Женсен Хуанг энэ долоо хоногт Nvidia компанийн гүйцэтгэх захирлаар эргэн томилогдсоныхоо дараа ажилтнуудаасаа уучлал гуйжээ. Тэрээр хэлсэн үгэндээ 41 жил ханилсан эхнэрээ араар тавьсандаа уучлал гуйж, сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаж байгаагаа мэдэгдсэн байна.
“Би аймшигтай алдаа гаргасан. Би Лоридоо үнэнч бус байж, хүүхдүүдээ гомдоосон. Мэдээж та бүхнийг ч бас гомдоосон” хэмээн тэрээр арваннэгдүгээр сарын 24-ний мягмар гарагт болсон уулзалтын үеэр хэлжээ.
Хуанг цааш нь өдөр бүр нэг цаг хагасын хугацаанд сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд энэ нь өөрт нь ихээхэн тус болж байгааг хэлсэн гэж байна.
Nvidia компанийг хамтран үүсгэн байгуулсан Хуанг өөрийнхөө боловсруулсан компанийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Түүний үйлдлийн улмаас компанийн Төлөөлөн удирдах зөвлөл цаашид түүнийг албан тушаалд нь хэвээр үлдээх эсэх талаар хуралдсан бөгөөд улмаар Хуанг огцрох шийдвэр гаргасан юм.
Энэ сарын эхээр эхнэр Лоридоо үнэнч бус байснаа анх хүлээн зөвшөөрсөн, дуулианд нэр холбогдсон бизнесмэний хувьд албан тушаалдаа эргэн ирсэн нь нөхцөл байдал эрс өөрчлөгдсөнийг харуулж байна.
Хосууд насанд хүрсэн хоёр хүүхэдтэй бөгөөд хоёулаа Nvidia компанид удирдах албан тушаал хашдаг.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Хуанг Элис Хуанг хэмээх хятад бизнес эрхлэгч эмэгтэйтэй амрагийн холбоотой байсан аж. АНУ-ын тагнуулын байгууллагын зарим төлөөлөгч уг эмэгтэйг тагнуул байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Арваннэгдүгээр сарын эхээр Nvidia компани Хуанг гадаадын тагнуулын ажиллагааны бай болсон эсэхийг хараат бусаар шалгахаа мэдэгдсэн. Харин Хятадын тал эдгээр буруутгалыг үгүйсгэсэн байна.
Түүнчлэн Хуанг Nvidia компанид өөрийнх нь удирдлага дор ажилладаг хоёр хүнтэй амрагийн харилцаатай байсан гэх мэдээлэл гарчээ.
Өнгөрсөн долоо хоногт хүртэл Nvidia компани түүнийг эргүүлэн томилох бодолгүй байгаагаа мэдэгдэж, түүний хүлээн зөвшөөрсөн хувийн зан үйл нь компанийн ёс зүйн дүрэм, стандарт, байгууллагын соёлын хэм хэмжээнд нийцэхгүй байгааг онцолж байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Цахиурын хөндийн зарим нэр нөлөө бүхий төлөөлөгч Хуанг гүйцэтгэх захирлын албан тушаалдаа эргэн ирэхийг ил тод дэмжсэн юм.
Гэвч Хуанг ажилтнуудаасаа уучлал гуйх үеэрээ компанийн гаргасан шийдвэрт Трамп нөлөөлсөн гэх мэдээллийг няцаажээ. “Энэ мэдээлэл үнэн биш” хэмээн тэр хэлсэн байна.
Трампын засаг захиргаа түүнийг үндэсний аюулгүй байдалд заналхийлэгч гэж үзэхгүй байгаа талаар компанид баталгаа өгснийг Хуанг дахин дурджээ. Гэхдээ түүнийг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл нөхцөл байдлыг бүхэлд нь үнэлж, баримт мэдээлэл цуглуулсны үндсэн дээр гаргасан гэсэн байна.
Хуанг ирэх арванхоёрдугаар сард АНУ-ын Конгресст мэдүүлэг өгөхөөр товлогдсон байна.
Даваа гарагт Nvidia компаниас гаргасан мэдэгдэлд Хуанг “Аж үйлдвэрийн шинэ хувьсгалын эхэн үед дэлхийн хамгийн чухал нөлөө бүхий технологийн компаниудын нэг болох Nvidia-д эргэн ирж, удирдах болсондоо нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Энэ үйл явцын турш нухацтай хэлэлцэж, надад итгэл хүлээлгэсэн Nvidia компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд талархал илэрхийлье” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна