Ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш болон сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар саналыг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас авч эхэлжээ.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш болон сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар санал авч байна гэжээ.
Сурагчдын хичээл эхлэх үеэр буюу наймдугаар сарын 25-наас эхлэн гурван долоо хоногийн турш улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно гэж Нийслэлийн авто замын түгжрэл бууруулах төслүүдийн зохицуулагч Д.Бадарсан мэдэгдээд байгаа. Тэгвэл энэ удаагийн санал асуулга нь тодорхой хугацаа заагаагүй учир цаашид байнга буюу намар, өвөл ч тэгш, сондгойгоор зорчих эсэх талаар асуусан гэж үзэж болох юм.
Өнөөдрийн /2025.08.21/ 8 цаг 21 минутын байдлаар нийт 188 хүн санал асуулгад оролцсоны 33 хувь нь буюу 62 хүн тэгш, сондгойгоор явахыг дэмжинэ гэсэн бол 67 хувь нь буюу 126 хүн дэмжихгүй гэжээ.
Санал асуулга наймдугаар сарын 24-ний өдрийг дуустал үргэлжлэх юм байна.
Санал асуулгад оролцох линк: https://vote.ulaanbaatar.mn/citizen/survey
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна