Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй шууд холбох буюу Яармагийн Арцатаас Нэгдүгээр хороолол хүртэл үргэлжлэх, 4.2 км урттай, хоёр зогсоол, тулгуур 19 багана бүхий дүүжин замын тээврийн шугамыг байгуулах “Улаанбаатар кабель кар”-ын бүтээн байгуулалтыг өнөөдрөөс /2024.04.04/ эхлүүлжээ.
Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул гол, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлдэг төмөр замын дээгүүр тавигдах “Улаанбаатар кабель кар”-ын чиглэл нэг талдаа 12 минут зарцуулна. Тус бүр арав хүртэл зорчигчийн багтаамж бүхий 98 кабинтай, цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой, хүн бүрд хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Түүнчлэн хүйтнийг болон 75 км/цаг хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэнэ.
Нийслэлийн Засаг Х.Нямбаатар “Нийтийн тээвэр хоорондын холбоосыг бий болгохын тулд Яармаг-Хархорин чиглэлд “Улаанбаатар кабель кар”-ын эхний шугамыг байгуулахаар төлөвлөсөн. Хоёр дахь шугамын маршрутыг энэ долоо хоногт эцэслэнэ.” гэсэн байна.
Төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр тус улсын “ПОМА” групп ажиллаж байна. Барилга угсралтын ажлыг энэ оны IV улиралд багтаан дуусгаж, 2025 оны хоёрдугаар хагаст туршилт тохируулгын ажлуудыг хийн, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна