Өнгөрөгч долдугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -0.6°С-аар хүйтэн, олон жилийн дунджаас 1.1°С-аар дулаан байсан ба 1940 оноос хойш тохиолдож байгаа 8 дахь дулаан сар болж өнгөрлөө.
Сарын дундаж агаарын температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзэхэд нийт нутгийн 69 хувь нь дунджаас 1.0-ээс 3.0°С-аар дулаан, 30.2 хувь нь дунджийн орчим, 0.8 хувь нь дунджаас хүйтэн байсан байна.
Тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 47.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 26 хувиар, олон жилийн дунджаас 7.9 хувиар тус тус бага байсан бөгөөд 1940 оноос хойш тохиолдож байгаа 27 дахь бага тунадастай сар болж өнгөрлөө.
Харин агаарын температурын үнэмлэхүй их утга Баянхонгорын Эхийнголд 41.3°С, үнэмлэхүй бага утга Хөвсгөлийн аймгийн Чандагат суманд -1.2°С хүрсэн бол хөрсний температурын үнэмлэхүй их утга Улаанбаатар хотод 68°С, үнэмлэхүй бага утга Хөвсгөлийн аймгийн Чандагат суманд -3°С хүрч хүйтэрсэн байна.
Хоногт хамгийн ихдээ Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 9-нд 66.6 мм тунадас орсон бол даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 942.5гПА, бага утга Баянхонгорын Баянбулагт 766.6гПа хүрч тус тус ажиглагдаж, салхины хурд хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант суманд 33м/с хүрчээ.
Эх сурвалж: ЦУОШГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна