Өнөөдрийн байдлаар буюу 2025 оны 1-р сарын 3-ны байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын 2 тохиолдол батлагджээ. Менингококк халдвараар оношлогдсон 10 настай хүүхдийн биеийн байдал харьцангуй тогтвортой байгаа бол нэг настай хүүхдийн биеийн байдал нэн хүнд байна.
Менингококк халдварын тохиолдол батлагдсан бол ойрын хавьтал, гэр бүл, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд хавьтал судлал хийх шаардлагатай байдаг. Өнөөдрийн байдлаар хавьтлаас өвдсөн эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдол байхгүй байна. Ойрын хавьтлуудад ХӨСҮТ-ийн зүгээс менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авчээ.
Тус өвчний халдвараар бүх насныхан өвдөх эрсдэлтэй. Монгол Улсад нийт бүртгэгдэж байгаа тохиолдлуудыг авч үзвэл 80-85 хувь нь 4 хүртэлх насны хүүхдүүдийн дунд бүртгэгджээ. Сүүлийн жилүүдэд менингококкт халдвараар сургуулийн насны буюу 10-14 хүртэлх насны хүүхдүүд өвчлөх тохиолдлууд их байна.
Менингококк халдвар нь улиралчлалтай явагддаг. Манай улсын хувьд сүүлийн 20 жилийг авч үзвэл 5-6 жилийн давтамжтайгаар өвчлөл нэмэгддэг зүй тогтолтой байна. Хамгийн сүүлд 2019 онд менингококкт халдварын нилээн тохиолдол бүртгэгджээ. Тэгэхээр 2025 он улиралчлалын хувьд 5 дахь жил таарч буй учраас ирэх хавар менингококкт халдварын өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Менингококкт халдвар 12-р сараас 5-р сар хүртэл идэвхжиж байдаг бөгөөд хамгийн оргил үе нь 3 дугаар сард дэгдэх эрсдэлтэй.
Менингококк халдвар нь нянгаар үүсгэгддэг цочмог өвчин. Тэр тусмаа хүүхэд маш өндөр 38-42 хэм хүрч халуурдаг, ба халууны эмэнд буудаггүй, богино хугацаанд эргэж халуурах, бие сульдах, бөөлжих, уур уцаартай болох, хэт цочимтгой болох зэрэг мэдрэл цочролын шинж тэмдэгтэй байдаг учир эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай.
Сэтгэгдэл (1)