34 настай Селена Гомез инстаграмынхаа Stories хэсэгт дөнгөж төрсөн нярай хүүхэд эрхлүүлж буй зургаа хуваалцжээ. Селена уг зургийнхаа доор хэзээ нэгэн өдөр өөрийн хүүхэдтэй болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
“Нэг л өдөр..." хэмээн тэр зургийн доор бичжээ.
Жүжигчин бүсгүй өмнө нь ч 38 настай Бланкотой гэр бүл зохиож, ээж болохыг хүсдэг тухайгаа нээлттэй ярьж байсан юм. Өнгөрсөн аравдугаар сард Гомез “Wizards of Waverly Place” цувралын үргэлжлэл болох “Wizards Beyond Waverly Place”-д дүр бүтээснээ тэмдэглэн Инстаграм Stories-д пост оруулжээ.
“Алекс Руссо ээж болчихлоо ” хэмээн тэр өөрийн дүрийг хэлээд “Хэзээ нэгэн өдөр би ч бас ийм болно гэж найдаж байна” гэж бичсэн байв. Мөн Disney цувралд тоглосон өөрийн сүүлийн ангийн хэсгээс хавсаргажээ.
Гуравдугаар сард нэгэн подкастад оролцох үеэрээ Гомез, Бланко нар хүүхэдтэй болохыг хүсэж буйгаа ярьсан юм. “Цаашид яг юу болохыг мэдэхгүй. Гэхдээ би хүүхдэд үнэхээр хайртай. Би хүүхдүүдийг инээлгэх дуртай. Тэд үнэхээр өхөөрдөм. Тиймээс тэр өдөр ирэхэд би үнэхээр их догдлох болно.” гэж Гомез хэлжээ.
Бланко ч ярианд нэгдэн, Гомез хүүхэд харахаараа шууд тэдэн дээр очоод, хэдэн цагаар ч хамаагүй ярилцдаг гэсэн байна.

“Чи энэ ажлыг эхлүүлэхдээ өөрөө хүүхэд байсан. Тэр үед энэ нь хүмүүстэй холбогдох чиний нэг арга байсан. Одоо ч гэсэн бага насны хүүхдүүдтэй холбоотой байх ёстой гэсэн нэг төрлийн хариуцлага чамд байдаг юм шиг надад санагддаг” гэж тэр хэлжээ. Мөн “Чи ‘Barney’, ‘Wizards of Waverly Place’ зэрэг бүтээлээрээ маш олон хүүхэд, залуусын амьдралд нөлөөлсөн. Одоо ч гэсэн тэдэнтэй холбогдох өөрийн арга замаа олсоор байна.” гэсэн байна.
Селена Гомез “Vanity Fair” сэтгүүлийн 2024 оны аравдугаар сарын дугаарт өгсөн ярилцлагадаа хүүхэд тээж төрүүлэх боломжгүй талаараа анх удаа нээлттэй ярьсан юм. Тэрээр энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрөхийн тулд хэсэг хугацаанд гуниглаж, эвлэрэх шаардлагатай болсноо дэлгэсэн.
“Би үүнийг өмнө нь хэзээ ч хэлж байгаагүй... Гэвч харамсалтай нь би хүүхдээ тээж төрүүлэх боломжгүй. Надад эрүүл мэндтэй холбоотой асуудал бий. Жирэмслэх нь миний болон хүүхдийн амь насанд эрсдэл учруулж болзошгүй. Үүнтэй эвлэрэхийн тулд надад багагүй хугацаа хэрэгтэй болсон...” гэж тэр хэлсэн юм.
Селена өмнө нь чонон хөрвөс өвчний хүндрэлтэй тулгарснаа ярьж байсан бөгөөд 2015 онд уг өвчнөөр оношлогдсон юм. Мөн 2020 оны дөрөвдүгээр сард Майли Сайрусын Инстаграм Live-ийн “Bright Minded” нэвтрүүлэгт оролцохдоо хоёр туйлт эмгэгийн оноштой гэдгээ ил болгож байжээ.

“Гэхдээ одоо би үүнд хамаагүй илүү тайван ханддаг болсон. Тээгч эхийн тусламжтайгаар эсвэл үрчлэн авч хүүхэдтэй болох боломж байдаг нь надад аз завшаан мэт санагддаг. Энэ хоёрын аль аль нь миний хувьд бодитой боломж юм” гэжээ.
“Ээж болохыг чин сэтгэлээсээ хүсдэг хүмүүст ийм өөр боломжууд байдагт би маш их талархдаг. Би ч тэдний нэг..Энэ замнал маань ямар байхыг би догдлон хүлээж байна. Зүгээр л бусдынхаас арай өөр байх болно. Эцсийн эцэст надад ямар замаар ээж болох нь хамаагүй. Хүүхэд минь минийх байх болно" гэж Селена ярьсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна