Хиймэл оюун ухааны Anthropic компанийн хувьцааны ханш хөрөнгийн биржид арилжаалагдаж эхлээд хоёр дахь өдрөө унахад АНУ-ын хөрөнгийн зах зээл бүхэлдээ даган буурлаа.
Технологийн компаниудын хувьцаа давамгайлдаг Nasdaq Composite индекс өчигдөр /2026.11.20/ энэ оны туршид олсон өсөлтөө бүрэн алдаж, нэгдүгээр сарын 1-ний түвшнээсээ 5 хувиар доошилжээ. Мөн Dow Jones Industrial Average болон S&P 500 индексүүд засварын уналтын бүсэд орсон байна.
Anthropic компанийн түүхэн дээд хэмжээний хувьцааны анхдагч арилжаа хиймэл оюун ухаантай холбоотой компаниудын хувьцааг хамарсан дэлхий нийтийн борлуулалтын давлагааг зогсоож чадсангүй.
The Wall Street Journal сонины мэдээлснээр энэ долоо хоногт Nasdaq зах зээлийн нийт үнэлгээнээс ойролцоогоор 4 их наяд ам.доллар арчигдсан байна.
Claude хиймэл оюун ухааны чатботыг хөгжүүлэгч Anthropic компани 2026 оны 11 дүгээр сарын 19-ний пүрэв гарагт АНУ-ын хөрөнгийн биржид хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгосон юм. Гэвч баасан гарагт тус компанийн хувьцааны ханш 9 хувиар унаж, анхны арилжааны өдрийн өсөлтийнхөө ихэнх хэсгийг алдлаа.
Ингэснээр Anthropic-ийн нэгж хувьцааны ханш 88.30 ам.доллар болж, IPO-ийн үеэр тогтоосон 83 ам.долларын үнэд ойртсон байна.
Anthropic-ийн хувьцаа биржид бүртгэгдсэн эхний хоёр өдөр маш их хэлбэлзэлтэй байв. Пүрэв гарагт хувьцааны ханш 17 хувиар өссөн бөгөөд арилжаа эхэлсний дараахан түр хугацаанд бараг 40 хувиар огцом нэмэгджээ.
Nvidia болон технологийн томоохон компаниудын хувьцаа огцом унав
АНУ-ын технологийн салбарын хувьцаанууд өчигдөр /2026.11.20/ Anthropic-ийн уналтыг даган буурсан байна. Тухайлбал, санах ойн чип үйлдвэрлэгч SanDisk компанийн хувьцаа 14 хувиар, түүний өрсөлдөгч Micron компанийн хувьцаа 12 хувиар унажээ.
Хиймэл оюун ухааны тооцоололд ашигладаг өндөр хүчин чадалтай чип үйлдвэрлэдэг Nvidia компанийн хувьцаа 14 хувиар буурч, зах зээлийн үнэлгээнээс нь хэдэн зуун тэрбум ам.доллар хасагдсан байна.
Их Британийн хөрөнгө оруулалтын стратегич, Saxo компанийн шинжээч Нил Уилсон технологийн салбарт хувьцаагаа худалдах давлагаа тасралтгүй үргэлжилж байгааг онцолжээ.
Тэрбээр “Технологийн салбарт хувьцаагаа худалдах явдал зогсолтгүй үргэлжилж байна. Anthropic-ийн хувьцааны ханш 85 ам.долларын орчимд хүртэл унасан нь IPO-ийн дараах хөөрөл намжиж, технологи болон хиймэл оюун ухааны салбарт үргэлжилж буй огцом уналтын бодит нөхцөл байдал ил болж байгааг харуулж байна. Энэ уналт ойрын хугацаанд зогсох шинж алга” хэмээн анхааруулжээ.
Азийн хөрөнгийн зах зээл 2020 оноос хойших хамгийн хүнд долоо хоногтой тулгарав
Дэлхийн хөрөнгийн зах зээлүүд өчигдөр /2026.11.20/ мөн огцом унажээ. Азийн хөрөнгийн зах зээлүүд 2020 оноос хойших хамгийн тааруу долоо хоногийг өнгөрүүлсэн бөгөөд ялангуяа хагас дамжуулагч үйлдвэрлэгч томоохон компаниудын хувьцааны ханш эрс буурсан байна.
Тайванийн хөрөнгийн зах зээлийн индекс 6.7 хувиар унаж, дөрөвдүгээр сарын дунд үеэс хойших хамгийн доод түвшинд хүрчээ. Тус улсын чип үйлдвэрлэгч томоохон компани TSMC-ийн хувьцаа ойролцоогоор 6 хувиар буурсан байна.
Тайванийн хөрөнгийн зах зээлийн уналт ийм өргөн хүрээг хамарсан тул хөрөнгийн биржийн тэргүүн зах зээлийн тогтвортой үйл ажиллагааг хангах арга хэмжээ авч, хөрөнгө оруулагчдыг Тайванийн компаниудын суурь үзүүлэлтэд итгэлтэй хэвээр байхыг уриалжээ.
Японы Nikkei индекс 5 хувиар, Өмнөд Солонгосын технологийн компаниуд давамгайлдаг Kospi индекс 5.5 хувиар тус тус унасан байна.
Мөн хиймэл оюун ухааны салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн Японы SoftBank компанийн хувьцаа Токиогийн биржид 14.5 хувиар буурч, сүүлийн хоёр жил гаруйн хугацаан дахь хамгийн хүнд өдрөө өнгөрүүлжээ. Энэ нь тус компанийн хиймэл оюун ухааны салбарт хийсэн өндөр эрсдэлтэй, томоохон хөрөнгө оруулалтаас болгоомжлох хандлага нэмэгдсэнтэй холбоотой аж.
Европын хөрөнгийн зах зээл мөн хүчтэй уналтад өртөв
Европын хөрөнгийн зах зээлүүд 2025 оны гуравдугаар сараас хойших хамгийн их долоо хоногийн алдагдлаа бүртгэжээ.
Европын томоохон компаниудын хувьцааны ханшийг илэрхийлдэг Stoxx 600 индекс баасан гарагт 1.9 хувиар буурсан бол Лондонгийн тэргүүлэх компаниудын хувьцааны индекс сүүлийн таван сарын хамгийн доод түвшинд хүрсэн байна.
Энэхүү уналт нь АНУ-ын Уолл стритийн хөрөнгийн зах зээл пүрэв гарагт огцом буурсны дараа үргэлжилжээ. Anthropic-ийн IPO зах зээлийн анхаарлын төвд байсан тэр өдөр АНУ-ын гол индексүүд бүгд 2-оос дээш хувиар унасан юм.
Anthropic-ийн IPO зах зээл дэх хөрвөх чадварыг бууруулсан байж болзошгүй
Хөрөнгө оруулалт, арилжааны IG платформын зах зээлийн ахлах шинжээч Крис Бошампын үзэж буйгаар Anthropic-ийн IPO нь хөрөнгийн зах зээл дэх хөрвөх чадварыг бууруулж болзошгүй байна.
Учир нь хөрөнгө оруулагчид шинээр биржид бүртгэгдсэн Anthropic компанийн хувьцааг худалдан авахын тулд бусад компанийн эзэмшиж буй хувьцаагаа зарж, бэлэн мөнгө босгож байж болох аж.
Тэрбээр “Өчигдрийн хамгийн өндөр түвшнээс хувьцааны ханш огцом буурсан нь хөрөнгө оруулагчдын төсөөлж байгаагаас илүү олон хүчин зүйл зах зээлд нөлөөлж байж болзошгүйг харуулж байна. Брокерууд Anthropic-ийн хувьцааг нэмж худалдан авахаар яарч байгаа ч шаардлагатай мөнгөн хөрөнгө хаа нэг газраас гарах ёстой. Үүний улмаас бусад технологийн компанийн хувьцаа эхэлж дарамтад өртөж болзошгүй” гэжээ.
Хиймэл оюун ухааны салбарын асар их хөрөнгө оруулалт үр өгөөжөө өгөх үү?
Anthropic-ийн хувьцааг олон нийтэд санал болгосон явдал хиймэл оюун ухааны салбарын ирээдүйтэй холбоотой хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг арилгаж чадсангүй.
Хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны дэд бүтэц, дата төв, тооцооллын хүчин чадал болон бусад технологийн бүтээн байгуулалтад зарцуулж буй хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хангалттай ашиг авчрах эсэхэд улам их эргэлзэж эхэлжээ.
Capital.com компанийн зах зээлийн ахлах шинжээч Даниела Хаторн “Anthropic-ийн IPO нь хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулах сонирхол өндөр хэвээр байгааг харуулсан. Гэвч энэ нь компаниудын хэт өндөр үнэлгээ, ашигт ажиллагаа болон хөрөнгө оруулалтын зардлын тогтвортой байдлын талаарх болгоомжлолыг арилгахад хангалтгүй байлаа” хэмээн тайлбарлажээ.
Түүний үзэж буйгаар хөрөнгийн зах зээлд оролцогчдын хандлага ч өөрчлөгдөж байна. Өмнө нь хувьцааны үнэ буурахад үүнийг хямд үнээр худалдан авах боломж гэж хардаг байсан бол одоо хөрөнгө оруулагчид уналт цаашид хэр удаан, хэр гүн үргэлжлэх бол гэдэгт илүү анхаарч эхэлжээ. Мөн компани бүрийг ижил жинтэйгээр тооцдог индексүүдийн уналтаас харахад хувьцаагаа худалдах дарамт зөвхөн технологийн цөөн хэдэн аварга компаниар хязгаарлагдахаа больсон байна. Түүнчлэн сүүлийн үед АНУ-ын зах зээлээс харьцангуй сайн үзүүлэлттэй байсан Европын хөрөнгийн зах зээлийн давуу байдал ч суларч эхэлжээ.
Nvidia-г шалгаж эхэлсэн нь хувьцааны уналтад нөлөөлөв
Nvidia компанийн өндөр хүчин чадалтай хагас дамжуулагч чипүүд БНХАУ-д хүрсэн эсэхтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Калифорнийн эрх бүхий байгууллага тус компанид баримт материал гаргуулах албан шаардлага хүргүүлсэн байна.
Энэ үйл явдал Nvidia-ийн хувьцааны ханш буурахад мөн нөлөөлжээ.
Үүний зэрэгцээ Их Британийн FTSE 100 индекс энэ долоо хоногт 5.1 хувиар унасан нь Ираны дайн эхэлснээс хойших хамгийн том долоо хоногийн уналт болсон байна.
Ам.долларын ханш чангарч, алт болон биткойны үнэ буурав
АНУ-ын Төв банк инфляцтай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ өсгөж болзошгүй гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд нэмэгджээ.
Үүнтэй холбоотойгоор ам.долларын ханш сүүлийн 19 сарын хамгийн өндөр түвшинд хүрсэн бол алтны үнэ буурсан байна.
Мөн биткойны ханш сүүлийн дөрвөн сарын хамгийн доод түвшинд хүрч, долдугаар сарын эхнээс хойш анх удаа 60 мянган ам.доллараас доош оржээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна