Ерээд онд юм даг. Эмээ маань нутагтаа очиж ясаа тавина гэж зүтгэсээр нутаг руугаа явах болов. Өглөө эрт онгоц нисэх тул би эртлэн такси барихаар зам дээр гартал Цагаан өнгийн "Лада" ирж зогсов.
Машины жолооч нэлээд ширүүн харцтай хижээл, ядаж байхад бас сахалтай нөхөр "Хаа явах юм" гэж байна. "Нисэх" гэтэл "cуу" л гэв.
Манайх 9 давхарт бас цахилгаан шат ажилладаггүй тул эмээ их л удаан гарч ирэв. Таксины жолооч "Хэзээ гарч ирэх юм бэ, яасан удаан юм бэ" гэх мэтээр их л уцаарлалаа.
Нисэх явах замд эмээ минь "нутагтаа очиж ясаа тавина" энэ тэрээ ярьсаар... /Эмээ маань тэрнээс бүр сүүлд хотод өнгөрсөн юм.Ум ма ни бад мэ хум/
Бид Нисэхэд ирэв. Би ч хүлээлгэсэн энэ тэр гээд баахан мөнгө авах байх даа гэж бодоод
-За хэд гарав, ах аа гэтэл эмээ рүү нэг харснаа
-За за гэснээ мөнгө авалгүй давхиад явчихаж билээ.
Одоо бодож байхад би байсан бол "Би танаас мөнгө авахгүй.. юу юу" гэх байсан бол...
Үг хэл ширүүн ч үйл хөдлөл сайхан хүмүүс байдаг даа.
Зуурхан тааралдаад өнгөрсөн ч мартагддаггүй хүмүүс байх юм даа.
Р.ЛХАГВА-ОЧИР
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна