СОГТУУГААР ӨӨРТ НЬ ӨГСӨН КАРТЫГ АВЧ ЯВААД ХЭРЭГТ ХОЛБОГДЖЭЭ


Хүмүүсийн олонх нь гэмт хэрэг гэхээр авлига, хулгай, дээрэм, хүн амь гэх их хохиролтой үйлдэл байдаг  гэж ойлгодог. Гэтэл таны жижиг үйлдэл ч гэмт хэрэгт тооцогдож, цагдаад шалгагдаж, ер нь хаа ч хүргэж мэднэ. Иргэдийн эрх зүйн мэдлэгт нэмэр болох, сэрэмжлүүлэх зорилгоор Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран ажиллаж,  хөнгөн хэрэгт холбогдсон зарим  хүнтэй өөрсдийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр ярилцлага хийн хүргэж байна. Энэ удаад бид иргэн Т-тэй ярилцлаа.

 

-Та ямар ажил эрхэлдэг билээ. Яаж яваад хэрэгт холбогдчихов гэдгээ ярьж болох уу?

-Би ер нь яг тогтсон ажилгүй. Одоогоор барилга дээр өдрийн 50 мянган төгрөгөөр ажлын тав хоног ажиллаад хөлсөө авдаг юм. Энэ ажилдаа ороод удаагүй байгаа.  Хагас бүтэн сайнд гадуур шил хуванцар түүгээд хоногийн хоолоо залгуулдаг. Өмнө нь дугуй засвар дээр ажиллаж байхдаа хэрэгт холбогдсон. Тэгээд учраа олохгүй л явж байна.  

-Та ямар хэрэгт холбогдсон юм бэ?

-Танил ах маань надад картаа өгөөд юм аваад ир гээд явуулсан юм. Би АТМ-ээс мөнгө авч чаддаггүй учир гэртээ ороод авгайгаа дагуулаад явсан. Тэгээд буцах  замдаа нэг хүнэй тааралдаж, архи уугаад нөгөөхийг нь алга хийчихсэн. Согтуу явсан учир нөгөө картаа ч тэрүүхэн үедээ мартчихжээ.  Гэтэл саяхан цагдаа ирээд намайг авч яваад ийм хэрэгт холбогдсон гээд хэлсэн. Би  өөрөө яаснаа ч мэддэггүй. Тэгээд сүүлдээ санаад тэгсэн байна одоо яана аа гээд... Гэтэл  эрүү үүсчихсэн.

-Та хэзээ тэр хэрэгт холбогдсон юм бэ. Цагдаа хэзээ ирсэн юм. Яагаад мартаад санаад байдаг билээ?

-Бүр хавар тавдугаар сард болсон явдал юм. Би дугуй засвартаа жаахан юм уучихаад гараад гэр рүүгээ явж байтал танилтайгаа таарсан.  Тэгээд айлд очоод үргэлжлүүлээд бөөнөөрөө уусан. Тэр ах надад картаа өгөөд юманд явуулсан. Ер нь хэн хэн нь согтуу байсан юм. Тэгээд л мартсан хэрэг л дээ. Цагдаа манай гэрт сая 11 дүгээр сарын 26-нд баярын өдөр ирээд намайг аваад явсан. Тэгээд л та хүний мөнгө авсан байна гээд.. Би аваагүй гэсэн чинь “Та үүнийг хараадах даа” гээд камерын бичлэг үзүүлсэн. Үгүй, тийм юм байхгүй, би ахаас мөнгө аваагүй гэснээ сүүлд нь карт өгөөд явуулсныг санаж байгаа юм. Тэр камерын бичлэгт би хүнд хэлээд картнаас мөнгө авахуулж байна лээ.

-Эхнэрээ дагуулаад явсан атлаа өөр хүнээр авахуулсан юм уу.Тэгээд тэр мөнгийг нь хаашаа хийсэн юм бэ?

-Тийм байна лээ, өөр хүнээр авахуулсан. Эхнэрээ дагуулаад явж байснаа өөр хүнтэй таараад чи гэртээ харь гээд өөрөө тэр хүнтэй архи уугаад явчихсан. Тийм учраас тэр мөнгийг хаашаа хийснээ санахгүй байгаа. Их согтсон байсан л даа.

-Уучлаарай, та яагаад картнаас мөнгө авч чаддаггүй юм бэ. Улсын өмгөөлөгчөөр өмгөөлүүлж байгаа юу?

-Би хөдөө байсан хүн, сургуульд суугаагүй. Бичиг сайн мэдэхгүй. Цагдаадаа бичиг сайн мэдэхгүй гэсэн чинь өмгөөлөгч ав гэсэн. Өмгөөлөгч авах мөнгө надад  байхгүй, хоногийнхоо хоолыг арай ядан олж байгаа хүн чинь яаж өмгөөлөгч авах юм гэсэн л дээ. Цагдаа манай урд талд байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны 7 давхарт гараад оч, тэнд улсын өмгөөлөгч байгаа, би хэлээдэхье гэсэн. Тэгээд би дээшээ гүйж ороод надад мөнгө төгрөг байхгүй, тус болооч гээд энэ эгчээр өмгөөлүүлж байгаа. Би сайн өмгөөлөгчтэй болсон шүү.

-Картаа өгсөн хүн чинь таньдаг юм бол мөнгийг минь өгчих гэж танд хэлээгүй юм уу?

-Хэлээгүй, хоёулаа мартсан байгаа юм. Надад өгсөн гэдгээ тэр хүн мэдэхгүй, би картаа алга хийсэн гээд согтуу хүмүүс чинь юугаа ч мэдэхгүй байгаа юм чинь. Би нэг уулзсан, өөрөө юу ч мэдэхгүй байна гээд байна лээ. Камерын бичлэг байна лээ, танд мөнгөө өгчихье гэхээр би яг чамд өгснөө мэдэхгүй байна гээд байгаа.

-Хэнд алдсанаа мэдэхгүй гэхээр цагдаад өгсөн камерын бичлэгээр шүүгээд таныг олсон юм уу?

-Тийм.

-Их хэмжээний хохиролтой хэрэг үү?

-Алга болсон мөнгө нь 350 мянга. Би өнөөдөр гуйгаад өмгөөлөгч рүүгээ тэр мөнгийг шилжүүлчихлээ.

-Яагаад өмгөөлөгч рүүгээ шилжүүлсэн гэж?

-Манай өмгөөлөгч туршлагатай сайн хүн байна лээ. Эхлээд ямар ч байсан хохирлыг барагдуул гэж зөвлөсөн. Тэгээд ажлаасаа 350 мянган төгрөг өгөөч гэж гуйсан. Өнөөдөр мөнгө өгөхөөр нь өмгөөлөгч рүүгээ яриад та хадгалж байгаач гэж гуйсан юм. Үгүй, чи өөртөө байлгаж бай гэсэн л дээ, өмгөөлөгч. Хоол хүнс аваад ч юм уу  үрчихвэл дахиж олж чадахгүй шүү дээ. Би үрчихнэ, та аваад хадгалчих гэж гуйсаар байгаад эхнэрээрээ шууд шилжүүлүүлсэн. Нөгөө хүндээ өгчихье гэхээр би чамд өгснөө санахгүй байгаа гэсэн гэж түрүүн хэлсэн дээ. Тийм болохоор өмгөөлөгчөө гуйсаар байгаад шилжүүлчихсэн. Өмгөөлөгч байцаагч хоёртойгоо байж байгаад тэр мөнгөө нөгөө хүндээ өгчихдөг юм уу гэж бодож байна

-Таныг хулгай хийсэн гэж үзэж байгаа юм уу, мөнгө завшсан гэж байгаа юм уу?

-Би тэрийг сайн мэдэхгүй байгаа. Ер нь би багадаа татдаг байсан, эрүүл мэндийн жаахан асуудалтай юм. Хуулийн нарийн зүйл мэдэхгүй.

-Танайд өөр ажил хийдэг хүн байдаг уу. Ам бүл хэдүүлээ вэ?

-Ам бүл тавуулаа. Гэхдээ хүүхдүүд том болоод өөр газарт ажил хийгээд явсан тул эхнэр бид хоёр нэг хүүхэдтэйгээ байдаг. Эхнэр маань бие муутай, ажил хийх боломжгүй. Би л ойр зуурын ажил хийж, хоногийн хоолоо залгуулдаг юм.

-Хууль зүйн туслалцааны төв, үнэгүй өмгөөлөгч байдгийг та өмнө нь мэдэж байсан уу?

-Үгүй, мэддэггүй байсан. Байцаагч хэлээд л мэдсэн. Өөрөө бичиг үсэг мэдэхгүй шахуу, хүнтэй олигтой ярьж ч чадахгүй хүнд хэрэг төвөг гэхээр өмгөөлөгчгүй бол хэцүү юм билээ. Би ер нь хүний үгнээс гарч чаддаггүй, үгүй гэж хэлж чаддаггүй хүн. Манай өмгөөлөгч сайн шүү.

-Та сайныг нь яаж мэдээд байна вэ?

-Уулзах болгонд л гайгүй байдаг ш дээ.Туршлагатай, сайхан зантай. За одоо тэгнэ шүү, ингэнэ шүү гээд л зааж зөвлөдөг.

-Уулзаад байгааг бодоход танайх өмгөөлөгчийн байгаа газартай ойрхон юм уу?

-Үгүй ээ, зайтай. Заримдаа утсаар ярьчихаж байгаа. Тэгээд л шууд зөвлөгөө авчихдаг юм, амар. 2-3 удаа л очиж уулзсан.

-Өмгөөлөгч чинь таны хэргийг яах талаар юм хэлж байна уу?

-Ингэнэ тэгнэ гэж хэлэхгүй байна лээ. Би яах бол гээд дахин дахин асуусан. Намайг шаналаад байхаар ч тэр юм уу гайгүй байх аа, хохирлоо төлчих л гэсэн. Би сайн учрыг нь олохгүй, хэлснийг нь л дагаад байгаа.  

-Та ямар шийдвэр гарах бол гэж айж байна уу?

-Гайгүй байх гэж бодож байгаа.

-Та архи ууснаас болоод л хэрэгт холбогдчихжээ. Цаашдаа ер нь сургамж авав уу?

-Ёстой амаа барьж байгаа. Дахиж архи уухаа больё, хүн амьтантай ч нэг их нийлэхгүй байя гэж бодож байна. Мөрөөрөө гүйж явсан бол юу гэж ингээд гаслаад л байж байх вэ.

-Өмгөөлөгч тань таныг зэмлэсэн үү, яагаад ийм хэрэгт орчихдог юм гэж?

-Үгүй ээ, зэмлээгүй. Харин байцаагч мөрөөрөө гүйж явахгүй яах гэж архи уусан юм, яах гэж тэр айлд очсон юм гэж байна лээ. Миний буруу л гэсэн. Угаасаа ч миний буруу.

-Уучлаарай, та ер нь архи уугаад байдаг юм уу?

-Хаа нэг уучихдаг юм. Тав, зургаан сар болоод нэг уухаараа хоёр гурав хоног үргэлжлүүлчихдэг. Одоо дахиж уухгүй л гэж бодож байна.

-Гэрийнхэн чинь юу гэж байна?

-Бүгдээрээ л яана даа гэж санаа зовсон хүмүүс байна.

 -Хууль зүйн туслалцааны төвийн бусад хүмүүс нь ямархуу зан араншинтай байна. Ер нь өмгөөлөгч ч, бусад хүмүүс нь ч тантай яаж харилцаж байна?

-Голдуу өмгөөлөгчтэйгээ л харилцсан. Сайн байна, ийм газар байгаа нь бидэн шиг хүмүүст их зүгээр юм байна л гэж бодож байгаа. Хойшдоо ч гэсэн мэдэхгүй хүмүүс байвал тийм газар байдаг юм байна лээ, сайн газар байна лээ гэж хэлнэ гэж бодож байгаа. Гэхдээ би ч өмнө нь автобусан дотор бичиг баримт, хамаг юмаа алдчихсан юм. Тэгээд цагдаа дээр очиж мэдүүлэг өгөөд ерөөсөө олж чадаагүй. Тэнд бас нэг виза карт байсан, тэрнээс гүйлгээ хийсэн байна л гэсэн. Гэхдээ хүн нь олдоогүй шүү.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

 

Бид Т-г зөвтгөх гэсэнгүй. Гэхдээ хүний амьдралд элдэв зүйл тохиолддог. Согтуугаар том, жижиг гэмт хэрэгт холбогдох тохиолдол ч маш олон. Данс андуурч орж ирсэн мөнгийг авчихаад завших хэрэгт холбогдсон хүн ч бий. Ямарваа асуудалд холбогдоход хууль зүйн туслалцаа авахаар сайн өмгөөлөгчийг бүгд хайдаг. Хууль зүйн туслалцааны төв бүх л хүнд хууль зүйн зөвлөгөө өгдөг. Харин төлбөрийн чадваргүй хүнд өмгөөллийн үйлчилгээг үнэгүй үзүүлдэг юм. Эрх зүйн мэдлэгээ сайжруулж, санаатай санаандгүй хууль бус үйлдлээс холуур яваарай. 

                                                                                                                          Г.ЭРХЭС 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 2 цагийн өмнө
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 7 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 10 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 11 цагийн өмнө
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 11 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУ… 11 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ… 11 цагийн өмнө
ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ 7-ООС ДЭЭШ НАСТАЙ… 12 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… 12 цагийн өмнө
ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОР… 12 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: ТАЛ ХЭЭРЭЭС ХҮРГЭХ МОНГОЛЫН ШИЙДЭЛ ДЭЛХИЙД ШИНЭ ХЭЛЭЛЦҮҮЛ… Өчигдөр
COP17 ГЭЖ ЮУ ВЭ? Өчигдөр
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 2026/07/20
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 2026/07/20
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… 2026/07/19
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 7 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛТОН ТАВААР НЭМЭГДЛЭЭ 2026/07/08
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
ВЬЕТНАМД МОРЬТ ЦАГДААГИЙН ХОРООНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ МОРЬД ЭХ ОР… 2026/07/08
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
ТӨМӨРИЙН МӨНХТУНГАЛАГ СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН БОЛЛОО 2026/07/08