БА ШҮҮХИЙН НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ


Утаа түгжрэлийн асуудал монгол хүн бүрийг зовоож байна. Жижиг хүүхдүүд бөөнөөрөө нэрвэгдэж байгаа учир нь олдохгүй хүнд ханиадыг ч утаатай л холбоотой гэж үзэх хүмүүс их байна. Ийм агаараар амьсгалж буй учраас эдгэх нь удаан байх нь мэдээж л дээ. Ерөнхий сайдын дэргэд шуурхай штаб байгуулж утаа, түгжрэл, халдварт томуу зэрэг иргэдийг бухимдуулж буй асуудлыг шийднэ ээ л гэсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт хэдхэн хоногийн өмнө ажиллав.

Одоо хэрэглэж буй шахмал түлшээ ирэх гуравдугаар сарын 1-нээс хэрэглэхээ больж, тоосонцор 33.7 хувь, хүхрийн давхар исэл 63.7 хувиар бага,  нүүрстөрөгчийн дутуу исэл 39 хувиар ихэссэн түлш хэрэглэх юм байх. Шахмал түлшний барьцалдуулагчийг шинэчилж, шигшиж ангилсан түлшинд “грийн көүл” бүтээгдэхүүнийг нэмэлтээр хийж, түлшний чанарыг сайжруулна гэж хотын дарга Х.Нямбаатар бас энэ үеэр ярьсан байна. Шахмал түлшинд асуудал бий, шалгаад өөрчлөөд амьдралын чанарт шууд нөлөөлж буй утаанаасаа бага ч гэсэн салахсан. Гэхдээ одоогоор ажил хэрэг болоогүй учир итгэж буй хүн үнэндээ алга.

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хуулийг ойрын үед УИХ-аар батлуулна л гэнэ. Ингэснээр айлын яндан, автомашин, уурын зуух, ДЦС зэрэг утаа үүсгэгч бүхэн рүү хуулийн зохицуулалт чиглэх юм байх. Утаа гаргаж байгаа эх үүсвэр бүрийн 30 хувийг жил бүр хийн түлшинд шилжүүлэх, одоо үйлчилгээнд явж байгаа 1300 автобусыг хийн түлшинд шилжүүлнэ, тусгай дэглэм бүхий бүсийг нийслэлд  тогтоох боломж бүрдэнэ. Ногоон болон шар бүс хэмээн ангилж, ногоон бүсэд стандартад нийцсэн шингэрүүлсэн хийн түлшинд айл өрхүүдийг шилжүүлнэ. Урьдчилсан байдлаар 50 мянга гаруй өрхийн 202 мянга орчим иргэнийг хамруулахаар төлөвлөжээ.

Шар бүсэд 147 мянга гаруй өрхийг хамруулж, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухаар хангах бөгөөд эхний ээлжийн 32 мянган зуухны тендерийг энэ сард зарлана.

Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтсан, Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн “Нүүрс, химийн цогцолбор”-ийн Нүүрс-пиролизийн үйлдвэрийн “Хөх нүүрс” төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн утаа 60-80 хувиар буурах гэнэ. Нийт 190 сая ам.долларын санхүүжилтээр байгуулах тус үйлдвэрийн эхний хэсгийг энэ оны арванхоёрдугаар сард, эцсийн байдлаар 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Ковидын үе шиг бэлэн байдалд ажиллана гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Олон жилийн турш иргэдийг зовоож буй утаанаас салж чадах болов уу гэж олон түмэн эргэлзэн харж байна. Ярих биш хийж үзүүлэхийг шаардаж байна, олон нийт. Ганцхан  хоногийн дараа Засгийн газрыг огцруулах жагсаал ч болох гээд .... Одоо иргэд үр дүнг илүү хүсэж байгаа нь л үнэн. Чухам үр дүнд хүрэх эсэх нь л Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувь заяанд шууд нөлөөлнө.

Тавантолгойгоос буцах замдаа Ерөнхий сайд сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэд хэдэн “галтай үг” унагачихав.  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон П.Цагаан нарыг баривчлах тушаалыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн талаар ярихдаа тэр тодорхой хүмүүсийг нэрлэж, бас шүүх “болохгүй байгаа” гэлээ. Үйл явдалтай уялдсан цаг үе ч таарав уу, Ерөнхий сайдын үг   сүүлийн өдрүүдийн ярианы сэдэв боллоо.

Засгийн газрыг огцруулах жагсаал, цуглааныг санхүүжүүлж байгаа хүн нь П.Цагаан, түүний хүү, Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул нар гэж тэр шууд нэрлэчихсэн. Яагаад гэвэл эрх ашиг нь зөрчигдөж байгаа компаниудтай холбоотой. Ц.Элбэгдорж удахгүй ирж олон нийтийн толгойг эргүүлэх гэж байна. Ерөнхий шүүгч Д.Ганзориг болон түүний бүрдүүлсэн баг Ц.Элбэгдоржийн үед шүүгч болж байсан хүмүүс. Одоо бол эзэндээ үйлчилж байна гэх мэтээр тэдгээр хүмүүсийг нэр цохон мэдээлэл хийсэн. Ер нь Ц.Элбэгдорж, Д.Эрдэнэбилэг болон Ц.Элбэгдоржийн ойрын хамаарал бүхий этгээдүүдэд манай шүүх ерөөсөө үйлчилдэггүй гэж мөн хэлэв. Ц.Элбэгдоржийн сонирхол "Таван толгой"-г өөрөө авах л байсан гэж холбоод, ашиг сонирхлын зөрчилтэй учир ийм зүйл хийгээд байдаг гэсэн юм.

Өнөөдөр манай Монголын улс төрийн гол сэдэв энэ л болж байх шиг. Ингэж яригдсаны дараахан Дотоодын цэргийн командлагч Р.Чингисийг ажлаас нь чөлөөлсөн. Тэр үнэхээр жагсаал санхүүжүүлсэн үү, үгүй юу гэдэг нь одоогоор тодорхой биш ч ажлаа өгчихлөө.

Ц.Элбэгдорж харин гарч ирээд шүүх зөв ажиллаж байгаа юм байна, тийм ч учраас шүүх рүү дайрч байна гэж мэдэгдэв. Мөн Ерөнхийлөгч байхдаа шүүхийг нээлттэй ил тод болгосон гэлээ. Шүүхийн шийдвэрийн цахим санг бий болгох зэргээр ажил хийсэн нь үнэн ч тэр өөрөө шүүхэд нөлөөлж байсан уу гэвэл асуудал бий. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсныхоо дараа тухайн үеийн Ерөнхий шүүгч С.Батдэлгэрийг бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас жилийн өмнө “өргөдлийг нь өгүүлэн” чөлөөлж байсан түүхтэй. Бүрэн эрх нь дуусах болоогүй Ерөнхий шүүгчээр оролдсон анхны тохиолдол энэ болж, энэ жишгээр дараагийн Ерөнхийлөгч нь Ерөнхий шүүгч Ц.Зориг, Х.Батсүрэн нарыг ч мөн хугацаанаас нь өмнө чөлөөлсөн билээ.

Ер нь манай улс төрийнхөн өөрт нь таатай шийдвэр гаргасан үед шүүхийг магтаад, таагүй үед муулаад байдаг нь үнэн. Зангиагаа засаад, гутлаа тослоод очно оо гэсэн Ерөнхийлөгч маань гадаадаас Монголдоо ирэхгүй байгаа нь бас үнэн.

