Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” олон улсын нисэх буудалд "Чонжу-Мөрөн" чиглэлийн олон улсын анхны нислэг өнөөдөр /2027.07.29/ 9 цаг 40 минутад буулаа.
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх өнөөдөр “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний нисэхийн дүрмийн шаардлагыг ханган олон улсын анхны нислэгээ амжилттай хүлээн авч байгаа нь цаашид орон нутгийн нисэх буудлуудад олон улсын нислэг хүлээн авах боломжтой гэдгийг харуулж байна" хэмээн онцолжээ.
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1956 оны долдугаар сарын 07-ны өдөр анх удаа Ан-2 агаарын хөлгөөр нислэг үйлдсэнээр Мөрөн олон улсын нисэх буудлын түүх эхлэлтэй. Одоогийн байдлаар Мөрөн олон улсын нисэх буудал нь цагт 150 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай, 7 хоногт 22-27 нислэг үйлчлэн ажиллаж байна.
Монгол Улс 2024 онд түүхэндээ хамгийн их буюу 800 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого 1.5 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ өсөлтөд иргэний нисэхийн салбар голлох үүрэг гүйцэтгэж, нийт 2.2 сая зорчигч тээвэрлэж, ковид-19 цартахлын өмнөх оргил үе 2019 онд 1.6 сая зорчигч тээвэрлэсэн амжилтаа 35 хувиар ахиулсан билээ.
2.2 сая зорчигч нь Монгол Улсын нийт хүн амын 60 хувьтай тэнцэж байгаа нь бусад далайд гарцгүй орнуудтай харьцуулахад 2-3 дахин өндөр үзүүлэлт болж байгаа юм.
Өнөөдөр манай улсын агаарын тээврийн зах зээлд гадны 16 компанийн 22 чиглэлд шууд нислэг үйлдэн гадаад дотоод нислэгийн чиглэл, тоо, давтамж эрс нэмэгдэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна