ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ БА ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА


Хүмүүний амьдралд хамгийн хоригдошгүй зүйлийн нэг нь хайр сэтгэл. Гэвч насанд хүрэгчдийн сэтгэл зүрхний асуудал, таарамжгүй харилцаа, алдаанаас болж гэр бүл салалт бүрийн ард гэмгүй хүүхэд шаналж байдаг нь сэтгэл эмтрэм юм.  

2023 оны байдлаар улсын хэмжээнд гэр бүл цуцлалтын тоо 4776 байгаа бөгөөд сүүлийн 4 жилд энэ үзүүлэлт дандаа өссөн дүнтэй байна. Мянган хүнд оногдох гэр бүл цуцлалтын түвшин сүүлийн хоёр жилд 2.2 хувь байгаа юм. Энэ нь зөвхөн албан ёсны статистик бөгөөд бүртгэгдээгүй салалт хэд байгааг тоолох боломжгүй.

Эхнэр, нөхөр нь салаад хаачсан нь мэдэгдэхгүй алга болдог, шүүхэд хандах гэхээр үр хүүхдээ бодоод эргээд нийлдэг ч юм уу гэж хүлээх, эсхүл хаана хандахаа ч мэдэхгүй байх тохиолдол олон. Энэ бүхний цаана хүүхдийн тэжээж тэтгүүлэх эрх зөрчигдсөөр байдаг билээ.

Нөхөр нь гэрээсээ яваад өөр хүнтэй амьдарчихсан атлаа гэр бүлээ цуцлуулаагүй, хүүхдүүдээ эхнэр нь ганцаараа тэжээдэг үзэгдэл маш түгээмэл байдаг.

Сараа 2010 онд Идэртэй танилцаж, бие биедээ сэтгэл алдран 2012 оноос хамтран амьдарч эхэлжээ. Манайд гэрлэлтээ бүртгүүлээгүй хосууд олон байдаг, Сараа, Идэр хоёр ч тэдний нэг. 2013, 2014, 2017 онд гурван хүү төрж, Сараа ч бидний нэрлэдгээр дархан бэр болоодохов. Халуун дулаан уур амьсгалтай сайхан гэр бүл, халамжтай хань гээд түүнд дутуу юм байсангүй. Байр авахаар хичээн хөдөлмөрлөж, түрээсийн байранд амьдарч байв.

Харамсалтай нь гэрлээд есөн жилийн дараа буюу 2021 оноос нөхөр нь хөдөө ажиллах болж, 2022 онд тэндээ нэг хүүхэнтэй учир ургуулжээ. Энэ үед Сараа дөрөв дэх хүүгээ хэвлийдээ тээж байлаа. Нөхөр нь хоёр дахь хүүгийнхээ төрсөн өдрөөр хавар нэг үзэгдээд явахдаа 7 хоноод буцаад ирнэ ээ гэсэн ч таг болчихов. Хөдөө амьдарч байсан газарт нь Идэрийн аав, ээжтэй нь хамт очиж хайгаад олсонгүй, цагдаад бүртгүүлжээ. Цагдаа эрэн сурвалжлаад намар нь хотод байна аа гэсэн хэл дуулгахад арваад жил ханилсан хүнээ амьд мэнд байгааг мэдээд тайвширсан байна. Харамсалтай нь Идэрийн зүрх сэтгэл эргэж ирэхээргүй өөр хүнийх болсон байлаа.  

Идэртэй хамтран амьдрах болсон эмэгтэй тэднийг 3 хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байж. Нөхөр нь гэртээ эргэж ирсэнгүй. Бүсгүй жирэмсэн, 5-9 насны гурван хүүхэдтэй хаягдаж үлджээ. Жирэмсэн бүсгүй юу хийж, ажил амьдралаа авч явах билээ. Эргэн тойрныхноосоо зээлж, түрээсийн байрныхаа төлбөрийг төлж, хүүхдүүдээ харж зөөхөд нь ах, эгч нар нь эрвийх дэрвийхээрээ тусална.

Бүсгүй толгой нь эргэсэн нөхрөө ирэх болов уу гэж цөхөртлөө хүлээлээ. Гэвч Идэр ирсэнгүй. Тэвчээрт хязгаар гэж бий. Шүүхэд хандаж ядаж хүүхдүүддээ тэтгэлэг ав, тэр хүн ирэхээсээ өнгөрсөн, одоо хүүхдүүдээ бод гэж толгойтой бүхэн зөвлөжээ.

Яаж нөхрөө олох билээ, хэрхэн тэтгэлэг тогтоолгох билээ. Шүүхэд хандах гэхээр  хаана байгаа гэж хандах билээ. Яг нөхрийнх нь хаяг мөн үү, үгүй юу. Байрны түрээсийн мөнгө хүнээс зээлсээр олон арван сая төгрөг болсон, тэрийгээ нөхрөөсөө авъя гэвэл яах бол. Албан ёсны баталгаагүй юм чинь асуудал үүсэх юм биш байгаа. Яг цаг дээрээ ирэхээр хариултыг нь мэдэхгүй асуулт олон гарч ирэх нь тэр. Зөвлөөд өгчих мэргэжлийн хүн ч байсангүй.  

Дөрвөн хүүхэдтэй, жижиг нь нярай бүсгүйд өмгөөлөгчид өгөх мөнгө ч байсангүй. Хууль зүйн туслалцааны төв гэж Хууль зүйн яамны харьяа байгууллага байдаг, тэнд хандаад улсын өмгөөлөгчөөс үнэ төлбөргүй зөвлөгөө авч, өмгөөлүүлэх боломжтой гэдгээ олж мэдэв.

Хууль зүйн туслалцааны төв эхлээд эрүүгийн хэрэгт холбогдогчид л өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг байсан бол 2023 оноос эхлэн хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хандаж буй төлбөрийн чадваргүй хүнд үйлчилдэг болжээ. Мөн орлогоос үл хамааран олон буюу 4-өөс дээш хүүхэдтэй ганц бие эцэг, эхэд бас өмгөөллийн үйлчилгээ үнэгүй үзүүлдэг аж. Сараа нялх хүүхэдтэй орлогогүй учир төлбөрийн чадваргүйд нь ч, мөн олон хүүхэдтэйд нь ч орж байлаа.

Эхлээд тэр Хууль зүйн туслалцааны төвийн 7700-1982 дугаарт залгав. Зарим асуултад нь хариулт өгөөд олон асуудал яригдаж байгаа учир боломжтой цагаараа ирж уулзахыг зөвлөв. Төрийн ордны хойхно байрлах тус төвийг зориод очлоо.

Улсын өмгөөлөгч залуухан бүсгүйн хэлснээр хүүхдүүд нь тэтгэлэг авах эрхтэй, түрээсийн мөнгөө ч яг төлснөө батлах юм бол нэхэмжлэх боломжтой, нөхрөө хаана оршин суугааг шүүхэд хандаад эрэн сурвалжлуулж ч болох гэнэ. Шүүхэд хүсэлт гаргадаг бичгийг нэхэмжлэл гэдэг, өөртэй нь адилхан буюу олон хүүхэдтэй ганц бие ээжид өмгөөлөгч нь бичиг баримтыг нь боловсруулаад өгчихдөг аж. Ийм газар байгаад сэтгэл нь бага ч гэсэн уужраад учир зүйг нь олж болох юм байна гэсэн итгэл төржээ.

Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчөөс туслалцаа авч, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Сараа дөрвөн хүүхэддээ тэтгэлэг тогтоолгов. Мөн түрээсийн төлбөрт нийт 46 сая шахам төгрөг, нэг хүүгийнхээ өдөр өнжүүлэхийн төлбөрт гурван сая гаруй, нийт 50 шахам сая төгрөг нэхсэнийг шүүх тэр дүнгээр нь Идэрээс гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчдийн үнэгүй өмгөөлөл үзүүлдэг иргэний хэрэг нь зөвхөн хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой асуудал л байдаг. Өнгөрсөн 2023 онд энэ төрлийн 56, 2024 оны эхний арван сарын байдлаар 55 хэрэгт өмгөөлөл хүсэж иргэд ханджээ. Үүнээс заримд нь өмгөөлөл үзүүлэхээс татгалзсан тохиолдол байна. Учир нь дээр дурдсанчлан олон хүүхэдтэй ганц бие эцэг, эхэд санхүүгийн байдлаас үл хамааран үнэгүй өмгөөлөл үзүүлдэг бол цөөн хүүхэдтэй тохиолдолд төлбөрийн чадваргүйгээ нотлохыг шаарддаг аж. Хэрвээ төлбөрийн чадвартай байх юм бол зөвлөгөө өгч болох ч өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэггүй байна.

Төлбөрийн чадваргүйг хэрхэн тодорхойлох вэ гэдгийг сонирхох хүн байж магадгүй. Үүнийг дараах зургаас харж болно.

Монгол Улсын иргэд хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй. Хэн нэгэн төлбөрийн чадваргүй эсэхээсээ үл хамааран өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Ялангуяа хүүхдийн эрх ашиг эцэг эхийн санхүүгийн боломжоос хамааран хохирч үлдэх вий гэдэг үүднээс тодорхой зохицуулалтыг хуульд хийснээр 2023 оноос хүүхдийн тэтгэлэг тогтоолгох асуудалд улсын өмгөөлөгч нар үнэгүй үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь сайшаалтай.

Цаашид энэ төрлийн асуудлаар Хууль зүйн туслалцааны төвд хандах хүний тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа талаар ажлын албаныхан нь ярьсан.

Таны дэргэд ч ийм туслалцаа хэрэгтэй хэн нэгэн байгаа бол тус төвийн талаар дуулгахад илүүдэхгүй. Хүүхдийн эрх ашиг хаана ч хохирохгүй байг ээ.  

                                                                                                                           Г.ЭРХЭС


0
angry
0
care
0
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.61
2025/04/16
0
0
Гэр бүлийн хуулийг маш сайн боловсоруулж гаргах хэрэгтэй ер нь дандаа эмэгтэйчүүд хүүхэд тэврээд үлддэг нөгөө нөхөр этгээд ямарч хариуцлага хүлээдэггүй бумдын амьдарал самараад явдаг юм бнлээ эцэгт 7 хоног ээлжээр хүүхдээ асрах эрх мөн насан туршид нь тэжээх тэтгэмж өгүүлэх
Хариулах
66.181.160.28
2025/04/16
0
0
ийм амьдралтай адилхан дүү минь байдаг одоо хүүхдүүд нь том болцгоосон . Хүүхдүүдэд нь тэтгэмж гэж олдохгүй л байхдаа
Хариулах
Шинэ мэдээ
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 1 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 1 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 1 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 20 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… 23 цагийн өмнө
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ Өчигдөр
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
COP17: НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ 2025/12/05
МОНГОЛ АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, УВС НУУРЫН ХОТГОРООР … 2025/12/05
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23