УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИД: БИД ӨРӨӨНДӨӨ ДУУДАХААС ИЛҮҮ ӨӨРСДӨӨ ОЧДОГ


Хүний эрхийн өдөр саяхан болж өнгөрөв. Үндсэн хуульд зааснаар хүн бүр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Энэ эрхийг хангах зорилгоор арван жилийн өмнө Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төвийг байгуулсан. Төлбөрийн чадваргүй иргэдэд эрүү, иргэн, захиргааны тодорхой хэргүүд дээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, иргэдэд ямар ч асуудлаар хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдөг тус төвийг зорьж, зарим өмгөөлөгчдөөс ярилцлага авлаа. Хууль зүйн туслалцааны төвийн Чингэлтэй дүүрэг дэх салбарын Улсын ахлах өмгөөлөгч Г.Өсөхбаяр, Сонгинохайрхан дүүрэг дэх салбарын Улсын ахлах өмгөөлөгч А.Очбадрал нарын ярилцлагыг та бүхэнд толилуулж байна.  

-Та бүхний ажилладаг салбар хэдэн өмгөөлөгчтэй, хаана байрладаг вэ гэдэг асуултаас яриагаа эхлэх үү?

Г.Ө: -Чингэлтэйн салбар дөрвөн улсын өмгөөлөгчтэй. Хайлаастын автобусны эцсийн буудалд,  Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны байранд байрладаг.

А.О: -Манай салбар 5 өмгөөлөгчтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын долоон давхарт байрлаж байгаа.

-Чингэлтэйнх Хайлаастад байрладаг гэлээ. Танай дүүргийн бүх иргэд тэндээс очиж зөвлөгөө авах юм уу. Ер нь төлбөрийн чадваргүй иргэдэд туслалцаа өгөх төвийн байрны асуудлыг хэн шийддэг юм бол?

Г.Ө: -Шаардлагатай тохиолдолд салбар дээр очно. Гэхдээ зөвлөгөө авч үйлчлүүлж байгаа иргэд тухайн дүүрэгт оршин суудаг байх албагүй. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэгт холбогдсон иргэдэд өмгөөллийн туслалцаа үзүүлдэг. Байрны тухайд өрөө тасалгааны  байдлаас л болдог байх. Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандсан. Засаг даргын Тамгын газар дотор өрөө гаргаж өгөх боломж байхгүй гээд 15 дугаар хороо шинэ байртай болоход нэг өрөөг нь манайд гаргаж өгсөн юм билээ.

лсын өмгөөлөгч дөрөв, тав гэхээр харьцангуй цөөн юм. Туслах ажилтан бий юу. Ачаалал ямархуу вэ. Эрүү, иргэн, захиргааны нийт хэдэн хэрэг дээр ажиллав?

Г.Ө: -Чингэлтэйн салбарын хувьд оны эхний 11 сарын байдлаар 253 хэрэг хүлээж авснаас иргэн, зөрчлийн тус бүр 1, бусад нь эрүүгийн хэрэг,  холбогдогчийн 200 нь эрэгтэй, 53 нь эмэгтэй байгаа. Мөн 50 хүүхдэд хууль зүйн туслалцаа өгч ажилласан. Нийт 798 хүнд зөвлөгөө өгсөн, ихэнх нь эрүүгийн хэргийн талаар асуудаг. Ачаалал ер нь их байдаг. Ажлын 8 цагаар ажиллаад гэртээ хариад л хэргийн материалтайгаа танилцана. Шүүх дээр хэргийн материалыг хуулбарлаж авахаас биш, уншаад суух боломжгүй. Манай дөрвөн өмгөөлөгч дундаа нэг туслахтай, туслахгүй салбарууд ч байдаг.

А.О: -Сонгинохайрхан дүүрэг дэх салбар 333 хэрэг хүлээж авсны дотор иргэний 7, зөрчлийн 1, үлдсэн нь эрүүгийн хэрэг байна. Өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн хүмүүсийн  279 нь эрэгтэй, 59 нь эмэгтэй, мөн 50 хүүхэд байна. 254 хүнд хууль зүйн зөвлөгөө өгсний ихэнх нь эрүүгийн хэргийн талаар асуусан. Манайх гурвуулаа байж байгаад аравдугаар сард нэг, арван нэгдүгээр сард нэг хүн ирээд нийт 5 өмгөөлөгчтэй болсон, нэг туслахтай. Гурвуулаа байхад ачаалал их байсан, одоо гайгүй болох болов уу гэж бодож байна.

-Өмнө нь хувийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан уу. Яагаад улсын өмгөөлөгч болсон юм бэ, хэдэн жил ажиллаж байна?

Г.Ө: Хувийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Улсын өмгөөлөгчөөр 5 жил ажиллаж байна. 

А.О: -Би ч бас өмнө нь хувиараа ажиллаж байсан. Улсын өмгөөлөгчөөр 6 дахь жилдээ ажиллаж байна. Төрийн байгууллагад ажиллая гэж бодоод өмгөөллийн чиглэлээр Хууль зүйн туслалцааны төв л байсан учир сонгон шалгаруулалт өгөөд орсон.

-Уучлаарай, та бүхний авдаг цалин хөлс хувийн өмгөөлөгчийнхөөс бага байдаг байх. Тэгэхээр эдийн засгийн хувьд ашиггүй биш үү?

Г.Ө: -Улсын өмгөөлөгчөөр ажиллах нь залуу хүнд их туршлага суулгана, ялангуяа эрүүгийн эрх зүй талдаа. Хувиараа өмгөөлөл хийгээд явах нь мэдээж ашигтай байх. Гэхдээ бас л нэг зах зээл учраас яаж үйлчлүүлэгч олох вэ, хэргээ хэрхэн зөв шийдүүлэх вэ гээд маш олон асуудал бий. Ер нь ний нуугүй хэлэхэд залуу өмгөөлөгч рүү хэр баргийн хүмүүс шууд хувь заяагаа шийдүүлэх гээд ирэх нь бас цөөн гэж хардаг. Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд насны хувьд 40 гарсан ч юм уу, амьдралын туршлага суусан хүмүүс рүү илүү ханддаг юм болов уу гэж хувьдаа хардаг. Улсын өмгөөлөгч маш олон давуу талтай. Эрүүгийн олон төрлийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллана гэдэг бол эрүүгийн эрх зүй талдаа мэргэшнэ гэсэн үг.

-Улсын өмгөөлөгч жаахан нэр хүнд муутай ч юм шиг харагдаад байдаг. Өмгөөлүүлэх эрхийг хангаж байна гэдэг утгаар прокурор нэг өмгөөлөгч оруулаад л хэрэг шийдээд байдаг гэсэн яриа ч бий. Энэ талаар ямар бодолтой байдаг бол?

А.О: - Прокурор хэн нэг өмгөөлөгчийг сонгож оруулна гэсэн ойлголт байхгүй. Улсын өмгөөлөгч ямар хэрэгт оролцож, үйлчилгээ үзүүлэхийг хуульд тодорхой заасан. Үйлчлүүлэгчийн төлбөрийн чадвартай эсэхийг нь программаар шалгаад, хуульд заасан үзүүлэх ёстой үйлчилгээг л үзүүлж байгаа.

Г.Ө: Улсын өмгөөлөгчдийг муу гэж ярих тохиолдол нийгэмд байсан, олон асуудал нөлөөлсөн байх. Манай байгууллага нийгэмд эзлэх байр суурь харьцангуй бэхжиж амжаагүй хугацаанд иймэрхүү явган яриа гарсан байхыг үгүйсгэхгүй. Орон тоо цөөн улсын өмгөөлөгчдийн ажлын ачааллаас шалтгаалж, эсхүл нэг талаас нь харвал нийгэмд  өрсөлдөөн явагдаж байгаа учраас аль болох л хувийн өмгөөлөгчид  үгүйсгэж ярих зэрэг олон шалтгаан нөлөөлсөн байх. Бусад өмгөөлөгчдийн адил ижил түвшинд байна л гэж хардаг.  Нийгмийн анхааралд орсон зарим хүнд эрүүгийн хэрэгт сэжигтэн яллагдагчийг өмгөөлж оролцдог болохоор нийт массаас шүүмжилсэн асуудал байдаг байх.

-Та нарыг хэрэгт өмгөөлөгчөөр оруулахдаа хэрхэн сонгодог вэ?

А.О: -Иргэд Хууль зүйн туслалцааны төвд баримтаа өгнө. Харьяаллаар нь дүүрэг рүү шилжүүлж, тэндээ өмгөөлөгчдөдөө тойргийн зарчмаар хуваарилаад явдаг. Эрүүгийн хэрэг голдуу ирдэг учир аль таарсан хэрэгтээ ороод явдаг.  

Г.Ө: -Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулиар ямар төрлийн хэрэгт орох вэ гэдэг нь хязгаарлагдмал. Тус хуулийн үзэл баримтлал нь эрүүгийн хэргийн төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр анх батлагдсан. Хэрэг үйлдэгдсэнээс эхлээд Дээд шүүх хүртэл бүх шатанд өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг, магадлангийн хурлуудад ордог. Тус хуульд өөрчлөлт ороод 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хууль зүйн туслалцааны тухай хуульд иргэн, захиргааны зарим төрлийн хэрэгт үйлчилгээ үзүүлдэг болсон ч ийм төрлийн хэрэг эрүүгийн хэрэгтэй харьцуулахад цөөн байгаа.

-Үйлчлүүлэгчээ цагаатгуулсан тохиолдол байгаа байх? 

А.О: -Байгаа, гэхдээ цөөхөн. Ер нь цагаатгах тогтоол улсын хэмжээнд цөөхөн байгаа. Гэмт хэргийн шинжгүй бол прокурор хэрэг бүртгэлтийн шатанд эрүүгийн хэргийн яллагдагчаар татахгүй. Цагдаагийн байгууллага шалгаад үнэхээр гэмт хэрэг байна гэсэн тохиолдолд прокурор хянаад яллагдагчаар татдаг. Тодорхой хэрэг үйлдсэн ч зүйлчлэлийг өөрчлүүлэх, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бол зөвтгүүлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, дэглэм бууруулах гээд хуулийн бүхий л боломжийг ашиглан үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлэх нь өмгөөлөгчийн үүрэг юм.

Г.Ө: -Байгаа, гэхдээ цөөхөн. Энгийн хүмүүс заримдаа гэмт хэрэг үйлдсэн хүнийг яах гэж өмгөөлдөг юм бэ, юу ярьдаг юм бэ гэдэг. Үндсэн хуульд зааснаар хууль зүйн туслалцаа авах эрх хүн бүрт бий. Бид үүргийнхээ дагуу төлбөрийн чадваргүй хүмүүст өмгөөлөл үзүүлж, тэдний эрх ашгийг хамгаалахыг хичээдэг.

-Төлбөрийн чадваргүй гэдэг дээр асуудал гардаг. Би төлбөрийн чадваргүй атал намайг өмгөөлөөгүй гэж ярихыг сонсож байлаа. Ийм тохиолдолд яадаг вэ?  

А.О: -Төлбөрийн чадваргүй гэдгийг программаар тодорхойлдог. Монгол Улсад үйлчилж байгаа нэгдсэн системээс манайх харах эрхтэй. Тэрийг л гол нотлох баримт болгодог. Гэхдээ өөрийгөө тодорхойлоод хууль зүйн туслалцаа авч болно гэж хуульд заасан байдаг. Судалгаа явагдсаны дараа төлбөрийн чадваргүй болсон байхыг үгүйсгэхгүй. Гэр орон нь үер, бусад гамшигт өртөөд төлбөрийн чадваргүй эрсдэлт нөхцөл байдалд орчихсон байх юм бол хорооных нь Засаг даргын тодорхойлолтоор бид дэмжлэг үзүүлээд явж байгаа.

-Та нарын цалин бага байснаа сая л нэмэгдсэн гэж сонссон. Ажиллах нөхцөл ч амаргүй байх. Ер нь улсын өмгөөлөгчийн цалин шүүгч, прокурортой ойрхон байх ёстой, тийм үү. Та бүхэн цалиндаа хэрхэн ханддаг вэ?

Г.Ө-Прокурорын цалинтай дүйцүүлэх зарчмыг Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан байдаг. Үүний дагуу 2023 оноос нэмэгдсэн. Эхэндээ цалин бага байсан, түүнээс хойш хоёр удаа өөрчлөгдөөд байна.  

А.О:-Нэг хэсэг нийтээрээ цалин хөлсний доод хэмжээ бага байсан, тэр жишгээр л авдаг байсан. Хүн л юм чинь цалин хэрэгтэй нь угаасаа ойлгомжтой шүү дээ. Миний хувьд төрдөө ажиллая гэж шийдсэн, тууштай явж байгаа. Манайх удаан ч гэсэн цалин хөлс нь жишгээ дагаад нэмэгдээд явж байна гэж хардаг. Ажиллах нөхцөл  жил ирэх тусам засагдаад явж байгаа гэж бодож байна. Өмгөөлөгчдийн тоо,  цалин хөлс нэмэгдэж байна. Техник тоног төхөөрөмжөөр хангах нь дээрдэж байна. Энэ жил гэхэд л зөөврийн компьютер өглөө. 

-Та нарын цаашдын амбиц юу вэ. Шүүгч болох хүсэлтэй байх гэж бодож байна. Хэрвээ та бүхэн шүүгч болвол давуу тал чинь юу байх бол?

А.О:-Тийм, шүүгч болохыг хүсдэг. Хууль зүйн туслалцааны төвөөс арван дөрөв, таван шүүгч төрж гарсан байдаг. Хувь болоод  улсын өмгөөлөгчийг хоёуланг нь хийсэн, нийгмийн эмзэг хэсгийн эрх ашгийг хамгаалж ажилласан учир хэрэг шийдвэрлэхдээ хоёр талаас нь харах байх. Ер нь улсын өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн хүний эрхийн мэдрэмжтэй шүүгч болно. Энэ нь давуу тал гэж хэлмээр байна.  

-Та нарын асуудал нөгөө талдаа төлбөрийн чадваргүй иргэдийн өмгөөлүүлэх эрхтэй шууд холбогдоно. Жишээ нь, Хайлаастад байгаа салбарт үйлчлүүлэгч очно гэхээр тэр хүмүүст хүндрэл бэрхшээл учирмаар л харагдаад байна?

А.О: -Сайжруулах зүйлүүд бий. Гэхдээ одоо бидэн рүү олон сувгаар хандаж болж байгаа юм. Цахимаар, утсаар хандаж байна. Цагдаа, прокурор, шүүхээс хандаж байна. Тэр болгон дээр бид өрөөндөө дуудахаас илүү өөрсдөө очиж байгаа. Цагдаа дээр, Цагдан хорих 461 дүгээр анги дээр мэдүүлэг авахад бид очдог. Долоо хоногт нэг удаа хүмүүстэй уулзалт хийж байна. Өмгөөлөгчийн ажил өрөөнд суухгүй, гадуур явдаг ажил л даа.  

-Прокурорын сонсгосон ялыг багасгаж чаддаг уу?  

А.О: -Дийлэнх тохиолдол нь прокурорын сонсгосон ялаас багасгаж байгаа.

Г.Ө: -Адилхан, ер нь бол өмгөөллийн үйлчилгээ үзүүлснээр ялыг багасгах нь дийлэнх нь байдаг.

-Та нар өмгөөлөгч байлаа ч гэсэн хүмүүс шүү дээ. Төлбөрийн чадваргүй иргэдэд асуудал олон бий. Үйлчлүүлэгчээ хараад өрөвддөг үү. Хүнд хэцүү нөхцөлд нь тусалсан тохиолдол байна уу?

А.О: -Өрөвдөх тохиолдол гаралгүй яах вэ. Ямар ч тохиолдолд сайн үйлчилгээ үзүүлэхийг боддог. Хэрэг хийгээгүй нөхцөл байдал байна гэж үзвэл түүнийг  шалгуулж тогтоолгох, бүр гарцаагүй нотлогдсон хэрэг дээр ялыг багасгахыг хичээнэ. Хорих ял оногдууллаа гэхэд нээлттэй дэглэмд байлгах, ажил хийгээд хохирогчийнхоо хохирлыг арилгах шагналын оноог авах ч байдаг юм уу үйлчлүүлэгчдээ ашигтай хууль зүйн бүхий л боломжийг ашигладаг. Ар гэрээс эргэлт ирсэнгүй, шаардлагатай зүйл байна гэвэл  өөрсдөө тэндээс ахуйн хэрэглээний зарим юмыг нь аваад өгөх тохиолдол гардаг. Бид чинь адилхан хүн шүү дээ. Хэдий хэрэгт холбогдсон ч гэлээ тэр хүний халдашгүй чөлөөтэй байх эрхээс бусад эрх нь хэвээрээ байгаа.

-Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалсан нэг тохиолдлоо ярьж өгөхгүй юу?

А.О-Хүн амины хэрэгт холбогдсон нэг эмэгтэйг өмгөөлсөн. Цагдаа шалгаж эхэлмэгц очоод уулзахад “Би энэ хэргийг хийгээгүй” гээд байсан юм. Цагдан хоригдох явцад нь хүсэлт гаргаад цогцсыг оршуулсан газраас нь гаргаж шинжилгээ хийлгэх хүсэлт удаа дараа гаргасан. Ингэж явсаар дахин шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний үр дүнгээр  гадны нөлөөтэй биш, хордлогын улмаас нас барсан гэж гарсан. Ингээд тэр эмэгтэй цагаадсан юм.  

Г.Ө: -Эхнэр, нөхөр хоёрын хэрэгт өмгөөлөгчөөр орсон. Нөхөр нь саун, эмнэлэг зэрэг газраас тайлаад тавьсан годон гутал авч хямд зардаг юм билээ. Нэг удаа эхнэр нь өвөл болж байна гутал байхгүй, өвөл хэцүү байна гэсэн байгаа юм. Гэтэл нөхөр нь би нэг годон гутал хулгайлаад хямдхан зарсан, чи өмсөж үзээд таарвал тэрийг очоод авчих юм уу гэсэн. Чи хулгай хийчихсэн юм бол яаж авах юм гэхээр одоо юугаа мэдэх юм гээд эхнэрээ дагуулж очоод 300 мянган төгрөгөөр тэр гутлаа буцаагаад худалдаж авсан. Энэ хэрэг дээр нөхрөөс нь мэдүүлэг авахдаа Үндсэн хуульд заасан гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь хангаагүй байдаг. Ингээд нөхрийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцоод эхнэрт нь мөнгө угаасан хэрэг үүсгэсэн. Энэ нь хууль зөрчсөн байна гэж гомдол гаргаснаар нөхрийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцсоныг хүчингүй болгож, эхнэр нь цагаадсан.  

-Эрх зүйн боловсролын талаар их ярьдаг болж. Та бүхэн энэ чиглэлд юу хийдэг вэ? 

А.О: -Ерөнхий боловсролын сургуулиудад очиж, сурагчдад хичээл ордог. Саяхан цахим орчинд гараад буй хэргээс сэрэмжлүүлэх талаар ярьсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ер нь зорилтот бүлэгт мэдээлэл өгдөг гээд хийдэг ажлууд бий.

-Гэмт хэрэг нийгмийн байдлаас шалтгаалдаг, нийгэм буруутай гэж ярьдаг. Тийм байж болох уу?

А.О:-Байж болно, аль аль талдаа л бий. Нийгмээс шалтгаалж байгаа хүмүүс бий.

-Өмгөөлөх явцад хуулийн талаасаа учирдаг хүндрэл бэрхшээл байдаг байх. Тэгэхээр хуульд өөрчлөлт оруулмаар харагддаг зүйл байна биз?

А.О: Өмгөөлөгчдийн  хувьд тулгараад байгаа гол асуудлуудын нэг л дээ, наадах чинь. Ер нь өмгөөлөгчид зарим нотлох баримтыг өөрөө цуглуулах эрхтэй баймаар байгаа юм. Энэ л гол асуудал.

-Манай эрх зүйн системийг Ром Германых гээд байдаг ч зарим талаас нь харахаар Англи саксоных ч юм шиг.. Яг энэ асуудал дээр ч огт цуглуулах эрхгүй гэхээр бас өрөөсгөл, тийм үү?  

А.О: -Тийм, цуглуулах эрхийн талаар зохицуулалт бий.  Гэхдээ цагдаа, прокурорт хүсэлт гаргаад тэд хангасан тохиолдолд цуглуулах эрхтэй байгаа юм.

Г.Ө:- Одоо хэрэгжиж буй хууль Ром Германыг ч, Англи саксоныг ч авчихсан юм шиг холимог хэрэглэж байгаа юм шиг харагддаг.

-Мэтгэлцэх зарчим гээд ярьдаг. Гэтэл төр буюу прокурор, цагдаа, заримдаа шүүх нь ч нэг тал болоод, өмгөөлөгч нөгөө тал болчихоод байдаг юм шиг харагддаг. Гаргаад өгсөн нотлох баримтыг яг авдаг уу, ер нь?

А.О: -Хохирогч, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой, эсвэл хохирол төлсөн зэргийг бусад нотлох баримтаар гаргаад өгөхөөр авна. Харин энийг нотлох баримтаар авмаар байна гээд хүсэлтээ явцын дунд гаргахаар прокурор, цагдаа хүсэлтийг хангахгүй тохиолдол бий. Шүүх дээр очихдоо ингээд бидний хүсэлтийг хангаагүй гээд бид гомдлоо гаргана. Нэг ёсондоо өөрсдөө авч чадахгүй, хүнээр дамжуулаад л байдаг. Үүнийг л өөрчлөх хэрэгтэй гэж хардаг.

-Өмгөөлөгчдийн холбоо өмгөөлөгч нотлох баримт цуглуулах талаар санал гаргаад яваад байсан, тийм үү?

А.О: -Ер нь Өмгөөллийн шинэ хууль тийм концепцоор явж байсан ч яг тэрүүгээрээ батлагдаагүй, гэхдээ арай дээрдсэн. Өмгөөлөгч байгууллагуудаас лавлагаа, бичиг баримт, нотлох баримт хүсэхэд боломжтой зүйлсийг гаргаж өгөх үүрэгтэй гэсэн агуулгатай заалт орсон.

-Гадаадын зарим улсад танайхтай ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллага иргэдийн эрх ашиг хамгаалдаг гэдэг талаасаа статус нь ч том, бэхэжсэн байдаг. Гэтэл манайд бол тийм биш л харагдаад байна. Та нарын ажилд учирдаг саад бэрхшээл юу байна вэ?

А.О: -Ачаалал их байсан. Сүүлийн хоёр сард хоёр хүн нэмэгдээд тавуулаа болсноор манайх бол дээрдэж байгаа л гэж үзэж байна. Гурвуулаа байхад бол ачаалал их байсан, нөгөө талд нь үйлчлүүлэгчид үзүүлэх өмгөөллийн чанарын асуудал бас яригдана шүү дээ. Мэдээж хүндрэл бэрхшээл бий, гэхдээ засагдаад явж байгаа.

-Та бүхний өмгөөлөгчөөр оролцох хэргийн тоо байнга нэмэгдэж байгаа.  Аль төрлийн хэрэг нэмэгдэж байна. Ямар хэрэг зонхилдог вэ?

А.О: - Монгол Улсад зонхилон гардаг хэргүүд тухайлбал, өмчлөх эрхийн эсрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд ихэнх нь байдаг.  

Г.Ө: -Манайд бас дээрх хэргүүд л их ирдэг. Эрүүгийн хэрэг л нэмэгдэж байгаа.

-Хууль зүйн туслалцааны төв утсаар, бас зориод ирсэн хүнд ч зөвлөгөө өгдөг. Ямар хязгаар дотор хариулдаг вэ?

Г.Ө-Зөвлөгөө бол хязгааргүй, хууль зүйн ямар ч асуудалд хариулахыг хичээдэг.

-Би ийм хэрэг хийчихсэн юм. Яаж гарах боломж байна вэ гэвэл хариулах уу?

А.О: -Өмгөөллийн тухай хуульд өмгөөлөгчийн баримтлах ёс зүйн дүрэм гэж бий, Түүн дотор хэргийн бодит байдлыг нууж болохгүй гэж байдаг. Хүнд худлаа зөвлөгөө өгч болохгүй. Хэрэг хийсэн нь тогтоогдсон байх юм бол зүйл анги нь ийм байна гэдгийг хэлнэ гэсэн үг. Гэхдээ өнөөдөр жишээ нь утсаар ихэвчлэн гэр бүлийн, эд хөрөнгийн маргаан гээд иргэний хэргийн асуудлаар зөвлөгөө авч байна.  

-Та өнөөдөр утсаар хариулт өгч байгаа юм байна. Өглөөнөөс хойш хэдэн хүнд хариулав. Ойролцоогоор нэг хүнтэй хэдэн минут ярьж байна вэ. Ямар ч хамаагүй асуулт ирэх тохиолдолд яадаг вэ?

А.О: -Улсын өмгөөлөгчид сардаа график гаргаад ээлжилж утсанд хариулдаг. Өнөөдрийн байдлаар одоогоор арав гаруй хүнд хариулсан байна. Нэг хүнтэй ярихад багадаа л арваад минут ордог. Мэдээж хуулийн л зөвлөгөө өгнө. Сая нэг хүн гэр бүлийн маргаанаас болоод хямраад сэтгэл зүйн зөвлөгөө авмаар байна гэж байна. Хуулийн асуултад нь хариулсан, сэтгэл зүйн зөвлөгөөг бол мэдээж бид өгөх боломжгүй. Манай төвийг биечлэн зорьж ирж, зөвлөгөө авдаг хүмүүст бас хариулдаг.

-Хэр олон хүн зорьж ирж зөвлөгөө авдаг вэ. Зөвлөгөө өгөх өрөөний нөхцөл жаахан тааруу юм уу, Хэт жижиг учир агааргүй, бас ярилцаж байхад хэн ч орж ирээд хүний мэдээлэл сонсож болмоор ч юм шиг. Шилэн хаалтны цаанаас ажлын албаныхан бас бусад хүнд ч сонсогдохоор юм…

Г.Ө: -Манай Хууль зүйн туслалцааны төв түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг, өрөөний хүрэлцээтэй байдал дутмагаас шалтгаалж аль болох боломжиндоо тааруулж, хууль зүйн зөвлөгөө үзүүлж байна. Иргэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл үнэ төлбөргүй өгдгийг харьцангуй мэддэг болсонучир  утсаар болон биечлэн ирж зөвлөгөө авч байна.

А.О: -Тийм ээ, манай байгууллага түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Манай орчин нөхцөл өнөөдөр иргэдийг хүлээж аваад зөвлөгөө өгөх өрөө үүнээс өөр байхгүй. Тиймээс энэ өрөөнд иргэдэд хуулийн зөвлөгөө өгөөд явж байгаа. Шаардлагад нийцсэн зөвлөгөө өгөх өрөө шаардлагатай байгаа нь үнэн

-Ачаалал өндөртэй л ажилладаг юм байна. Хууль зүйн туслалцааны төвөө цаашид ямар болно гэж боддог вэ?

А.О: -Цаг үеэ дагаад хөгжинө л гэж бодож байгаа. Нэгдүгээрт Хууль зүйн туслалцааны болон Өмгөөллийн хуулийг боловсронгуй болгох шаардлагатай гэж хардаг. Түрүүн хэлсэн өмгөөлөгч нотлох баримтыг бэхжүүлж цуглуулах асуудал дээр дэлхийн жишгийг дагаад явах байх гэж итгэж байна.  

Г.Ө: -Манай Хууль зүйн туслалцааны төв нэг сайхан байртай болчихвол гэж боддог. Одоо энэ байр бол түрээсийнх. Цаана нь үйлчилгээ авч байгаа хүмүүсийн эрх ашиг, үйлчлүүлэх нөхцөлийн асуудал бас байгаа учир өөрийн гэсэн байртай болох нь чухал гэж хардаг.


Хууль зүйн туслалцааны төв Төрийн ордны хойхно “Хүрээ” төвийн нэг давхарт түрээсээр байрладаг. Манай хуулийн системийн байгууллагууд бараг бүгд шинэ байртай болсон ч нийгмийн зорилтот бүлэг буюу төлбөрийн чадваргүй хүмүүст эрх зүйн туслалцаа үзүүлдэг тус төв л “төрийн хараа”-наас гадуур үлдсэн мэт санагдсаныг нуумааргүй байна. Өмгөөлөгч залуус ирээдүйдээ итгэлтэй бас сэтгэлтэй санагдсан. Гэхдээ тэдний ажлын ачаалал хүний эрх гэж яригдаж байгаа өнөө үед хэтийдсэн мэт бодогдов. Хүний эрхийг хамгаалах талаар ярьж буй бол нийгмийн тодорхой бүлэгт үнэ төлбөргүй үйлчилж буй энэ төвөө анхаарах цаг иржээ. Өмгөөлөгчдийнх нь цалин өссөн ч Хууль зүйн туслалцааны төвийн ажлын албаныхны цалин дөнгөж сая гаруйхан төгрөг хэвээр үлдсэнийг олж мэдээд гайхширснаа дашрамд бас дурдъя. Хүний эрх нь ч, хамгаалагчид нь ч төрийн хамгаалалтад байг ээ.

                                                                                                               Р.ГАНПҮРЭВ 


0
angry
2
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТАГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР … 3 цагийн өмнө
ОРОН НУТАГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ЗЭЭЛИЙН ЗАРЦУУЛАЛТАД ХЯНАЛ… 11 цагийн өмнө
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ИЛ УУРХАЙН ЭМУЛЬСИЙН ТЭСРЭХ БОДИСЫН ШИНЭ ҮЙЛДВЭРИЙГ… 15 цагийн өмнө
АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖЭЭ 16 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН АХМАДЫН ХӨГЖЛИЙН ТӨВҮҮДИЙН ЭХНИЙХ НЬ ХӨВСГӨЛ… 20 цагийн өмнө
СОГТУУГААР ӨӨРТ НЬ ӨГСӨН КАРТЫГ АВЧ ЯВААД ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ 23 цагийн өмнө
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХҮДЭР БОЛОВСРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ 40 САЯ ТОННД ХҮРЧЭЭ Өчигдөр
УВС НУУРЫН ХОТГОР, МОНГОЛ-АЛТАЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРНО Өчигдөр
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХҮНД ДААЦЫН ШИНЭ АВТОМАШИНУУДААР УУЛЫН АЖИЛДАА ХҮЧ НЭМ… Өчигдөр
У.СҮРЭНЖАВ ҮНДЭСНИЙ ПАРАЛИМПЫН ХОРООНЫ 2024 ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТАМИРЧ… Өчигдөр
БНСУ ӨРШӨӨЛИЙН АЯНАА ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30-Н ХҮРТЭЛ СУНГАЖЭЭ 2024/12/15
ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2024/12/15
БНСУ-ААС ДАРАЛТ, ЧИХРИЙН ШИНЖИН, ЦУС ШИНГЭЛЭХ, МӨӨГӨНЦРИЙН ЭСРЭГ 5 НЭР… 2024/12/14
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ЮН СОК ЁЛИЙГ ОГЦРУУЛАХ ШИЙДВЭР … 2024/12/14
ДАРХАДЫН ХОТГОР, ЗАВХАН ГОЛЫН ЭХ, ХҮРЭНБЭЛЧИР ОРЧИМ, ИДЭР, ТЭС ГОЛЫН Х… 2024/12/14
ТӨР, НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН Ж.САМБУУГИЙН МЭНДЭЛСНИЙ 130 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛ… 2024/12/14
ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРААР ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО 2024/12/14
М.АНХЦЭЦЭГ ОГЦОМ ӨРГӨЛТӨӨР 116 КГ ӨРГӨЖ, ДЭЛХИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛ… 2024/12/13
ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙН ДАМ НӨЛӨӨ, ТӨСВИЙН Т… 2024/12/13
ТӨРИЙН ИЖИЛ ТӨСТЭЙ, ИРГЭД АВДАГГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ ЦӨӨЛНӨ 2024/12/13
Их Уншсан
17 НАСТАЙ Т.АРИУНЗАЯА ЯПОНЫ АЛДАРТАЙ БӨХ М.ТАМАОКИГ ЯЛЖ, ТОКИОГИЙН ИХ … 2024/12/07
Д.ХАШ-ЭРДЭНЭ: ЯПОН ТАЙЛБАРЛАГЧИД Т.АРИУНЗАЯА ОХИНЫ ТАЛААР ЮУ ГЭВ 2024/12/07
ЗАЛХУУ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ТУРААХ ДЭГЛЭМ 2024/12/09
MOON DANCE ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮР… 2024/12/08
ДАРХАДЫН ХОТГОР, ЗАВХАН ГОЛЫН ЭХ, ХҮРЭНБЭЛЧИР ОРЧИМ, ИДЭР, ТЭС ГОЛЫН Х… 2024/12/14
М.АНХЦЭЦЭГ ОГЦОМ ӨРГӨЛТӨӨР 116 КГ ӨРГӨЖ, ДЭЛХИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛ… 2024/12/13
ОЙ ТОГТООЛТЫН ТАМИРЧИД БАГААРАА ТҮРҮҮЛЖ, ЗУРГААН УДААГИЙН АВАРГА БАГ Б… 2024/12/09
2025 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ 2024/12/10
ИРЭХ САРУУДЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ 2024/12/11
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2024/12/07
МОНГОЛ ЭР ХҮН БҮР ХААНЫ ЗЭРЭГТ СЭТГЭЖ ӨСДӨГ ТУЛ ДАЙСАНДАА ДИЙЛДДЭГГҮЙ 2024/12/06
ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ХАРЬЯАТ Б.БЭХБАТ УЛСЫН ТӨВИЙН БҮСИЙН АВАР… 2024/12/12
Б.БОЛДСАЙХАНЫГ ХҮНИЙ ЭРХИЙН ХҮНДЭТ ТЭМДГЭЭР ШАГНАЖЭЭ 2024/12/09
​Э.ҮҮРИЙНЦОЛМОН 2024 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, 14 НАСАНДАА ОЙ ТОГТООЛТЫ… 2024/12/09
ДОММАРАЖУ ГУКЕШ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЗАЛУУ ШАТРЫН АВАРГА БОЛЛОО 2024/12/12