Шүүх нээлттэй болж байгаа гэж ярьж байна. Ярих нэг хэрэг, хийх өөр хэрэг. Ерөнхий шүүгч Д.Ганзориг оны өмнөхөн хялбар ажиллагааны шүүхийн шүүгчдийг хүлээн авч уулзахдаа “Өнгөрч буй 2024 онд олон нийтийн итгэлийг юун дээр алдаад байна вэ гэдэгтээ дүгнэлт хийх, ил тод нээлттэй, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах замаар шударга ёсыг тогтоох, шүүн таслах ажиллагааны хугацааг богиносгож, хэргийн процессыг түргэн шуурхай, мэргэшсэн болгосноор шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хангана” гэж хэлсэн байсан.  Эхний дуулиантай хэргээсээ л хялбар ажиллагааны шүүх нь ил тод нээлттэй байж чадсангүй.

Үйл ажиллагаа эхэлсэн атлаа хурлын тов байхгүй, мэдэх  хүн нь ч олдохгүй байгаа талаар сэтгүүлчид шүүмжилсэн. Хурал хийхийн тулд мэдээж тов гарна. Түүнээ нэг цаасан дээр хэвлээд сайт нь бэлэн болоогүй юм бол зүгээр зургийг нь пэйждээ оруулчихад яагаад болохгүй гэж...

Шүүх хуралдааны тов бол бүр 1990-ээд оноос ч өмнө ил байсаар ирсэн зүйл шүү дээ.  Гэтэл бид шинэ гэдгээр халхавчлахгүй ээ. Хийе гэсэн хүнд арга олддог. Шүүхээс мэдээллээ сэтгүүлчид авч чадахгүй, зөвхөн өөрсдөө хүссэн мэдээллээ тааллаараа гадагш өгөх юм бол ямар юмных нь нээлттэй байдал байх вэ дээ.

Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосонтой холбоотой шүүхийн шийдвэрийн тойм нь бүтэн өдрийн дараа гарав. Урд оройноос нь эхлээд хэвлэлээр зөндөө бичигдсэн байхад мэдээллээ дор нь өгсөн бол ийм асуудал үүсэхгүй байлаа. Мөрдөгч, прокурорын саналын дагуу гэсэн үгтэй хэдхэн өгүүлбэр мэдээлэл бичихэд нээх цаг орохгүй дээ, уг нь. Энэ удаад нээлттэй байдал дээр шинэ шүүх уналаа л гэж харж байна. Гэхдээ шүүх найман сарын өмнө гаргасан шийдвэрээ яагаад хүчингүй болгов гэдэг нь мэдээлэлд үгүй. Ер нь жаахан тодорхой байхгүй бол эргэлзээ төрсөөр л байна шүү дээ. Тийм тохиолдолд олон нийтийн итгэл, нээлттэй байдал яриад яах билээ.

Л.Оюун-Эрдэнэ шүүхийн талаар, ялангуяа Ерөнхий шүүгчийн талаар ярьсан анхны тохиолдол энэ биш. Ерөнхий сайд яагаад удаа дараа ийм мэдээлэл хийгээд байна вэ. Түүний гарт ямар нэгэн хөзөр бий юу, эсвэл үнэхээр олон нийтийн анхаарлыг шүүх рүү чиглүүлж өөрийгөө авч үлдэх гээд байна уу. Цаг хугацаа харуулах биз ээ.    

                                                                                                           Г.БАРХАСБАДЬ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.АРИУНЗАЯА, Л.ЭНХРИЙЛЭН НАР АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС … 9 цагийн өмнө
Л.ЭНХРИЙЛЭН, Т.АРИУНЗАЯА НАР АЗИ ТИВИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ Б… 10 цагийн өмнө
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨ… 15 цагийн өмнө
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 16 цагийн өмнө
ХИМИЧИН ДАЙЧИД ЖОЛООНЫ ДАМЖААНД СУРАЛЦАЖ, АНГЛИ ХЭЛ, МОНГОЛ БИЧИГ СУРС… 17 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 20 цагийн өмнө
НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26, 29-НД СЭРҮҮХЭН БАЙНА Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙ, ТҮҮНИЙГ МӨРДҮҮЛЭХ АСУУДЛААРХ ОЛОН УЛСЫН ӨНӨӨГИ… Өчигдөр
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ОЛОН НИЙТЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН УУЛ УУРХАЙН САЛБАР, ХӨ… Өчигдөр
ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫНХАН ХҮҮХДЭЭ А ҮСЭГ ҮЗЭХЭЭС НЬ ЭХЛЭН ЦЭРЭГ-… Өчигдөр
БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛИЙН 102.5 КМ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУ… Өчигдөр
ДЭЛХИЙН ЦОМД ХҮРЭХ АЗИЙН 3.3 БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН … Өчигдөр
ДЭЛХИЙН ЖИШГЭЭР ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЯВЦАД ЯМАР Ч САНХҮҮГИЙН А… Өчигдөр
МСНЭ: ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХДЭЭ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХНИЙ БАЙР СУУРЬ, ДУ… Өчигдөр
Б.БУЯНХИШИГ ХЭТ ХОЛЫН ЗАЙН ГҮЙЛТИЙН УЛСЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ Өчигдөр
ӨВӨРХАНГАЙ, ТӨВ АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ХЭСЭГ, ДУНДГОВИЙН НУТГААР ХҮЧТ… Өчигдөр
ХОМЫН ТАЛ ДАХЬ ТАХИЙН СҮРЭГТ ЭНЭ ЖИЛИЙН АНХНЫ УНАГА МЭНДЭЛЖЭЭ 2025/04/24
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР 1000 ДАХЬ КМ-ЭЭ АМЖИЛТТАЙ ТУУЛЛАА 2025/04/24
БОХИРЫН ХООЛОЙНУУДАД ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН ШҮҮР СУУРИЛУУЛЖ БАЙНА 2025/04/24
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: E-MONGOLIA ХЭРЭГЛЭГЧИЙН ТОО 2 САЯД ХҮРЧ, 1.4 ИХ НАЯДЫН … 2025/04/24
Их Уншсан
ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ БА ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА 2025/04/16
ЯПОНЫ NHK С.ЖАВХЛАНГИЙНД ИРЖ, НУМАН ЗАХТ, БОСОО ЗАХТ ДЭЭЛИЙН ТАЛААР НЭ… 2025/04/19
ЯДАРГААГАА ЯАЖ ХУРДАН ТАЙЛАХ ВЭ? 2025/04/14
МӨНГӨН АЯГА ОЛООД БАЛРАХ ШАХСАН ТҮҮХ 16 цагийн өмнө
ЦАГААН ХЭРЭЭ 2025/04/20
УЛААНБААТАР ХОТ ОРЧИМД ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 20-НООС СЭРҮҮСНЭ 2025/04/19
ТАВАН МЯНГАН КМ ГҮЙХ Б.БУЯНХИШИГИЙГ ААВ ИЖИЙ НЬ БУЛГАН АЙМГААС ЗОРЬЖ О… 2025/04/18
ДОРНОГОВИЙН ХӨВСГӨЛ СУМЫН 80 НАСТАЙ Л.БАТМӨНХ БАЙГАЛЬ ОРЧНЫ НОБЕЛЬ ГЭГ… 2025/04/22
БОГДХАН УУЛАНД ЧОНО, НОХОЙН ЭРЛИЙЗ БАЙГАА ЭСЭХИЙГ ТОДРУУЛАХ ТАНДАЛТ, С… 2025/04/21
АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Д.АЛТАНЦООЖ ТҮРҮҮЛЖ, УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ ҮЗҮҮРЛЭ… 2025/04/19
АВТО ЗАМ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРЫГ 58 БАЙРШИЛД БАЙГУУЛНА 2025/04/13
БУЛГАН, ТӨВ, ХЭНТИЙН ӨМНӨД, АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ А… 2025/04/22
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСА… 2025/04/20
ЕВРОПЫН ОХИДЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС ГУРВАН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2025/04/16
Э.ДАВААЖАМЦ, Б.БУЯНХИШИГ НАР ЗАМЫНХАА 10 ХУВЬ БОЛОХ 500 КМ-ЫГ АМЖИЛТТА… 2025/04/14