УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа. Энэхүү айлчлалын талаар мэдээлэхдээ ТАСС агентлаг Н.Учралыг "ОХУ-аас гаралтай цагаач гэр бүлийн удам" гэж бичсэн.
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга Б.Төгсбаяр УИХ-ын дарга Н-Учралын удам угсаа, гарал үүслийн талаар гаргасан алдаатай мэдээллээ ТАСС агентлаг залруулна гэдэгт итгэж байгаа талаараа өөрийн цахим хаягтаа бичжээ.
Б.Төгсбаяр "ОХУ-ын ТАСС агентлагийн нийтлэлд дурдагдсан Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын удам угсаа, гарал үүслийн талаарх мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй, алдаатай болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Улсын Их Хурлын даргын намтар, боловсрол, ажил мэргэжлийн талаарх мэдээлэл нь нээлттэй эх сурвалжуудад тодорхой байдаг.
Хувь хүний гарал үүслийн талаар ташаа, баталгаагүй мэдээлэл түгээх нь ёс зүйн хувьд зохисгүй үйлдэл.
Ийм төрлийн мэдээлэл нь албан ёсны намтар, баримт бичигт огт тусгагдаагүй болно.
Бид олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээллийн үнэн зөв байдлыг нягталж, хүний хувийн нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандахыг уриалсаар байгаа.
ТАСС агентлаг уг алдаатай мэдээллээ залруулна гэдэгт итгэж байна." гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна