Зураач, дизайнер Доржготовын Цогтбаяртай уулзаж ярилцлаа.
-Та сайхан зусаж байна уу? Таныг олох гэж нэлээд хөөцөлдлөө шүү. Та чинь их нууцлагдмал хүн юм уу даа. Тантай уулзах завшаан тохиосонд баярлалаа. Уран бүтээлийн арвин ургац хурааж байна уу?
-Сайн. Сайн байна уу? Сайхан Зусаж байнаа. Нууцлагдмал ч хүн биш л дээ. Заримдаа найзууд маань “Чи хаагуур юу хийгээд явна аа” гэх үе бий. Уран бүтээлч хүмүүс чинь гаднах шуугиан, олны анхаарлаас илүүтэй дотроо их яриа өрнүүлж мэдрэмж, ажиглалт, дотоод мөн чанарыг эрэн хайж бүтээлээ туурвидаг гэх үү дээ.
Нэг төрлийн ажлыг байнга хийгээд байхаар залхах үе гарна. Ингэж залхсан үедээ өөр шинэ юм хийгээд үзэх нь сонирхолтой амраад ч авах шиг,,, Жишээ нь график, интерьер зурахаа хэсэг азнаад сийлбэр ч юм уу тавилга барьж авах жишээтэй. Хэсэг хугацааны дараа мэргэжлийн ажлаа буцаад хийхээр амттай, урагштай, сонирхолтой шинээр сэтгэх хандлагатай болдог. Иймэрхүү сэлж ажиллахаар тархи толгой сэргэж шинэ санаа оноо ч орж ирэх жишээтэй. Гэхдээ олон юмыг мэдэж чадахаас илүүтэйгээр нэг юмыг гүн гүнзгий чадваржиж эзэмших нь илүү чухал юм.
Сүүлийн үед олон чиглэл гэхээсээ илүүтэй нухацтай чанартай цөөн бүтээл хийхийг эрмэлзэх болсон. Өчүүхэн зүйлээс ч асар том мэдрэмж авч, түүнийгээ бүтээл болгож гаргадагт уран бүтээлч хүний мөн чанар оршдог байх. Бидний энэ байдал нь ертөнцөөс жаахан зайтай харагдаж хүмүүст үл ойлгогддог бол уу. Аниргүй байдал нь бидний хувьд “хоосон” биш дотоод бодлоо ажиглан үргэлжлүүлж цэгцлэх орон зай болдог.
-Ярилцлага маань тун сонирхолтой эхлэх нь ээ. Шинэ уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна даа.
-Хэд хэдэн байгууллага, айл өрхийн захиалгатай график, интерьерийн зургууд хийж байна. Хэд хэдэн график, интерьер болон байгууламжийн зураг төсөл дээр ажиллаж байна. Хүмүүсийн захиалгыг зарлаад яахав дээ. Ер нь захиалга, ажил тасрахгүй л дээ. Харин нэг хиймээр юм бол интерьерийн түүх, онолын тайлбартай номыг мэргэжил нэгт нөхөхтэйгөө хамтарч гаргавал зүгээр санагддаг. Манайд интерьерийн мэргэжлийн ном, сурах бичиг бараг байхгүй гэж хэлж болно. Гаргасан ном нь реклам сурталчилгааны талдаа харагдаад байдаг. Ном бичье гээд нөгөөдүүлдээ хэлэхээр “Зураач муудахаараа ном бичдэг юм чи яачив”,,, гээд явуулнаа бас.
-График, интерьер гэснээс та уран зураг, хөрөг, байгаль зурдаггүй юм уу? Би Таныг уран зураг зурдаг гэж ойлгоод байгаа. График, интерьерийн дизайны ижил ондоо талуудыг тайлбарлаж өгөөч?
-Миний уран бүтээлийн хүрээ бол архитектур, интерьер, хөшөө дурсгал, график дизайн, брэндийн хөгжүүлэлт, тавилга, тайзны дизайн зэрэг дүрслэх урлаг, дизайны олон чиглэлийг хамардаг. График, интерьер зураг төсөл хийхээс гадна хэрэг нь гарвал баримал, сийлбэр, уран дархан, тавилга хийгээд явчихна. Ертөнц маань тийм л дээ. Үндсэн мэргэжил маань дизайнер уран бүтээлч. Энэ мэргэжлийг эзэмших гэж арав гаруй жил суралцлаа. Арван жилд байхдаа 4 жил зургийн дугуйланд, Дүрслэх Урлагийн дунд сургуульд 4 жил Москвад Строгановын нэрэмжит Урлаг Үйлдвэрлэлийн дээд сургуульд 6 жил, сүүлд урлаг судлалаар жил хагас суралцсан. Манай сургууль 1825 оноос байгуулагдсан, эх орны дайны дараа Германы BauHaus-ын сургалтын системээр зураг төсөл дизайны сургалтад шилжсэн түүхтэй дизайн, дүрслэх урлагийн /design & fine-art/ чиглэлийн оросдоо нэр хүндтэй сургуулиудын нэг. 1967 оноос хойш тус сургуулийг 50 шахам Монгол урлаачид төгссөн байдаг. Сургууль төгсөж ирснээс хойш төр, хувийн хэвшил, байгууллагуудад график, интерьер, экстерьер дизайнераар ажиллаж, хөшөө дурсгалын бүтээлүүд, захиалгын ажлууд гээд юм юм хийхийн зэрэгцээ дизайн дүрслэх урлагийн сургуулиудад 10 гаруй жил багшиллаа.
Дизайн зураг төслийн ажил нь “applied art” буюу хэрэглээний урлаг л даа. Хэрэглээний урлаг гэдэг нь практик хэрэглээнд гоо сайхныг нэгтгэсэн урлагийн төрөл гэж хэлж болно.Өөрөөр хэлбэл зөвхөн харахад биш, өдөр тутмын хэрэглээнд шингэсэн урлаг гэсэн үг. Үүнд график, интерьер, фэшн, индастриал, тавилгын дизайн, зэрэг олон чиглэл ордог. Энэ бүгдийг тайлбарлавал дээрээс нь изм, урсгал, жанр гээд хэдэн өдрийн яриа болно биз.
Тэгэхээр өөрийн түлхүү ажилдаг график, интерьерийн талаар хамгийн энгийнээр товч тайлбарлавал; График дизайнаас эхэлье.
График дизайны зөвхөн нэг төрөл болох лого гэхэд товч дүрс агуулгатай, энгийн атлаа давтагдашгүй, уян хатан, хүний ой тойнд маш богино хугацаанд амархан тогтоогдох, ямар ч орчинд танигдахуйц яруу тод харагдах шаардлагатай гэдгээрээ онцлогтой юм. Яагаад гэвэл лого нь зөвхөн нэг удаагийн хэрэглээ биш, хэрэглээний цар хүрээ маш өргөн. Фирмен стиль буюу бүх төрлийн материал дээр олон мянгаар хувилж үйлдвэрлэх хэрэгцээ үүсдэг. Ашиглах газар нь хамгийн том гудамж талбайн самбараас эхлээд хамгийн жижиг нэг, хоёр мм-ийн бүтээгдэхүүн дээр хүртэл байрлуулах болдог. Эдгээр шалгуурыг хангаж чадвал тэр лого болно. Дизайны бүх төрөл “хэзээ, хаана, юунд” гэсэн зарчмаар шүүгдэж байдаг. Хэт их мэдээллийн урсгал, гар утас, цахим орчин, хотын хөдөлгөөн, цаг хугацаатай уралдсан амьдралын хэмнэл хурдасч байгаа нь биднийг өөрийн эрхгүй илүү энгийн, товч, ойлгомжтой, хураангуй шийдлийг эрэлхийлэхэд хүргэж байна. Өнөөгийн бидний цаг үе илүү энгийн, минимал хандлагад аажмаар шилжиж байна. Иймээс минимализм нь зөвхөн гоо зүйн сонголт төдий бус, харин орчин үеийн амьдралын хэрэгцээ, соёлын шинэ хэв маяг болж байгаа хэрэг.
Архитектур, интерьерийн хувьд график дизайнаас гол ялгаа нь функц дээр тулгуурладаг. Архитектурын зураг төсөл нь эхнээсээ газар зүйн орчин нөхцөл, ашиглалт, зориулалт, орон зай, материал, инженерийн шийдэл зэрэг олон хүчин зүйлсийг тооцоолох ёстой болдог. Хэзээ, хаана, юу, яаж гэх архитектурын үндсэн шалгуур тавигдана. Барилга хэдий хугацаанд ашиглагдах, түр зуурын павильон уу эсвэл он удаан жил ашиглах байгууламж уу? ордон, сургууль, нисэх буудал, музей гэх мэт зориулалтыг харгалзана.
Цаашлаад орчин цагийн хөгжил дэвшил, чиг хандлагаас хамаарч урсгалууд шинэчлэгдсээр байдаг. Жишээлбэл, Заха Хадидын органик стиль нь урсгал хөдөлгөөнтэй хэлбэрийг илэрхийлдэг бол Ле Корбюзье-ийн конструктивизм нь хатуу бүтэц, функционализмд тулгуурласан харин Тадо Андо, Кензо Танге зэрэг нь уламжлалт япон архитектурын зарчмыг орчин үеийн инженерчлэл барууны модернизмтай хослуулсан байх жишээтэй. Зөвхөн архитектурын урлаг гэх талаас цухуйлгахад энэ. Нэмээд орчин үеийн барилгад орж ирсэн технологи инженерчлэлтэй хосолсон хөгжлүүд бол тэр чигтээ урлагийн гайхамшиг л даа. Орчин үеийн архитектурын хэв маяг, дизайн нь минимализмтай зэрэгцэн интерьер болон экстерьер дизайны урсгалд хүч түрэн орж ирж байна.
Интерьер дизайн бол архитектураас ялгаатай нь барилгын дотоод орон зайг хүний хэрэгцээ, гоо зүй, тав тух, амьдрах, ажиллах орчны сэтгэл ханамж, эрүүл мэндэд нийцүүлэн шийдэх урлаг юм. Материалын шийдэл, өнгөний зохицол, гэрэлтүүлэг, тавилга чимэглэл, агааржуулалт гээд олон төрлийн зүйлийн нийлбэр нь бүхэлдээ нэг цогц хосолмол бүтээл болдог. Товчхон хэлбэл архитектур бол “барилгын яс, бүтэц”, интерьер бол “барилгын сүнс, уур амьсгал” гэж хэлж болно.
– Таны уран бүтээлийн санд өнөөдрийн байдлаар хэчнээн архитектурын бүтээл, интерьерийн шийдэл, хөшөө дурсгал, брэндбүүк, лого багтаж байна вэ? Олон нийт төдийлөн мэддэггүй бүтээлүүдээсээ нэрлээч.
Архитектурын 10 гаруй, хөшөө дурсгалын бүтээл 5, байгууллага, үйлчилгээний газар, амины хаузны интерьер 100 гаруй, лого график 200 орчим, бренд бүүк 50 орчим , шоу тоглолтын тайз, чимэглэл гээд олон зуун зураг төсөл, гүйцэтгэлийн ажлууд хийж ирлээ.
Товчхон дурдвал, Худалдаа Хөгжлийн Банк, Таван Богд групп, Гоёл наадам, Чингис хаан академи, Монголын дизайнеруудын холбоо, Фүжи Яама ХХК зэрэг байгууллагуудын лого, брэндийн бүтээлүүд, Тусгаар тогтнолын туг, Баруун-Урт театрын архитектурын төсөл, Сонгинохайрхан уулын эзэн савдгийн чулуун баримал гээд олон бүтээлүүд бий.
Интерьерийн бүтээлүүдийн хувьд байгууллагууд үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх, шинэчлэх зэргээс шалтгаалан 5–10 жилийн дараа өөрчлөгдөх нь элбэг. Харин архитектур, хөшөө дурсгал, график бэлгэдлийн бүтээлүүд цаг хугацааг илүү удаан давж үлддэг.
-Таныг Ардчилсан Намын тугийг бүтээсэн гэж уншиж байлаа. Энэ тугийг Та хэдэн онд бүтээсэн юм бэ? Ардчилсан намын захиалгаар бүтээсэн үү?
-Үгүй дээ энэ их урт түүхтэй. 1991-1992 онд болсон Ардын Их Хурлын Депутатуудын хурлаар шинэ Үндсэн хуулийг баталсан. Ингээд парламенттай улс болдог юм. Тэгээд төрийн сүлд, тугийг шинэчлэх санаачилгыг АИХ-аас гаргаад улсын хэмжээнд уран бүтээлч, зураачдын дунд уралдаан зарласан. Тэр уралдаанд оролцохоор шийдээд Монгол Улсын төрийн тугийн эх загварыг зурж уралдааны комисст явуулсан. Гэвч тугийн нэг ч эх загвар шалгараагүй. Хуралдаанаар төрийн тугийг батлахдаа тухайн үед хэрэглэж байсан төрийн тугийн соёмбын оройд байрлах таван хошуу одыг хасаж, соёмбо тэмдгийг үлдээн баталсан нь одоо мөрдөгдөж байна. Энэ дашрамд хэлэхэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэд Геральдикийн зөвлөл болон “Государственный герольдмейстер” буюу төрийн сүлд, бэлгэдлийн асуудал эрхэлсэн тэргүүн гэх албан тушаал хүртэл байдаг. Тухайн үед манайд тийм алба яаж байхав. Одоо хүртэл ийм алба бүтэц байхгүй ор тас байна.
Төрийн далбааны эх загварыг бүтээж, уралдаанд оролцсон нь их холын учир жанцантай, Туг маань АН-д очсон түүх эндээс эхэлнэ. Дунд сургуульд байхад ах дүүс, нагацууд уулзахаараа хоёр хутагтынхаа /Жалханз хутагт, Дилав хутагт/ талаар их ярина аа. Дилав хутагт ахыг /элэнц өвөг ах Б.Жамсранжав/ хэлмэгдүүлж цаазаар авчих шахсан тул 1930 аад оны эхээр нутгаасаа оргон гарсан гэж улс ярих юм. Гэтэл Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэнэ. НҮБ-д элссэний дараа мандаж байгаа төрийн далбаандаа сүслэн нулимс унаган залбираад зогсож байсан тухай гадаадын судлаачдаас сонслоо гээд л ээжийн ах Ж.Бадраа /нагац ах/ шимшрэн ярьж байж билээ. Мөн “Хагарсан ваарыг эвлүүлээ, өнгө нь ямар байх нь чухал биш” гэж хэлсэн гэнэ лээ,,, гээд л ярина. Эдгээр ярианууд надад маш сонин санагддаг байлаа. Бадраа ах гэдэг маань Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ардын билэг зүйч Жамцын Бадраа агсан шүү дээ. Би тэр үед хүүхэд байсан болохоор ах нарын яриаг тэр бүр нарийн ухаж анзаарахгүй. Сонсоод л өнгөрнө. Харин олон улсын далбаан дунд манайх яаж харагдаа бол? Дилав хутагт ямар хүн байсан болоо? гээд л бодно.
Дүрслэх урлагийн дунд сургуулийн 1, 2-р курст сурч байхад манай ангийнхан гадаад орнуудын тугийн загвар цуглуулж, түрүүгээрээ баясаж, бахархаж, гангардаг байлаа. Тэгсэн нэг удаа плакатын үзгээр гурван өнгө татаж, дунд нь цагаан завсартай Монголын төрийн далбааны санаа зуртал ангийн найз Д.Төрмөнх /СГЗ зохиолч, сэтгүүлч/ “пүү паа, энэ ямар гоё юм бэ, манай туг энэ л байна шүү дээ” гээд явчихлаа. Энэ нь надад их урам болж билээ. Төрөөдөө одоо ч баярлаж л явдаг. Эдгээр яриа, дурсамжийн нөлөө байсан уу. Хаа явсан газраа туг, далбаа ажиглаж сонирхож явдаг болсон… Одоо ч би олон улсын туг, далбаа харсаар л явдаг. Гоё санагддаг юм. Эргээд бодоход туг, далбааны дүрслэл, утга учрыг сонирхох эрэл хайгуул минь бага наснаас эхэлсэн санагддаг.
За ингээд Москвад оюутан боллоо. Түм түжигнэж бум бужигнасан Арбатаар их явна. Москва голын эрэг дээр Шинэ Арбатын төгсгөлөөс Кутузовын өргөн чөлөө рүү шилжих хэсгийн 36 дугаар байшинд социалист орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны төв болох СЭВ байрладаг байв. Хичээлийн чөлөөгөөр Арбат хавиар зураг зурдаг байсан болохоор тэр байрны хажуугаар их явнаа. Өнгөрөх бүрд олон орны төрийн далбаан дундаас Монголын далбаа байнга харагдана. Дилав хутагтын тухай ах нарын минь яриа санаанд орно.
Олон улсын төрийн далбаан дундаас манай далбаа нэг л хурц тод бус, ялгаралт бүдэг санагдана. Яавал төрийн далбаагаа илүү тод, яруу, ялгуусан илэрхийлэлтэй бүтээж болох вэ? гэх бодол үргэлж дагаад чимээгүй эргэцүүлэл болсон гэх үү дээ.
НҮБ, СЭВ ч гэлтгүй олон улсын хурал цуглаан, спортын арга хэмжээ хаана л бол хаана намирах далбаагаа харсаар төр, түүхээ дээдлэн хүндлэх, мөн эзэмшсэн мэргэжил эдгээр нь давхцан нийлж, намайг шинэ визуал эрэлд өөрийн эрхгүй хөтөлж оруулсан санагддаг.Ийм мэдрэмжийг үгээр илэрхийлэх амар биш л дээ.
АН-ын туг ярьтал Та чинь Жалханз хутагт Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав, СГЗ, нэрт соён гэгээрүүлэгч, ардын билиг зүйч Ж.Бадраа агсны удмын хүн болоод явчихлаа. Эдгээр түүхэн нэрт хүмүүстэй та ямар ургийн холбоотой вэ? Энэ талаараа манай уншигчдад хүргээч.
Миний нагац өвөө Жамц, эмээ Хандсүрэн нар таван хүүхэдтэй айл байжээ. Жамц өвөө хошууны бичээч, сумын даргаар ажиллаж байгаад 1938 онд хамтралын дарга, байхад нь Хатгалд баривчилж хилсээр хэлмэгдүүлэн хороогоод, гэр орон мал хуйгий нь юу ч үлдээлгүй хураасан гэдэг.
Ингээд Хандсүрэн эмээ минь 5 балчир хүүхэдтэйгээ орох оронгүй, түших ханьгүй хүнд хувь тавиланд үлдэж хоцорч. Тэгэхэд хамгийн том нь болох Бадраа ах 12-13 орчимтой, Цэдэнсамба ах 11-тэй, миний ээж 6-тай, ээжийн дараах хоёр бүр бага байсан гэдэг. Энэ түүхийг бодохоор зүрх харламаар
Хандсүрэн эмээгийн авга ах нь Жалханз хутагт Дамдинбазар 1921-1922 онуудад Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдон ажилласан төр шашны зүтгэлтэн хүн байж. Жалханз хутагт Дамдинбазарыг “Богдын гүжир хамба” хэмээн нэрлэдэг байсан гэдэг. 1923 онд Ерөнхий сайд байхдаа учир битүүлгээр амиа алдсан юм билээ.
Жалханз хутагт Дамдинбазарын хаяал дүү нь Дилав хутагт Б.Жамсранжав юм билээ. Дилав хутагтын хувьд маршал Х.Чойбалсангаас тагнуулын маш нууц, тусгай даалгавар авч олон арван жил гадаадад гүйцэтгээд нутагтаа ирж чадаагүй гэдэг.
АНУ-д Монгол судлалын шанг анх татсан, Монголыг америкчуудад таниулахад зүтгэлтэй ажиллаж Монгол Улсаа НҮБ-д элсүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн тухай түүхийн ухааны доктор, профессор, хурандаа Д.Зоригт гуай “Дилав хутагт Рихард Зоргетой дүйцэх, бүр давсан тагнуулч” ярилцлагадаа тэмдэглэснийг уншсан.
Хоёр хутагт аль аль нь Монголын улс төр,шашны зүтгэлтэн, тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө зүтгэсэн түүхэн хүмүүс.
…Эмээ маань их дуугүй хүн байсан. Хутагтуудын тухай бараг үг дуугардаггүй байлаа. Энэ тухай яриа өрнөхөд “Төрийн минь сүлд өршөө” л гэж хэлдэг сэн. Аргагүй дээ, авга ах Жалханз хутагт Дамдинбазар нь учир битүүлгээр амиа алдсан, Дилав хутагт Жасмранжав ах нь буудуулан хороогдох шахаад гадаадад дүрвэсэн гэх нэртэй, нөхөр Жамцыг нь хилс хэргээр хороосон гээд эрчүүд нь хядлагын золиос болсон болохоор насан туршийн шаналал, эдгэшгүй сэтгэлийн шарх үлдсэн нь мэдээж. Эмээгийн хэлдэг байсан “Төрийн минь сүлд өршөө” гэх хэлц үг нь монголчууд эртнээс Хараа ихт хар сүлдэндээ аливаа үйлийг даатгаж мөргөхдөө хэлдэг залбирлын үг байсныг туг сүлдний судалгаа хийж явахдаа олж мэдсэн.
Хэдэн жилийн өмнө Нью Жерси дэх Дилав хутагтын байгуулсан Ницан дацанд мөргөхөөр очих замдаа Нью-Йоркоор дайрч НҮБ-ын төв байранд очсон. Ист голын салхинд олон орны төрийн далбаа намираад сүр жавхлантай юм билээ. Жар гаруй жилийн өмнө Дилав хутагт Монгол Улсынхаа төрийн далбаандаа сүслэн нулимстай залбирч зогссон энэ газар өөрийн биеэр ирээд мөн л төрийнхөө далбаанд сүслэн зогсохдоо “Дилав хутагт ах минь дүү нь ирлээ. Эмээ ээж, ах дүү нар чинь таны тухай их ярьдаг байсан шүү. Таныг их хүлээсэн дээ. Таныхаа сүнсэнд мөргөе” гэж сэтгэлдээ шивнэж огшсон доо.
Аавыг нь хэлмэгдүүлэн хороож, гэр орон, эд хөрөнгийг нь хураан ээж хэдэн нялх нойтон дүүтэйгээ үлдэж хатуу бэрх амьдрал туулсан ч Ж.Бадраа ах хожмоо Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач, ардын билиг зүйч, угсаатны хөгжим судлаач, орчуулагч, дууны яруу найргийн их мастер болж, монгол өв соёлоо сэргээн мандуулахын төлөө бүх амьдралаа зориулсан хүн дээ. Ард түмний сэтгэлд мөнхөрсөн “Халуун элгэн нутаг” дуу нь 1971 онд Монгол Улсын Төрийн шагнал хүртэж, хожим дууны хөшөөг нь Гадаад яамны хажууд босгосон. Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров гуай энэ дууг “Монголчуудын иргэний сүлд дуулал” хэмээн үнэлсэн байдаг. Туг ярих гээд хол давхичихлаа. За одоо ёстой тугаа ярья.
-1991 онд зарлагдсан Монгол Улсын төрийн далбааны уралдаанд зориулж бүтээсэн таны эх загвар үндэсний бэлгэдлийн агуулгыг шингээсэн олон жилийн эрэл хайгуулын үр дүн бүтсэн туг гэж ойлгож болох уу? Туг тань яаж яваад Ардчилсан Намд очсон юм бол? Энэ тухайгаа тодруулж яриач?
-Төрийн далбааны уралдааны дараа 1992 оны намар 10 сард С.Зоригийн нэгдсэн намын ерөнхий нарийн бичгийн дарга З.Нармандах уулзахаар ирээд ардчиллын төлөө дөрвөн нам нэгдэх гэж байгаа, чи мэргэжлийн хүн байна их хурлын тайз чимэглэлийн загвар, туг, тамганы эскиз, плакат, урилга, хөтөлбөрийн загвар гаргаж өгөөч гэсэн. Тэгэхээр нь надад ийм бэлэн тугийн эх загвар байна. Олон жил бодож бүтээсэн Дилав хутагтын сүнс оршсон шүншигтэй эд шүү, намынхандаа үзүүлэхгүй юу гэсэн. Нармандах эх загварыг дөрвөн намын дарга нарт үзүүлтэл тэд дэмжсэн тухай мэдэгдсэн.
Удалгүй Монголын Ардчилсан нам, Үндэсний Дэвшлийн нам, Нэгдсэн нам, Чөлөөт Хөдөлмөрийн нам нэгдэн Монголын Үндэсний Ардчилсан намыг байгуулахад уг тугийг намын их хурлаараа батлан хэрэглэж эхэлсэн түүхтэй.
Хожим нь 2000 онд ардчиллын чиг баримжаатай таван нам дахин нэгдэж өнөөгийн ардчилсан намыг байгуулахдаа энэхүү тугийг МҮАН-аас залгуулан авч, өнөөдрийг хүртэл ашиглаж байна. 1991 онд АИХ-аас зарласан төрийн далбааны уралдаанд энэ эх загвараа илгээхдээ монгол улсынхаа тусгаар тогтнол бие даасан байдлыг мөнхөд бэлгэдэн “Тусгаар Монголын Туг” гэж нэрлэсэн юм.
Туг, далбааны тухай өгүүлэхийн өмнө heraldry (сүлд судлал), vexillology (туг судлал) хэмээх бие даасан шинжлэх ухааны салбарууд байдгийг дурдах хэрэгтэй байх. товчхондоо, сүлд судлал нь илүү нарийн бүтэцтэй, түүхэн утга агуулсан тэмдгийг судалдаг бол туг судлал нь нийтэд ойлгомжтой, шууд танигдах дүрслэлийг судалдаг хоёр өөр чиглэл юм.
Москвад суралцаж байхдаа Бүх Холбоотын гадаад уран зохиолын номын санд үнэмлэх авч 5-р заалны байнгын уншигч болсноор дэлхийн геральдист, вексиллологичдын сэтгэлгээ, бүтээлүүдтэй танилцах, судлах өргөн боломж нээгдсэн. Ингээд туг, далбааны эрэл хайгуул маань системтэй мэдлэг, судалгааны чиглэл рүү шилжиж, өөрийн логик, дотоод дүрэмтэй бие даасан ертөнцөд жинхэнээсээ яваад орцон. Орчин үед туг, сүлд судлал нь түүх, угсаатны шинжлэх ухааны хавсарга байхаа больж, түүх, соёл судлал, семиотик /бэлгэдэл, тэмдэг, дохио, дүрс ямар утга илэрхийлдгийг судалдаг шинжлэх ухаан/ үндэсний ондоошил, дизайн, брэндинг-ийг хамарсан салбар дундын (interdisciplinary) судалгааны чиглэл болон хөгжиж байна. Дэлхийд нэртэй зарим нэг геральдик, вексиллологийн сонгодгуудыг дурдвал хүмүүст сонирхолтой байж магадгүй. Америкийн нэрт вексиллологич Уитни Смитийн 1975 онд хэвлэгдсэн “Flags Through the Ages and Across the World” буюу “Түүхэн хөгжлийн явц дахь дэлхийн улс орнуудын туг далбаа”ном нь орчин үеийн туг судлалын хамгийн нөлөө бүхий бүтээлүүдийн нэг бөгөөд судлаачид түүнийг “Тексиллологийн Библи” гэж нэрлэдэг.
Их Британийн нэрт геральдист Фокс Дэвисийн “A Complete Guide to Heraldry” (1909) буюу “Геральдикийн бүрэн тайлбар”, америкийн геральдист мастер Фольбортын “Heraldry: Customs, Rules and Styles”, мөн германы алдарт геральдист, вексиллологич Оттфрид Нойбекерийн “Heraldry: Sources, Symbols and Meaning” зэрэг бүтээлүүд нь геральдикийн уламжлал, дүрэм, хэв маяг, дүрслэлийн хэл, бэлгэдлийн тогтолцоог системтэй тайлбарласан сонгодог бүтээлүүд бөгөөд одоо ч дэлхийн туг, сүлд судлаачдын ширээний ном, гарын авлага болсоор байна.
За Оросоос бол В.Г.Бурков, В.Ломанцов, В.Г.Вилинбахов гээд геральдикийн том мастерууд байнаа байна. Бас сонирхуулахад Польшийн нэрт геральдист, вексиллологич, дизайнер Альфред Знамиеровский нь “The World Encyclopedia of Flags” бүтээлээрээ Олон улсын вексиллологийн холбооны дээд шагналыг хүртсэн байдаг. Энэ шагналыг олон улсад “Вексиллологийн Нобелийн шагнал” гэж нэрлэдэг.
Ярилцлага маань бүүр сонирхолтой болж байна. Туг, сүлд судлал нь дэлхийн түвшинд бие даасан шинжлэх ухааны салбар болон хөгжиж иржээ. Харин Монголд туг, сүлд судлал ямар түвшинд байна вэ? Энэ чиглэлээр дагнан мэргэшсэн судлаачид, институцийн түвшний судалгааны орчин бий юу?
Манайд туг, сүлд, төрийн бэлгэдлийн чиглэлээр судалгаа хийсэн эрдэмтэд нилээд бий. Гэхдээ барууны орнуудын адил бие даасан вексиллологич, тусгай судалгааны хүрээлэн хараахан бүрэлдээгүй бөгөөд энэ чиглэлийн судалгаа нь ихэвчлэн түүх, угсаатан зүй, бэлгэдэл судлал зэрэг салбаруудын хүрээнд хөгжиж ирсэн харагддаг.
Би оюутан байхаасаа монголын нэрт эрдэмтэн, түүхч, угсаатан судлаачид болох Х.Нямбуу, Г.Сүхбаатар, Ч.Далай, Н.Ишжамц, Ш.Бира агсан нарын бүтээлүүдийг эрж хайн уншдаг байлаа. Эдгээр эрдэмтдийн судалгааны бүтээлүүд нь Хүннү гүрэн түүнээс өмнөх нүүдэлчдийн туг, сүлд, төрийн бэлгэдлийн уламжлал, Монгол үндэстний соёлын ой санамжийг хойч үедээ өвлүүлэн үлдээсэн үнэт өвүүд юм. Монголын туг, сүлдний судалгаа нь түүх, угсаатан зүй, бэлгэдэл судлал, дүрслэх урлагийн огтлолцолд хөгжиж ирсэн бөгөөд Х.Нямбуу, С.Дулам зэрэг эрдэмтдийн бүтээлүүд энэ чиглэлийн суурь судалгаанд чухал байр суурь эзэлдэг. Сүүлийн жилүүдэд Г.Эрдэнэбат, Г.Мягмарсамбуу зэрэг судлаачид Монголын төрийн бэлгэдэл, Хар сүлд, цэргийн уламжлалын чиглэлээр дорвитой судалгаа хийж, үнэ цэнтэй бүтээлүүд туурвиж байгаа харагддаг. Харин цаашид Монголд туг, сүлд судлалыг бие даасан судалгааны чиглэл болгон институцийн түвшинд хөгжүүлэх шаардлагатай гэж боддог.
Өнөө үед зарим хүмүүс өнгийг улс төрийн өнцгөөс тайлбарлаж,эхэллээ. Жишээ нь манай төрийн далбааны улаан, хөх, улаан хослолыг Орос, Хятад хоёр улаан коммунист улсын дундах ардчилсан Монгол гэж тайлбарлаад байдаг юм билээ? Энэ талаар та юу хэлэх вэ?
Улаан өнгө коммунизмын, хөх өнгө ардчиллын өнгө гэсэн туйлширсан ойлголттой хүмүүс байдаг. Гэвч өнгө нь ямар нэгэн улс төр, үзэл суртлын өмч биш. Өнгөний бэлгэдэл улс төрөөс төрдөггүй, ард түмний соёл, уламжлал, ертөнцийг үзэх үзлээс бүрэлддэг. Улс төр түүнийг зөвхөн ашигладаг.
Монголчууд аливаа юмс үзэгдлийг зөвхөн бодит дүр төрх, хэрэглээний шинжээр нь бус, түүний цаад мөн чанар, утга бэлгэдлийг танин мэдэхийг эрмэлздэг соёлын өвөрмөц уламжлалтай ард түмэн. Тиймээс монголчуудын амьдрал ахуй, зан заншил, төр ёс, шүтлэг бишрэлийн бүхий л хүрээнд бэлгэдлийн сэтгэлгээ нэвт шингэсэн байдаг. Бэлгэдлийг үгийн, өнгөний, дүрсийн, тооны, дохио зангааны, зүг чигийн, амьтны, огторгуй ба байгалийн бэлгэдэл гэх мэтээр ангилж үздэг.
Ер нь төрийн хууль тогтоогч, бодлого боловсруулагч, улс төрчид, энэ мэт үндэсний сэтгэлгээ, бэлгэдлийн уламжлалаа сайн мэддэг байж гэмээ нь үндэсний соёл, бэлгэдэл, үнэт зүйлийг язгуураар нь ойлгож байж ард түмнийхээ оюун санаа, соёлын дархлаатай нийцсэн шийдвэр гаргана шүү дээ.
Аливаа улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол гэдэг хэзээ ч үнэгүй олддог эд биш. Ихэнх тохиолдолд тэмцэл, хувьсгал, эх орноо хамгаалах дайн тулаан, үе үеийнхний урсгасан цус, /улаан/ өргөсөн амь насны үнээр бий болдог.
Тиймээс улаан өнгө нь олон соёлд нийтлэг универсал утгаар эрх чөлөө, бүрэн эрхт байдлыг хойч үедээ өвлүүлэн үлдээсэн өвөг дээдсийн дурсгалыг хүндэтгэх, эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг илэрхийлдэг түүхэн бэлгэдлийн өнгө болж иржээ.Энэ агуулгаараа дэлхийн олон орны төрийн далбаанд улаан өнгө байдаг нь санамсаргүй хэрэг биш.
Гэхдээ улаан өнгөний утга зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Манай нүүдэлчдийн уламжлалд улаан өнгө нь нар, гал,илч дулаан, гал голомт, мандан бадрал, ялалт, тусгаар тогтнолыг илэрхийлдэг маш эртний бэлгэдлийн өнгө юм. Улаан өнгө нь галтай хамгийн түгээмэл холбогддог өнгөний нэг. Бид улаан гал, цог гэж ярьдаг даа. Мөн нар мандах, жаргах үедээ улаан туяа цацруулан харагддаг. Тиймээс улаан өнгө нь олон соёлд гал, нар, амьдралын эрч хүч, мандан бадралын бэлгэдэл болж ирсэн байдаг. Энэ утгаараа төрийн далбаанд байвал зохих өнгө.
Хөх өнгө бол монголчуудын хамгийн эртний шүтлэгийн бэлгэдэлт өнгө юм.Эртний монголчууд тэнгэрээ дээдлэн шүтэж, өөрсдийгөө “Мөнх хөх тэнгэрийн хүчин дор” оршдогт итгэн нар, сар, од эрхэс бүхий уудам сансар огторгуйг тэнгэр хэмээн эрхэмлэдэг байж. Иймээс хөх өнгө нь монголчуудын хувьд орчлон ертөнцийн мөнхийн чанар, уудам цэлийг илэрхийлж, дээд хүч, тэнгэрийн ивээл, эрх чөлөөний бэлгэдэл болдог.Тэгэхээр төрийн далбаан дах хөх өнгө монгол үндэстний оршихуйн үнэт зүйл болох тэнгэрийн үзэл санааг илэрхийлдэг.Монголчууд хөх өнгийг зөвхөн тэнгэр шүтлэгийн бэлгэдэл төдийгүй үндэстнийхээ дотоод амин чанарыг илэрхийлсэн философийн агуулгаар нь ойлгодог байж.
Түүхэн сурвалжид Чингис хааныг “Таван өнгө, дөрвөн харийн улсыг хураасан” хэмээн тэмдэглэсэн байдаг. Үүнд хөх Монгол, улаан Хятад, хар Төвөд, шар Сартуул, цагаан Солонгос хэмээн өнгөөр төлөөлүүлэн нэрлэсэн нь тухайн үндэстний амин чанарыг өнгөний кодоор илэрхийлж байгаа хэрэг юм.
Жишээ нь; БНХАУ-ын төрийн далбаа час улаан өнгөтэй байдаг. Улаан өнгө Хятадын соёлд гүн бэлгэдлийг агуулдаг эрхэм өнгө байсаар ирсэн бөгөөд нар, амьдралын эрч хүч, гэрэл гэгээ, аз жаргал, өлзий бэлгэ, эд баялаг, хаан төрийн сүр хүчийг бэлгэддэг. Иймээс Хятадын ард түмний өв соёл, ертөнцийг үзэх үзэлд онцгой байр суурь эзэлдэг.Хурим найр, шинэ жилийн баяр, төрийн ёслол, ордон харшийн чимэглэлд улаан өнгийг өргөн хэрэглэдэг уламжлал өнөөг хүртэл хадгалагдсаар байна. Өнөөдөр ч хятадууд шинэ жилээрээ улаан дэнлүү өлгөж, улаан хос бичиг наан, улаан дугтуй бэлэглэдэг нь эртний соёлын уламжлал нь юмЭнэ бүхэн нь улаан өнгө Хятадын соёлд коммунизмаас хэдэн зуун, мянган жилийн өмнөөс онцгой байр суурь эзэлж ирснийг харуулдаг. Тиймээс Хятадын төрийн далбааны улаан өнгө, “Улаан Хятад” гэх ойлголтыг зөвхөн үзэл суртлын хүрээнд бус, тэдний олон мянган жилийн түүх, соёл, уламжлал, өнгөний бэлгэдлийн агуулгаар нь ойлгон хүлээж авах нь зүйтэй.
Цагаан өнгө бол монголчуудын хамгийн эрхэм өнгөнүүдийн нэг бөгөөд ариун нандин чанар, өлзий бэлгэ, амар амгалан, гэгээн саруулыг илэрхийлж, амьдралын эх булаг болсон сүү, цагаан идээтэй холбогдон элбэг дэлбэг байдал, өсөж үржихүй, буян хишгийг бэлгэдэн дээдэлж иржээ. Эртний монголчууд тэнгэрийг тайх “Цагаан сүргийн их тахилга”, төрийн “Их цагаан туг сүлдний тахилга”, Хүннүгийн үеийн “Цагаан сүүний сар” зэрэг зан үйл, ёслолыг үйлддэг байсан тухай түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн байдаг. Харин өнөөдөр ч бид Цагаан сараа тэмдэглэсээр байгаа нь сүү, цагаан идээг эрхэмлэн дээдэлж ирсэн олон зуун жилийн уламжлал тасраагүйг харуулж байна. Эдгээр нь тэнгэрийг шүтэх, төрт ёс, эрхэм дээд үнэт зүйлсээ хүндэтгэн дээдлэх үзлийн соёлын гүн утга агуулгыг шингээсэн бэлгэдлийн өнгө байжээ гэдгийг харуулдаг.
Дашрамд хэлэхэд өнгөний тухай ойлголт нь гэрлээс эхлэнэ. Гэрэл нь сансар огторгуйн од эрхсээс цацарч дэлхийд хүрдэг. Бидний харж буй өнгө нь тухайн биетээс ойсон гэрлийг нүд, тархи ялган хүлээн авсны үр дүнд мэдрэгддэг. Нарны цагаан гэрэл призмээр хугаран задарч солонгын долоон өнгө үүсгэдэг нь үүний хамгийн энгийн жишээ. Өөрөөр хэлбэл, өнгө нь гэрлийн физик шинж чанар болон хүний харааны мэдрэхүйн үр дүн юм л даа.
Та 1991 онд АИХ-аас зарласан төрийн далбааны уралдаанд загвараа илгээхдээ “Тусгаар Монголын туг” гэж нэрлэсэн тухайгаа болон мэргэжлийн дизайнер хүний хувьд Вексиллологийн талаас нь тугаа манай уншигчдад тайлбарлан хүргээч.
Вексиллологийн хамгийн чухал зарчмуудын нэг нь туг аль болох энгийн хүүхэд хүртэл санаж зурж чадахаар байх явдал юм. Иймээс туг нь хэт олон дүрс, өнгө төвөгтэй зохиомжгүйгээр үндсэн агуулга, бэлгэдлээ хамгийн товч ойлгомжтой илэрхийлсэн байх ёстой. Үүний сонгодог жишээ бол Япон Улсын төрийн далбаа. Дэлхий дээрх хамгийн энгийн хэрнээ хамгийн танигдсан тугуудын нэг. Цагаан дээр улаанаар ганцхан цэг хатгахад л нарны дүрслэл бий болно. Тэр цэгээ томруулж улаан тойрог болгосон ч мөн чанар нь өөрчлөгдөхгүй, хэн ч харсан Японы төрийн далбаа гэдгийг танина. Энэ нь минимал дүрслэл хэрхэн цаг хугацааны шалгуурыг давж мөнхөд танигдах визуал таних тэмдэг болж үлддэгийг харуулж байдаг.Сонирхуулахад вексиллологид Япон, Канад, Швейцар улсуудын төрийн далбаанууд энгийн хийц, цөөн өнгө, өндөр танигдах чадвар, хүчтэй төв бэлгэдлийн зохицлоороо онцгой жишээ болдог.
За, одоо өөрийн тугийг ярья. Энэ тугийг бүтээхдээ вексиллологийн үндсэн зарчмуудыг баримталсан. Миний зорилго бол монголчуудын соёл, оюун санаа, ертөнцийг үзэх үзэл, үндэсний ондоошлыг аль болох товч атлаа хүчтэй дүрс, өнгөөр илэрхийлэх явдал байсан.Тугийн агуулга, бэлгэдэл нь мөнхийн оршихуйн үзэл санааг илэрхийлнэ. Орчлонгийн юмс үзэгдэл бүхэн эсрэг тэсрэг хүчний харилцан шүтэлцээ, тэнцвэрт оршин тогтнох ертөнцийн зүй тогтлыг тугийн зохиомжид шингээхийг зорьсон. Жишээ нь нар сар,тэнгэр газар, өдөр, шөнө гэх мэт. Монголчуудын хар, цагаан сүлд эсрэг тэсрэг хүчний зохирол, тэнцвэрийн бэлгэдлийг илэрхийлдэг.
Өнгө судлалын үүднээс авч үзвэл улаан нь халуун, хөх нь хүйтэн өнгөний төлөөлөл болон хоёулаа ижил талбай, хүч, жинтэйгээр оршиж байгаа нь орчлонгийн эсрэг тэсрэг хүчнүүдийн тэнцвэрийг илэрхийлнэ. Судлагдахуунд хар, цагааныг ахроматик буюу өнгөнд тооцдоггүй, өнгөний чанга сул, хөг аяс, хүч, тоныг тодорхойлоход ашиглана. Харин дүрслэлд дангаар нь хэрэглэхэд бусад өнгө, дүрсийг улам тодруулж харагдуулах үүргийг өөртөө авдаг.
Туганд хөх өнгө нь нэгэн цул, бат нягт гурвалжин дүрс болон төв хэсэгт байрласан бол эсрэг талд улаан өнгө хоёр гурвалжинд хуваагдан дэмжин хүрээлсэн зохиомжтой. Харин цагаан ахроматикаар ташуу татагдаж улаан, хөх хоёр өнгийн хүчтэй контрастыг тэнцвэржүүлж, дүрслэлийн бүх зохиомжийг нэгтгэн зангидсан төв элемент юм.Үүгээрээ хөх өнгө нь мөнх тэнгэр тогтвортой байдал, бат оршихуйг улаан өнгө нь нар, гал, амьдралын эрч, тэмүүлэх хүчийг илэрхийлснээр бие биеэ нөхөн цагаанаар тэнцвэржиж мөнх оршихуйн санааг илэрхийлнэ.
Дүрсийн зохиомжид оръё.Тугийн үндсэн дүрс нь гурвалжин хэлбэрт төвлөрсөн геометрийн зохиомж юм. Цөөн өнгө ба энгийн геометрийн хэлбэрээр бүтсэн тул энэ вексиллологи шалгуурт нийцдэг. Төв хэсгийн хөх гурвалжин нь тугийн харааны гол цэг (focal point) болж, Харин хоёр талаар байрласан улаан гурвалжин хөдөлгөөн, динамик байдлыг бий болгож, төв дүрсийг тодруулан гаргаж өгдөг.
Симметри ба тэнцвэрийн хувьд дүрс зохиомж нь баруун, зүүн талыг харьцангуй тэнцвэртэй шийдсэн тул тогтвортой, эмх цэгцтэй харагддаг. Вексиллологид ийм тэнцвэртэй бүтэц нь тугийг салхинд нирч байх үед ч танигдах чанарыг нэмэгдүүлдэг.
Харааны динамик талаас бол төвийн хөх гурвалжин урагш тэмүүлсэн чиглэлтэй тул өсөлт, хөгжил, урагшлах хөдөлгөөнийг хоёр талын улаан гурвалжин төв рүү чиглэсэн харааны урсгал үүсгэж, зохиомжийг задрах бус нэгдэх мэдрэмжтэй болгодог.
Танигдах ялгарах чадвар /distinctiveness/ бол вексиллологт тавигддаг хамгийн чухал шалгуурын нэг. Энгийн геометрийн дүрсүүд нь холоос танигдах чадвар өндөртэй байдаг. Аливаа улсын төрийн туг, далбаа нь даавуу, цаасан дүрс тэмдэг төдий зүйл биш түүх, төрт ёсны уламжлал, соёлын ой санамж, үндэсний ондоошлыг өөртөө шингээсэн бэлгэдлийн систем бөгөөд үндэстний соёлын код,оюун санааны үнэт зүйлсийг дэлхийд таниулдаг визуал хэл юм.
Иймээс тус туг нь энгийн геометрийн хэлбэр, хүчтэй өнгөний контраст, төвлөрсөн симметрик зохиомжид тулгуурласан мөн холоос танигдах чадвар, дүрслэлийн тэнцвэр, бэлгэдлийн нягтралаараа онцлог туг юм.
Түүхэн уламжлалын үүднээс авч үзвэл эртний нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл нь тэнгэр, байгальтайгаа салшгүй холбоотой. Тэд нар, сар, тэнгэр, гал, уул ус, ан амьтныг зөвхөн байгалийн үзэгдэл гэж хардаггүй, харин орчлон ертөнцийн дэг журам, амьдралын мөн чанар, тэнгэрийн хүчний илэрхийлэл гэж ойлгодог байсан байгаам. Тиймээс шүтлэг бишрэл, төрийн бэлгэдэлд нь нар, сар, гал, домгийн амьтдын дүрслэл онцгой байр суурь эзэлдэг байжээ.Тэд чоно, буга марал, бүргэд, шонхрыг ан агнуурын амьтан гэхээсээ овгийн гарал үүсэл, хамгаалах хүч, сүнслэг ивээгчтэй холбон үздэг тотемист сэтгэлгээтэй байж. Цаг хугацааны явцад энэхүү амьтанд суурилсан тотемист сэтгэлгээ улам бүр абстракт хэлбэрт шилжин хөгжиж, тэнгэр шүтлэгийн үзэл санаа болон төрийн бэлгэдлийн тогтолцооны суурь үзэл баримтлал болон төлөвшсөн гэж судлаачид үздэг.
Хүннүгийн шаньюй өглөө наранд, орой саранд мөргөдөг тухай хятадын түүхч Сыма Цянь “Түүхэн тэмдэглэл”-дээ үлдээсэн нь нар, сарны шүтлэг нүүдэлчдийн төр, ёс заншилтай нягт холбоотой байсныг гэрчилдэг. Үүнээс гадна төв Азийн нүүдэлчид олон мянган жилийн турш нар, сарыг шүтэн дээдэлж ирснийг хадны зураг, буган хөшөө, археологийн олдвор, язгууртны булш, шүтлэгийн эд өлгийн зүйлс нотлон харуулдаг. Үүний том жишээ нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын “Гол мод-2”-ын Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн нарны бэлгэдэл “Бэрс” сарны бэлгэдэл “Билэгт гөрөөс” зэрэг хосгүй үнэт олдворууд юм.
Хүннүгийн үеийн нар, сарны шүтээн бэлгэдэл, Их Монгол Улсын хар, цагаан сүлдний галын дүрслэл зэрэг уламжлалт бэлгэдлүүдийг өндөр гэгээн Занабазар Соёмбо тэмдэгт нэгтгэн цогцлоосноор Монголын төрийн бэлгэдлийн нэгдсэн систем бүрэлдэн тогтсон гэж эрдэмтэн судлаачид үздэг.
Иймээс Монголын төрийн бэлгэдлийн олон мянган жилийн залгамж холбоог тугандаа шингээж, хөх гурвалжин дүрс, талбайд нар, сар, галын гурвалсан бэлгэдлийг байрлуулсан.13-р зууны Евроазийн олон ард түмэн, тэр дундаа монгол цэргүүд гурвалжин буюу нарийссан үзүүртэй туг (pennon) өргөн хэрэглэгдэг байсан тухай Перс, Хятад, Европын зарим зурагт сурвалжид байдгийг судлаачид дурдсан байдаг. Тугийн гол хараанд хөх гурвалжин дүрс оруулсан нь эртний гурвалжин тугийн түүхэн уламжлалыг эшлэн сэргээхийг зорьсон хэрэг л дээ.
Та ардчилсан үзэлтэй юу? Та аль нэг намын гишүүн үү? Ардчилсан намынхан их хурлаараа таны тугийг өөрчилсөн гэж сонссон. Энэ үнэн юм уу?
Өвөө Жамцыг минь хилс хэргээр буудан хороосон. Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав элэнц ах нар минь хэлмэгдэж хохирсон болохоор МАН-д талтай хүн биш. Би аль ч намын гишүүн биш л дээ. АН-хан өнгөрсөн жилийн намар болсон их хурлаараа тугийн канон, кодыг мэргэжлийн бус хүмүүс өөрчилсөн гэж дуулсан. Намынхан надад албан ёсоор дуулгаагүй. Энэ тухай хэдэн сарын дараа сонсоод АН-д албан ёсоор хоёр удаа тодруулга, санал хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу аваагүй байна.Энэ асуудал нь зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудлыг хөндөж байгаа хэрэг.
-Энэ ярилцлагын төгсгөлд асуухад, Ардчилсан намын өнөөдөр ашиглаж буй туганд тэнгэр шүтлэгийн бэлгэдэл тодорхой хэмжээгээр шингэсэн гэж ойлгож болох уу? Та өөрөө тэнгэр шүтлэгтэй хүн үү?
Миний хувийн шүтлэг бишрэлээс илүү чухал зүйл бол Монголын ард түмний нэн эртнээс бүтээн туурвиж, үеэс үед тасралтгүй өвлүүлэн ирсэн өв уламжлал, соёлын ой санамж, оюун санааны үнэт зүйлс юм.Бүтээлээ туурвихдаа аливаа шашин шүтлэг, үзэл санааг тулгахыг зорьдоггүй.
Би Монгол дизайнер.Тиймээс бүтээлдээ монголчуудын олон мянган жилийн түүхэн уламжлал, ертөнцийг үзэх үзэл, монгол сэтгэлгээ, соёлын ой санамж, бэлгэдлийн гүн ухаан, үндэсний ондоошлыг орчин үеийн визуал хэлээр илэрхийлэхийг эрхэмлэдэг. Энэ агуулгаараа 1991 онд АИХ-аас зарласан төрийн далбааны уралдаанд зориулан бүтээсэн, “Тусгаар монголын туг” нь /Ардчилсан намын ашиглаж байгаа/ Монгол соёлын хөрсөнд бүрэлдсэн, нүүдэлчдийн соёл иргэншлийн уламжлал, түүхэн ой санамжийг өөртөө шингээсэн визуал бэлгэдлийн бүтээл гэж ойлгож болно.
-Маш сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжил хүсье. Баярлалаа.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна