COP30-ЫН ҮЕЭР НҮҮРСЭЭС НОГООН ЭРЧИМ ХҮЧ РҮҮ ШИЛЖИХ МОНГОЛ УЛСЫН ЗАМНАЛ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖЭЭ

Admin
28 минутын өмнө

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид Бразил улсын Белем хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал(COP30)-д оролцож байна. Энэ үеэрээ Монгол Улсад ирэх 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох COP17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд түншлэл тогтоох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, санхүүжилт татах тал дээр ч анхааран ажиллаж байгаа юм. 

COP30-д манайх ямар байр суурь илэрхийлэв гэдэг нь бидэнд ч сонин. Учир нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудал ихээхэн хүнд байгаа улсын нэг нь манайх. Өвөл бүр л утаагаа ярьсаар байгаа шүү дээ. 

COP30-ын үеэр дэлхийн улс орнуудын дунд хамгийн их маргаан дагуулж буй асуудал бол чулуужсан түлшнээс үе шаттайгаар татгалзах замын зураглал гаргах санаачилга юм. Үүнийг дэлхийн 80 гаруй улс хүлээн зөвшөөрөхөө мэдэгдээд байгаа. Чулуужсан түлш гэдэгт нүүрс, байгалийн хий, газрын тос зэрэг багтдаг бөгөөд эдгээр нь өнөөдөр эрчим хүчний үйлдвэрлэлийн хамгийн гол түүхий эд хэвээр байгаа юм. Ялангуяа нүүрсний хувьд хамгийн хямд түүхий эдэд тооцогддог. Манай улсын хувьд нүүрснээс хамааралтай эдийн засагтай ч гэж хэлж болно. Уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлж байна. 

Гэвч нүүрс нь хямд өртөгтэйнхээ хэрээр байгаль орчинд сөрөг нөлөөтэй, нүүрсхүчлийн хий ялгаруулалтын хамгийн том эх үүсвэр. COP30-ын гол хэлэлцэх асуудал нь  дэлхийн дулаарлыг 1.5 градусаас хэтрүүлэхгүй байх Парисын хэлэлцээрийн зорилтод хэрхэн хүрэх л юм. 

Нүүрс болон байгалийн хий, газрын тос зэрэг чулуужсан түлшээс салахгүйгээр энэ зорилтод хүрэх боломжгүй гэж тус хуралд оролцогч олон орон үзэж байна. Гэвч COP30-аас чулуужсан түлшээс салах зорилго тавилаа ч бүтэх эсэх нь эргэлзээтэй.  

2023 онд Дубайд болсон Cop28-ын гол үр дүн нь "бүх төрлийн чулуужсан түлшээс татгалзах" амлалт байсан билээ. Харамсалтай нь дараа нь Саудын Араб тэргүүтэй хэд хэдэн улс уг тогтоолыг цуцлахыг оролдож эхэлсэн. Ингээд өнгөрсөн 2024 онд Бакуд болсон цаг уурын асуудлаарх хэлэлцээний үеэр уг шийдвэрийг хэрэгжүүлэх оролдлого бүтэлгүйтсэн юм. БНХАУ, ОХУ, АНУ зэрэг томоохон улсууд чулуужсан түлшний зах зээлд ноёрхож байхад түүнээс татгалзах тухай хичнээн олон орон яриад ч үр дүнд хүрэхгүй байх магадлал өндөр.

Манай улсын хувьд ч экспортын гол түүхий эдээсээ "шууд татгалзана" гэхэд, бас хоёр хөрш маань энэ тал дээр өөр байр суурьтай байж мэдэх тохиолдолд амаргүй л болов уу.  Гэхдээ мэдээж дэлхий нийтийн чиг хандлагаа дагаж, дээрээс нь утаанаас салахын тулд сэргээгдэх эрчим хүчний шилжилт рүү эрт орой нэгэн цагт бөөнөөрөө орж л таарна.Эс тэгвээс дэлхийн дулаарал мөхөлд ч хүргэж мэднэ гэж мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

COP30 хурлын үеэр “Нүүрсээс ногоон эрчим хүч рүү шилжих Монгол Улсын замнал” дагалдах арга хэмжээ Бразилын Белем хотод болж өнгөрчээ. Энэхүү олон талт хэлэлцүүлгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар нээсэн байна. Нээлтийн үеэр НҮБХХ-ийн Тогтвортой эрчим xүчний төвийн захирал Риад Меддеб “Монгол Улсад асар их боломж байна. Салхи, нарны эрчим хүчний боломжит нөөц 2,600 ГВт байгаа нь тус орны одоогийн цахилгаан эрчим хүчний хүчин чадлаас 1,000 дахин их юм. Иймд тэгш хүртээмжтэй, зөв зохицуулалттай эрчим хүчний шилжилтийг хийж чадвал Монгол улс Азийн эрчим хүчний гол төвүүдийн нэг болж чадна.” гэжээ. Ямар ч байлаа гэсэн манай улс нүүрсээс ногоон эрчим хүч рүү шилжих зураглалаа гарган олон улсын түвшинд ярилцжээ. Парисын хэлэлцээрийн дагуу хүлэмжийн хийг бууруулсан тохиолдолд хөгжиж буй орнуудаас санхүүжилт татах боломжтой. Манай улс энэ чиглэлд нэлээд анхааран ажиллаж байгаа юм. 

Түүнчлэн Б.Батбаатар сайд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч хатагтай Рейчэл Киттэй уулзаж уур амьсгалын өөрчлөлт, СОР17-ийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцох үеэр ч чулуужсан түлшнээс татгалзах талаарх асуудал хөндөгдсөн байна.

ИБУИНВУ, Европын комисс болон бусад хөгжингүй улс орнуудын зүгээс COP30-ын үеэр "Чулуужсан  түлшнээс татгалзах замаар ногоон шилжилтийг дэмжих замын зураг"-ийг санаачлан батлуулахаар ажиллаж буйгаа илэрхийлсэн ба хатуу түлшнээс татгалзаж, цэвэр-сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх уг санаачлагад манай улсыг нэгдэж ажиллахыг уриалжээ. Санаачилгын хүрээнд хөгжиж буй улс оронд бодлого, техник, санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллах боломжтойг мөн дурдсан байна. 

ИБУИНВУ-ын зүгээс байгаль олон талт гэрээ хэлэлцээрийн мэргэшсэн хэлэлцээрч бэлтгэхэд Монгол Улсад үзүүлж буй дэмжлэгээ үргэлжүүлэхийн зэрэгцээ, Байгаль орчны мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх шинэ хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжийг судлахаар тохиролцжээ.Тус улс COP17 бага хурлын хүрээнд гарах бүхий л санаачлагыг дэмжиж ажиллахаа илэрхийлэн, тэр дундаа олон нийтийг мэдээллээр хангах, медиа хүртээмжийн талаар хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тогтсон байна. 

Белемд манай улсын төлөөлөл бусад ямар улсуудтай хамтын ажиллагааны талаар ярилцав? 

Япон улсын павильонд "Хамтарсан Кредит Олгох Механизмын улсуудын 11 дүгээр уулзалт" болох үеэр  Б.Батбаатар сайд Монгол-Японы Хамтарсан кредит олгох механизм (JCM)-ын үр дүнг танилцуулжээ.

"JCM нь манай улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон ногоон шилжилтийг хурдасгахад бодитой, чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал өнөөдөр 323 МВт-д хүрсэн бөгөөд үүний 72.7 МВт буюу 18 хувийг JCM-ийн нарны цахилгаан станцууд бүрдүүлж байна. Энэ нь JCM-ын хамтын ажиллагаа нь Япон Улсын хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашигтай шийдэл бүхий байгальд ээлтэй, нүүрстөрөгч багатай технологийг Монгол Улсад түгээн хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг харуулж байна. 

Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулан 2026 онд батлуулахаар ажиллаж байна. Энэхүү хуулиар ил тод байдлыг хангах, давхар тоолохоос сэргийлэх, байгаль орчны бүрэн бүтэн байдлыг баталгаажуулах зарчмыг бүрэн тусгахыг зорьж байгаа. Цаашдын зорилгын хүрээнд бид JCM төслүүдийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, дэвшилтэт технологи нутагшуулах бодлогын урамшууллыг улам боловсронгуй болгоход анхаарч ажиллах болно" гэж тэрбээр хэлсэн байна. 

Мөн Монгол Улс JCM төслүүдийг өргөжүүлж, хөрөнгө оруулалт ба дэвшилтэт технологийн орчныг сайжруулах бодлогоо үргэлжлүүлэхээ илэрхийлээд COP17-ын бэлтгэлд Япон Улстай илүү нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дурджээ. 

COP30-ын үеэр болсон нэгэн онцлох үйл явдал бол Парисын хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Холбооны зөвлөл хоорондын хэлэлцээрт 2025 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр гарын үсэг зуржээ. 

Ирэх онд манайд болох COP17-г зохион байгуулахад санхүүжилт чухал. Тиймээс ч COP17-ийн  бэлтгэл ажлыг урагшлуулах чиглэлээр олон улсын түншүүдтэй уулзалт, хэлэлцээр хийхэд онцгой анхаарал хандуулж байна.

Өнгөрсөн 2024 онд Саудын Араб COP16-ыг амжилттай зохион байгуулсан юм. СОР30-ын үеэр Б.Батбаатар сайд тус улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн дэд сайд Осаматай уулзаж, COP17-ын зохион байгуулалт, санхүүжилтийн талаар санал солилцжээ. Талууд COP16-оос эхэлсэн уур амьсгал, биологийн олон янз байдал, газрын доройтол гэсэн гурван чиглэлийн уялдаа холбоог COP17 дээр үргэлжлүүлэх, мөн Монгол Улсын санаачилгыг олон улсын түвшинд тогтвортой дэмжихээр тохиролцсон байна. 

Мөн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Экологи, хүрээлэн буй орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Азиз Абдухакимовтай уулзаж, уур амьсгалын өөрчлөлт, шар шороон шуурга,цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Түүнчлэн СОР17-ын бэлтгэлийн хүрээнд Узбекистан улсын оролцоог дэмжиж, цөлжилт, шар шороон шуурганы чиглэлээр Төв Азийн бүсийн ажлын хэсгийг байгуулж, хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар болсон байна. 

Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хотжилт, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд хатагтай Фатма Варанктай мөн уулзсан бөгөөд дэд бүтэц, техникийн зохион байгуулалт, хүний нөөцийн сургалт болон логистикийн чиглэлээр манай улсад бүрэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тэргүүтэй Монголын төлөөлөгчид дэлхийн олон орны төлөөлөгчид цугларан уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцсэн COP30 хуралд ийнхүү бодлогоо ч танилцуулж, ирэх онд болох COP17 бага хурлын хүрээнд хамтын ажиллагааны талаар ч тохиролцож чадсан байна. Одоо хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, тохиролцсон зүйлсээ бодит ажил хэрэг болгох шаардлагатай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
КАЗАХ ҮНДЭСНИЙ СОЁЛЫН ТӨВ БАЙГУУЛАХААР БОЛОВ 35 минутын өмнө
КАМИЛА ВАЛИЕВА ЭРГЭН ИРСЭН Ч... 3 цагийн өмнө
Ж.ГҮРРАГЧАА ДЭЛХИЙГ 124 УДАА БҮТЭН ТОЙРСОН 4 цагийн өмнө
ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН, ДУЛААН БАЙНА 6 цагийн өмнө
ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨЛӨХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЖЭЭ 23 цагийн өмнө
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… Өчигдөр
ОЙГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ БОДЛОГЫГ ШИНЖЛЭХ УХААНД ТУЛГУУРЛАН ХЭРЭГЖ… Өчигдөр
Б.ЦЭНДДОО: БИ ЧАМД ХАЙРТАЙ Өчигдөр
АНУ ДАЛАЙД БАЙГАА ИРАНЫ НЕФТИЙН ХОРИГИЙГ ЦУЦАЛЖ, ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХЫГ… Өчигдөр
МИАТ ИСТАНБУЛ ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛАВ Өчигдөр
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… Өчигдөр
ГАЛТ ЗЭВСГИЙН ТАЛААР ДҮРЭМ, ЖУРМЫГ ЗАХИРГААНЫ ХЭД ХЭДЭН БАЙГУУЛЛАГА БА… Өчигдөр
МИАТ БЭЭЖИН ЧИГЛЭЛИЙН 2026 ОНЫ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРИА ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ ҮЗЭСГЭЛЭНД ЯРУУ НАЙРГИЙН ГАР БИЧМЭЛ, УРАН ЗУРАГ, ЭД ӨЛ… 2026/03/20
МОНГОЛДОО ОНОШЛОГДОЖ, ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ҮЕД БНСУ-Д ХӨНГӨЛӨЛТТ… 2026/03/20
ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ 7 ХОНОГ АЯНЫ ХҮРЭЭНД ХҮҮХЭД, ЗАЛУУС, ИРГЭДЭД САНХҮҮГЭ… 2026/03/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗОНХИЛОХ ХАВДРЫН 4-Т ОРЖ БУЙ ХӨХНИЙ ХАВДРЫН ЧИГЛЭЛЭЭР С… 2026/03/20
ГАДААД УЛСАД ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛЛУУЛНА ГЭЖ ХУУРЧ, ХҮН ХУДАЛДААЛСАН ЭТГ… 2026/03/20
БУЛГАН ГОЛ ДЭЭР ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ХӨВ ЦӨӨРӨМ БАЙГУУЛСАН ЗЭРЭГ АЖИЛ ХИЙС… 2026/03/20
Их Уншсан
НӨХРИЙНХӨӨ НУУЦ АМРАГИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ FACEBOOK-Т ТАВИАД ТОРГОХ ЯЛ АВ… Өчигдөр
Ж.ГҮРРАГЧАА ДЭЛХИЙГ 124 УДАА БҮТЭН ТОЙРСОН 4 цагийн өмнө
Б.БАТБААТАР: ЗАХИАЛАГЧИЙНХАА ХАМТ ЗАМ МӨРӨӨ БОДСОН НЬ ДЭЭР ГЭЖ ЗӨВЛӨХ … 2026/03/11
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОН СУУЦНЫ ТҮРЭЭСИЙН ҮНЭ 1 М.КВ НЬ 11000-15000 ТӨГРӨГ Б… Өчигдөр
ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ… 2026/03/09
ОЮУТОЛГОЙ ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ БУУРУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭНЭ САРД … 2026/03/13
ТРАМП ИРАНЫ ДАЙН УДАХГҮЙ ДУУСНА ГЭСНИЙ ДАРАА ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ БУ… 2026/03/10
МОНГОЛ СУРАГЧИД IMO-ООС ЕСӨН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ТҮҮХТЭЙ 2026/03/14
МОЖТАБА ХАМЕНЕИ УДИРДАГЧ БОЛЖ, ГАЗРЫН ТОС 200 ДОЛЛАРТ ХҮРЧ МАГАДГҮЙ ГЭ… 2026/03/09
ТРАМП ИРАНЫ ШИНЭ УДИРДАГЧ МОЖТАБА ХАМЕНЕИ АМЬ ҮРЭГДСЭН БАЙЖ МАГАДГҮЙ Г… 2026/03/15
ПОЛЬШИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА 2026/03/11
​МИАТ-ЫН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ МОНГОЛ ИРГЭДЭЭ ЭХ ОРОНД НЬ АВЧРАХААР ДУ… 2026/03/10
АНУ ДАЛАЙД БАЙГАА ИРАНЫ НЕФТИЙН ХОРИГИЙГ ЦУЦАЛЖ, ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХЫГ… Өчигдөр
Ж.ЧИНБҮРЭН САЙД УВС АЙМАГТ АЖИЛЛАХДАА ЭЛЭГ ТАЙРАХ ХАГАЛГААНД ЗӨВЛӨХ ЭМ… 2026/03/13
АХМАД НАСТАНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧЛЭХ АМРАЛТ, СУВИЛЛЫН ЖАГСААЛТ ГАР… 2026/03/10