Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн Р.Даваадорж инфляц яагаад өсөж буй талаар өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ.
13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ?
Инфляц 13 хувь гэдэг статистикийн хүйтэн тоо. Харин айл өрхийн амьдрал дээр энэ тоо махны лангуу, хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станц, түрээс, өдөр тутмын худалдан авалтаар мэдрэгдэж байгаа. 2026 оны долдугаар сард хэрэглээний үнэ өмнөх сараасаа 0.9 хувиар өсөж, жилийн инфляц 13.0 хувьд хүрэв. Зургаадугаар сарынхаас бүтэн 1.0 нэгж хувиар нэмэгдсэн гэсэн үг. Тэгвэл 13 хувийг юу өсгөв? Хамгийн түрүүнд мах. Мах, махан бүтээгдэхүүний үнэ жилийн 54.0 хувиар өсжээ. Махнаас бусад дотоодын хүнсний үнэ ч 13.7 хувиарнэмэгдсэн байна. Ингэснээр дотоодын хүнс дангаараа нийт инфляцын 6.5 нэгж хувийг бүрдүүлжээ.
Дээр нь шатахуун нэмэгдэнэ. Үнэ нь сарын дотор 4.6 хувь, жилийн дүнгээр 20.2 хувиар өсөж, инфляцад 1.2 нэгж хувийннөлөө үзүүлсэн байна. Импортын хүнсний бус барааны үнэ 5.3 хувиар өсөж, инфляцад 1.8 нэгж хувийн нөлөө үзүүлжээ. Энэ гурвыг нийлүүлбэл 9.5 нэгж хувь.
Өөрөөр хэлбэл, өнөөгийн 13 хувийн инфляцын 73 орчим хувь нь дотоодын хүнс, шатахуун, импортын хүнсний бус барааны үнийн өсөлтөөр тайлбарлагдаж байна. Тэгэхээр өнөөгийн инфляцын нүүр царай нь мах, шатахуун, импортын бараа мөн. Гэхдээ энэ бол оношийн зөвхөн эхлэл.
МАХ ҮНЭД ОРСОН НЬ МӨНГӨНИЙ ҮЗЭГДЭЛ ҮҮ?
Хэрэглээний үнийн индекс бидэнд юу үнэд орсныг харуулдаг. Харин яагаад үнэд орсныг дангаараа хэлдэггүй. Махны үнэ 54 хувиар өссөн нь баримт. Гэхдээ үүнийг М2 мөнгөний өсөлттэй шууд холбож болохгүй. Махны үнэд малын хорогдол, цаг агаар, улирлын нийлүүлэлт, нядалгаа, тээвэр, агуулах, экспорт, зах зээлийн өрсөлдөөн гээд олон зүйл нөлөөлнө. Энэ зун махны үнэ улирлынхаа дагуу буурах хугацаа хойшилсон нь ч жилийн өсөлтийг өндөр харагдуулжээ. Нийлүүлэлт багасвал үнэ өсдөг. Үүнийг Монголбанк бодлогын хүүгээ өсгөөд шийдэх боломжгүй. Хүү нэмэгдлээ гээд малын тоо өсөхгүй, өвс ургахгүй, агуулах баригдахгүй.
Шатахуун, импортын бараа ч ялгаагүй. Дэлхийн зах зээлийн үнэ, тээврийн зардал, нийлүүлэлтийн саатал, валютын ханш Монголын үнэд шууд нөлөөлнө. Энэ дүр зураг өөр нэг тоон дээр бүр тод харагдана. Нийт инфляц 13.0 хувь байхад суурь инфляц 7.6 хувьбайна. Энэ зөрүү нь мах, шатахуун зэрэг савлагаа ихтэй барааны үнийн өсөлт өнөөгийн инфляцыг хүчтэй дээш татаж байгааг харуулж байна. Гэхдээ 7.6 хувийн суурь инфляц өөрөө бага тоо биш. Тиймээс “бүх инфляц махнаас болсон” гэж тайвширч болохгүй.
ТЭГВЭЛ М2 ЯАГААД 25.8 ХУВИАР ӨСӨВ?
2026 оны зургаадугаар сард М2 мөнгөний нийлүүлэлт жилийн 25.8 хувиар өсжээ. Энэ тоог хараад “Монголбанк 25.8 хувийн мөнгө хэвлэчихсэн” гэж ойлгох нь буруу. М2 бол зөвхөн бэлэн мөнгө биш. Иргэд, аж ахуйн нэгжийн төгрөг болон валютын харилцах, хадгаламж бүгд орно. Банк зээл олгоход шинэ хадгаламж бий болно. Нүүрс, зэсийн экспортын валют дотоодын банкны системд орж төгрөгт хөрвөхөд мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлнө. Төсвийн мөнгө Төв банкны данснаас эдийн засаг руу гарахад ч мөн адил. Тиймээс “М2 өссөн үү?” гэхээс илүү “М2 яагаад өсөв?” гэж асуух нь зөв.
Задлаад харвал М2-ийн өсөлтөд гадаад цэвэр актив 15.5 нэгж хувь, зээл 18.0 нэгж хувийн эерэг нөлөө үзүүлжээ. Харин Засгийн газрын цэвэр зээл –4.5 нэгж хувь, бусад зүйлс –3.2 нэгж хувийн сөрөг нөлөө үзүүлсэн байна. Эндээс нэг зүйл тодорхой. Мөнгөний өсөлт бол ганцхан “мөнгө хэвлэсэн” түүх биш. Гадаад валютын урсгал болон банкны зээл хоёр гол хөдөлгөгч нь болж байна. М2-ийн өсөлтийн 20.1 нэгж хувийг төгрөгийн харилцах, хадгаламж, 5.6 нэгж хувийг валютын харилцах, хадгаламж гэсэн үзүүлэлт байна. Банкны системийн долларжилт 21.8 хувь байгаа нь мөнгөний өсөлтийн дийлэнх нь төгрөгийн эх үүсвэр дээр гарсныг харуулна. Инфляцыг тооцож хасвал М2-ийн бодит өсөлт ойролцоогоор 11 хувьгарна. Тэгэхээр 25.8 хувийн өсөлтийг зөвхөн үнэ өссөнтэй холбон тайлбарлах боломжгүй. Эдийн засаг дахь мөнгө харин бодитоор ч нэмэгджээ.
ЗЭЭЛ ХЯНАЛТААС ГАРСАН УУ?
Бас үгүй. Нийт зээл жилийн 16 орчим хувиар өссөн байна. Бизнесийн зээл 18.5 хувь, ипотекийн зээл 18.8 хувь, хэрэглээ болон хадгаламж барьцаалсан зээл 8.2 хувиар нэмэгджээ. 13 хувийн инфляцыг хасаж бодвол нийт зээлийн бодит өсөлт 3 хувьд ч хүрэхгүй.
Тиймээс “зээл хяналтаас гарлаа” гэж хэлэхэд хангалтгүй. Гэхдээ “зээл агшиж, эдийн засгийн эрэлт царцсан” гэж хэлэх боломж ч байхгүй. Бизнесийн болон ипотекийн зээл бодит дүнгээрээ өссөн хэвээр байна. Ипотекийн зээлийг энд бас зөв ойлгох хэрэгтэй. Ипотекийн нийт зээл 18.8 хувиар өссөн нь бүгд 6 хувийн хөтөлбөрийн зээл гэсэн үг биш. Гэхдээ зах зээлийн хүүгээс хямд эх үүсвэрийг их хэмжээгээр нийлүүлэх тусам орон сууцны эрэлт нэмэгдэнэ. Харин шинэ байрны нийлүүлэлт тэр дороо нэмэгдэхгүй. Тэгвэл тохируулга үнэ дээр гарна. Байр, газар, түрээс, барилгын материал, ажиллах хүчний үнэд дарамт үүснэ. Энэ нь ипотекийн зээл махны үнийг өсгөсөн гэсэн үг огт биш. Харин эдийн засгийн эрэлт сулраагүй байгааг харуулах нэг дохио юм.
ОЧ БА ХУУРАЙ ӨВС
Энд л инфляцын гол асуудал бий. Махны нийлүүлэлт муудах нь нэг оч. Шатахууны үнэ нэмэгдэх нь өөр нэг оч. Импортын бараа үнэд орох нь бас нэг оч. Харин мөнгө, зээл, төсвийн зарлага, цалин эдийн засгийн үйлдвэрлэх чадвараас хурдан өсөөд байвал эргэн тойронд нь хуурай өвс их байна гэсэн үг. Оч өөрөө түймэр биш. Харин хуурай өвсөн дээр унавал түймэр болно.
Монголбанкны ажил махны үнийг буулгах биш. Харин мах, шатахууны нэг удаагийн үнийн өсөлт бусад бараа, үйлчилгээ, цалин, түрээс рүү тархаж, удаан үргэлжлэх инфляц болохоос сэргийлэх юм. Хүмүүс “маргааш бүр үнэтэй болно” гэж итгэж эхлэхэд асуудал улам хүндэрнэ. Ажилчид илүү өндөр цалин шаардана. Бизнесүүд ирээдүйн зардлаа урьдчилан үнэдээ шингээнэ. Ингээд инфляцын хүлээлт өөрөө дараагийн инфляцыг тэтгэж эхэлдэг.
НЭГ НЬ ТООРМОСЛОЖ, НӨГӨӨ НЬ ХААЗАЛЖ БОЛОХГҮЙ
Энд төсөв орж ирнэ. Монголбанк бодлогын хүүгээ өндөр байлгаж, эрэлтийг хөргөх гэж байхад Засгийн газар нөгөө талд зардал, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлээ хүчтэй тэлбэл хоёр бодлого зөрчилдөнө. Нэг нь тоормос гишгэнэ. Нөгөө нь хаазална. Ингэвэл инфляцыг дарахын тулд бодлогын хүүг илүү удаан өндөр байлгах шаардлагатай болно. Тэр өндөр хүүгийн өртгийг хэн төлөх вэ? Зах зээлийн хүүгээр зээл авч байгаа бизнес, байр авах гэж байгаа өрх, эцэст нь ажлын байр, цалин, худалдан авах чадвараараа иргэд төлнө.
2026 оны гуравдугаар сард “Оюу толгой”-н татварын нөхөн ногдуулалттай холбоотой 1.6 их наяд төгрөг Засгийн газрын Монголбанк дахь дансанд байрласан нь мөнгөний өсөлтийг сааруулах чиглэлд нөлөөлжээ. Учир нь Төв банкны дансанд байгаа төрийн мөнгө эдийн засгийн идэвхтэй эргэлтээс түр гарсан гэсэн үг. Харин маргааш тэр мөнгө тендер, цалин, шилжүүлэг, хөрөнгө оруулалт болж эдийн засагт гарахад буцаад банкны данс, орлого, эрэлт болж орж ирнэ.
Тиймээс төсөв хэдэн их наяд төгрөг вэ гэдгээс гадна тэр мөнгө хэзээ, ямар хурдтай эдийн засагт орж байна вэ гэдэг чухал.
НЭГ ӨВЧИНД НЭГ ЭМ БАЙХГҮЙ
Эндээс бодлогын шийдэл харьцангуй тодорхой болно. Махны үнийг бодлогын хүүгээр эмчлэхгүй. Мал, махны нийлүүлэлт, агуулах, хүйтэн хэлхээ, тээвэр, боловсруулах үйлдвэр, өрсөлдөөн, экспортын тогтвортой бодлого хэрэгтэй. Үнийг захиргааны аргаар хүчээр барих нь хомсдол, далд үнэ бий болгох эрсдэлтэй. Шатахуун болон импортын инфляцад валютын ханш, нөөц, нийлүүлэгчийн төрөлжилт, хил, тээврийн саатал чухал.
Харин нийт эрэлт хэт хурдан өсөж байвал мөнгөний бодлого ганцаараа тэмцээд дийлэхгүй. Төсвийн зарлагын өсөлтийг эдийн засгийн бодит хүчин чадалтай уялдуулж, том төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай. Хөнгөлөлттэй зээл бүрийг ч “хэдэн хүн зээл авсан бэ?” гэдгээр нь биш, эдийн засагт ямар нэмэлт эрэлт, үнэ, ханш, санхүүгийн зардал бий болгож байна вэгэдгээр нь хамт үнэлэх хэрэгтэй. Харин инфляцад хамгийн их өртөж байгаа өрхүүдийг бүх нийтэд тараасан хямд зээл, үнийн хяналтаар бус зорилтот дэмжлэгээр хамгаалах нь илүү оновчтой.
МАХ УУ, МӨНГӨ ҮҮ?
Энэ бол буруу тавьсан асуулт. Өнөөгийн 13 хувийн инфляцыг шууд дээш татаж байгаа гол зүйл нь мах, шатахуун, импортын барааны үнэ. Харин тэр өсөлт хэр өргөн хүрээнд тархах, хэр удаан үргэлжлэхэд мөнгө, зээл, төсвийн эрэлт, валютын ханш, инфляцын хүлээлт нөлөөлнө. “Инфляц ердөө махнаас болсон” гэвэл эдийн засгийн хөрсийг орхигдуулна. “Монголбанк мөнгө хэвлэснээс болсон” гэвэл нийлүүлэлтийн бодит шокийг үгүйсгэнэ. “М2 25.8 хувь өссөн учраас инфляц 13 хувь болсон” гэж шууд тэнцүүлэх нь бүр ч буруу. Хоёр тоо зэрэг өссөн нь нэг нь нөгөөгөө яг тэр хэмжээгээр үүсгэсэн гэсэн үг биш. Мах төсөв батлаагүй. Шатахуун бодлогын хүү тогтоогоогүй. Импортын бараа мөнгө хэвлээгүй.
Гэхдээ М2 нь 25.8 хувь, зээл нь 16 орчим хувь өсөж байгаа эдийн засагт “инфляц зөвхөн махнаас болсон” гэж тайвшрах эрх бодлого боловсруулагчдад бас байхгүй. Мах оч байж болно. Харин тэр очийг түймэр болгох хөрс эдийн засагт бүрдсэн үү гэдгийг л бодлого боловсруулагчид хамгийн түрүүнд харах ёстой.Оношоо зөв тавьж байж эмчилгээгээ зөв сонгоно.
Монголын инфляцыг дэлхийн алдартай эдийн засагчийн ганц өгүүлбэрийг орчуулж оношлох боломжгүй. Чөлөөт зах зээлийн институци нь хэдэн зуун жил төлөвшсөн өндөр хөгжилтэй орны жорыг уул уурхайгаас хэт хамааралтай, импорт ихтэй, төрийн оролцоо өндөр, жижиг эдийн засагтай Монголд шууд хуулж хэрэглэх боломж бүр ч бага. Монголын инфляцыг Монголынх нь бүтэц, мөнгөний урсгал, төсөв, зээл, импортын хамаарал, нийлүүлэлтийн бодит нөхцөл дээр нь тавьж байж зөв оношилно.
Эс бөгөөс инфляц буурахгүй. Харин түүнийг тайлбарлах шалтаг л солигдоно.
2026 оны 8 сарын 13
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна