БУРХАН ХАЛДУН ХАЙРХНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТӨРИЙН ТАХИЛГА БОЛЛОО


XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны дунд Хөх морь сарын шинийн есөн буюу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо.

Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.

Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.

Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.

Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.

Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.

Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.

Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.

Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.

Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.

Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧЭЭР Б.АМАРТҮВШИ… 22 минутын өмнө
С.БЯМБАЦОГТ: ИРЭХ САРЫН 1-НЭЭС 435 МЯНГА ГАРУЙ АХМАДЫН ТЭТГЭВЭР 100-30… 4 цагийн өмнө
ХОРИН ДОЛООН БААВГАЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ 7 цагийн өмнө
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ 8 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 3-5 ХЭМ ДУЛААН 9 цагийн өмнө
МИАТ ПУКЕТ РҮҮ 12 ДУГААР САРЫН 3-НААС ЭХЛЭН ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ 21 цагийн өмнө
Ө.ШИЖИР: ИРГЭД НОГДОЛ АШГАА ХУВЬДАА ДАНСАНДАА АВНА ГЭВЭЛ ТЭРИЙГ НЬ ХАН… 23 цагийн өмнө
БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ ТОГТОЛЦООНЫ ТҮВШНИЙ ШИНЭЧЛЭЛЭЭР ШИЙД… 23 цагийн өмнө
ШҮҮХ АНАГААХ УХААНЫ ШИНЖИЛГЭЭ ЛАБОРАТОРИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН… Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ САНХҮҮГИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЖ, ИНФЛЯЦТАЙ ТЭМЦЭХ … Өчигдөр
ЗОГСООЛ КИНО УРАН БҮТЭЭЛ ПУСАНЫ КИНО НААДМЫН НЭР ХҮНДТЭЙ ШАГНАЛУУДЫН Э… Өчигдөр
ЕВРОПЫН ЗӨВЛӨЛИЙН ВЕНЕЦИЙН КОМИССЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МАРТА КАРТАБИАГ ХҮЛЭЭН… Өчигдөр
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛЫГ З… Өчигдөр
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ШУУРЧ, ЭРС ХҮЙТЭРНЭ Өчигдөр
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, … Өчигдөр
МОНГОЛ ТЭМЭЭНИЙ БОЛОН МОРИН ХУУРЫН ӨДӨРТЭЙ БОЛОХ ЗОХИЦУУЛАЛТ ХУУЛЬД ОР… Өчигдөр
ГАДААДЫН БАНК МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГ… Өчигдөр
ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙГ QR КОДООР БҮРТГЭЛЖҮҮЛЖ, ИРГЭДИЙГ ЗАЛИЛАНГААС УР… Өчигдөр
ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙГ САНАЛ… 2026/10/14
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ БОЛГОХОД ЧИГЛЭСЭН ХУУЛ… 2026/10/14
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН ТОМ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ НӨӨЦӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН ХҮЧЭЭ ТЭЛЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ӨСӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ШИНЭ ЭХЛЭЛИЙН ҮЕ 2026/10/02
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.05-10.11/ 2026/10/05
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗӨРЧСӨН АСУУДЛААР ГАРГАСАН ӨРГӨДЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 2026/10/07
БАЯН-ӨЛГИЙ, ДОРНОГОВЬ, СҮХБААТАРЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, НОЙТОН ЦАС, ЦА… 2026/10/03
С.БЯМБАЦОГТ: УТААГ БУУРУУЛАХ БИШ, УТААНААС БҮРЭН САЛАХ ЗОРИЛГОТОЙ АЖЛЫ… 2026/10/08
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛ… 2026/10/03
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10