Монголбанкнаас мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд "Сүүлийн өдрүүдэд zuv.mn зэрэг мэдээллийн сайтад Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайвантай холбоотой бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл удаа дараа нийтлэгдсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг хүргэж байна.
Тухайлбал, 2026 оны есдүгээр сарын 24-ний өдөр болсон ажлын хэсгийн хуралдаанд оролцох үеэр Дэд ерөнхийлөгчийг “асуултад хариуцлагагүй хариулж, улсаараа шатахуун тасалдах нөхцөл үүсгэсэн” гэх агуулгатай мэдээлэл нийтэлсэн байна.
Уг мэдээлэлд Дэд ерөнхийлөгчийн хэлсэн үг, илэрхийлсэн байр суурийг эх сурвалж дахь агуулгаас өөрөөр тайлбарлаж, хэлээгүй үгийг хэлсэн мэтээр эшилсэн нь олон нийтэд ташаа ойлголт төрүүлэх эрсдэлтэй байгааг тодотгох нь зүйтэй гэж үзэж байна.
Мөн дээрх мэдээлэлд үндэслэн УИХ-ын нэр бүхий гишүүн Байнгын хороо болон чуулганы хуралдааны үеэр тухайн асуудлаар бодит нөхцөлтэй нийцэхгүй агуулга бүхий байр суурь илэрхийлсэн байна.
Улс орны эдийн засаг, гадаад харилцаа, олон нийтийн хүлээлтэд нөлөөлж болзошгүй асуудлаар мэдээлэл түгээх, байр суурь илэрхийлэхдээ эх сурвалжийг нягтлах, хэлсэн үгийн агуулга, нөхцөл байдлыг бүрэн зөв хүргэх нь чухал юм.
Иймд хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрийн болон бусад оролцогчдыг олон нийтэд мэдээлэл хүргэхдээ эх сурвалжийн үнэн зөв байдлыг нягталж, мэдээллийн агуулга, нөхцөл байдлыг бодитойгоор хүргэхэд хариуцлагатай хандахыг хүсэж байна.
Монголбанк
Хэвлэл мэдээллийн хэлтэс" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна