Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр НҮБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын түншлэл, зохицуулалт хариуцсан орлогч Хирохито Тода, БНСУ-ын Инчон хотод байрладаг НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, нийгмийн комиссын зүүн ба зүүн хойд азийн төлөөлөгчийн газрын дарга Др.Б.Ганболд тэргүүтэй албаны төлөөлөгчдийг өчигдөр /2025.10.24/ хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр хамтарсан төсөл хөтөлбөр эхлүүлэх, шар шороон шуурга болон цөлжилтийн асуудал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР 17)-ын үед Монгол Улсаас дэвшүүлж буй санаачилгуудын талаар санал солилцсон байна.
Ялангуяа сүүлийн жилүүдэд давтамж нь нэмэгдэх болсон шар шуургатай тэмцэх чиглэлд анхаарал хандуулах асуудлыг хөндөн ярилцжээ. Монголын элсэн цөлөөс үүссэн шороон шуурга Бээжин, Солонгос улсуудад агаарын хэм алдагдуулах хэмжээнд хүрч байгаа нь энэ чиглэлд дорвитой анхаарч ажиллах шалтгаан болж байгааг талууд онцолсон байна.
Энэ хүрээнд талууд шар шороон шуурга, гамшгийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэгт чиглэсэн бодит үр дүнг харуулах ажлуудыг хамтран санаачилж ирэх жилийн олон улсын хурлуудаар хэлэлцүүлэн, бүс нутгийн болон үндэсний хэмжээний манлайлал бүхий ажлуудыг ирэх оны 8 дугаар сарын 17-нд эхлэх Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр танилцуулахаар тохиролцов.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна