АНУ-ын виз мэдүүлэгчдэд тавих шаардлага, хяналт шалгалтын хамрах хүрээг өргөжүүлэх тухай
2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-ын Төрийн департамент виз мэдүүлэгчдийн цахим орчин дахь мэдээлэл, идэвхтэй байдлыг хянан шалгах хүрээг өргөжүүлж, үүндээ дараах ангиллын цагаачлалын бус виз мэдүүлэгчдийг хамруулахаар болжээ. Тухайлбал:
- “I” (гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид),
- “TN” болон “TD” (АНУ-Мексик-Канадын хэлэлцээрийн дагуу мэргэжлийн ажил эрхлэгчид болон тэдгээрийн асран хамгаалалт доорх гэр бүлийн гишүүд) хамаарна.
Энэхүү хяналт, шалгалтын ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор “I”, “TD” болон “TN” ангиллын цагаачлалын бус виз мэдүүлэгчид нийгмийн сүлжээн дэх өөрийн бүх профайлын нууцлалын тохиргоог “нийтэд нээлттэй” (public/open) болгож тохируулах шаардлагыг виз олгогчдын зүгээс тавьж буй аж.
Түүнчлэн дараах ангиллын виз мэдүүлэгчдийг үүнээс өмнө дээрх төрлийн арга хэмжээнд хамруулж эхлээд байсан аж. Үүнд:
• Дипломат болон албан виз: A-3, C-3 (гадаадын иргэнд хамаатай), G-5
• Оюутны виз: F-1, M-1, F-2, M-2
• Түр хугацааны ажилтан болон дадлагажигчийн виз: H-1B, H-3, H-1B болон H-3 виз эзэмшигчдийн гэр бүлийн дагалдан яваа гишүүдийн H-4 виз
• Солилцооны хөтөлбөрт оролцогчдын виз: J-1, J-2
• Гэрлэлтээ батлуулсан иргэн болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн виз: K-1, K-2, K-3
• Олон улсын соёлын солилцооны хөтөлбөрт оролцогчдын виз: Q
• Шашны чиглэлийн ажил, мэргэжлийн виз: R-1, R-2
• Гэрч, мэдээлэгч болон хохирогчийн виз: S, T, U
АНУ-ын Төрийн департамент виз мэдүүлэгчдийн талаар хяналт шалгалт явуулахдаа АНУ-д нэвтрэх эрхгүй байж болзошгүй, тэр дундаа үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж болзошгүй этгээдийг илрүүлэхийн тулд мэдээллийн бүх боломжит эх сурвалжийг ашигладаг байна. Энэхүү нарийн чанд шалгалтын стандарт нь бүх төрлийн виз мэдүүлэгчдэд адил тэгш хамаатай аж.
Эх сурвалж. Сан Фрациско хот дахь Монголын Консулын газар
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна