УХАА ХУДГИЙН АСУУДЛААР ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ДЭМЖЖЭЭ


Улсын Их Хурлын Эдийн засгийн  байнгын хорооны өчигдрийн (2025.11.05) хуралдаанаар Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “… Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан, төрийн нийтийн өмч мөн” хэмээн заасан байдаг. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор зохицуулсан бөгөөд гагцхүү Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн байгалийн баялаг, стратегийн ордуудыг захиран зарцуулах онцгой эрхтэй хэмээн хуульчилсан гэдгийг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.


Тавантолгойн чулуун нүүрсний ордын хайгуулыг БНМАУ 1940-1990 он хүртэл 50 жилийн хугацаанд улсын төсвөөс санхүүжүүлсээр ирсэн бөгөөд тус ордын бүрэлдэхүүн болох "Ухаа худаг"-ийн хэсгийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэлгүй шийдвэрлэсэн эсэх талаар дүгнэлт гаргаж, баримт бичгүүдийг нотлон шинжилж, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэж заасныг үндэслэн 33 гишүүн тогтоолын төслийг санаачлан, өргөн мэдүүлжээ.

Хянан шалгах түр хорооноос Тавантолгойн бүлэг ордод хамаарах тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалт Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийснээр стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордтой холбогдуулж олон нийтийн мэдэх эрх хангагдаж, иргэд Таван толгойн бүлэг ордод хамаарах тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалт, эдийн засгийн үр өгөөж, нөөцийн талаар бодит мэдээлэлтэй болно хэмээн үзжээ.


Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Ч.Лодойсамбуу нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тавантолгойн бүлэг ордын Энержи Ресурс компанийн эзэмшиж байгаа "Ухаа худаг"-ийн хэсгийн тусгай зөвшөөрөл нь 2006 онд Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэхээс өмнө олгогдсон буюу асуудал байхгүй гэдэг аудитын дүгнэлт 2012 онд гарсан байгааг Б.Уянга гишүүн хэлээд, хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээ өмнө нь хянан шалгагдсан асуудлуудаар дахин шалгахаар, давхардсан гэж үзэж байгаа тул төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. "Ухаа худаг"-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжиж буйгаа Ч.Лодойсамбуу гишүүн илэрхийлээд тусгай шалгалтын сэдвийн хүрээтэй холбоотой тодруулга хийж, төсөл санаачлагч болон Байнгын хорооны даргаас хариулт авсан.


Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулга хийсний дараа Байнгын хорооны дарга Р.Сэддорж нам, эвслийн бүлгүүдээс хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллуулахаар ирүүлсэн нэрсийг, эдгээр гишүүн нь тухайн асуудлын хүрээнд ашиг сонирхлын зөрчилгүй болохыг тэмдэглээд, Улсын Их Хурлын тогтоолын төслийг уншиж танилцууллаа. 

Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан Тавантолгойн нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалтын үйл ажиллагаатай холбогдуулж хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг “Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа, олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр төсөлд тусгажээ. 

Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг мөн тусгасан байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, дүгнэлт гаргахаар төсөлд тусгажээ. Мөн стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордоос олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгахаар төсөлд тусгасныг Р.Сэддорж дарга танилцуулав. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг эзэмшигч хуулийн этгээдийн оруулсан хөрөнгө оруулалт, олборлосон нүүрс, үйл ажиллагаа, мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийхээр тусгай шалгалтын хүрээ хязгаарыг тогтоох нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, М.Ганхүлэг, Л.Оюун-Эрдэнэ, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, С.Эрдэнэбат нар, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Ж.Баясгалан, Р.Батболд, Л.Мөнхбаясгалан, А.Ундраа, Л.Энхнасан, Р.Эрдэнэбүрэн нар ажиллах юм байна.


Тусгай шалгалтыг иж бүрэн хэрэгжүүлж, тайлан, санал, дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулахыг хянан шалгах түр хороонд даалгахаар төсөлд тусгасныг Р.Сэддорж дарга Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Үргэлжлүүлэн хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ, хязгаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн гэж үзэж, холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувь нь дэмжсэн тул Байнгын хорооны хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 8 цагийн өмнө
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 9 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: АЛИСА ЛЬЮ ҮРГЭЛЖ ИНЭЭЖ ЯВДАГ, БАС ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ ХӨ… 12 цагийн өмнө
БАНКУУДЫН НИЙТ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 48.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС… 13 цагийн өмнө
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ УУ… 15 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 16 цагийн өмнө
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… Өчигдөр
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 54.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 24.7 ХУВИАР… Өчигдөр
ЧИНГИС ХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ… Өчигдөр
ИНЧОНД КОНСУЛЫН ХЭЛТСИЙН САЛБАР БАЙГУУЛНА Өчигдөр
ФОТО АГШИН: О.ЕСҮН, Б.ХОНГОРЗУЛ НАР СКВОШ ТЕННИСНИЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨ… Өчигдөр
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ,ЭМ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ШУУРХАЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… Өчигдөр
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… Өчигдөр
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … Өчигдөр
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 2026/09/22
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 2026/09/22
Их Уншсан
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 8 цагийн өмнө
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 2026/09/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛ ХОЁР УЛСЫН ПАРЛАМЕНТ ХООР… 2026/09/11
ЧИХРИЙН УУТАНД НУУСАН 580 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ КОКАИНЫГ ХУРААН… 2026/09/13